Лувсандоржийн Мягмар хэмээх энэ өвгөн буурай тэртээ 1940 оны наймдугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт эхээс мэндэлжээ. Тэр дундаа Монгол даяар алдартай гурван их аваргын мэндэлсэн Уйлган голд төрсөн нэгэн аж. Эцэг нь хадланд явчихсан байсан учраас хажуу айлынх нь н.Насанжаргал эгч нь зайдан морьтой давхисаар өвснөөс аавыг нь авч ирж байжээ.
Буурал өвгөн энэ тухайгаа ярихдаа үе үехэн шүүрс алдаж суух нь өнгөрсөн цаг хугацаанд оччихов уу гэлтэй санагдана. Гэвч түүний бага нас, нутаг орных нь тухай яриа энэ удаагийн сэдэв маань биш юм. Харин түүний “Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо” хэлж, цэргийн албан татагдан улмаар дайны хүнд байдалтай улсад хүмүүнлэгийн тусламж хүргэж өгөх багийн нэг гишүүнээр явсан зурвасхан түүхийг нь уншигч олноо толилуулахаар зэхлээ.
1960 он. Хөвсгөлийн алс буйдхан сумаас цэргийн албанд татагдан ирж, Барилгын цэргийн 078 дугаар ангид алба хаахаар болов. Тэр л үед нь улс орноос өнөөгийн “Буянт ухаа” нисэх буудлыг Ардын хувьсгалын 40 жилийг ойг тохиолдуулан Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамт барьж эхэлсэн бөгөөд залуухан цэрэг Л.Мягмар ч энэхүү ажилд дайчлагдан, хүч хөдөлмөрөө зориулж өдөр, шөнөгүй ажиллаж байлаа. Аавынхаа ур ухааныг өвлөсөн тэрбээр цэргийн ангидаа мужаан байдаг байж.
Гэтэл 1961 оны аравдугаар сарын нэгэн орой ангийн захирагч нь дуудан ирүүлээд “Вьетнам улсад чухал даалгавар биелүүлнэ. Чадах уу” хэмээн асууж. Тангараг өргөсөн цэрэг хүн чадахгүй гэж хэлж болох биш, Чадна аа л хэмээн хариулсан байна. Ингэж л тэрбээр БНМАУ-аас Вьетнамын ард түмэнд илгээсэн тусламжийн хонь хүргэж өгөх дайчдын бүрэлдэхүүнд багтжээ. Ер нь манайхан тус улсад адуу хүргэсэн, тэндээс нь нэг азарга нутагтаа гүйж ирсэн гэх үлгэр домог шиг зүйлийг л мэдэхээс бус адуунаас гадна хонь бэлэглэж байсныг тэр бүр мэдэхгүй.
Барилгын цэргийн 078 дугаар ангиас Л.Мягмартай нийлээд 26 хүн багтсан байна. Ингээд 1961 оны аравдугаар сарын 16-ны өдөр Хонхор өртөөний тэндээс нэг вагонд 64 хонь ачсан 30 гаруй вагонтой цуваа хөдөлжээ. Мэдээж хонио амьдаар нь авч яваа учраас өвс, тэжээл, ус зэргийг сайтар бэлдэж өгчээ. Харин нэг цэрэг 64 хонио хариуцан маллаж явсан байна. Халуун хошуутай мал ядарч яваа улсад бэлэг болгон өгөхөөр явсан цуваа нийтдээ зургаан хоногийн турш явжээ. Харин Хятадын нутагт орсноос нь хойш хэсэг яваад л зөрлөг, өртөөн дээр зогсож, тухайн нутгийн иргэд хонийг нь усалж байжээ. Дайн байлдаантай хэцүү цаг байсан учраас бүхнийг сайтар тооцоолон урьдчилан бэлтгэж, үүрэг даалгавар өгсөн байх хэмээн өвгөн цэрэг өдгөө хуучлан сууна. Ийн явсаар Вьетнам улсын Пинсон хотод нар таширласан хойно очжээ. Тэднийг нутгийн иргэд баяр хөөр болон угтаж, албаны хүмүүст нь хонио тушаасан байна.
Эх орноосоо авч ирсэн 600 гаруй хонийг нь гаднын хүмүүс туугаад явахад хоньд эргэж хурган майлах нь сэтгэлийг өөрийн эрхгүй эвгүй болгож байсан хэмээн дурсан ярилаа.
Эх орныхоо үүрэг даалгаврыг нэг ч хонины гарлагагүйгээр нэр төртэй биелүүлсэн цэрэг эрсийг тус улсын нийслэл Ханой хотод аваачин гурав хоног амраажээ. Дөнгөж 21 настай эрд тухайн үед дайн байлдаан болж байгаа шинжтэй зүйл огт анзаарагдсангүй. Харин тэднийг гудамжаар явахад нь цэрэг хувцас, малгай зэргийг нь авч, яг л энгийн иргэд шиг явахыг байнга зөвлөж байжээ. Уйлган голын усаар ундаалж, Хөвсгөл далайдаа шумбаж өссөн тэр анх удаа Номхон дөлгөөн далайг харжээ. Харахаар барахгүй үеийн нөхөдтэйгөө хамтдаа усанд нь сэлж, хөгжилдөн байснаа дурсан яриад “Одоо ч бараг хүн үлдсэнгүй дээ” сэтгэл өвтгөнө.
Үүрэг даалгавартай, хоног хугацаатай ажил учраас тэд ч нутгийн зүг хүлгийн жолоо эргүүлж, гурав хоноод Улаанбаатарт буужээ. Намар оройхон нимгэн хувцастай цэргүүдийг задгай машинд суулгаад явахад хэдийгээр жиндүүхэн байсан ч хүний нутгийн чийглэг, халуун агаараас хавь илүү байсан нь дамжиггүй биз ээ. Ангидаа ирээд долоо хонож байтал эх орныхоо үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн гэж түүнийг бага түрүүч цолоор шагнаж, Тасгийн дарга болгожээ.
Харин түүнээс хойш өдийг хүртэл төр засаг, салбар яамнаас нь дайн тулаантай бүс нутаг руу үүрэг гүйцэтгүүлэхээр явуулсан эдгээр буурлуудаа нэг ч удаа эргэж тойроогүй нь харамсалтай. Үүрэг аваад ёслон гүйцэтгэсэн 26 цэргээс хорвоогийн жамаар цөөрөн цөөрсөөр л байна. Өдгөө чухам хэд нь амьд сэрүүн байгааг Л.Мягмар гуай ч багцаалдан хэлж мэдэхгүй сууна. Ахмад дайчны энд эдгээр хүмүүсийг авч үзэж, төр засгаас анхаарал халамж тавихгүй юм гэхэд, насны хярд гарсан өвгөн цэргүүдээ гомдол тээн буцаачихмааргүй л юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
honinuud ni haluun orond tesehgui haluudaad tegeed bas manaihan pakistanaas honi hudaldaj avch ugch baisan genelee manai avgiin taliin ah bas yvsan yum bilee.\n
Хөвсгөл аймгийн Галт сумын Бүргэдиагийн Жамц гэж өндөр настан ах маань воноор ветьнам руу мал хүргэж цэрэг байхдаа явсан гэж бага байхад минь өвөөд ярьж байсан одоо Галт сумандаа амьдарч байгаа