ӨМНӨГОВЬ: 2023 онд ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж 5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

2023 оны 04 сарын 06

Өмнөговь аймагт 2022 онд 12 үйлдвэр шинээр бий болж, 30 үйлдвэр өргөтгөл хийн орон нутагт 92 ажлын байр хадгалагдаж, 239 ажлын байр шинээр бий болсон байна.


Өмнөговь аймаг нь орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд орон нутгийн төсвөөс 5,0 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийн дэмжих санд төвлөрүүлсэн байна. Үүний дагуу "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу /жилийн 3 хувийн хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай/ зээл олгох төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, энэ хугацаанд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч 118 аж ахуй нэгжээс төсөл ирүүлснийг  журмын дагуу төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулжээ.

Журмын шаардлага хангасан 42 аж ахуй нэгжид 5,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Үүний үр дүнд 12 үйлдвэр шинээр бий болж, 30 үйлдвэр өргөтгөл хийн орон нутагт 92 ажлын байр хадгалагдаж, 239 ажлын байр шинээр бий болжээ.

Энэ талаар тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ "2023 онд Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөс 5.0 тэрбум төгрөгийг баталж "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга, аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах гурван талт гэрээний дагуу Өмнөговь аймагт худалдаанаас бусад жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт  үндсэн болон эргэлтийн хөрөнгө 300 сая хүртэл хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой." гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top