Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид дэлхийн шилдэг дуурь Ж.Вердийн "Аида" дуурийг тайзнаа амилуулсан билээ. Түүнчлэн балетийн нэрт бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг эх орондоо ирж Олон улсын балетын фестиваль зохион байгуулсан. Мөн дуурийн гоцлол дуучин Э.Амартүвшин сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас анх удаа мөнгөн медаль хүртэж, Монголын сонгодог урлагийн хөгжлийг дэлхийд таниулсан олон түүхэн үйл явдал тохиосон. Тэгвэл тус театрын хамт олон энэ сарын 3-нд П.И.Чайковскийн "Хунт нуур" балетаар 48 дахь улирлынхаа хаалтын тоглолтоо хийсэн юм. Харин 49 дэх улирлын нээлтээ ирэх 10 дугаар сарын 8, 9-нд Ж.Вердийн "Аида" дууриар хийхээр болжээ.
Энэ удаагийн "Аида"-д Э.Амартүвшин Аидагийн аавын дүрд тоглох аж. Мөн ирэх улиралд театрын уран бүтээлчид "Спартак" балет, "Атилла" балетыг тавих төдийгүй "Аида" дуурийг говьд тоглохоор болжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )