ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: УСНЫ НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХИЙН ТӨЛӨӨ БҮХ НИЙТЭЭРЭЭ ХҮЧИН ЗҮТГЭЦГЭЭЕ
Өнөөдөр эдийн засаг, бүтээн байгуулалтаас эхлээд амин зуулга хүртэл олон асуудал байгаа ч усны асуудлын дэргэд өчүүхэн зүйл гэдэгтэй хэн маргах юм. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийт усны эрэлд мордож буй энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга дор “Цэнхэр алт” усны салбарын чуулганыг зохион байгуулсан нь нүдээ олсон зүйл байв. Тэр ч утгаараа энэ удаагийн чуулган өдгөө амжилттай хэрэгжиж байгаа “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн дараа зохион байгуулж байгаа нэн тулгамдсан асуудал юм.
Уг арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран, эрдэмтэн, судлаачид, иргэд, аж ахуйн нэгж, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүнтэй амжилттай зохион байгуулсан. Дэлхийн усны өдрийг таширлаж зохион байгуулсан чуулганы гол зорилго нь хүн ам, улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцөө хамгаалах, ашиглах хандлагыг орон даяар хэвшүүлэхэд чиглэсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд эртнээсээ цөлжилтийн эсрэг бодлого явуулж, байгаль экологийн тэнцвэртэй байдалд анхаарч ирсэн.
НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарьж ургуулахаа илэрхийлж ирсэн цагаас хойш үндэсний хөдөлгөөн хэрэгжиж, өдгөө 10 сая мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 13 орчим тоннд хүрч, тарьц, суулгацын нөөц 51 саяд хүрчээ.
Тиймээс ойн салбарын шинэчлэл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлэх чиглэл бүхий Ойн газар ажиллаж байна. Энэхүү “Цэнхэр алт” чуулган нь “Тэрбум мод” хөтөлбөрийн дараа орох үнэ цэнтэй арга хэмжээ төдийгүй дундаа уялдаж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: ”Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхийн төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэцгээе” хэмээн индэр дээрээс уриалсан юм. Энэ үеэр усны салбарын тулгамдсан асуудлууд, Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл, Ус ба тогтвортой хөгжил, Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь Компакт гэрээ, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлууд болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалт ба уул уурхай зэрэг сэдвээр илтгэл өрнүүлсэн олны анхаарлыг татаад буй.
Өнөөдөр манай улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байгаа харамсалтай мэдээлэл бий.
Тиймээс энэ тал дээр тусгай бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага тавигдсан. “Цэнхэр алт” чуулганы арга хэмжээний хүрээнд салбар хуралдаануудыг зохион байгуулж, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос сэргийлэх, хяналт-шинжилгээний сүлжээ, хайгуул судалгааг өргөтгөх, бохирдол, доройтлыг бууруулах, хүн амыг баталгаат усаар хангахад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцсэн нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болов.
ЕРӨНХИЙЛӨГЧ: В.ПУТИН: “ЭНЭ ТӨСӨЛ ЧУХАЛ, СЭЛЭНГЭ МӨРӨН БОЛ БАЙГАЛ НУУРЫН ГОЛ ЦУТГАЛАН, ЭРХҮҮ ХОТЫН УСАН ХАНГАМЖ
Дашрамд нэг зүйлийг дурдах хэрэгтэй. Өнгөрөгч 2018 онд ОХУ-аас манай усны эх бүрдэц газруудад анхаарал хандуулахаар зэхэж байгаа сайхан мэдээ бий. Гэхдээ энэ бол тухайн онд яригдсан зүйл биш ч гэлээ олон жилийн турш хэлцэгдэж өдгөө хэрэгжих анхны гүүрээ засаад авсан гэдгийг эх сурвалж хэллээ.
Учир нь тус улсын нутагт байх Инсей мөрөн, Ангар мөрөн, Галуут нуур, Байгаль нуурын эх ундарга бүгд Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаг учраас тэд нэр бүхий дээрх гол усаа хамгаалахын тулд ийнхүү анхаарал тавихаар болоод байгаа аж. Эдгээр гол ус нь Новосибирск, Улаан-Үүд, Хабаровск, Эрхүү, Чит гээд Уралын нуруунаас нааш, алс Дорнодын чиглэлд манай улстай хиллэж байгаа улсуудын нутаг дэвсгэрт байдаг байна. Манай улсаас тодорхой албаны хүмүүс танай нэр бүхий гол мөрөн, нуур усны эх манай улсын нутаг дэвсгэрт байдаг учраас танай улс манай ойн сан, усны сан, эх үүсвэрийг хамгаалах тал дээр эрдэмтдийн баг бүрдүүлэн, төсөв гарган ажиллах хэрэгтэйг удаа дараа сануулсны эцэст ийнхүү хамтран ажиллахаар болж байсан ч сураг тасарсан. Усыг хамгаалдаг гол хүчин зүйлсийн нэг бол ойн сан. Гэтэл манай улс ойн сан багатай учраас ойг хамгаалах, түймэр аюулаас аврах тал дээр ч анхаарч ажиллахаа мэдэгдэж байв. Тиймээс ойн сан газраа ОХУ-тай хамтран хамгаалахын зэрэгцээ манай улс модныхоо хэрэгцээг ОХУ-аас авах тохироог хийх зэрэг олон тохироо байсан ч ажил дэндүү удаашрилтай байгаа.
Нөгөө талаар манай ой модыг хойд хөршөөс орж ирж байгаа улаан өт, түймэр хоёр сүйтгэхэд гол нөлөөлөл үзүүлдэг учраас энэ тал дээр ч мэргэжлийн баг гарган ажиллаж тодорхой үр дүнд хүрэх учиртай.
Тухайлбал, Байгал нуур нь манай Сэлэнгэ мөрнөөс эх авдаг, харин Сэлэнгэ мөрөнд манай Эгийн гол цутгана, Эгийн гол нь Хөвсгөл далайгаас эх авдаг бол Байгал нуураас Ангар мөрөн эх авдаг гээд хүйн холбоотой. ОХУ-ын тодорхой хэсгийн усны нөөц, экологийн тэнцвэрийг шууд бүрдүүлдэг. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Энэ төсөлд хандаж байгаа Орос болон олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын хандлага тодорхой бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх нь манай Эрхүү мужийн усан хангамж болон Байгал нуурын хосгүй экологийн хувьд тодорхой эрсдэл үүсгэж болох юм. Сэлэнгэ мөрөн бол Байгал нуурын гол цутгалан” гэж хэлж байв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
дархан цаазат богд уулаа цементэн байшин хог новшноос цэвэрлэж битүү ой модтой болгосон үедээ л тэр бум мод тарьсан гэж тооцноо ард түмээн