Каннабисыг хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 04 сарын 02

Энэ удаагийн ярилцлагын зочноор ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, химич, цагдаагийн дэслэгч М.Төвшинжаргалыг урьж нийгэмд үүсээд буй асуудлаар ярилцлаа.


-Амай буюу аялагч Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн, хэрэглээгүй. НҮБ-ын конвенцоос хасагдсан өвсийг хэрэглэсэн тул гэмт хэрэгт тооцохгүй гэхчлэн янз бүрийн  мэдээлэл  нийгэмд гарч байна. Үүнд албан ёсны тайлбар өгнө үү?

-НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенц нь дөрвөн жагсаалттай. Аялагч Ж.Золбаярын тухайд яригдаж буй өвс гэдэг нь олон улсад каннабис гэсэн нэршилтэй. Энэ ургамал нь 1961 оны конвенцын нэг болон дөрөвдүгээр жагсаалтад давхардаж орсон байдаг. 2020 оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Мансууруулах эмийн асуудал эрхэлсэн комисс хуралдсан. Уг хурлаар ямар үйл ажиллагаа явагддаг вэ гэвэл улс орнууд конвенцод оруулах, эсвэл хасуулах бодисынхоо нэрийг өгч тухайн хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэдэг. 2020 оны энэ хэлэлцүүлгээр канабис гэх ургамлыг “судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглах” гэдэг үндэслэлээр дөрөвдүгээр жагсаалтаас хассан. Хэдийгээр дөрөвдүгээр жагсаалтаас хассан ч энэ бодис нэгдүгээр жагсаалтад хэвээр үлдсэн тул мансууруулах зорилгоор ашиглах нь хориотой. Хатуу хяналтад хэвээр байгаа гэсэн үг юм.

-Тэгэхээр каннабис хэрэглэх нь гэмт хэрэг төдийгүй хариуцлага тооцох хуулийн зүйл, заалт ч хэвээрээ  гэсэн үг үү?

-Каннабисыг мансуурах зорилгоор хэрэглэсэн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Тэгэхээр каннабистай холбоотой гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлээр “хэрэглэсэн, хадгалсан, худалдан борлуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн” гэдгээс хамаарч 1-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялтай ийм гэмт хэрэг юм.

-Хар тамхитай холбоотой гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсдын нас залуужсан гэх юм. Энэ талаар ямар судалгаа байна?

-Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд 1064 гэмт хэрэгт 1300 хүн холбогдсон. Эдгээр хүмүүсийн 92.3 хувь нь 35-аас доош насныхан байгаагаас үзэхэд хэрэглэгч, донтогч нарын насны байдал улам залуужиж байгаа нь харамсалтай. Хүүхэд залуус бие биедээ буруу мэдээлэл түгээх, эх сурвалжгүй мэдээлэлд итгэж хэрэглэсний улмаас гэмт хэрэгт холбогдож байна.

-Тэгэхээр эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ 18 хүрчихлээ, их, дээд сургуульд орчихлоо гэж тайвшраад анхаарлаа сулруулаад байна уу, эсвэл?

-Ер нь эцэг, эхчүүд үр хүүхдүүддээ тавих анхаарал, хараа хяналтаа улам сайжруулахгүй бол цахим орчинд бүх мэдээлэл нээлттэй байдаг болсон учир хүүхэд тэр зүйлийг үнэн зөв эсэхийг 100 хувь шүүлтүүргүйгээр харж, ойлгож чадахгүй байна. Үүнээс болж алдаж эрүүл мэнд, эрх чөлөө, амь насаараа хохирох тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

-Буруу өнцгөөс мэдээлсэн зүйлүүд эргээд хор уршиг дагуулж, гэмт хэрэгт өдөөж турхирдаг гэдгийг судлаачид хэлдэг. Танай байгууллагаас  үүнд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Өнөөдөр бол мэдээллийн эрин зуун, цахим орчинд маш их мэдээлэл түгэж байна. Үүний хэдэн хувь нь худал байхыг үгүйсгэх аргагүй. Олны танил инфлүүсэр гэгддэг хүмүүс сошиал орчинд буруу мэдээллүүд түгээдэг. Үүн дээр Хар тамхитай тэмцэх газар хяналт тавьж ажиллаж байгаа. Зарим нэр бүхий этгээдүүд өвс бол хар тамхи биш юм. НҮБ-ын конвенцоос хассан. Монгол Улс энэ конвенцид нэгдэн орсон тул зөвшөөрнө гэх мэт мэдээллийг түгээдэг. Энэ болгоны цаана интернэт хэрэглэж байгаа өсвөр насны хүүхэд залуучууд “өвс бол хар тамхи биш юм байна” гэж ойлгодог. Цаашлаад эх сурвалж дээр байгаа бодит мэдээллүүдийг авч чаддаггүй. Үүнээс үүдэн мансууруулах бодис, өвс хэрэглээд цагдаагийн байгууллагад баригддаг, гол нь эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудал бий.

