Сэргээн засварлагч буюу УРАН ЗУРГИЙН МЭС ЗАСАЛЧ

Админ | Zindaa.mn
2023 оны 04 сарын 15

Ш.БАДАМХАНД

 

Монгол Улс эртний түүх, соёл, ном судар, бурхан шашинтай холбоо бүхий эд өлгийн асар их үзмэртэй. Энэ бол тусгаар нэгэн улсын баталгаа мөн ажээ. Эдгээр үнэт үзмэрийг хав дараад байхдаа гол биш гадаад, дотоодын олон түмэнд үзүүлж таниулснаар сая утга агуулга бүрэн тайлагдах нь лавтай. Гэвч зуун зуун дамжсан үзмэрүүдийг шууд дэлгээд үзүүлчих боломж тэр бүр байсангүй. Учир юунд гэвэл, ихэнх үзмэр маань олон жилийн насжилт, горимын хадгалалт, хамгаалалтын бэрхшээлээс үүдэн асар их арчилгаа тордлого, сэргээн засварлах шаардлагатай болсон байжээ. Монголчуудын заяа буян цаглашгүй юм хойно эдгээр үнэт өвийг зурдаг, сэргээн засдаг ховорхон мэргэжилтнүүдийн ачаар өнөд эртний өвөг дээдсийн үлдээсэн ховор нандин бүтээлүүдийг нүдээр үзэж бахархан, баярлах, омогшин оволзох аз завшаан тохиосоор байна. Тэдний нэг бол МУЭ-ийн гишүүн, зураач, сэргээн засварлагч  Гүүгэлийн СОЁЛ-ЭРДЭНЭ бөгөөд түүнтэй уулзаж ярилцсан тэмдэглэлээ бяцхан хөрөг бичвэр болгосныг таалан болгооно уу.

Нэг.  “ ГҮҮГЭЛ”-ИЙНХЭН

Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг дээ. Ус нутаг, ураг төрөл, ухаант эцэг эхийн түүх гарвалаас энэхүү бичвэрээ эхэлье хэмээлээ. Юун түрүүн Соёл-Эрдэнийн эцэг Гүүгэлийн нэр  дэлхийд танигдсан Google компанийг санагдуулам адилхан дуудагдах нь учрыг сонсож, учгийг тайлах хүсэлд хөтөлсөн юм. Аавынх нь  ах лам, төвөд эмд ордог Гүү, Гэл хэмээх хоёр ургамлын нэрийг хамтатгаж дүүгийнхээ дуурсах алдар болгон хайрлажээ. Тухайн үед манайд Google компани байтугай англи хэл мэддэг нь ч хуруу дарам байсан  даа.  Харин одоо цаг үе өөр болжээ.  Аавынх нь сонин, содон нэрийн талаар найз нөхөд, ойр тойрных нь дунд хошин ч гэмээр яриа үүсэж байсан тухай Г.Соёл-Эрдэнэ  ингэж ярилаа. “Америкт байдаг манай найзын эхнэр, танай аавын чинь нэрийг энэ Google компани авчихсан юм биш үү! Оныг нь харахад аавынх чинь бүр урд, эднийх сүүлд авсан юм байна. Заргалдвал мөнгө авч ч мэдэх юм шүү гэхгүй юу. Энэ тухай аавд хэлсэн чинь, битгий балай юм яриад бай, хүний нэрийг зарж идэх нь үү гэж загнасан”.  Аавынх нь нэрийг сонссон зарим нэгэн , хүүе ээ, ямар моодны нэртэй юм бэ гэж уулга алдах нь ганц нэгэн удаа биш аж. Дотнын уран бүтээлч нөхөд, ойрын танил ах нар нь Г.Соёл-Эрдэнийг зүгээр л Гүүгэл гэж дуудна. Хамт ажиллагсдын нэг нь “Гүүгэл ээ” гэж дуудахыг сонссон гадны  хүн, “Аан, Google компанид ажилладаг хүн юм байна ” гэж бодсон хөгжилтэй түүх ч бий гэдэг.

Соёл-Эрдэнэ надад ажлын өрөөгөө танилцуулж явахдаа, баахан тоо, бичиг сийлсэн, хэмжээний хувьд тийм ч том биш модон шон үзүүлэнгээ, миний  ээжийн аав буюу өвөөгөөс минь уламжилж ирсэн энэ модон дохиур бороо оруулдаг юм гэнэ лээ. Би өвөөгөө мэднэ, зуны амралт эхлэнгүүт л ямар ч хамаагүй замын машинд дайгдан тэднийхийг зорьдог байлаа хэмээн бага насны дурсамжаасаа хүүрнээд авсан юм.

Эцэг Гүүгэл нь Булган хангай нутгийн Орхон сумын уугуул, Хошой Чин ван Ханддоржийн албат явсан Тайж овогт Гончигшаравын хөвүүн ажээ. Тэрбээр анх анагаахын сургуульд рентгэн техникчийн мэргэжил эзэмшсэн боловч  хувь төөрөг нь түүнийг монгол хэл, уран зохиолын багш хэмээх эрхэм алдар өөд хөтөлсөн байна. Уран тансаг, уянга төгөлдөр эх сайхан монгол хэлний гайхамшгаар  ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх,  эх орноо хайрлан хамгаалах бодол оюуныг элэг, зүрхэнд нь баттай суулгах их үйлсэд ухамсарт амьдралаа зориулж ирсэн хайрт эцгийн энэхүү гавьяа  юуны түрүүнд хүү Г.Соёл-Эрдэнэ, охин Г.Соёлгэрэл, тэднээс үргэлжлэх  бүхий л хүмүүний бахархал, үеийн үед дээдлэн хүндэтгэх шүтээн болох нь гарцаагүй биз ээ.

Сайн хүний нэр сүр

Сартай шөнийн дуу буюу

Холоос эрэлчинг галаар дуудах

Харанхуй шөнийн аврал буюу

Эцгийн хэлхсэн энэ мэт дөрвөн мөртүүд түүний гэгээн дурсгалд зориулан эмхэтгэсэн  дурдатгал, шүлгийн  “Тогоруу зусдаг дэнж” номд нь дурайна. Гүүгэл зүгээр нэг багш явсангүй, нутаг орныхоо үүх түүх, байгалийн сайхан, ажилсаг зон олныхоо ахуй амьдрал, эргэх дөрвөн улирлын байр байдал, орчлонт ертөнцийн жам мөр гээд харах мэлмий, хан  оюунд юу тусна, тэр бүхнийг бичгийн хэлнээ уран сайхнаар, ухааны бядаар сийлэгч зохиолч, яруу найрагч явсан нь илхэн ажээ.

“Хүн эцэг, эхээ мөнхөд байх шиг л бодож явдаг юм байна. Аав маань өнгөрөөд удаж байгаа ч үргэлж л хамт байгаа мэт төсөөлөгдөөд  заримдаа бүр юм асуух гээд утсаа шүүрэн алдаад  зогтусах юм” гэж Г.Соёл-Эрдэнэ ярьсан. Хүүгээ арван жилийн сургуульд  зураг зурж байх үеэс л эцэг нь түүний зам мөрийг харж, чиглүүлж байсан юм билээ. Чи элдэв дэмий юм зурж байхаар гоё сонгодог, агуу юм хий гэнэ. Заримдаа “Чи чадахгүй л дээ” гэж хорыг нь малтах аятай үг цухуйлгаж, алдарт Занабазар, Ногоон дарь эх зэрэг бурхны зурмал ил захидал харуулна. Эцэг нь тэр үеийн хүмүүсийн хэлж сурснаар  открытка  буюу янз бүрийн ил захидлын баялаг цуглуулгатай байжээ. Г.Соёл-Эрдэнэ аавын эзгүйд ил захидлуудыг нь сэмхэн үзэж, зурсан гэхэд үнэмшимгүй гайхалтай тэр бурхдын зургуудаас ганц нэгийг хуулан зурдаг байсан гэдэг. Харин дараа нь мэргэжлийн сургууль төгсөөд,  үзэсгэлэнд бүтээлээ тавихын цагт аав нь хүүгийнхээ үнэнч фэн, зөвлөн туслагч, сонжин шүүмжлэгч болжээ. Чамд өөрийн гэсэн юм байдаг, тэрийгээ олж ав. Чиний дотор нэг хүн байгаа тэрийгээ ил гарга, өөрийгөө бүр сайн задла. Яагаа ч үгүй бүү онгирч дэврээрэй, уран бүтээлч хүнд архи дарс өгөх хүн олон, түүнд бүү автаарай гэх мэт залуу хүнд, ялангуяа уран бүтээлч хүнд санаж сэрүүштэй аавын энэ сургаал үг ганц биеийн бус үеийн үед өв дамжин мөрдөгдөх алтнаас үнэтэй захиас болон үргэлжлэх нь лавтай.  

Ээж нь мөн л айраг цагаагаараа алдартай Булганы Сайхан сумын уугуул ажээ. Насаараа л хүүхдийн эмч байсан гэнэ. Нэг хэсэг Дарханы төмөр замд, сүүлд хотод суурьшихдаа   “Шавь” цогцолбор сургуульд мэргэжлээрээ ажилласан байна. Хүүхдийн эрүүл мэндийн манаанд зогсох ажил санаснаас ярвигтай ч залуу цагт эзэмшиж, өдий хүртэл хуримтлуулсан туршлага хаачих вэ дээ, болгож л таараа шүү дээ. Харин үүнээс хэцүү юм бол нэг хүн болтлоо ижилдэн дасаж, орсон гарсан ч цугтаа явсан хань нь үгүй болчихсонд байлаа. Гадагшаа алсхан гарчихвал гэрт үлдсэн хөрөг зураг нь ганцаардчих юм шиг санагдаад, зөвхөн гэртээ л байж түүнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжуудаа нэгийг ч  орхилгүй санан, уйлахдаа уйлж, инээхдээ инээж суух нь илүү дээр мэт бодогдоно. “Ээжийгээ хараад байхаар нэг тийм хайр байх шиг байна” гэж хүү нь хэлсэн. Тэр үнэн. Хорвоогийн жаргал, зовлонгийн сорилтыг тавиад жил хамтдаа туулсан хосын хайр ил биш ч гэлээ бие биеэ гэсэн халуун сэтгэл, хар багын ижил дасал тэр л янзаараа ариухан, даруухан хэвээрээ л байгаа шүү дээ. Аав, ээжийнх нь тал хэн хэн нь өнөр өтгөн, олуулаа. Залуу насанд олуулаа байх сайхан, хөгширсөн хойно нэг нэгээрээ сугараад явчих л хэцүү дээ гэж аавынх нь хэлж байсан үг одоо л үнэнтэй нүүр тулуулах мэт ээжийг нь ганцаар үлдээжээ.

 Үзэг, цаастай нөхөрлөн, аавынхаа хүсэл мөрөөдөл, ажил мэргэжлийг үргэлжлүүлж яваа дүү охин Г.Соёлгэрэл нь өдгөө 12 дахь номоо өлгийдөн авсанд ахын сэтгэл хязгааргүй их  баяртай байна. Бяцхан охиноо төрөхөд нь холын ерөөл бэлгэдлийг  нь зөгнөж, ирээдүйд соёлын гэрэл  гэгээг түгээн дэлгэрүүлэгч болохыг нь мөрөөдөн болгоосон нэр өнөөдөр биеллээ олсонд хайрт аав нь ч бас бахархаж холын холоос тольдон суугаа буй за. Г.Соёлгэрэлийн гэрт хадам аавынх нь хайрласанчлан  гаригийн нэртэй  хүүхдүүд наадацгаана.  Бас тэгээд нэрээрээ ч биш улаан, бор, ягаан гээд зүсээрээ дуудагдах нь бүр ч сонирхолтой.

Хоёр. СОЁЛ-ЭРДЭНЭ

Аавыгаа 23-тай, ээжийгээ 20-той байхад Г.Соёл-Эрдэнэ хүү мэндэлжээ. Хэл, уран зохиолын багшийн хэрэг юу билээ, сэтгэлд нийцсэн, шударга төвшин хаадын нэрнээс өгнө хэмээн шийд гаргаад байсан аав нь эсэргүүцэлтэй тулгарав. Тухайн үед НАХЯ-нд ажилладаг байсан ах нь дүүгийнхээ энэ саналыг сонсмогц, нөхөр минь чи хүүхэддээ ийм нэр өгөх юм бол хуулийн хариуцлага хүлээнэ шүү гэх нь тэр. Үүнийг сөрөх хувийн болоод хувьсгалын хүчин чадал мөхөстөх нь ойлгомжтой учраас хүү нэг хэсэгтээ нэр үгүй явахад хүрчээ.  

Энэ үед байгуулагдаад удаагүй байсан эстрад дуу хөгжмийн “Соёл-Эрдэнэ” чуулгын  анхны тоглолт найрамдлын Дархан хотод болж,   театрын өмнөх талбай залуус голдуу үзэгчээр дүүрсэн байв. Гүүгэл ч эхнэрийн хамт тэрэгтэй нялхаа аваад очжээ. Орост утга зохиолын сургууль төгсөж ирсэн Гүүгэл хэрэндээ бас моодорхог хувцасладаг, хөгжлөөс хоцрохгүйг хичээдэг нэгэн байв. Тоглолтын дараа харьж явах замдаа тэрбээр, энэ  Соёл-Эрдэнэ  гэж орчин үеийн их гоё нэр юм байна, хүүдээ энэ нэрийг өгье, миний хүүд яг таарна гэж хэлэхэд эхнэр нь ч зөвшөөрчээ. Гудамжинд түр зогсонгоо хүүгийнхээ чихэнд нэрийг шивнэтэл уйлагнаж, унтууцаж явсан хүү чив чимээгүй болж, “яг миний нэр мөн” гэсэн шиг таатай нь аргагүй нойрсов гэнэ. Г.Соёл-Эрдэнийг авга ахынхаа хойдох гэж аав, ээж нь бэлгэшээх бөгөөд ном эрдэмд сайн, гарын ур дүйтэй тэрбээр айлын тэрэг чарга засчихдаг, өнгөрсөн хүнд зориулсан бурхан тахил зурчихдаг нэгэн байжээ.

Г.Соёл-Эрдэнэ цэцэрлэгт байхаасаа л зурж эхэлсэн ба түүний хуриман дээр аав нь цэцэрлэгт зурж байсан зургуудыг нь сэтгүүл шиг болгон хавтаслаад дурсгасан нь хамгийн том гэнэтийн бэлэг болсон гэдэг. Ааваасаа жишээ авсан зураач залуу маань хүүхдүүдийнхээ зурсан муу, сайн бүхнийг хадгалаад авчихсан юм билээ. Соёлоо хүүг сахилгагүйтэж, өрөмний өт шиг өрвөлзөж, мурилзаж байсан дөрөв, таван насанд нь цаас, харандаа бариулаад суулгадаг эмээгийн арга их үр дүнтэй байсан юмсанж. Хүү нэг цаасан дээр том юм зурахгүй, жижигхэн жижигхэн дүрсийг арзайтал нь зурсаар хичнээн ч хугацаа өнгөрснийг үл анзааран чимээгүй суудаг байжээ. Яг л ирээдүйн мэргэжлээ зөгнөж байсан гэж харагдана.  

-Эхнэр, бид хоёр сургуулиа төгсөөд л нэг нэг газар ажилд орсон. Тэр маань Наран трейд компанид 30 жил ажиллаж байна. Худалдааны мэргэжилтэй, компанийхаа нэг брэнд хариуцан ажилладаг. Манайх охин, хүүтэй. Охин багадаа дүүгээсээ илүү өнгөний мэдрэмжтэй байсан. Зураач болох юм байна гэж бодож байтал том болоод өөрчлөгдчихдөг юм байна. Хүү эхлээд зураач болно гэснээ болиод замын цагдаа болно гэсэн. Одоо инженер болно гэчихсэн явна. Гурав хүрч яваа зээ хүү маань хаа хамаагүй сараачиж л байх юм. Миний хийж байгаа ажлыг харж зогсоно, юу хийж байгаа юм гэж асууна. Бийр харандааг маань авч зугтах дуртай. Манай хүүхдүүд хаа очиж миний хийж байгаа ажилд огт хүрдэггүй байж сурчихсан юм. Г.Соёл-Эрдэнэ гэр бүлээ ийнхүү товчхон танилцууллаа.  

Ер нь ихэнх уран бүтээлч нам гүм орчинд ихээхэн төвлөрч байж бүтээл хийдэг.  Г.Соёл-Эрдэнийн хувьд бол хамаагүй. Тэр зурангаа чихэвчээр дуу сонсдог. Бурхны зураг зурангаа рок дуу сонсож, эсвэл зурагтаар адал явдалтай кино үзэж ч магадгүй. Түүний  толгой дотор зурж байгаа зургийн эх хувилбар өнгө, будагтайгаа, хэлбэр, хэмжээтэйгээ бэлэн байдаг учраас зөвхөн гараа хөдөлгөхөд л хангалттай аж. Тэр байтугай дараа дараагийн төлөвлөгөөнүүд  ч боловсруулагдаж байдаг гэнэ. Зарим хүний хувьд бүтээл хийх нарийн дэс дараалал байдаг бол энэ залуу дундаасаа эхлээд зах руугаа явдаг ч юм уу , захаасаа дотогшилдог ч юм  уу ялгаагүй. Тухайн үед яамаар бодогдоно, тэгж л хийнэ. Зургаа дахь мэдрэхүй нь хөгжчихсөн хүн дээ гэж мэргэжил нэгтнүүддээ егөөдүүлж суудаг Соёл-Эрдэнэ өөрийгөө “Монголынхоо хосгүй үнэт гэгдэх бүх бүтээлд гар хүрсэн азтай, хувьтай  хүн” гэж тодотгосон.

Соёл-Эрдэнэ 1992 онд ДУДуС –ийн монгол зургийн ангийг төгссөн даруйдаа Соёлын өвийн үндэсний төвд зураач, сэргээн засварлагч мэргэжлээр ажиллаж эхэлжээ. Түүний ажил Соёлын төв өргөөнд, Улсын филармонийн дэргэдэх  “Соёл-Эрдэнэ ” хамтлагтай хаяа нийлэн байв.  Нэг өдөр зураач хүүгийн нэрийг хэлээд уулзахаар ирсэн хүнд үүдний жижүүр Соёл-Эрдэнэ тэр филармонид байдаг гээд чуулгын өрөөг заагаад явуулжээ. Нөгөө хүн Соёл-Эрдэнэтэй уулзана гэхэд нь, манайхан байна, байна. Та түр хүлээгээрэй, бид жаахан бэлтгэл хийгээдэхье гэж л дээ. Бэсрэгхэн тоглолт үзэж сэтгэл хөөрсөн нөгөө хүн хамтлагийнхантай гар барилцан сайхан байснаа хэлээд, Соёл-Эрдэнэ гэж зураач хүүтэй уулзахаар яваа гэхэд нь бүгд гайхжээ. Чухам энэ явдлын дараа л хамтлагийн ах, эгч нар нэр нэгт зураач дүүтэйгээ албан ёсоор танилцаж, тоглолтын урилгаа хүртэл гардуулж өгсөн “түүхэн” үйл явдал болсон ажгуу. Энэ мэтээс улбаалан нэрнийхээ өмнө үргэлж дуудуулдаг аавынхаа нэрийг өндөрт өргөж , өчүүхэн төдий зүйлээр сэвтээхгүйн төлөө хичээж мачийж явах ёстой тухайгаа Г.Соёл-Эрдэнэ ярьж байлаа.  

Эрэгтэй хүн  элдэв зүүлт, бөгж цуглуулдаг гэхээр сонин ч юм шиг. Эхнэрт нь ч байдаггүй тусгайлан бэлдсэн хайрцагт хийгээд шүү. Дандаа эртний хийцтэй, дархан найзуудынх нь гараар урласан тэдгээр цуглуулга сонирхон харагч хэний ч болов анхаарлыг эрхгүй татна. Археологийн малтлагаас олдсон хүрэл бөгж, бурхан, чөтгөр хоёрын дүрийг жинхэнэ оюугаар урлаж, цэвэр мөнгөөр дархалсан бөгж, элдэв амьтны дүрстэй зүүлт энэ  тэрийнх нь түүх, домгийг яриулбал барагдахгүй бололтой шүү.  Ганган авгай шиг өнөөдөр энийг зүүх үү, тэрийг зүүх үү гэж саваа уудлахад эхнэр нь, чи ер нь урд төрөлдөө  жигтэйхэн ганган шар авгай байсан байх аа гэж түүнийг егөөднө. Байр нь солигдчихсон юм шиг хаа очиж эхнэр нь  элдэв юм хэрэглэдэггүй гэнэ билээ.

Гурав. МОНГОЛ ЗУРАГ ба НАТЮРМОРТ

Г.Соёл-Эрдэнэ 1992, 2005  онд тус тус монгол зургийн анги төгссөн. Монгол зурагт шунан дурлаж, зүрх сэтгэлээ өгсөн хүн мэдээж, төгс бүтээл хийхийн төлөө л явна. Тэр зүгээр нэг монгол маягтай зураг зурдаггүй, маш нарийн, чимхлүүр  хийц бүхий монгол үндэстний эдэлж хэрэглэж ирсэн эд өлгийн зүйлийг нэгбүрчлэн махран зурахыг хичээдэг онцлогтой. Хэт хутга, мөнгөн аяга ба түүний суурь, домбо гээд хэтэрхий чимхлүүр бүхнийг зурж буулгах үедээ тэрбээр ийм их нарийн нандин баялгийг эдэлж хэрэглэж ирсэн монгол хүн, тэдний өвөг дээдсээр бахархаж суудаг ажээ. Гэхдээ зураач маань аливааг байгаагаар нь хуулах биш, яавал илүү өвөрмөц, амьд болох талаас нь тасралтгүй эрэл хайгуул хийсээр ирсэн байна. Ялангуяа, сүүлийн үед зурсан натюрмортоо европын арга барилтай хослуулж нэг үзжээ. Голландын язгууртнуудын эдэлж хэрэглэж байсан дарсны мөнгөн хундага, наана мөнгөн царан дээрх жимс, хальсыг нь арилгаж эхэлсэн нимбэг, хажууд нь монгол хэт хутга байна. Зураг дээрх таваг, хутга, нимбэг бол Соёл-Эрдэнийн зохиомж байсан бөгөөд Голландын зургийн технологийн дагуу модон дээр зурагдсан түүний анхны бүтээл байлаа.  Харин  туршсан зургийнх нь эх загвар  Эрмитажид байдаг ажээ. Түүний зурсан орчин үеийн монгол зураг хэний ч нүдэнд “Жинхэнэ монгол зураачийн бүтээл байна” гэж ойлгогддог нь  өөрөөрөө бахархах, бардамнах сэтгэлийг эрхгүй нэг төрүүлдэг гэнэ билээ. 

Занабазарын уран бүтээлдээ ашиглаж байсан багажууд болон өөрийн нэмсэн зохиомжоо  дүрсэлсэн “Дөш” нэртэй зураг бүтээнэ гэнэ. Хажууд нь бурхны гуу байх юм, үүнийг хийж байна гэсэн утгатай. Хонх, тахилын сав зэрэг нь мөнгөн эдлэл, очир нь алтаар хийгдсэн байна гэж  ирээд л ярих нь яг л зураад бэлэн болчихсон зурагны тухай мэт сонин санагдана. Ингэж төлөвлөсөн, тархиндаа боловсруулж, нүдэндээ суулгасан зураг нэгээр тогтохгүй  байна билээ шүү. Түүний яриагаар бол, ерөнхийдөө хэд хэдэн зураг зэрэг эхэлчихээд  бага багаар зураад явдаг гэнэ. Эхлүүлээд хүлээзнэдгийн учир нь ямар будгаар хийж байгаагаас шалтгаална. Тосон будгийг давирхайгаар шингэлдэг болохоор заавал тодорхой хугацаанд хатаах шаардлагатай бол шороон будаг  тэр даруйдаа хатчих онцлогтой. Зарим нэг тэсвэр муутай хүний уур  унтууг хөдөлгөж мэдэхээр хачин их нямбайлж, нэгбүрчлэн чимхлүүр хийдэг болохоор зураач нөхөд нь түүнийг “чавганц зантай” гэнэ. Европчууд зургандаа ихэвчлэн усан үзэм оруулдаг бол Соёл-Эрдэнийн зурагт очир, хонх, дамар ямар нэгэн байдлаар заалттай орно.

Монгол зургийн насжилт, бат бөх байдлыг хадгалж хамгаалахын тулд  зохистой грунт бэлтгэх хэрэгтэй. Будгийн тогтцыг сайжруулж, уян зөөлөн болгохын тулд үхрийн цөс, өндөгний цагаан уургийг хольдог уламжлалт аргын тухай тэрээр сонсож мэдээд янз бүрээр туршсаар өөрийн болгоод авсан байна. Ингэж өөрөө грунт бэлтгэх нь төвөгтэй санагддаг ч юм уу, монгол зургийн ангийн зарим нэг оюутан элдэв бэрхшээл тоочиж, амарчлаад хятад, солонгосын нарийн грунт хэрэглэхийг Соёл-Эрдэнэ нэг их таашаадаггүй. Бэлэн зүйл ашиглаад байх тусам уламжлалт арга ажиллагаа алсран холдох учраас тэр дургүй байгаа юм. Тэгээд ч зураг сонирхогч гадныхан болон зураг цуглуулагчид орчин үеийн бэлэн грунт дээр зурсан зургийг нэг их ойшоохоо больж харин эсрэгээрээ уламжлалт аргаар бэлдсэн грунт дээр зурсан монгол зургийг таалан сонждог болсон гэж зураач залуу ярьсан. Алсдаа ямар нэг гэмтэл гарах магадлал өндөр учраас тосон будаг, акрилк холилдсон зургийг цуглуулагчид авахаа больжээ.

-Монгол зургийн хөгжил ямар түвшинд яваа бол? гэсэн асуултад Г.Соёл-Эрдэнэ ингэж хариулсан юм.

- Манай монгол зураг Төвөдтэй харьцуулахад маш сайн хөгжиж, өндөр түвшинд хүрчихсэн байна.  Би нэг удаа төвөд зураачид монгол зургаар зохиомж хийж үзүүлэхэд тэд их гайхаж, бид ингэж зурдаггүй, чадахгүй. Чи хаанаас харж ингэж зурав гэж асууж байсан. Төвөдүүд өөрийн гэсэн дэг жаяг, өнгө  будаг нь тодорхой бурхнаа л зурах ёстой гэсэн ойлголттой учраас ийш тийш гажна, илүү дутуу сэтгэнэ гэсэн асуудал байхгүй. Бид жишээ нь, Цагаан дарь эхийг зурлаа гэхэд, тэгийг нь алдахгүй л бол өнгө будаг, цэцэг навч, байгалийг заавал тэндээс харах шаардлагагүй, өөрийнхөөрөө зохиомжлоод хийчихэж болдог. Бид нар монгол зургаа ч зурна, бурхнаа ч бүтээчихнэ. Манай зураачдын оюун сэтгэхүй, бодох  чадвар маш өргөн цараатай шүү гэсэн юм.

Монголчуудын будаг бэлддэг арга аюулгүй, хоргүй байжээ. Зэс хувинд сүү хийж 50 см-ийн дор газарт булчихаад долоо хоногийн дараа үзэхэд ногоон  будаг бэлэн болно. Мөн төрөл бүрийн өнгөтэй ургамал, чулуу, шавраас будаг гаргаж авч байсан уламжлал бий. “Манайхан өөрсдөө юм хийдэггүй болохоор өнөөдрийн байдлаар зарах шороон будаг ч алга. Голдуу Хятад, Туркээс чулуун бэлдцийг нь авчирч хийдэг. Уг нь өөрсдөө юм хийдэг сэн бол түүхий эд нь бүгд манайд байна шүү дээ. Үнэн хэрэг дээрээ бидний уламжлалт арга аман ярианаас хэтрэхгүй байгаа нь харамсалтай” хэмээн тэрээр халаглан ярьж байлаа.  

Г.Соёл-Эрдэнийн арга ажиллагааг харсан монгол зургийн залуус, та ямар зовлонтой хийдэг юм бэ хэмээн гайхширдаг гэсэн. Орчин үед ингэж нэг бүрчлэн маажиж хийхээ байчихсан юм байна. Зарим нь үзгэн балаар зураад шууд усан будгаар өнгө өгчих жишээний болсон гэх юм. Юм хэтэрхий хялбар болоод л байна. Японы нэг зураач хэлж байсан гэнэ лээ. Та нар гоё юм шүтээд байх юм. Тийм юм ерөөсөө байхгүй. Та нарын байж байгаа энэ амьдрал чинь үнэхээр гоё байна гэж. Монгол хэдэн зураач япон зураачдыг дагуулан хөдөө явж байхдаа плов нэртэй хоолыг гал дээрх тогоонд хийсэн юм байж л дээ. Гайхсан япончууд минутыг нь яаж хардаг тухай асуугаад л, бичлэг хийгээд сүйд болсон юм байх аа. Залуус тогоогоо тойруулан гараа имэрч үзээд л хуурайдуу болохоор нь хоолоо гаргасан байна. Будаа наалдсан барьсан юмгүй, хачин гоё болчихсон байж. Япончууд шагшраад л будаа агшаагчинд ч ийм гоё амттай болдоггүй гэцгээжээ. Үнэндээ бол дээхнэ үеийн монгол ээжүүд  тогоондоо л бүгдийг хийдэг байсан шүү дээ. Зарим нэг айлын хувьд энэ арга одоо ч хэвээр байгаа байх. Гэтэл орчин үеийнхэн маань тэр япончууд шиг будаа агшаагчгүй л бол “будаа” болчих гээд сандарч тэвдэнэ. Харин Г.Соёл-Эрдэнэ зураач, би хайруулын тавган дээр будаагаа агшаачихдаг, болдог л юм. Хүүхдүүд бол чадахгүй, түлнэ, түүхийрүүлнэ. Энэ бас л монгол хүний  уламжлалт арга ухаан алсраад байгаагийн жишээ гэж хэлнэ  билээ.

Монгол зургандаа натюрморт, заримдаа түүхэн юм уу, хуучны сэдвийг хөндсөн өгүүлэмж заавал нааж өгөхийг чухалчилдаг нь  түүний бүтээлийг онцгойруулдаг нэг арга болжээ. Дээхнэ үед зураач маань марзан хэмээх Шаравын “Монголын нэг өдөр” шиг аж байдлын сэдэвтэй монгол зураг голдуу зурдаг байж.  Энэ сэдвээрээ хоёр ч үзэсгэлэн гаргасан. Харин натюрморт зураад тав орчим жилийн нүүр үзэж байгаа ч түүндээ гаршина гэдэг юм уу,  донтоно гэдэг юм уу ямар ч байсан салж  хагацахааргүй болсон юмсанжээ. Натюрмортын үзэсгэлэнг нь олон зураач маш өндрөөр үнэлж, хүлээн авсан тухай тэр хуучилж байсан. Учир нь, энэ төрөл алга болчихоод хүмүүсийн сэтгэлийг гэгэлзүүлээд байсан үетэй давхацсан бололтой.  

Сүүлийн үед хийж байгаа түүний бүтээлд орчин үеийнх гэх сэдэв маш ховор болжээ. Орчин үеийг буулгахдаа социализмын үед хэрэглэгдэж байсан буузны жигнүүр, халуун сав, данхнаас өгсүүлээд гэр ахуйн бүхий л хэрэгслийг эрэн сурвалжилж зурагтаа оруулах бодолтой юм билээ. Хүмүүс буцаад 70,80-аад ондоо, хүүхэд насандаа  оччихсон юм шиг тийм сэтгэгдэл төрүүлэхүйц бүтээл хийхийг тэр хүсч байна. Эхний натюрмортын зохиомжоо ч бодоод олчихож. Ширээн дээр хуучны халуун сав, наана нь зүссэн талх, шилтэй жимсний чанамал, масло, тухайн үед хүүхдийн баасны хутга гэж ярьдаг байсан шиг тэр хутга байх юм байна.  Цаашлаад сияан аяга, гөөхий энэ тэр  гээд бүр иж бүрнээр нь хийх бололтой юм. Натюрмортын иймэрхүү хэд хэдэн сэдэв, зохиомж  түүний толгойд  аль хэдийнэ зурагдчихсан байгаа бөгөөд наадмын уяан дээр дүүхэлзэх хурдан хүлгүүд адил зотон дээр буухаа хүлээн байна.  

Г.Соёл-Эрдэнэ натюрмортын бие даасан хоёр үзэсгэлэн гаргажээ.  Монголдоо нэгийг нь, нөгөөг нь Туркийн Истанбулд. Уран бүтээлчидтэй хамтарсан гэвэл, дөрөв, тав байгаа юм байна. Дутуу байгаа бүтээлүүдээ гүйцээж нэгтгээд ирэх жил нэг үзэсгэлэн гаргах төлөвлөгөө зураачийн дотор боловсорчихсон л явна билээ дээ.

Хөрөг зураагүй зураач гэж байдаггүй байх л даа. Юутай ч хуулийн байгууллагаас төрж гарсан долоон гавьяатын хөргийг буулгах хүндтэй үүрэг Г.Соёл-Эрдэнэд оногджээ. Хөрөг зургийн мастеруудын маань зав зай болоогүй юм болов уу, хөлс мөнгөн дээрээ тохироогүй юм болов уу гэхчилэн  өөрийг нь сонгосон шалтгааныг олох гэж чамгүй бодлогоширсон ч эцсийн шийд түүнийг сонгосон байна. Хөрөг зургийн мастер Н.Орхоноос зөвлөгөө авъя гэтэл, чи өөрийнхөөрөө л хийчих, дууссан хойно нь нэг харъя гэж. Дараа нь харчихаад, ерөнхийдөө монгол зургийн хийц маягаар зурсан байна, ингэж болно л доо гэж хэлээд ганц нэг юм засахыг зөвлөжээ. 

Сүүлд нэг өвөрмонгол хүний захиалгаар  гэрлэх гэж байгаа бүсгүйнх нь хөргийг нөхрийнх нь хүссэнээр нэлээн хөөрхөн болгож зурснаа утаснаасаа үзүүлсэн юм. Үнэхээр хөөрхөн бүсгүй байлаа. Бүр гоё нь маш нарийн ур хийц бүхий торгон дээл, малгайн гоёл нүдэнд туссан. Ёстой л урнаар шаглаж, чимхэж зурна гэж тэрийг хэлдэг байх даа. 

Дөрөв. СЭРГЭЭН ЗАСВАРЛАГЧ буюу МЭС ЗАСАЛЧ

Г.Соёл-Эрдэнэ зураачийн хоёр дахь мэргэжил бол сэргээн засварлагч. Түүний сургууль төгсөж, монгол зургийн тасагт ажиллах болсон тэр үе,  сэргээн засварлах ажил дөнгөж сэргэж,  музей болон сүм хийдэд сэргээн засварлуулах шаардлагатай хэдэн мянган үзмэр,  уран зураг  овоорон, ээлж дараагаа хүлээн байсан тэр мөчтэй яг таг давхацжээ. Музейд гол төлөв нэг нүдтэй, эсвэл бүр сохор, өнгө будаг нь гандаж хуучирсан, тоос тортогт идэгдсэн үзмэр олон байсан учраас мэлмий хийх, махан биед нь алт өргөх засвар маш их хийгджээ. Г.Соёл-Эрдэнэ өөрийгөө “Би их хувьтай хүн” гэж омогшиж байсан. Үнэн л дээ. Өндөр гэгээний язгуурын таван бурхан, Богдын музейн  Ногоон дарь эх, Занабазарын өөрийн хөрөг, Дүрслэх Урлагийн музейн 21 дарь эх, язгуурын тав, Чойжин ламын музейн бүх бурхны мэлмий, цаашлаад хэдэн арваар тоологдох эртний танка зургийг сэргээн засварлах хувь тийм ч олон хүнд тохиохгүй л болов уу.  

МҮХЦ-ийн дарга асан, цуглуулагч Н.Жанцан, хуучны эд өлгийн зүйл тухайлбал, дэлгэмэл болон бурхны танка зургийг сэргээн засварлах ажил олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан шинжлэх ухаан болохыг онцолсон байдаг. Тэгвэл энэ шинжлэх ухааныг Монголд дэлгэрүүлэн хөгжүүлэхэд  зураач, сэргээн засварлагч Соёл-Эрдэнийн хувь нэмэр хэр их  байсныг янз бүрийн аргаар засварлуулсан тоо томшгүй тэр олон үзмэр гэрчилнэ. 200, 400 жилийн настай бүтээлийг зассан гэх ямар ч ул мөргүй сэргээнэ гэдэг бол асар их хөдөлмөр, чин сэтгэл бас хосгүй их авьяас биш гэж үү!  

