Хандивын хэмжээг хязгаарлаж, намуудад үзүүлэх төрийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ

2023 оны 04 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар өнгөрөгч баасан гарагт /2023.04.14/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

Хуулийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын институт болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, тэгш оролцоог хангах, намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд багтсан байна.

Цогц улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар илэрхийлсэн.

Харин улс төрийн намыг институт болгон төлөвшүүлэхэд хамгийн эхний нөлөөлөх хүчин зүйл нь санхүүгийн асуудал байх нь тодорхой.

Тэгвэл дээрх хуулийн төсөлд намын санхүүжилтийн талаар нарийвчлан зааж өгчээ.

Одоогоор 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн нам хоёр янзын төсвийн хэсэгчилсэн дэмжлэг авч байгаа юм. Нэг нь, сонгуулийн дараа УИХ-д суудалтай намуудын хүчинтэй санал тутмыг 1000 төгрөгөөр үнэлж нэг удаа санхүүжилт олгодог. Хоёр дахь  ньУИХ-д суудалтай намууд нэг суудлыг жил тутам 10 сая төгрөгөөр дүйцүүлэн төрөөс санхүүжилт авч байгаа. Тэгвэл шинэ хуулийн төсөлд төрөөс намдуудад үзүүлэх дэмжлэгийг нарийвчлан тодорхой болгожээ.

Өмнө нь зөвхөн парламентад суудалтай намууд төрөөс санхүүжилт авдаг байсан бол шинэ хуулийн төсөлд парламентад заавал суудалтай биш, гэхдээ улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа намууд төрийн санхүүжилт, төрийн шууд бус санхүүжилтийг дэмжлэг үзүүлэхээр хуульчилж өгсөн байна.

Тодруулбал, сонгуулиар нийт сонгогчдын хоёр хувиас дээш сонгогчдын дэмжлэг авсан улс төрийн нам төсвөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдэнэ. Харин сонгуульд сонгогчдын нэг хувиас дээш дэмжлэг авсан нам шууд бус дэмжлэг авна. Шууд бус дэмжлэг гэдэг нь улирал тутамд ОНРТ-ээр өөрсдийнхөө мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг 30 минутын хугацаатай сурталчлах, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын төрийн өмчийн хурал зөвлөгөөний заал танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах гэх мэт дэмжлэг авахаар тодорхой зааж өгсөн байна.

Мөн энэ хуулиар зөвхөн парламентад суудалтай нам биш, төлөвшиж гарч ирж байгаа бусад улс төрийн хүчнүүдийг дэмжих үүднээс тодорхой заалтуудыг оруулж өгчээ. 

Түүнчлэн улс төрийн намуудын санхүүгийн хамгийн том эх үүсвэр нь хандив байж ирсэн. Энэ нь цөөн тооны их мөнгөтэй этгээдээс хандив авч, эргээд ашиг сонирхлын нөлөөнд орох, цаашдаа нийтийн ашиг сонирхлын бодлого шийдвэр гарахгүй байхад нөлөөлдөг гэдгийг судлаачид ярьдаг.

Тэгвэл Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хандивын хэмжээг хязгаарлажээ. Хуулийн төсөлд зааснаар нэг хуулийн этгээд нэг улс төрийн хүчинд жилдээ ойролцоогоор 27 сая төгрөгийн хандив өгөхөөр болж байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ.

Нөгөө талаар хувь хүнээс өгч байгаа хандивын хэмжээг хөдөлмөрийн хөлсийг 10 дахин нэмэгдүүлсэн буюу ойролцоогоор 6 сая төгрөгийг жилд нэг удаа өгөхөөр тусгажээ.

Урьд нь хандивт хязгаарлалт байсан боловч жилд хэдэн удаа ч өгч болдог байсан. Одоо жилийн нийт дүн нь дээрх хэмжээнд баригдах ёстой.

Хоёрдугаарт, хандивыг эцсийн өмчлөгчөөр нэг тооцож байгаа. Өмнө нь охин компаниараа, бусад өөрийн өмчилдөг аж ахуйн нэгжүүдээр дамжуулж хандив өгч болдог байсан. Одоо дээрх бүгдийн эцсийн өмчлөгч нийлээд 27 сая төгрөгтөө багтаж байгаа гэсэн үг.

Мөн хуулийн төсөлд хандив өгөх эрхтэй этгээдүүдийг нарийвчлан зааж өгчээ. Тухайлбал, банкинд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй иргэн, хуулийн этгээд намд хандив өгнө, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд намд хандив өгөхгүй гэх мэтээр нэлээд олон зохицуулалт хийжээ.

Түүнчлэн намуудад орж байгаа төрийн санхүүжилт болон хандивын зарцуулалтуудын хувь хэмжээг тодорхой зааж өгсөн байна. Тухайлбал, нийт орж ирсэн санхүүжилтийн 20 хувийг бодлогын институт болох үүднээс намын дэргэдэх судалгааны хүрээлэнгээрээ дамжуулж судалгаа шинжилгээ, хөгжлийн бодлого тодорхойлж боловсруулахад зарцуулдаг байх, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн давхаргуудын улс төрийн оролцоог хангахад зарцуулдаг байх гэх мэт тодорхой хувиудыг зааж өгсөн байна. Үүнийгээ эргээд санхүүгийн тайландаа тусах ёстой.

Хэрвээ тодорхой заасан хувиудаар санхүүжилт нь гараагүй байвал тухайн намын санхүүжилтийг зогсоох, тухайн намын санхүүжилтийг улсын орлого болгох зэрэг хариуцлагыг нарийвчлан оруулжээ. 

Түүнчлэн Улс төрийн намууд нэг данстай болж байгаа бөгөөд энэ нь шилэн байх юм.

Нөгөө талаар энэ удаагийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зармуудын хүрээнд боловсруулагдсан учраас Үндсэн хуулийн зөрчлийн асуудал байхгүй гэдгийг Хууль зүйн доктор О.Мөнхсайхан хэлсэн.

Ийнхүү хандивын хэмжээг хязгаарлаж, намуудад үзүүлэх төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх замаар шинэ, хуучин бүх л улс төрийн намуудыг бодлогын институт болгох хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд дараах эерэг үр дүн авчирна хэмээн хууль санаачлагч үзэж буй.

Тухайлбал,
 

  • Улс төрийн намын хариуцлага дээшилж, намын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэн, түүний санхүүжилт ил тод болох, намын гишүүдийн эрх, үүрэг, сахилга хариуцлага дээшлэх, санхүү болон үйл ажиллагааны тодорхой асуудлуудаар сонгуулийн төв байгууллагад тайланг гаргах замаар олон нийтийн хяналтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй аж.

 

  • Түүнчлэн улс төрийн нам бодлогын институц болон төлөвших бөгөөд нам улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, үйл ажиллагаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр нь улс орноо хөгжлийн бодлогод захирагдан ажиллах, төрийн өндөр ёс зүйтэй алба хаагчийг бэлтгэх, төр ард түмний гүүр болж, иргэдэд улс төрийн боловсрол олгох институц болон төлөвших үндэс бүрдэнэ;

 

  • Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, хяналт сайжирна. Намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн механизмыг боловсронгуй болох, түүнийг хяналтыг олон нийтэд ил тод, нээлттэй, шилэн болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийгдэнэ. Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн намд өгөх иргэд, аж ахуй нэгжийн хандив, түүнийг захиран зарцуулалтад сонгуулийн төв байгууллага хяналт тавих замаар намын үйл ажиллагаа хариуцлагатай болон төлөвших үндэс бүрдэнэ;

 

  • Улс төрийн намын гишүүдийн тэгш оролцоог хангана. Намыг бодлогын институц болон төлөвших нэгэн гол үндэс нь намын гишүүнчлэлийн статусыг тодорхой болгох эрх зүйн үндэс бүрдүүлэх хэлбэрээр энэхүү шинэтгэл илрэн гарна. Энэ хүрээнд намын дэмжигч гишүүн хэмээх эрх зүйн орчныг бүрдүүлснээр намын бодлого, үйл ажиллагаанд ач холбогдол өгч, үнэт зүйлд үндэслэн бодлогын намын үйл ажиллагаанд дэмжин оролцох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн гишүүдийн тэгш оролцоог хангах, улс төрд төлөөлөл нь бага хангагдаж буй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд жендерийн тэгш байдал, залуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлт баталгаажих нөхцөл бүрдэнэ;

 

  • Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлнэ. Иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг баталгааг хангах хүрээнд намын бүтэц, сонгууль, гишүүдийн оролцоог хуульд тусгах замаар намын дотоод ардчиллыг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлнэ хэмээн үзэж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top