ЭНЭ 7 ХОНОГТ I Парламент 73-уулаа үлдэв

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 01

Хаврын чуулганы пүрэв гарагийн (2023.03.30) ээлжит хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэв.

Зарим гишүүний зүгээс эл асуудлыг нээлттэй хэлэлцэх санал гаргасан ч Монгол Улсын Ерөнхий прокуророос саналаа "нууцын зэрэглэлтэй" ирүүлсэн байв. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэх бололцоо бий эсэхийг тодруулсан. Харин УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 12-ын 2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын 22-ын 2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хэлэлцэнэ гэж хуульчилсан. Хэлэлцэх асуудал Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу "Нууцын зэрэг"-тэй орж ирсэн" гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор үргэлжилсэн юм.

Ийнхүү өчигдрийн хаалттай хуралдаанд нийт 66 гишүүн оролцсон бөгөөд таван гишүүн гадаадад томилолттой байсан аж. Мөн энэ удаагийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцсон байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэн, гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар санал хураах ажиллагаа эхэлсэн байна. Ингэхдээ саналыг нууцаар хураасан бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан саналын дагуу саналыг цаасаар авчээ. Тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан гишүүн томилогдон ажиллажээ. Ингээд санал хураалт дуусахад хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бүрэн эрхтэйгээ үлдэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Монголын шүүх, прокуророос мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар татаад байна.

Тэгвэл Т.Аюурсайхан гишүүнээр ажиллах хугацаандаа өөрийн гэсэн бизнесгүй атлаа сүүлийн жилүүдэд хөрөнгө орлого нь ямар үндэслэлээр 1.6 тэрбум төгрөгөөр буюу үлэмж их хэмжээгээр нэмэгдсэнээ тайлбарлаж чадахгүй байгаа гэгдээд буй. Мөн 2017 онд эх үүсвэр нь тодорхойгүй 700 гаруй сая төгрөгөөр ХУД-ийн 11 дүгээр хороо “Сэүл Роял Каунти” хотхонд байрлах 230м2 орон сууцыг худалдан авсан, эхнэрийнхээ дүү Б-гийн нэр дээр хурдан удмын адуу тэжээх зорилгоор Төв аймгийн Сэргэлэн суманд есөн айлын газар худалдаж авсан, хадам ээж С болон хадам ах Ц-гийн нэр дээр Хүй долоо худагт 2га газар бусдаас худалдан авч, үүн дээрээ 860 орчим сая төгрөгийн үнэлгээтэй хурдан удмын адуу тэжээх зориулалт бүхий адууны жүчээ, хүлээн авалтын гэр, байшин зэрэг объектуудыг барьж, байгуулсан, өөрийн үеэл дүү Т-гийн нэр дээр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хурдан удмын адуу тэжээх зориулалттай жүчээ, амралтын байшин зэргийг бариулан, 100 гаруй тооны адуу байршуулсан зэрэг маш их хэмжээний мөнгө, хөрөнгө зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа билээ. Эдгээрээс гадна хамгийн ноцтой нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, гэмт бүлэг байгуулсан гэх асуудал юм.

Тодруулбал, “МАН-ын шинэчлэл хөгжлийн хороо” ГҮТББ-д хамтран ажиллаж байсан, 2016 оны сонгуулийн штабад ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн. Мөн дээрх ТТБ-ын дэд даргаар ажиллаж байсан Н.Удаанжаргалыг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газрын менежерээр, тус хорооны бага хурлын гишүүн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулиар өөрийн сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан И.Даваадоржийг гишүүний зөвлөх, туслахаар томилж хажуудаа авсан. Мөн Х.Нурлатыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус, тус томилуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлэн гэмт хэргийн бүлэг байгуулсан хэмээн буруутгагдаад буй юм.

Ийнхүү энэ удаагийн парламент УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлснээр 73-уулаа болов. Ж.Мөнхбат гишүүний тойрогт нөхөн сонгууль явуулах бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн хоёр гишүүн хуулийн байгууллагаар шалгуулаад гэм буруугүй нь тогтоогдвол буцаад бүрэн эрх нь сэргэх юм. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top