Түдгэлзүүлэх санал гурав дахь удаагаа ирэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

УЕПГ-аас УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай бичгийг гурав дахь удаагаа УИХ-ын даргад ирүүлжээ. УЕПГ-аас өмнө нь хоёр удаа уг хүсэлтийг тавьж байсан юм. Бусдад таван тэрбум орчим төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан олон яллагдагчтай энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа зогсч, яллагдагч нар ял завших байдал үүсч байгааг УИХ анхааралдаа авч Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг УЕПГ-аас хүсчээ. Үүнээс өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.9.1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүдийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр заасан тул уг санал хууль зүйн үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг хоёр удаа УЕПГ-т явуулаад байгаа. Гэвч УЕПГ-аас Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсний дагуу гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай оруулсан саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, зохих шийдвэр гаргуулах саналыг гурав дахь удаагаа ирүүлжээ. УИХ-ын хаврын чуулган асуудлыг хэлэлцэх боломжгүй тул ээлжит бус чуулганаар ярилцаж магадгүй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top