Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлж, залгамж халааг бэлдэхэд хувь нэмрээ оруулж яваа багш, дасгалжуулагч Паламын Чулуунбаатарыг “Өглөөний зочин”-оор урилаа. “Алтайн Барс” клубээс гараагаа эхэлж, БСШУЯ-ны харьяа Спортын төв сургуулийн багшаар ажиллаж явсан тэрбээр сүүлийн долоон жил цалингүй ажиллахдаа эхнэрээ зээл авхуулан, тамирчдынхаа зардлыг төлж, чөлөөт бөхийн спортын төлөө зүтгэснийг тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу. Түүний шавь нар өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тив, Дэлхийн аварга, Дэлхийн цом, Азийн наадам, Оюутны дэлхийн аварга, Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж, ОУХМ, спортын мастер, дэд мастер болсон юм.
-Таны гарын шавь Б.Номин, Э.Даваачимэг, Т.Түвшинтулга нар Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Армийн дэлхийн аварга, U-23 дэлхийн аваргын тэмцээнүүдээс медаль авч, та бас холбооныхоо шилдэг дасгалжуулагч болж байсныг санаж байна. Тэр хэдэн он билээ?
-Анхны дэлхийн аваргын медалийг “өргөмөл шавь” Б.Номин маань авсан. Яагаад гэвэл би анхны багш нь, түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс нь ОУХМ, дэлхийн залуучуудын аварга С.Эрдэнэбаяр, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ҮБТДС-ийн Ц.Баярсайхан нар юм. Үүнээс хойш шавь Т.Түвшинтулга маань 2018 онд Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль, 2021 онд миний унаган шавь нарын нэг Э.Даваачимэг ДАШТ-ээс хүрэл медаль тус тус хүртсэн. Хүний хийж ирсэн хөдөлмөрийн үр шим ингээд ар араасаа гараад ирдэг юм байна гэж багшийн хувьд их баярласан.
-Та хэдэн оноос чөлөөт бөхтэй холбогдсон бэ?
-1998 оноос хойш энэ замаар явж ирлээ. Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Оюунболд багшийн секцэнд анх орж байлаа. Тэгээд “Чи барилдаж чадахгүй юм байна” гэхээр нь “Алтайн Барс” клубт очиход Н.Цэдэнсодном дасгалжуулагч намайг туслах багшаар авсан. Тэр хүнээс би их ч юм сурсан. Анх 2007 онд нэг шавиа авч, өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд очоод түрүүлж байлаа. Түүнээс хойш миний шавь нарын амжилт гарч эхэлсэн.
-“Оскаа” О.Пүрэвбаатар та хоёрын ганзага их нийлэх юм?
-Бид чинь “Алтайн барс”-ынхан. 2018 онд Т.Түвшинтулгыг медаль авахад анхны суурийг тавьсан багш нь би, өргөмөл багш нь О.Пүрэвбаатар байсан. Спортын ийм угшилтай. Ер нь бол би хоёр шавиа түүнд өгсөн. Яг тэр үед "Олимп" сургууль нээгдээд байсан юм. Б.Номинг тийш нь өгсний дараа Т.Түвшинтулгыг бол би нууж байсан. Гэтэл би бэлтгэл хийх заалгүй болчихсон. Тэгээд хүнээс гуйж, зааланд нь дэвжээгээ засаад, бэлтгэл хийлгэж байтал гаднаас Оскаа ах ороод ирсэн. Хоорондоо ярьж байгаад Б.Номин сайн бөх болж байгаа гэхээр нь "Дахиад ч сайн тамирчин надад байна, Т.Түвшинтулга" гээд ам алдчихсан. Би тэгж хэлсэн хэлээгүй тэр агуу бөх өөрөө олоод харчихалгүй яах вэ. Удалгүй “Ахдаа өгчих” гэсэн. Тэгээд цааш нь хөтөлж явсаар дэлхийн бөх болгосон. Би бол хүүхдүүдэд суурийг нь тавьж өгч байгаа анхан шатны багш. Цалин мөнгө өгч чадахгүй гээд бидэнд бэрхшээл зөндөө бий.
-“Алтайн Барс”-т бэлтгэл, сургуулилт хийж байсан тамирчдаас нэрлэбэл хэн хэн байна?
-Дээд үеийнхээ ах нартай хамт бэлтгэл хийж явлаа. Одоо ихэнх нь Америкт байгаа.
-Одоо та хэр олон шавь бэлдэж байна. Өөрөөр хэлбэл, таны анх суурийг нь тавьж гаргасан дэлхийн топ тамирчдын араас хэн хэн байна?
-Би 2009 онд Спортын дунд сургуулийг үүсгэн байгуулалцсан анхны багш нарын нэг. Анхны төгсөгчдөөс маань Э.Даваачимэг байна. Манай ангид олон бөх байсан. Э.Даваачимэг маань Дэлхийн аваргаас 2012, 2013 онд медаль хүртэж, шигшээ багийн тамирчин болоод явсан. Б.Түвшинтулга маань мөн Дэлхийн аваргаас медаль хүртэж, шигшээ багт орсон. Тиймээс дахиад шавь бэлдэхээр 2014 оноос хэдэн жаахан охин авч хичээллүүлсэн. Тэдний эхнийх нь болох ОУХМ Б.Энхцэцэг Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан. 2019 онд шавь Н.Анударь маань мөн Дэлхийн залуучуудын аваргаас мөнгөн медаль хүртсэн. 2020 онд ковид гарч, тэмцээн, уралдаанууд зогссон. 2021 онд Б.Энхцэцэгийн маань төрсөн дүү Дэлхийн залуучуудын аваргаас мөнгөн медаль авсан.
-Эгч, дүү хоёр Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тохиолдол манайд өмнө нь гараагүй амжилт байх аа. Би лав сонсоогүй?
-Тийм, үнэхээр сонин тохиолдол шүү. Ер нь би зургаан охиныг чөлөөт бөхийн тамирчнаар бэлдсэн. Тэдний дөрөв нь ОУХМ, хоёр нь Спортын мастер болсон. Одоо бол үндсэндээ шавь нараа бүгдийг нь энд тэнд өөр багш нарт өгчихсөн. 2021 оны есдүгээр сараас хойш би дэвжээн дээр гараагүй.
-Яагаад?
-Яагаад гэхээр би бараг найман жил цалингүй ажиллалаа шүү дээ. Маш хүнд юм тууллаа, гэхдээ энэ хугацаанд надтай хамт ээж, охин хоёр минь байсан болохоор энэ бүхний ард гарлаа. Тэгээд ерөнхийдөө больё гэж шийдсэн.
Ер нь спортод олон жил зүтгэх хэцүү. Багш нар маань хэлдэг л дээ, “Чи шавь нараа том болгож, амжилтад хүргэж ирээд өөр хүмүүст өгчих юм. Нэг ёсондоо бусдад хоолыг нь бэлдэж өгөөд, өөрөө ард нь үлдэх юм” гэж. Гэхдээ би үүнд харамсдаггүй.
Хүний амьдралд янз бүрийн зүйл байдаг, тэрнээс л болж би спортоос холдож байна.
-Спортоос холдож байгаа шалтгааныг чинь асуучихвал та дургүйцэхгүй биз дээ. Гэхдээ эвгүй байгаа бол алгасаж болно оо...
-Ярилцлагад урихад чинь татгалзаагүй болохоор ах нь асуусан бүхэнд чинь нээлттэй хариулна аа. Ер нь бол 2012 онд би эхнэрээ сонгох уу, спортоо сонгох уу гэдэг дээрээ тулж, эхнэрээ биш бөхийн спортоо сонгосон тэнэг хүн (Санаа алдав). Эргээд бодоход маш тэнэг хүн. Энэ спортод хамаг бүхнээ зориулж, амьдралаа бүтэн авч үлдэж чадаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам харамсавч хожимдчихсон...
-Ер нь бол ойлгоход бас хэцүү л юм. Таныг эхнэрээрээ цалингийн зээл авахуулж, тамирчдынхаа зардлыг төлөөд, өөрөө 7-8 жил цалингүй ажиллаж яваа “тэнэг” гэж сонссон, арай ч үгүй байх гэж бодсон, гэтэл үнэн байж?
-"Хүүхдийн олимп" гэж 2010 онд анх болж байсан. Тэгэхэд Узбекстанаас олимпын эрх авах гээд дөрвөн шавиа аваад явсан юм. Боломжтой айлын хүүхдүүд бол ээж, аав нь зардлыг нь төлөөд болчихно. Нэг шавь маань ээж, аав нь ажил хийдэг ч боломж тааруу. Тэгэхээр нь эхнэрээ гуйлаа, "Шавь маань сайн тамирчин байгаа юм. Олимпын эрх аваад ирвэл асуудалгүй, улсаас урамшуулал олгодог учир төлчихнө" гээд. Би Спортын сургуульд багшилж байсан ч цалингийн зээл авах боломжгүй. Тэр үеийн 1500 ам.доллар гэдэг их мөнгө байсан. Ингээд тэмцээндээ явсан, очоод зооны аваргын төлөө барилдаанд хожиж яваад хожигдчихсон. Би юу ч хэлж чадаагүй.
Сүүлд том бөх болоод хэвлэлд ярихдаа “Тэгэхэд багш минь надад юу ч хэлээгүй. Тэгээд дараа нь "Миний хүү чи эндээс медаль аваагүй ч дараа том тэмцээнээс медаль авах байх. Чамайг том амжилт хүлээж байгаа" гэж хэлсэн” гэсэн байсан.
Энэ шавь маань 2012 онд чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга болсон. Би ер нь эхнэрийнхээ мөнгийг их хулгайлсан даа. Амралтынхаа мөнгийг аваад тавьчихсан байхаар нь хэлэлгүй аваад тэмцээний зардал хийгээд явчихаж байлаа. Энд хэлж байгаа минь дараа, дараагийн залуу багш, дасгалжуулагчдыг спортод ингэтлээ битгий улайраасай гэж сануулга маягаар ч юм уу хэлмээр санагдаад байгаагийнх юм. Зүтгэж болно, хийж болно, сэтгэлээсээ зүтгэж болно, гэхдээ л битгий над шиг ингэж улайраарай. Гэхдээ шинэ үеийн багш нар биднийг бодвол ухаантай болсон гэж боддог.
-Чөлөөт бөхийн спортоос ингэтэл таны сэтгэлийг татсан нь яг юу юм бэ. Тамирчид медаль авах бол 10 минутын л ажил. Та бол хэчнээн жил ажиллаж, бэлдэж байж тамирчдыг тэр хэмжээнд хүргэнэ. Эндээс ямар мэдрэмж авдаг юм бэ?
-Багш нар секцэндээ хүүхдүүд бүртгээд авдаг. Ямар хүүхэд авч байгаа нь ойлгомжтой. Хөлд орж байгаа хүүхэд ямар байдаг вэ, спортод тийм л хүүхэд ирдэг. Тэр хүүхдийг хөгжүүлж, чадах мэдэхээ тултал зааж өгөөд, тэр хүүхэд цааш амжилт гаргана гэдэг миний зүрх сэтгэлд байгаа хобби, хүсэл сонирхол тултал гарч байна гэсэн үг. Энэ л гоё. Тэр урмаар баярлаж явсаар өдий олон жил болжээ.
-Та ер нь багш, дасгалжуулагчийн эрдмийг хэнээс өвлөв?
-Дасгалжуулагч хүн ямар байх ёстойг Дугарсүрэнгийн Оюунболд багшаасаа, Х.Баянмөнх багшаасаа, Н.Цэдэнсодном ахаасаа сурч, мэдэж авсан даа. Нэг л удаа хараад, сураад авчихдаг зүйл биш. 20 жил суралцсан гэхээр бага хугацаа биш юм. Энэ хугацаанд ирж суралцаад, амжилтад хүрсэн бол тэр шавь нарын аз юм биз. Бахархаж л суудаг даа.
-Та шавь нартаа жигүүр ургуулаад явуулчихдаг. Гэхдээ Дэлхийн аварга болоход дэвжээний захад нь зогсож байсан тохиол бий юу?
-Байлгүй яах вэ, шавиа Дэлхийн залуучуудын аварга болж байхад дэвжээнийх нь захад зогсож байлаа, 2012 онд. Өсвөрийн Азийн аваргад 2007 онд В.Мөнхболд шавиа түрүүлэхэд хараад зогсож байлаа. Тив, дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт бол зөндөө. Бүр он дараалаад байгаа. 2018 онд Т.Түвшинтулгыгаа Дэлхийн аваргаас медаль авахад дээрээс хараад сууж байлаа. Хажууд нь байгаагүй, харж чадаагүй үе ч бий.
-Ингэхэд та цалингүй ажилласан шалтгаанаа хэлчих л дээ?
-Шуудхан хэлчихье дээ, би 2012 онд Спортын төв сургуулиас халагдсан. Шалтгаан нь “Чи ажил хийдэггүй” гэсэн. Тэгэхээр нь шар хөдлөөд, хэдэн хүүхэд аваад чөлөөтөөр бэлдсэн. Эргээд харахад, 2014 оноос 2022 он хүртэл би зүгээр суугаагүй, юм хийсэн байгаа юм. Миний ажиллаж байсан Спортын төв сургуулиас миний нэг шавь анхны Залуучуудын дэлхийн аварга болсон. Насанд хүрэгчдийн Дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. Үүнээс хойш Спортын төв сургуулиас дахин тив, дэлхийн медальтан төрөөгүй нь харамсалтай.
Анх энэ сургууль байгуулагдахдаа бидэнд юу гэж хэлж байсан бэ гэвэл, та нар шигшээ багт тамирчин бэлдэж өгөх үүрэгтэй гэсэн. Би үүргээ биелүүлсэн. Гэтэл надаас хойш ажилласан багш нар тийм тамирчин бэлдсэнгүй. Би 2014 оноос хэдэн хүүхэд аваад, бэлдээд явсан. Тэр багш нар надтай зэрэгцээд тамирчин бэлдээд явах ёстой шүү дээ. Хэрэв тэгсэн бол Спортын төв сургуулийн ирээдүй өндөр байх байлаа. Энэ сургуульд нийслэлийн есөн дүүргийн хүүхэд цуглаж байгаа шүү дээ.
-Сүүлийн үед тамирчин бэлддэг багш нарын сэтгэл зүтгэлийг харалгүй, танил талаар багшийн орон тоо бөглөдөг хүмүүс олширчээ. Энэ талаар та юу хэлэх бол?
-Би хэсэг хугацаанд Америкт байгаад ирснийхээ дараа 2022 оны нэгдүгээр сард нэг зар харсан юм. Юу гэсэн зар вэ гэхээр “Чингэлтэй дүүргийн спорт хороонд бөхийн дасгалжуулагч авна. Таваас дээш жил ажилласан байх ёстой. Мэргэжлийн сургууль төгссөн байх ёстой. Шавь нар нь дэлхий, олимп, улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан байх ёстой” гэсэн байсан. Тэрийг хараад Чингэлтэй дүүргийн спорт хороонд материалаа өгөхөд “Танд 14 хоногийн дараа хариу өгнө” гэсэн. Хариугаа хүлээж байгаад нэг өдөр тэсэлгүй утас руу нь залгаад асуутал “Манайх мундаг спортын мастер багш л авна” гэхэд нь дотор сонин болоод явчихсан, бас харамссан. Би 22 жил зөвхөн энэ ажлыг дагнан хийж, тив, дэлхийн хэмжээний тамирчид бэлдэж ирчихээд гологдох гэж гээд одоо хүртэл сэтгэлдээ гомдолтой явдаг.
Та ч бас хэлж байна, үнэхээр төрийн байгууллагууд ажлын байранд шалгаруулж авахдаа тухайн хүний туршлага, ажилласан жил, амжилтыг харахаа больсон юм байна лээ. Мөнгөтэй хүн, эсвэл танилтай хүн ордог болсон юм байна гэж ойлгогддог болсон.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Ymar gaihaltai ih huch hudulmur ve. Haanas ch guigad oldohgui aguu ih setgeltei hun ym.✨
Сайн багшдаа Чука багш.
Тамирчид гэж өлөн өөрсдөө зардалаа төлөх хэмжээний бх ёстой биздэ бүүр арчаагүй бусадыгаа бодооч та нар хэний хүчээр явж байгаагаа мэдчээд пээдийгээч зарим нь бүүр төрцөн юм шиг дээгүүр мданд бдг шүү энэ багшийг ёстой ойлгохгүй юм үхсэнээ хийж эдний төлөө амьдарсийн хайран амьдарал бас тэгээд зээл авахуулчихдаг ёстой мулгуу хүүр юма
Amidral ih hatuu ym daa
Спортын төлөө зүтгэнэ гэдэг эрсдэл их дагуулна..Гандан бууршгүй тэмцэж яваа танаар бахархаж байна..Гэхдээ л чаддаг зүйлээрээ л зүтгээд бай танд үр дүн өгөөж нь заавал ирнэ дээ...
Нэг мэргэжилд хэт улайрч түүнийхээ төлөө бүхнээ зориулахаар ийм байдалд орж, хэн ч ойлгохгүй байх нь бий.Чулуунбаатар багшаа энэ таны буруу биш ээ,харин хүний хөдөлмөрийг үнэлдэггүй салбарын арчаагүйнх.Танд сайн сайхныг хүсьэ
Эхнэрээрээ зээл авахуулаад, тамирчдынхаа зардалыг телдег гэнэ ээ, тэнэг тэнэг юм ярих юм аа, бехийн шизо нь эцсийн шатандаа орсон тэнэг ч ийм юм хийхгуй ш дээ, жаахан баримжаатай юм ярьмаар юм аа
зөв бичих дүрэм дээр анхаар. Үйлт нэрийн Х-гийн өмнөх эгшигийг гээхгүй. авахуулаад гэж бичнэ!