2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр. Уран зургийн сан хөмрөг галын аюулд өртөж,  улсын түүх болон хадгалагдсан үнэт зургууд хормын зуур үнс нурам болж хувирсан эмгэнэлт өдөр байлаа.  Тэр аймшигт үйл явдлын үеэр Соёл-Эрдэнэ  хэдийгээр  Сүхбаатар аймагт томилолттой явсан ч санаа бодол нь наашаа зовоостой байж. “Маш олон зураг гэмтсэн, шатсан, тортог суусан гээд айхтар юм болсон. Тэр зургууд юм хэлдэг сэн бол их юм хэлнэ. Шатсан зургуудад гар хүрэх төдийд л будаг нь пүрхийгээд унаж байлаа.  Г.Одон багшийн “Ажлын дараа” алдарт зураг гэхэд хав хар болчихсон, тэнгэрийн өнгөний будаг нь буцалж цэврүүтээд бомбойгоод гараад ирчихсэн байсан. Шатсан зуугаад зургийг засаж, хэвэнд нь оруулсан” гэж тэрбээр ярьж байлаа. Уран зургийн фонд энэ айхтар явдлаас хэдэн сарын дараа тогны утаснаас болж  дахин шатжээ. Хэдэн арван зураг зөвхөн номон дээр дүрээ үлдээгээд үнс нурам болж, ор мөргүй алга болов. Энэ үед сэргээн засварлагчдын мөрөөдөл болсон халдаг ширээ байтугай засварлагчийн хоёр гараас өөр шальтай багаж техник байсангүй. Гараараа хийж болох бүгдийг л засаж сэлбэсэн юм билээ.  Ажил хийсэн хүнийг голж, гоочлох юм хаа мундах вэ дээ.  Зургийг шалны лакаар будсан энэ тэр гээд хэл ам гарчээ. Хоёргүй сэтгэлийнх нь зүтгэл хов живээр будагдаж байхыг сонссон Г.Соёл- Эрдэнэ, сэргээн засварлах зориулалттай будаг, лак, өнгөлөгч  нь байсаар байхад  юу гэж шалны лакаар будах вэ дээ, хэрэв тэгсэн бол ацетон нейтрал лакууд будгийг нь идээд юу болгохыг төсөөлж л баймаар юм. Яах гэж ингэж ярьдаг юм бол доо хэмээн гайхасхийгээд өнгөрчээ.

Г.Соёл-Эрдэнэ өглөө нар ид байгаа үед  сэргээн засварлах ажлаа эхэлнэ.  Хуучны зургийг маш сайн баримтжуулах хэрэгтэй. Хэддүгээр зууны эд юм, ямар шороон будгаар хийсэн юм, шороон будаг юм уу, чулуун будаг уу, алт уу, хүрэл үү гэх мэт бүгдийг тодорхойлно, дээрээс нь гэмтлийг нь тодорхойлно. Эмнэлэг юм уу гэж андуурмаар цагаан халаад, бээлий өмсөж, маск зүүнэ. Ингээд харахаар ажлын дэс дараа, оношилгоо шинжилгээ, эмчилгээ үйлчилгээ эмнэлгийн  мэс заслын тасагтай яг адилхан. Ялгаа нь амьтай, амьгүй хоёр биет ч гэлээ адилхан л эд эрхтэнээ засварлуулна.

Д.Хишигбаяр даргын үед их юм сурч мэдсэн дээ гэж Г.Соёл-Эрдэнэ түүний тухай гэгээлэг сайхныг дурсаж байсан. Польш улсад сэргээн засварлах мэргэжлээр сурч ирсэн Д.Хишигбаяр Сэргээн засварлах байгууллагын тулгын чулууг тавилцсан гавьяатай хүн төдийгүй өөрийн сурч мэдсэнээ залууст харамгүй хэлж, зааж өгдөг нинжин сэтгэлт нэгэн байсан гэнэ билээ.  Зураг, уран бүтээл сэргээн засах байгууллагын эх суурийг тавих ажлыг эртнээс бодож бэлтгэгдэж байсан Ардын зураач Б.Гомбосүрэн, Төрийн шагналт зураач М.Цэмбэлдорж нарын хөдөлмөр, зүтгэлийг мартаж яахин болох вэ!  Мөн хувь зураач болон янз бүрийн хүмүүс өөрсдийн хэмжээнд судалгаа хийж, боломжоороо сэргээн засварлах ажил хийж байсныг ч цохон дурдууштай.

Д.Амгалан болон манай ахмад багш нарын үед сурч байсан хүүхдүүд цаанаа л нэг чамбай уран бүтээлчид болсон доо гэж ярих хүн цөөнгүй. Аливаа зүйлийг нэгбүрчлэн хэлж “будаа” идүүлдэггүй, аль болохоор өөрөөр нь хийлгэхийн тулд чи нэг тэгээд үз, ингээд үз гэж там тум юм хэлээд орхичихно. Энэ бол өөрөөр нь эрэл хайгуул хийлгэх,  биеийг нь   даалгаж сургах шилдэг арга байсан юмдаг уу даа.  Зүг чигээ олж ядаж яваа хүүхдүүдэд толгой нь гашлах,  алдаа гаргах асуудал мэдээж гарна. Гэвч түүнээсээ суралцаад цааш явахаас өөр аргагүй. “Сэргээн засварлагч хүн ер нь алдаа гаргах эрхгүй, хэрэв алдаа гаргасан бол дахин давтах эрх байхгүй.  Өөрөө их судлаач, эрэл хайгуулч, туршигч байх ёстой. Ямар сайндаа би, будаг ер нь ямар амттай юм бол гээд идэж үзэж байлаа, бодисыг нь хүртэл ууж хордоод эмнэлэгт хэвтэж байсан удаатай” гэж Г.Соёл-Эрдэнэ хуучилсан. Хийж байгаа ажилдаа ингэж их дурлаж, өөрийгөө бүрэн зориулсан хүн л амжилтын оргилд гарахыг тэр ойлгож, өөдөө мацсаар байжээ.

Г.Соёл-Эрдэнэ Турк, Хятад, БНСУ, Орос, Америк улсад сэргээн засварлах чиглэлээр арав гаруй жил ажилласан арвин туршлагатай. Монгол Улсаас ирсэн залуу мэргэжилтэнг  очсон газрынхан анхандаа сайн дурын нэг хүүхэд шиг л харж, хүлээн авна. Харин явцын дунд нөгөө хүүхдээсээ асуух маягтай болчих тохиолдол цөөнгүй. Истанбулын их сургуулийн доктор Дидэ, будаг нөхөн зурж  байгаа ажлаа нэг тавган дээр жишээ авч оюутнуудад хичээл зааж өгнө үү гэсэн санал тавьсан гэдэг. Манай монголчууд энэ мэт ур чадвараараа хаана ч, хэнд ч гологддоггүй. Тэдэнд хүнээс илүү шахам болчихсон гадаад тоног төхөөрөмж, эд материал байхгүй ч бор зүрхээрээ зүтгэж, бөндгөртөө тушаал өгсөн цагт юуг ч бүтээж чадах чадвар нь гайхамшиг билээ.

Америкийн хоёр мэргэжилтэн ирж 14 хоногийн сургалт явуулжээ. Аливаа ажлыг багажгүй хийж болохгүй, тэгэх ч боломжгүй гэсэн бат нот ойлголттой тэр хүмүүс зөвхөн гараараа засварласан археологийн дээлийг хараад мэл гайхаж, цэл хөхөрсөн юм байх. Ганц Г.Соёл-Эрдэнийн тухайд ч биш ер нь манай зураач, уран бүтээлчид гадагшаа хөл тавихаараа л  бусдад үнэлэгдэж,  “Од” болчихдог, эргээд ирэхээрээ эгэл жирийн амьдралдаа уусан ижилсчихдэг монгол нутгийн чимээгүй бахархал эр бор харцагууд мөнөөс мөн буюу.    

Сэргээн засварлах ажлын талаарх дэлхийн чиг хандлага бол элдэв бодисоос татгалзах юм байна. Музейн стандартаар зураг засахдаа будаг хүргэхгүйгээр зураасуудыг нь нийлүүлдэг ч юм уу, зарим нэг эрхтэн нь гэмтсэн, бүр алга болсон тохиолдолд орлуулан хийх шаардлага тавигдах болжээ. Хортой, хоргүй ямар ч бодис ашигласан байлаа гэхэд хамгийн түрүүнд эрүүл мэндээ хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна.  

Уран бүтээлч бүр өөрийн гэсэн дэмжигчидтэй байдаг.  Г.Соёл-Эрдэнийн хувьд ч мөн адил түүний монгол зураг болон сэргээн засварласан эрт, эдүгээгийн эд өлгийн зүйлийг нь сонирхон цуглуулагчид Н.Жанцан гуайгаас авахуулаад гадаад, дотоодод цөөнгүй бий ажээ. Тэдний зарим нь наймаа хийх зорилготой, нөгөө хэсэг нь цуглуулгаа баяжуулах хүсэлтэй.  Наймаачны хувьд хуучны эдлэлийн засварыг өчүүхэн төдий ч мэдэгдэхгүйгээр хийлгэхийг мэрийдэг бол музейн хувьд мэдэгдэхгүй байх нь чухал биш, нэг их айхтар будаг түрхүүлэхгүйг  л хичээнэ. Г.Соёл-Эрдэнэ дэлхийг хамарсан өвчин дэгдэхээс өмнө жилийн тал хэртэй хугацааг Хятадад өнгөрүүлдэг байжээ. Урилгаар музейд ажиллана, хувь хүмүүст янз бүрийн юм хийж өгнө, музей болтлоо томорсон цуглуулгатай нөхдүүдийн үзмэрийг засч  өгнө гээд ажил мундахгүй.  Ямар ч үеийн зургийг өмнө байсан шигээр нь сэргээн засдаг хүн ховор болохоор түүнд хүргүүлэх урилга заллага ийнхүү тасардаггүй бололтой. Зураачийн монгол зургийн бүтээл гадаад орнуудын цуглуулагчдын санд орсон нь ч цөөнгүй,  бас зарим улсын Ерөнхийлөгчид бэлэг болж очсон нь ч бий.

Өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ зах зухаас бусдад сургах хүсэл түүнд байвч үнэн сэтгэлээсээ зориод ирэх нь байхгүйтэй адил. Зориод ирсэн ганц нэг нь шантраад буцна. Сэргээн засварлах ажилд өөр шиг нь үнэнхүү дурлаж, заримдаа өөрийгөө золиосолж чадах хүн л хэрэгтэй гэдгийг тэрбээр өөрийн биеэр туулсан болохоор магадгүй, шалгуурт тэнцэх хүн олдохгүй байж мэдэх л юм.  Хөдөө гадааг зорих зуны сайхан цагаар аялж зугаалмаар байвч гүйцээх ёстой зургаа хаяад явж зүрхлэхгүй. Нямбай, чамбай, цэвэрч байх гээд бараг л хүүхдээсээ илүү анхаарч, хайрлаж байж л бүтээл бүрийг гараас гаргана. “Сэргээн засварлах ажил  зарим хүний нүдэнд мөнгө болж харагдах талтай. Зөвхөн мөнгө бодох хүн энэ ажлыг хийгээд ч хэрэггүй. Сэргээн засварлах үйлийг эрхлэхийн тулд маш их судлах  хэрэгтэй, өөрийгөө зориулах хэрэгтэй, дурлаж хийх хэрэгтэй”. Энэ бол түүний ажилдаа баримталдаг зарчим. Судалгааг гол төлөв номноос уншиж мэдэх нь зайлшгүй. Гэхдээ Г.Соёл-Эрдэнийн хувьд өөрийн нүдээр үзэж, өөрийн гараар хийж үзсэн бүхнээсээ суралцаж, судалгаа хийдэг онцлогтой. Хятад, Төвөд, Орос, Монгол гээд тоог нь үл тогтоох тэр олон уран зураг, гуулин болон зурмал бурхныг  засварлаж, нөхөн сэргээж явахдаа улс, улсын урлагийн бүтээлүүдийн онцлог хэв маяг,  хоорондын ялгаа зааг, өнгө будаг гээд бүхий л зүйл дээр ажиглалт, дүгнэлт хийж, “толгойн сан”-даа бичиж үлдээнэ.  Монгол бурхан дээр хятад нүд хийчих юм бол өнгө нь худлаа болоод явчихна, монгол зураг засаж байж өөрсдийн тос даасан өнгийг биш, төвөд өнгө хийчихвэл болохоо болино гэх мэт маш нарийн ялгаа, онцлогийг мэдэж байж засвар хийх аваас бүтээлийн үнэ цэн өсөж, хадгалах хугацаа уртасдаг ажээ.

Бурхны шүтлэгтэй Азийн орнуудын Цагаан дарь эхүүд дундаас хамгийн тааламжит дүртэй нь манай монголын Цагаан дарь эх гэж зураач Г.Соёл-Эрдэнэ магтан сайшааж байсан. Дөлгөөн, даруухан, хөөрхөн, булбарай, урлаг судлаач Д.Дашбалдан гуайн хэлснээр, салхины үзүүрээс өөр юу ч хүрээгүй онгон дагшин охины дүр ажээ. Дарь эхүүд бол тухайн тухайн орныхоо охид, эмэгтэйчүүдийн нүүр царай, хэв маягийн илэрхийлэл болж байдаг учраас танихад төвөггүй бололтой.

Тав. СОЁЛЫН ӨВИЙН ТӨВ

 Монголын Соёлын өвийн төв буюу хуучнаар Музей үзмэр сэргээн засварлах урлан бол Г.Соёл-Эрдэнийн ажлын гараагаа эхэлж, хамт олонтой нь 20 жил ээнэгшин дассан газар билээ. 2011 оноос бие даасан чөлөөт уран бүтээлч болсон тэрбээр одоогоор  МУЭХ-нд харьяатай гишүүн ажээ. Соёлын өвийн төв өнөөдрийн байдлаар улсын хэмжээний бүх музей, үзмэрийг хариуцсан мэргэжлийн байгууллага болон өргөжин тэлж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хуучин Музей үзмэр сэргээн засварлах урлан гэж байсан энэ байгууллага   анх Дүрслэх Урлагийн музейд албан ёсны  шаваа тавьсан юм. Үүсгэн байгуулагчид болох Д.Хишигбаяр дарга, Буд эгч (сайд байсан Ч.Улаан гуайн эхнэр), Баянаа эгч нар Дүрслэх Урлагийн музейн нэг өрөөнд түрээсээр ажилладаг байлаа. Дараа нь Соёлын төв өргөө ашиглалтад ороход нэг жигүүрт нь түрээсээр сууж байсан юм. Үндсэндээ өөрийн гэсэн байр савгүй л өдий хүрсэн дээ гэж Г.Соёл-Эрдэнэ хуучилж байна.  

