Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид томилсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өчигдөр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Сануулахад, энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүний бүрэн эрхийг дахин зургаан сараар сунгасан юм.
-“Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ-ээр томилогдоод зургаан сар өнгөрлөө. Энэ хугацаанд ямар үр дүн гарсан бэ?
-Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” компани дээр онцгой дэглэм тогтоосон. Улмаар миний бие Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Зургаан сарын хугацаанд 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрсийг борлуулсан. Онцгой дэглэм тогтоосноос хойш 800 орчим сая ам.долларыг бэлнээр оруулж ирсэн. Энэ хэмжээгээр Монгол Улсын валютын орох урсгал нэмэгдсэн. Мөн урьдчилж авсан 270 сая ам.долларын өрийг барагдуулсан. Төмөр замтай холбоотой оффтейк гэрээний 200 орчим сая ам.долларын өрийг төлсөн. Зөвхөн энэ оны нэгдүгээр улиралд бид 7.5 сая тонн нүүрс борлуулж, 440 гаруй сая ам.долларыг оруулж ирсэн.
-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны зорилго юу вэ. Нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх боломж байна уу?
-Энэ онд 23 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөг ТУЗ баталсан. Эрдэнэс Тавантолгой компани бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллахад сард 2-2.5 сая тонн нүүрс борлуулах боломжтойг өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид харуулсан. Цаашид үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Энэ оны эхний нэгдүгээр улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Энэ эрчээрээ явахад оны эцэс гэхэд 30 орчим сая тонн нүүрс борлуулах зорилт тавьж байна. Нөгөө талдаа Эрдэнэс Тавантолгой компани байгуулагдсан цагаасаа хойш сайн чанарын нүүрсийг борлуулж ирсэн. Гэтэл уурхайд эрчим хүчний нүүрс, сул коксжих нүүрсний нөөц их байна. Эрдэнэс Тавантолгой компани цаашдаа сорчлохгүйгээр олборлосон бүх бүтээгдэхүүнээ зарах зорилго тавьж байгаа. Энэ хүрээнд хоёр удаагийн арилжаагаар 200 мянган тонн эрчим хүчний нүүрсийг 70 гаруй ам.доллароор биржээр зарсан. Одоо сул кокжсон нүүрсийг борлуулахаар зорьж байгаа. Энэ онд бүтээгдэхүүнээ сорчлохгүйгээр явахад зургаан сая тонн сул кокжсон нүүрс, 2.5 сая тонн эрчим хүчний нүүрс борлуулах зорилготой байна.
-Нүүрс угаах баяжуулах үйлдвэр байгуулах ажил ямар шатанд яваа вэ?
-Бид Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг үнэд хүргэхийн төлөө ажиллаж байна. Үүний тулд нүүрсийг угааж баяжуулах ёстой. Энэ хүрээнд угаах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна. Гэрээний дагуу ирэх оны долоодугаар сард ашиглалтад орно. Угаах үйлдвэрийг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна.
-Угаах үйлдвэрийн хүчин чадал ямар байх вэ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсний үнэ яаж нэмэгдэх үү?
-Нүүрс угаах үйлдвэр маань жилд 10 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Эрдэнэс Тавантолгойн нүүрсний үнэ одоогийнхоос тонн тутамд 60-80 ам.доллароор нэмэгдэх боломж бүрдэнэ. Тэгэхээр бид Эрдэнэс Тавантолгой компанийн ашгийг аль болох нэмэгдүүлэх, олборлож байгаа бүх бүтээгдэхүүнээ зардаг болохыг зорьж байна. Нөгөө талдаа өртөг зардлыг хямдруулах боломжийг судалж байгаа. Жишээ нь баяжуулах үйлдвэр дээр тооцоо хийгээд үзэхэд тээврийн зардал өндөр гардаг. Тэгэхээр бид конверийн болон өөр технологи нэвтрүүлэх асуудлыг ярьж байгаа. Нэг тонн нүүрсийг баяжуулах үйлдвэр рүү зөөгөөд угаахад одоогийн тооцоогоор 24 мянган төгрөг байгаа юм. Харин конверээр зөөвөл 3400 төгрөгөөр хямдарна.
-Нийтдээ 4000 гаруй С зөвшөөрөл өгсөн ч энэ нь багадаад байна гэдэг асуудал яригдаж байна?
-Онцгой дэглэм тогтоохоос өмнө өдөртөө 200-300 машин л нүүрс тээвэрлэдэг байсан юм билээ. Бид экспортоо нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өдөрт тогтмол 800, оргил үедээ 1100 гаруй тээврийн хэрэгсэл гарч байгаа. Аль болох дотоодын тээврийн компаниудаа ил тод нээлттэй, хамгийн хямд үнэ санал болгосон газраар нь тээвэрлүүлээд явж байна. Нийтдээ манай улсад нүүрс тээврийн зориулалттай хүнд даацын 22 мянган тээврийн хэрэгсэл байдаг гэсэн судалгаа бий. Үүний 5-6 мянга нь л манай тээвэрт явна. Тийм учраас бид бүхэн сонгон шалгаруулалт зарладаг. Хоёрдугаар улирлын С зөвшөөрлийг олгоход 13 мянган хүсэлт ирсэн. Гэтэл бидний дээд хязгаар нь 3680 байдаг.
-Гэрээ хийгээд төлбөрөө урьдчилаад авчихсан ажилт нь дуусаагүй хэчнээн тонн нүүрсний өр байгаа вэ?
-Онцгой дэглэм тогтоох үед 178 гэрээ байснаас 133 нь ам нөхцөлтэй байсан. Үүнээс бид энэ оны гуравдугаар сарын 31-ний байдлаар дууссан гэрээнүүдийг сунгаагүй. Хугацаа нь дуусаагүй, нүүрсээ бүрэн аваагүй 87 гэрээг бид ярилцаад хил нөхцөл буюу биржийн үнэлгээ рүү шилжүүлсэн.
-Иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт бол 1072 хувьцааны ногдол ашиг. Компани ямар хэмжээний ашигтай ажилласан вэ, ашгийг иргэдэд тараах тал дээр ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Эрдэнэс Тавантолгой компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшдэг. Компани 2019 оны ашгаас 2020 онд нэг иргэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг өгсөн. Компанийн хамгийн зөв засаглал бол хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах.
Өнгөрсөн 2022 оны жилийн эцсийн тайлангаар 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Энэ ашгаас 2.5 сая иргэнд 2020 оны зарчмаар өгвөл нэг иргэнд 100 гаруй мянган төгрөг ногдоно. Гэхдээ бидэнд өөрийн төслүүдээ дуусгах зайлшгүй шаардлага байна. Угаах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулж, орлогоо нэмэгдүүлэх нь нэн тэргүүнд чухал. Бидэнд ногдол ашиг тараах уу, эсвэл угаах үйлдвэрээ дуусгаж, хувьцаа эзэмшигчдэдээ илүү үр өгөөж хүргэх үү гэдэг сонголт байна. Бид энэ асуудлыг ТУЗ-д танилцуулна. Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ сарын 28-нд зарласан. Энэ хурлаас эцсийн шийдвэр гарна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )