Энэ жилийн наадам үзэх харах юм ихтэй тэр дундаа долоогийн даваа жаахан маргаантай болсон хэдий ч шинэ залуу цолтонгууд төрсөн сайхан наадам боллоо. Тамирчин хүнд ялалт ялагдал, баяр гуниг аль аль нь ээлжилж байдаг болохоор Ч.Санжаадамбыг дэмжсэн олон түүнийг давсанд тооцсон цэцийн шийдвэрийг талархан хүлээн авсан бол Ц.Содномдоржийг дэмжигсэд уг шийдвэрийг сэтгэл гонсгор хүлээн авч дургүйцлээ илэрхийлсэн билээ. Гэхдээ монгол наадам гэдэг Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол улсын маань эвлэрэлдэн нэгдэхийн гайхам сайхан баталгаа болдог болохоор Монгол түмэн дээрх шийдвэрийг хүндэтгэн хүлээн авсан юм. Ингээд төв цэнгэлдэхэд хурсан наадамчин олныг өндөлзүүлж, цэнхэр дэлгэцийнхээ өмнө бөх үзэн суугаа хүмүүсийг дуу алдуулсан долоогийн даваанд барилдсан заан, харцага хоёрынхоо яриаг хүргэе.
МУ-ын заан Ч.Санжаадамба: Зургаа, долоо, наймын даваа үнэхээр ур ухаан, бяр тэнхээ шаардсан даваанууд байлаа
Барилдаад таван жил болж байна. Санасандаа хүрч заан цолонд хүрч чадсандаа туйлын баяртай байна. Аав ээжийн талынхан маань бөхийн удамтай хүмүүс. Миний авга МУ-ын арслан Мижиддорж гэж улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн хүн бий. Энэ жилийн наадмын хувьд зургаа, долоо, наймын даваа үнэхээр ур ухаан бяр тэнхээ шаардсан даваанууд байлаа. Аливаа юм үе үеэрээ байдаг даа. Зургаан залуу зааны үеийнхэн өнөөдөр Монгол бөхийн том цолтнууд болсон байна. Тэдний залгамж болж бидний үеийн залуус хүч түрэн гарч ирж байгаа юм болов уу даа.
МУ-ын харцага Ц.Содномдорж: Залуу хүмүүс байна наадам үүгээр дуусахгүй бизээ.
Барилдаад гурван жил болж байгаа. Хоёр дахь жилдээ барилдаад улсын начин болж байлаа. Энэ удаа цолоо ахиуллаа. Гэхдээ долоогийн даваанд жаахан маргаан гарчихлаа. Залуу хүмүүс байна наадам үүгээр дуусахгүй бизээ. Хөвсгөлчүүд тэр дундаа Тосонцэнгэлчүүддээ түүхэн ой давхцсан баярын мэндийг хүргэе. Хил хамгаалах ерөнхий газрын 808-р анги, “Монос” группын хамт олондоо баярлалаа. Анх начин болчихоод сэтгэл тайвширсандаа зургаагийн даваанд уначихаад шарандаа нулимс дуслуулж байсан түүнд харцага гэдэг цол ч амархан ирээгүй гэдэг нь түүний нулимснаас харагдаж байлаа. Түүний хувьд сумын цолноос эхлээд 2006, 2007 онуудад аймгийнхаа наадамд дараалан түрүүлж байсан аймгийн арслан цолыг авч байжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )