Б.Пүрэвдорж VS Б.Бат-Эрдэнэ | Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулга

2023 оны 04 сарын 27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.04.27/ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцлээ.


АСУУЛТ | УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:


 

-1990, 2000 оны дунд хүртэл агнуурын асуудал зэрлэг капитализмын зарчмаар явж, хэн илүү мөнгө төлсөн нь явдаг байсан. Үүнийг нь хуулиар зохиоцуулж, тухайн орон нутагт агнуурын бүс нутгийг гаргаад, бүс нутагтаа тодорхой менежтентийн үйл ажиллагаа явуулж, нөхөрлөл, орон нутгийн иргэдийг оролцуулсан нөхөрлөл, хоршоодыг бусад бүтцийн байгууллага байгуулж явсан.

Үүний үр дүнд ангнангаа ан амьтнаа хамгаалах боломжийг бий болгосон. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд янз бүрийн бухимдалгүй болсон.

Гадны хүн ирээд хамгийн сайн аргаль, тэхийг нь буудаад явчихдаг биш, тэр хүмүүс өөрсдөө үр ашиг хүртэнгээ дээрээс нь нөхөрлөлдөө оролцон ан амьтнаа хамгаалах, өвс тэжээл хүргэх энэ бүх зүлйлийг хийгээд явж байсан тогтолцоог энэ хуулийн төслийн анхны хуврилбараар шууд дуудлага худалдаанд оруулаад, хэн их төлбөр төлсөн нь ангаа агнадаг нөхцөл рүү оруулж ирсэн. Энэ болохгүй. Яагаад гэвэл буудаад, буудаад л явчихна, анг хайрладаг, хамгаалдаг хүнгүй болчихоор, ан амьтан ховордож байгаа нөхцөлд менежмент нь үгүй болчихоор ангаа өсгөж, хамгаалдаг зүйлгүй болчих хувилбар руу орж байсан.

Агнангаа хамгаалах энэ зарчим бол агнуурын бизнест сайнаар нөлөөлөх, илүү сайн антай болох боломжийг бий болгоно гэж үзсэн. Тэгэхээр энэ асуудлаар хуулинд яаж орсон бэ? Дээрээс нь зөвшөөрлийн хуулийн тэр зохицуулалтаа яаж зохицуулж, өөрчилсөн бэ?

ХАРИУЛТ | АЖЛЫН ХЭСЭГ


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Аялал жуулчлалын тухай хуулийг Засгийн газраас өргөн барихдаа ан агнууртай холбоо бүхий заалтыг өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор төслийг хууль санаачлагчид буцаах шийдвэр гарсан.

Таны асуусан асуулт бол 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр батлагдсан, 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжих Зөвшөөрлийн тухай хуулиар бол дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг 5.6-д хуульчилж өгсөн.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.18, 8.1.23 гэсэн ан агнууртай холбоотой, ялангуяа тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих гэдэг заалт орсноор 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Хуучин бол Зөвшөөрлийн тухай хууль батлагдахдаа бол тухайн сум, дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгохоор байсныг 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн засаг дарга олгохоор хуульчилж өгсөн.

Хасуурын Ганхуяг: Зөвшөөрлийн тухай хууль 2022 оны зургаадугаар сард батлагдсан. Ажлын хэсэгт Б.Пүрэвдорж гишүүн орж ажилласан. Хуулиар бол бид 23 төрлийн төр нийтийн өмчтэй холбоотой зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар явуулахаар зүйлчилж оруулж өгсөн. 2022 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр Засгийн газраас 23 зөвшөөрлөөс дуудлага худалдаа болон сонгон шалгаруулалтаар олгох зөвшөөрлийг ялгаж оруулж өгсөн. Ан агнууртай холбоотой асуудлыг дуудлага худалдаагаар явахаар орж ирсэн. Гэхдээ дуудлага худалдаа оруулна гэдэг нь Засгийн газар тухайн жилдээ даац, нөөц, хэмжээгээ тодорхойлоод, аль бүс нутгаас хэдийг, юуг гэдгээ тогтоож, тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нь тогтоож явахаар хуульд туссан байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top