З.Октябрь: Аутизмтай хүүхэд, тэдний аав ээжийг ойлгоё, хайрлая

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд “Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиодог. Энэ жил "Аутизмд хийсэн аялал" ТББ-аас санаачлан төв талбайд "Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя" аян зохион байгуулсан юм. Тус ТББ-ын тэргүүн З.Октябрьтай ярилцлаа.


-“Аутизмд хийсэн аялал” гэсэн нэрээс энэ замыг өөрөө туулж, таньж, бусдад ойлгуулах гэж яваа нь шууд л ойлгогдсон. ТББ-аа хэзээ хэрхэн байгуулав?

-Би залуу ээжийн тоонд ордог. Хүүхдээ аутизмтай гэдгийг хожуу мэдсэн ээжүүдийг ерөнхийдөө залуу ээжүүд нэрлэдэг. Одоогоос гурван жилийн өмнө хүүхдээ аутизмтай гэдгийг оношлуулж, Турк улсыг зорьж байлаа. ТББ-аа 2022 оны долоодугаар сарын 1-нд нээсэн. Шалтгаан нь Монголынхоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зам мөрийг нээж Турк улс руу зүг чигийг нь гаргаж өгч эмчилгээнд явуулж байсан. Тухайн үед улс орон маань ковидын нөхцөл байдалд байсан болохоор манайд байдал ямар байдгийг төдийлөн мэдэж чадаагүй. Эх орондоо ирээд харахад маш олон учир дутагдалтай зүйл байгаа нь анзаарагдсан. Тэр болгоныг сайжруулах тал дээр анхаарал хандуулахгүй бол болохгүй нь гэсэн дүр зураг харагдсан учраас ТББ байгуулан өөрийн чадах чинээгээр чамгүй олон ажил зохион байгуулж ирлээ. Гол нь бид асуудал, бэрхшээл гэж ярихаасаа илүү ямар бэрхшээл байна, ямар шийдэл, боломж байна гэдэг тал дээр анхаарлаа түлхүү хандуулахад бидний зорилго оршиж байна.

-Ажиглахад эцэг эхчүүд, сайн дурын ТББ-ууд ачааны ихэнхийг нуруундаа үүрч зүтгэ­дэг. Төрийн зүгээс дэмжлэг сул байдаг юм уу гэж бодогдсон?

-Төр, засгийн зүгээс сүүлийн жилүүдэд анхаарал хандуулж эхэлж байна. Бодлогын түвшинд ч дэмжиж эхэлж байна. ТББ-уудтай хамтрах ёстой юм байна, хэрэгжүүлэгч нь энэ зовлонг биеэрээ туулж яваа эцэг эхчүүдийн төлөөлөл байх ёстой юм байна гэдэг үүднээс аль болох хамтдаа гэсэн бодлогыг зорилгоо болгож байгаа.

Энэ үүднээс гадаадын улс орнуудыг зорьж үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сайжруулсан, гарц гаргалгаатай, шийдэлтэй байгаа хүмүүсээ бодлогын түвшинд дэмжиж ажиллах ёстой гэсэн зорилгыг агуулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бид өөрсдөө тэр зовлонг биеэр мэдэрч, даван туулж яваа болохоор төрийн байгууллагуудаас илүү цаг зав гаргаж, судалгаа хийж байна гэж хувьдаа үздэг. Төрийн бодлого бол асуудлыг цогцоор нь авч үздэг. Гэтэл тэр дотор хараагүй, сонсголгүй гээд ангилах юм бол олон хүн бий. Тэр бүгдэд хүртээмжтэй бүгдэд нь хүрч ажиллаж чадахгүй байгаа учраас бид энэ чиглэлээр илүүтэй уншиж, судалж, эрэл хайгуул хайж уйгагүй дагнан ажиллаж байгаагийн хувьд ямар гарц шийдэл байгаа талаар төрийн байгууллагуудад санал оруулж, шийдвэрлэх түвшинд нь дэмжүүлээд явбал хүүхдүүдийн маань ирээдүй сайхан болно гэж харж байгаа.

-Өнөөдөр манай улсад аутизмтай хүүхдүүдийн амьд­рах, сурч боловсрох, хөгжих орчин нөхцөл ямар байна?

-2017 онд 55 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэж гарсан бол 2021 оны судалгаагаар 33 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэж гарсан. Энэ хэвээр явбал 2050 он гэхэд хоёр хүүхэд тутмын нэг нь аутизмын эмгэгтэй болно гэсэн урьдчилсан судалгаа байдаг. Аутизмтай хүүхдүүд гаднах байдлаараа энгийн хүүхдүүдтэй адил, харин хэл яриа болоод  үйл хөдлөлийн хувьд өөр байдаг. Үүнээс шалтгаалан нийгмийн ялгаварлан гадуурхалтад өртөх, тэр ч байтугай амь насаа алдсан тохиолдол бий. Иймд эдгээр хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй адил сурч хөгжих боломжийг нь олгож орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Аутизмтай хүүхдүүдийн аав ээж Монголд хүүхдээ өсгөх орчин нөхцөл байхгүйгээс гадаад орныг зорих нь их байдаг.

-Та Турк руу яваад ирсэн гэлээ. Тэндхийн орчин нөхцөл, туршлагаас дурдвал?

-Турк улс аутизмын эмгэгийг шийдсэнээрээ дэлхийд хоёрт ордог. Нэгт нь Англи улс ордог. Туркийн сургалтын систем, ноу-хауг Монголд нутагшуулахыг зорьж бид тус улсын гурван том байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Тэд өөрсдийн даван туулсан, мэдсэн, хуримтлуулсан туршлага бүх зүйлээрээ туслахад бэлэн байгаа гэдэг нь олон зүйлээс харагддаг. Турк улс хувийн сургалтын төвүүдийг маш сайн дэмждэг. Бүх хүнийг эрх тэгш хамруулахад бодлого нь чиглэдэг.

Жишээ нь Турк улсын иргэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ долоон хоногт 2-3 удаа сургалтад хамруулах төсвийг улс нь төсөвтөө суулгаад өгчихсөн байдаг. Ингэхдээ нийгмийн давхарга үүсгэхгүйгээр, боломжтой нь бус бүгд сурч байгаагаараа онцлогтой. Энэ арга барилуудаас бид нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний тулд төрийн байгууллагуудад уламжилж, шийдвэр гаргах түвшинд шийдүүлэх нь чухал. Мөн бүгдийг төр засагт хамааруулж, бүх ачааг улс үүрүүлэх ёстой гэх бус бид үүнээс юуг чадах вэ, алийг нь хийж чадах вэ гэдгээ тодорхойлон хамтарч ажиллах хэрэгтэй юм.

-Монголд аутизмын оношилгоо ямар түвшинд байдаг бол. Үүн дээр залуу эцэг, эхчүүд алддаг, олонх нь итгэхгүйгээс хугацаа алдах тохиолдол байдаг гэж сонссон?

-Эрт илрүүлэх тал дээр учир дутагдалтай зүйлүүд байгаа нь үнэн. Дээр нь эцэг эхчүүд хүлээн зөвшөөрөхгүй хугацаа алдах тохиолдлууд байна. Яагаад гэвэл аутизм гэдгийг өөр байдлаар хүлээж аваад байгаа. Яагаад гэвэл хүүхдүүд маань гаднах байдлаараа энгийн хүүхдүүдтэй адил харагддаг учраас ойлголт дутмаг байгаа юм болов уу гэж би боддог. Дээр нь энд оношлогдсон хүмүүс Туркт очоод өөр оноштой болж таараад байгаа.

Тэгэхээр эрүүл мэндийн боловсролыг чадавхжуулах тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай.

Мэдээж яавал сайжруулах вэ, яаж гарц гаргалгаа хайх вэ гэдгийг юуны өмнө бодох ёстой. Тэгэхээр аль улс орон юуг түлхүү хөгжүүлж вэ гэдэг рүү бид чиглэж байгаа юм.

Дараагийн нэг асуудал нь эцэг эхчүүдийг хүүхдээ хүлээн зөвшөөрч цаг алдалгүй дараагийн алхам руу шилжихэд сэтгэл зүйн тал дээр мэдээллүүдийг зөв өгч, зөв чиглүүлэхэд бидний үүрэг оршиж байгаа юм.

Нөгөө талаас боловсролын түвшинд хэрхэн эрх тэгш хамруулах вэ, ямар арга барил, систем байх ёстой талаар төрөөс бодлогоо тодорхойлох ёстой. Ингээд хоёр тал харилцан нягт  хамтарч ажиллах юм бол хэлд ороогүй юм уу, хөгжлийн эсвэл оюуны хөгжил хоцрогдсон гэх мэтчилэн өөр өөрийн онцлогтой байгаа тэр хүүхдүүд бид бүгдэд нь хүрч ажиллах боломжтой.

-"Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя" аянаар ямар зорилго тавьж байна вэ?

-Монгол Улс хүн бүр эрх тэгш байхыг Үндсэн хуульдаа хуульчилсан орон. Аутизмтай хүүхдүүд гаднах байдлаараа энгийн хүүхдүүдээс ялгарахгүй. Тиймээс гаргаж байгаа зан авир, байдлыг нь хараад хүмүүс өнгөцхөн дүгнэж, маш их гадуурхалт, ойлгохгүй байх, доромжлох зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг.

Гэрээсээ төөрч яваад аутизмтай хүүхэд байна гэж анзаарагдалгүйгээр амиа алдсан тохиолдол хүртэл бий. Энэ бэрхшээл дахин бүү тулгараасай гэдэг үүднээс эергээр хүлээж авъя, байгаагаар нь хүлээж авъя. Өнгөц бүү дүгнэ, бие биеэ хайрлая, хүлээн зөвшөөрье гэсэн зорилгоор энэ аяыг зохион байгуулж, олон талыг харуулах үүднээс олон байгууллага хамтран оролцож байна.

-Хүмүүст болон нийгэмдээ хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Бидний хувьд цаг хугацаа юу юунаас илүү үнэтэй. Өнгөрч буй цаг хугацааг юугаар ч буцааж авч чадахгүй учраас эцэг эхчүүд хүүхдэдээ ямар нэгэн эргэлзээтэй шинж байдал илэрвэл маш сайн ажиглаад холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь хандаж, хүүхдээ хүлээн зөвшөөрч дараа дараагийн алхмыг хийгээсэй. Ингэснээр үе тэнгийнхэнтэйгээ хамт өсөж дэвшихэд нь тусална. Иймд бидний оролцоо нэгдүгээрт шүү. Нийгэм маань эдгээр эцэг эхчүүдийн туулж байгаа ачааг эергээр хүлээж аваасай. Бүү ялгаварлан гадуурхаасай. Эрх тэгш байгаасай, аутизмтай хүүхэд болоод тэдний эцэг эхийг тусгаарлахгүй байхад анхаарал хандуулж хүнлэг байгаасай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top