Ойрын арван жилдээ тохиохооргүй олон сайхан тэгш ой давхцсан энэ жилийн наадам харах юмтай, хариад ярих юмтай сайхан наадам болж өндөрлөлөө. Том ой гэсэн утгаараа 1024 бөх барилдаж 3000 гаруй шандаст хурдан хүлгүүд, 400 гаруй эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорин наадлаа. Наадам сайхан болсон хэдий ч жилийн жилд нээлтийн тасалбар тэнгэрт хадан шаглагддаг нь ёс мэт хэвээр уламжлагдав. 13-24 мянган төгрөгний үнэтэй байсан тасалбар 60-80 мянган төгрөгийн үнэ хүрч шаглагдлаа. Төв цэнгэлдэх маань 15 мянган хүний суудалтай гэгддэг ч наадамчин олны зүгээс тасалбар авсан хэрнээ зогсоогоороо үзлээ гэсэн хэл ам гарч байдаг. Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан баяр наадмын комисс суудлын дугаар тавьж 13000 мянган хүний багтаамжтай болохыг нь тогтоожээ. Сая гаруй хүн амтай нийслэл хотод маань энэ хэмжээний цэнгэлдэх хүрээлэн үнэхээр чамлагдаж байна. Юнескогийн үнэт соёлын өвд бүртгэгдэх болсон монгол наадмыг үзэж сонирхох гэсэн гадаадын жуулчдын тоо жилээс жилд эрс нэмэгдэж байгаа нь шинэ цэнгэлдэх яаралтай байгуулах болсныг илтгэж байгаа билээ. Юутай ч шадар сайд М.Энхболд яармагийн дэнжид баригдах шинэ цэнгэлдэхийн асуудал эхний ээлжинд шийдэгдсэн гэж мэдэгдээд байгаа бөгөөд уг асуудалд төр засаг, төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн оролцоо маш чухал. Хаа хаанаасаа хүч хавсарч байж богино хугацаанд ашиглалтанд оруулна гэдгийг бас дурдлаа. Дараа жилийн наадам хол байна даа хол байна. Харин бид дараа жил шинэ цэнгэлдэхэд наадах бололтой.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )