Гишүүдийн тоо ба ХОЛИМОГ ХУВИЛБАР

2023 оны 04 сарын 13

УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн тоог нэг нугалан нэмэгдүүлж 152 болгох тухай яриа сүүлийн өдрүүдэд улстөржих дуртай монголчуудын амны зугаа, үгний хачирт нэмэр болж байна.

Тэгвэл олны анхаарлыг татаад буй парламентын гишүүдийн тоог 152 болгох нь зүгээр нэг тэнгэр ширтэж байгаад шүүрч авсан зүйл биш ажээ. Судлаачдын ярьж буйгаас үзвэл Эстони гаралтай физикч Рейн Таптира хэмээх эрхэм 1972 онд нэгэн судалгаа хийж тухайн орны сонгуулийн насны хүн ам хийгээд парламентын гишүүдийн тооны харьцаанд зүй тогтол бий эсэхийг тодорхойлж үзжээ. Уг харьцааг нотлохын тулд 1960-аад оны үед парламенттай байсан олон орны баримтыг цуглуулахад дотор нь Монгол Улс буюу тухайн цагийн нэрээр БНМАУ багтав.

Тэр үед Монголд парламент байсан гэж үү хэмээн хүмүүс эргэлзэж болох юм. Тэгвэл 1992 он хүртэл ажиллаж байсан Ардын Их Хурлыг байнгын бус ажиллагаатай парламент хэмээн үзэж болох бөгөөд хууль тогтоох эрхтэй, төрийн эрх барих дээд байгууллага төдийгүй чуулган хуралдаагүй чөлөө цагт Ардын Их Хурлын Тэргүүлэгчид энэ үүргийг гүйцэтгэж байв.

Дээр дурдсан эстони судлаачийн харьцуулсан баримт ёсоор БНМАУ нэг сая хүн амтай байхдаа 285 депутаттай байжээ. Энэ мэт олон орны хүн ам хийгээд парламентын гишүүдийн тоог харьцуулахад гишүүдийн тоо нь хүн амын тооны тодорхой зэрэгтэй тэнцүү байх зүй тогтол харагдсан нь байгаль, нийгэм зэрэгт түгээмэл ажиглагддаг Зэргийн хуультай ижил гарав. Парламентын гишүүн гэдэг бол нийгмийн харилцааны зангилаа цаг болохын хувьд сонгуулийн насны хүн амын тоотой нягт уялдуулж уян хатан байдлаар тоог зохицуулж болно гэсэн нэгэн агуулга эндээс харагдаж байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүн заавал 76 байна гэсэн хатуу тоо байхгүй, Их Хурлын анхны сонгууль болсон 1992 оны үед Монгол Улсын хүн ам хоёр сая илүүхэн байх үед тогтоосон бөгөөд түүнээс хойш нэгэн зуун бүү хэл мянган солигдож, монголчууд 3,4 саяд нэгэнт хүрчээ. Иймд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог 152 болгоход цааргалах зүйлгүй гэдэгтэй олон хүн санал нийлж байна.

Энэ дундаа ялангуяа хүн амын тал илүү шахам хувь нь төвлөрсөн нийслэл хотод гишүүдийн тоог өнөөдөр байгаагаас нэмэх шаардлага харагддаг. Тухайлбал, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд Монгол Улсын хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгаас гурав дахин их хүн амтай, том хороод гэхэд багахан аймагтай бараг дүйж буй. Гэтэл хуулиар дүүрэг нь сумтай, хороо нь багтай бүтэц, бүрэлдэхүүн, эрх мэдлээрээ тэнцэж байдаг.

Үүний зэрэгцээ ирэх жилийн сонгуулийг холимог буюу мажоритар, пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулахаар яригдаж эхэллээ. УИХ-ын 2012 оныхоос бусад сонгуулийг мажоритар системээр, гагцхүү тойргийг томсгосон, эсвэл багасгасан хувилбараар явуулж ирсэн. Ийм системээр сонгууль хийхэд намуудын авсан саналын хувь хэдий ойролцоо ч аль илүүхэн саналтай нь парламентад дийлэнх олонх болж хүчтэй савладаг нь нэгэнт тогтоогдсон. 

Жижиг тойргоор сонгуульдахад жинхэнэ жалга довны үзэл газар авч, тухайн тойрогтоо ах дүү, хамаатан садан, танил тал ихтэй нь УИХ-д орж суудаг, түүгээр үл барам тойрог хуваахад хүртэл өөрийн санал олноор авах газар нутгаараа тойргийн хилээ тогтоож, 1996 оны сонгуулийн үед Дорнодод “Базарсадын гутал”, Дархан-Уулд хэн нэгнийх нь “Зааны хошуу” нэртэй тойргууд хүртэл үүсэж байв. Тойргийн хил ямар дүрс үүсгэснээр нэрлэсэн хэрэг л дээ. Энэ зөвхөн Монголд ч тохиолдсон зүйл биш. Дээр үед АНУ-д Жерри хэн ч билээ, нэг эрхэм Конгресст нэр дэвшихдээ тойргоо өөрт таалалтайгаар зурж гаргасан нь Саламандр хэмээх хоёр нутагт гүрвэлтэй төстэй болсноос хойш ингэж тойргийг өөртөө нийцүүлэн хуваахыг Жерримандр хэмээн нэрлэх болсон гэдэг.

Намуудын авсан санал хаягдах, жалга довоос сонгогдох гэх мэт алдаанаас зайлсхийж, бас залуучууд, бие даагчид, эмэгтэйчүүд, жижиг намаас нэр дэвшигчид зэрэг мажоритар системээр сонгогдоход төвөгтэй төлөөллийг УИХ-д оруулах боломжийг нээдэг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ системийг зэрэгцүүлэн оруулж ирэхээр яригдаж буй нь дэвшилттэй зүйл юм. Үүгээр санал хураахад тойрогт нэр дэвшигчидтэй зэрэгцэн намуудын нэрээр санал хурааж, намын авсан саналын хувьд тэнцүүлэн намын урьдчилан бэлтгэсэн жагсаалтаас тодорхой тооны хүнийг УИХ-д оруулдаг давуу талтай. Үүний үр дүнд 2012 оны сонгуулиар МАН, АН-аас гадна МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл парламентад бүлэгтэй болж, тойргоос нэр дэвшигчид нь санал авч чадаагүй Иргэний зориг Ногоон нам жагсаалтаар хоёр суудалтай болж, гурван ч бие даагч гарч байв.

Нэг гэм нь чуулганы үеэр тойргоос мажоритар системээр гарч ирсэн гишүүд жагсаалтаар орж ирсэн бусдыгаа “Би сонгогчдын саналаар гарч ирсэн ардаа төлөөлөлтэй хүн. Та нар зүгээр сууж байгаад намын нэрээр жагсаалтаар орж ирсэн шүү” гэх маргаан хааяа гардаг ч харин ч жагсаалтаар гарсан гишүүд аль нэг тойрогт баригдалгүй дуртай тойрогтоо ажиллаж хууль, УИХ-ын үйл ажиллагааг сурталчилж болдог давуу тал харагддаг. Мөн улсын нэгдсэн төсөв зэрэг улс орны хэмжээний бодлого хэлэлцэхэд илүү шударга ханддаг, сайд болсон ч өөрийн тойроггүй тул нийтийн эрх ашгийг бодохдоо давуу гэх мэт талтай. 

Мөн ирэх сонгуулиар намын жагсаалтыг гаргахдаа эрэгтэй, эмэгтэй тоо тэнцүү байх, бүсгүйчүүдээ араар жагсааж эрчүүдэд давуу тал олгодгийг больж сөөлжүүлэн бичих зэрэг олон шинэчлэлтийг Сонгуулийн хуульд оруулахаар ярилцаж байна. Ийнхүү УИХ-ын 2024 оны сонгууль өөр шинэ нөхцөлд болж мэдэх төлөв гарлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочтн(59.153.114.207) 2023 оны 04 сарын 16

бүх намууд жагсаалтанд дан эмэгтэйчүүдээбичвэл УИХ ын суудлын 50 хувьд. Эмэгтэйчүүд сонгогдоно Эмэгтэйчүүд маань санхүүгийн бололцоо муутай байдаг Гишүүн болсон ч элдэв муу юманд холбогдох нь бага байх бол ов уу???

0  |  0
hh(103.212.119.213) 2023 оны 04 сарын 13

Дан луйварчид л гарна даа

0  |  0
Top