Нийт гэмт хэрэгт холбогдогсдын 54 хувийг 25-аас доош насныхан эзэлж байна гэхээр тэд чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрүүлж байна вэ гэдэг асуулт гарна. Ингээд үзэхээр тэд  сургууль болон гэр бүлийн орчин, найз нөхдийн хүрээлэлд ихэнх цагаа өнгөрүүлж байна. Тэгэхээр сургуулийн багш, нийгмийн ажилтан хараа хяналтаа сайжруулмаар байна. Гэр бүлийн орчинд эцэг эхчүүд хяналт тавих ёстой. Хүүхдээсээ архи, тамхи үнэртэж байна уу гээд яваад байдаг. Гэтэл өнөөдөр марихуан хэрэглэсэн, өвс хэрэглэсэн, хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг жортой, жоргүй эмийг зориулалтын бусаар хэрэглэсэн хүүхдээс архи, тамхи үнэртэхгүй. Эцэг, эх, багш нар нь энэ талын мэдлэггүй учраас хүүхдүүддээ хяналт тавьж чадахгүй байна. Тиймээс багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдэд энэ талын мэдлэг олгохын тулд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2022 онд Нийслэл хотын хэмжээнд “Анзаар” арга хэмжээ зохион байгуулсан. Энэ онд Боловсролын ерөнхий газар, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулаад ажиллаж байна.

-“Анзаар” арга хэмжээний гол зорилго нь юу вэ?

-Тухайлбал, юуг хар тамхи, мансууруулах бодис гэх вэ. Тэр нь кинон дээр гардаг нунтаг цагаан бодис мөн үү, биш үү. Сүүлийн үед чихэр, амандаа хүлхдэг гаа шиг хэлбэртэй болчихлоо. Эдгээр бодисыг хэрэглэвэл хүний биед илрэх шинж тэмдэг, таних арга зэргийг мэдэх аргыг сургалтаар олгож байна. Мөн хүүхэд ямар нэг бодисын хамааралтай болсон тохиолдолд хаана хандах талаар зөвлөгөө мэдээллийг өгч байна. Гэсэн хэдий ч сошиал дээрх буруу мэдээлэл илүү олон хүнд түгдэг учраас хар тамхины талаар ойлголтгүй залуус хэрэглэж, гэмт хэрэгт холбогдох нь их байгаа.

-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хууль ёсны болон хууль бус гэх хоёр чиглэлээр хяналт тавьдаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар нь хар тамхи, мансууруулах бодис дээр хууль ёсны эргэлт, хууль бус эргэлт гэсэн хоёр зүйл дээр хяналт тавьдаг. Хууль бус эргэлт нь героин, кокаин, каннабис өвстэй холбоотой асуудал байна. Хууль ёсны эргэлтэд хүн амын эмчилгээнд хэрэглэж байгаа эрүүл мэндийн байгууллага, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаар худалдаалагдаж буй жортой, жоргүй олгогддог эмийн тухай асуудал орно. Энэ төрлийн эмийг жортой, жоргүй хэрэглэж, гар хуруугаа тайруулсан асуудал гарсан.

2022 онд Гэмтлийн эмнэлгийн гар, сарвууны тасаг дээр таван хүүхэд очиж гараа тайруулсан. “Анзаар” арга хэмжээний хүрээнд эмнэлгийн байгууллагууд дээр жортой, жоргүй олгож буй эмүүд дээр хяналт, шалгалтын ажил зохион байгуулах, ашиг хонжоо олох зорилгоор эдгээр эмийн үндсэн үнэ дээр нэмж ашиг олох зорилгоор хүүхдүүдэд худалдан борлуулж  байгаа эмнэлгийн байгууллагын ажилтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн хамтарсан хяналт шалгалтын ажлыг тасралтгүй хийгээд явж байна.