Соёлын өвийн төв шинэ байртай болжээ. Нээлтэд нь уригдаж очсон ууган ажилтан Г.Соёл-Эрдэнэ өмнөх ба өнөөгийн ажлын байраа харьцуулж нэг хараад өдөр, шөнө шиг өөр болохыг мэдрэв гэнэ. Очиж ажиллаж байсан Америкийн байрыг гүйцэхгүй ч зай талбай томтой өрөөнүүд  сэтгэлийг нь  уужруулсан гэнэ билээ. Юутай ч чулуун хөшөө мэтийг зөөх гэж үйлээ үзэхгүй, шууд доогуур нь оруулаад ирдэг болж. Сэргээн засварлах байгууллагын стандартад аль болохоор ойртуулахыг л хичээсэн бололтой юм байна. Тэнд оёдлын тасаг, сийлбэр, дарханы газар, зураг сэргээн засварлах тасаг байх гэнэ. Сэргээн засварлах нь дотроо монгол зураг, уран зураг гэсэн ялгаатай.  Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан гэж их чухал хэсэг  байна. Жишээ нь, Богдын музейд хадгалагдаж байгаа нэг дээлийн талаар мэдье гэвэл бүх мэдээллийг нь гаргаад өгчих  боломжоор хангагджээ. Бүртгэл мэдээллийн сангаас орон нутаг, баг бригад гээд тухайн улсын өнцөг булан бүрт байгаа үзмэр болон үнэт зүйлсийн талаарх мэдээллийг авч болох нь ээ.  Ийм байгууллага байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Магадгүй, сэргээн  засварлах байгууллагын мэдээлэл  хүн бүрт хүртээмжтэй байх  шаардлагагүй болоод ч тийм хандлагатай байхыг үгүйсгэхгүй юм.

Америкийн Элчин сайдын яамны төслөөр зураг сэргээн засварлах зориулалт бүхий халдаг ширээтэй болсон болохоор зураг сэргээн засах ажил одоо ядах юмгүй болсон гэж ууган ажилтан ам бардам хэлж байлаа. Чулууны найрлага, бүтцийг шинжлэхэд зориулагдсан тоног төхөөрөмжтэй ч болж байгаа юм гэсэн.  Саяхан зохион байгуулагдсан Монгол зургийн тухай ярилцлага дээр сэргээн засварлах ажлын туршлагаа бичиж ном болгох саналыг сэргээн засварлах арвин туршлагаараа Монголдоо номер нэг гэж хэлж болох Соёл-Эрдэнэд санал болгожээ. Эцэстээ ном л үлдэх хорвоо юм чинь, уг нь зөв л дөө. “Соёлын өвийн төв болон мэргэжлийн байгууллагууд сэргээн засах чиглэлийн хүмүүсээ нэгтгэж зангидаад гарын авлага, ном гаргах хэрэгтэй.  Бүр нэгбүрчлэн тайлбарласан номынхоо дагуу оюутан залуус, уран бүтээлчдийг сургаж, залгамж халаагаа бэлтгэж болно” гэж ахмад сэргээн засварлагч Г.Соёл-Эрдэнэ өөрийн бодлыг хуваалцаж байна.

Хятад, Япон зэрэг улсад аливаа нэг зүйлийг хэрхэн засварлах тухай  нарийвчилсан судар хүртэл байдаг.  Жишээ нь, ямар нэг будаг гаргаж авъя гэж бодоход, тэр талын маш тодорхой заавар, орц норм нь байж байдаг. Гэтэл манайх нүүдэлчин улс байсан болохоор  ч тэгдэг юм уу, нарийн ширийн арга технологийн талаар бичиж үлдээсэн гэх юм байдаггүй. Орчин үед аливаа юмс боловсронгуй, чөлөөтэй болсон цагт зураач, урчуудын хэрэглэж заншсан шороон будаг хүртэл шахдагаас авахуулаад янз бүрийн хэлбэр, хэмжээтэй зарагдах болжээ. Цавууг нь хүртэл боловсруулаад бэлэн болгочихсон гэх юм.

Номоороо бол гадагшаа явж буй музейн үзмэрийг сэргээн засварлагч хариуцан авч, бүрэн бүтэн байдлыг нь хүлээлгэн өгч, эргүүлэн авах учиртай юмсанж. Гэтэл манайд эсрэгээрээ, дарга голдуу хүмүүс явна, үзмэрийн  бүрэн, бүтэн байдалд ямар ч хариуцлага хүлээхгүй, асуулт бүрийг “мэдэхгүй”-гээр бөглөх жишээний байдаг нь харамсалтай.

Германы Элчин сайдын яамны төслөөр Уран зургийн галерей зураг сэргээн засварлах мэргэжлийн лабораторитой болж байгаа юм байна. Сан хөмрөгч  нэг залуугаа сэргээн засварлах чиглэлээр сургах бодолтой гэнэ. Энэ алхмыг Г.Соёл-Эрдэнэ сайшаан дэмжиж байна билээ. Учир нь, гадаадын музейнууд заавал нэг том байгууллагыг  хараад суух биш өөрсдийн сэргээн засварлах лабораторитой байдаг. Яамнаас зөвшөөрөл өгөх юм бол музейнуудад сэргээн засварлагч байх хэрэгтэй. Холын тээвэрлэлт хийж явахын оронд дотроо янзлаад засаад явбал илүү амар гэж тэрбээр санаагаа хэлсэн юм.  

Музейн үзмэрт  сэргээн засварлахаас гадна хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт хамгаас чухал. Мэдээж хайран юмыг яйран болгочихгүй ганц арга нь тээвэрлэлт шүү дээ. Гадныхан бол уран зургийг зөвхөн тээвэрлэх гэж л маш гоё хайрцаг хийдэг. Манайд бол нэг удаагийн тээвэрлэлтийг юухан хээхнээр аргалаад өнгөрөөчих талдаа л байх болов уу.  Гадаад оронд бол бүх зүйлийг стандартын дагуу л хийнэ. Нэг үеэ бодвол манай уран бүтээлчид гадагшаа танин мэдэхүйн сургалт, туршлага судлах  чиглэлээр нэлээн явсан болохоор стандарт ямар байдгийг мэдэхтэйгээ болжээ. Гагцхүү хэрэгжүүлэх л үлдээд байгаа бололтой.

-Бид доторх үзмэрээ л ярихаас биш, түүнийг агуулж байгаа барилга байшингийн тухай ярьдаггүй. Сүм дуган засч байгаа хятадуудыг харахад, гаднах материаллаг баазыг авч үлдээд дотор талын яс мод, баганыг маш амархан сольчихдог юм билээ. Дараа нь яг хуучны аргаар гахайн цус, адууны хомоол, хөх тоосгоны үртэс, давирхай гэх мэтийг хольж муухай үнэртэй хөх шавар гаргаад авна. Түүгээрээ грунт тавиад гадуур нь даавуу шиг юмаар ороогоод дахин грунтлэнэ. Үжирчихсэн модыг солихоос өөр аргагүй шүү дээ. Манайхан Богд хааны болон Чойжин ламын музейн барилгыг хадгалж үлдэнэ гэдэг. Хэрэв хадгалж үлдвэл удахгүй нурна. Олон жилийн настай хуучны барилгад гадна орчны дуу чимээ, машины явдлын чичиргээ маш их мэдрэгдэж, нөлөөлж байдаг юм байна. Бид өөрсдөө аварч хамгаалж чадахгүй юм бол гадны чаддаг баг, бригад оруулаад засварлуулж болмоор шүү дээ гэж зураач, сэргээн засварлагч Г.Соёл-Эрдэнэ санаа зовнин өгүүлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрөлх чанар(64.119.19.3) 2023 оны 05 сарын 29

Маш нууц авьяастаны мах цусыг нь үнэртэхээр бичжээ. Энэ цагт сэргээж засах ажил хийхийг хэн ч хүсэхгүйтэй адил урт бичвэрийг унших хүн ч их ховордож дэ.Гэхдээ дуустал нь уншаад одоо ингээд коммэнт бичиж суухад бодогдох юм их бн.Олон хүнтэй нэг дор танилцаж их зүйл суралцсан мэт санагдах юм. Ажлын их амжилтыг оюуны болон гарын дүйтэй 2 бүтээлч хүмүүсийн ярилцлага бичвэрийг дуусгаад хүргэмээр санагдлаа.

0  |  0
Top