-Гэмт хэргийн гаралт өнгөрсөн онд болон өнөөдөр ямар үзүүлэлттэй байна вэ?

-2020-2021 онд хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт 20-30 хувь буурсан. Шалтгаан нь ковид, цар тахалтай холбоотой улсын хилийн хөдөлгөөн хаагдсан. 2022 оны дунд үеэс эхлэн буцаад энэ төрлийн гэмт хэрэг өсөж байна. Цаашлаад хүүхэд, залуучууд жортой, жоргүй эмийг зориулалтын бусаар хэрэглэдэг, ахуйн хэрэглээний зүйл хэрэглэх, мансуурах зөрчил өсөн нэмэгдэж байгаа.

-Нийгэмд сэрэмжлүүлэг болгож, мөн манай уншигчид болон хүүхэд залууст анхааруулж юуг онцолж хэлэх вэ?

-Баталгаагүй, эх сурвалж тодорхойгүй мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж байна. Мөн хүмүүсийн дунд бас нэг буруу ойлголт байгаа нь хорт хавдрын үед өвчин намдаах, эмчлэх зорилгоор хэрэглэдэг гэх мэдээлэл юм. Тийм зүйл байхгүй. Монгол Улс хуультай, НҮБ-ын конвенцод нэгдэн орсон. Өнөөдөр хорт хавдартай гэдэг юм уу, ийм өвчинтэй хүмүүс хэрэглэж болно гэсэн ойлголт байхгүй.

Яагаад гэвэл, Монгол Улсын эмийн жагсаалтад өвчин намдаах зориулалт бүхий маш олон төрлийн эм бий. Тэгэхээр өвчнөө намдаах гэж байна гээд хар тамхи хэрэглэх нь гэмт хэрэг. Мөн каннабис буюу өвс өвчнийг анагаадаггүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Хэрэглээд эдгэчихнэ гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд байгаа учраас үүнийг зориуд онцлож хэлье.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (5.67.12.237) 2023 оны 04 сарын 03

Энийг дэмжээд бгаа хүмүүсийг шалгах хэрэгтэй өөрсдөө донтогч худалдаалагч хүн донтуулагч ч юм билүү

0  |  0
Зочин (5.67.12.237) 2023 оны 04 сарын 03

Дэлхий даяар хэрэглэхийг зөвшөөрсөн гэж худлаа шүү зөвшөөрсөн газар бдаг ч бхгүй газар зөндөө. Зөвшөөрсөн газрын ихэнх нь каннабис орсон эмчилгээний тос шампунь зэрэг худалдаалаг эмийн төрлийн зүйлсийг нь зөвхөн эмч нарын зөвшөөрсөн бичгийн дагуу тодорхой хэмжээгээр бичиж өгдөг . Тэрнээс дан өвсөөр нь өөрөө дураараа аваад бдаг юм бхгүй . Амстердам бол зөвхөн гадаадын хүмүүс л хэрэглэж үзэх гэж очдог тэрэнд өөрсдөө бол хэрэглээд будаггүй. Манайхан шиг архиа дийлэхгүй улс өвс татвал сөнөх биз угаасаа ядуу гэмт хэрэг их дээрээс нь туйлбаргүй хүмүүс шүү дээ.

0  |  0
Б(192.82.73.209) 2023 оны 04 сарын 02

Бид цөөхүүлээ шүү

0  |  0
Шит(76.105.223.57) 2023 оны 04 сарын 02

Хүний төлөө гэсэн сэтгэлгүй хүн хогнууд тэдний гар хөл шалиг явдлын зараал болсон иймэрхүү хүүхнүүд албан газараар дүүрэн болжээ хө.

0  |  2
Зочин(192.82.84.125) 2023 оны 04 сарын 03

Харамсалтай.ийм юу ч мэддэгүй,ойлгоц байхгүй хүн ярилцлага өгөөд сууж бдаг.дэлхий даяар тодорхой доз тунгаар хэрэглэх явдлыг хүлээн зөвшөөрөөд,мөрдөж мөшгөхөө больчихсон энэ өвсийг.тухайлбал хойд оросод хүн биедээ энэ өвсийг 2гр хүртэл авч явахыг хориглодоггүй,хуулиар зөвшөөрсөн бдаг.энэ цагдаагийнхан ард иргэдээ хөмөрсөн тогоон дотор хашиж,дээрэлхэж лантуудаж байхыг л зорилгоо болгодог

1  |  5
Top