Ч.Сосормаа: Үндсэн хуульд иргэдийн эрх чөлөөг нэмэгдүүлэх заалт оруулах цаг болжээ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 05 сарын 01

Захиргааны шинэ санаачлага ТББ-ын зөвлөх Ч.Сосормааг "Өглөөний зочин"-оор урилаа. Тэрбээр "Цагаан технологи хөгжихгүй бол хар технологи газар авдаг" хэмээн үзэж, эмэгтэй нэр дэвшигчдэд зориулан "Цагаан технологи" гэсэн гарын авлага бэлдэж байгаа ажээ.


-УИХ-ын бүтцийг 76+76 болгож гишүүдийн тоог нэмэх, холимог сис­темийг хуульчлах асуудлыг хөндөж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

-Холимог тогтолцоог би хувьдаа дэмждэг. Гэхдээ нэгдүгээрт,  Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог заавал хуульчлах шаардлагагүй. Үүнийг Сонгуулийн хуулиар зохицуулаад явж болно. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог хуульчиллаа гэхэд тоо заадаг нь маш буруу. Үүний  нэг жишээ  бол Засгийн газраас өргөн барьсан 76 +76 гэсэн хувилбар юм. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх шаардлагатай байж болно. Тэгвэл тэр үндэслэлээ маш сайн судалж, тоогоо бодитой тогтоох хэрэгтэй.

УИХ-ын гишүүдийн тоо 152 болсны дараа Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж “Давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх нь гарцаагүй. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл нас богино, тооцоо судалгаагүй нэмэлт, өөрчлөлтүүдийн гайгаар Үндсэн хуулийг байнга ноолж байдаг буруу жишиг тогтчихлоо. Тухайлбал, 2019 онд “намыг сонгуулийн эрх бүхийн иргэдийн нэг  хувиас доошгүй тооны иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж нэмэлтээр оруулсан заалтаа буруу болчихож гээд өөрчлөх төсөл яг одоо өргөн баригдаад байна.  

-Үндсэн хуулийн тухайд асуухад  хүний эрхийг хэр хангаж чадаж байгаа гэж үзэж байна?

-Ялангуяа нэг намын хэт олонх засаглаж байгаа үед эрх мэдлээ нэмэгдүүлэх өөрчлөлтүүд оруулахыг санаархаад байгаа нь цаашид дарангуйллын тогтолцоо руу гулсах нөхцөлийг бүрдүүлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг харахад бараг бүгд эрх баригчдын эрх мэдлийг нэмээд байх юм. Хэрэв  иргэдээс асуусан бол наад зах нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөний төлөө төрөөс нөхөн төлбөр авах заалтыг нэмж оруулах байсан. Жишээ нь, Улаанбаатар хотын агаарын бохирдол, хорт утаанд олон мянган хүн тэр дундаа хүүхдүүд хордож байна. Түүнээс үүдэлтэй төрөл бүрийн өвчин, тэр дундаа хорт хавдрын тоо жилээс жилд нэмэгдэж, залуу хүмүүс ч өвчлөх болов. Гэтэл Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн хоёрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас иргэд хамгаалуулах эрхтэй гээд заасан байдаг. Харин хамгаалж чадаагүй төр ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй.

Иргэдээ хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй бол нэн тэргүүнд нөхөн төлбөр олгодог байх ёстой биз дээ.  Өөр  нэг жишээ нь  Дарханы зам байна. Дарханы эвдрэлтэй замаас болж маш олон хүн машинаа эвдэж, осол аваарт орж, эрүүл мэнд амь насаараа хохирсон. Тэр хүмүүс төрөөс нөхөн төлбөр аваагүй, уул нь төр замаа цаг хугацаандаа барьж дуусгаагүйн төлөө, эвдрэлтэй замаар явуулж иргэдээ хохироосны төлөө нөхөн төлбөр төлөх ёстой шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуульд иргэдийн эрх чөлөөг нэмэгдүүлж, төрийн эрх мэдлийг хязгаарлах заалтуудыг оруулах цаг болсон эс бөгөөс эсрэгээрээ нэмэгдсээр байх болно.

-Үүний тулд бүх ард түмний санал асуулга явуулах шаардлагатай гэж үзэж байна уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бүх ард түмний санал асуулга явуулах бол хамгийн зөв хувилбар. Ингэснээрээ Үндсэн хуулийг маш найдвартай, том цоожоор цоожилж байгаа хэрэг. Хэрэв шаардлагатай гэж үзвэл “жинхэнэ эзэд” нь өөрсдөө цоожоо нээж, авдраа уудлаг. Бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуульд заасныг хүн бүр мэднэ. Тэр юу гэсэн үг вэ гэвэл эрх баригчид бол ард түмнээс эрх мэдлийг нь түр хугацаанд төлөөлөн авсан хүмүүс гэсэн үг.

Харин ямар эрх мэдлээ тэдэнд өгөх, ямрыг нь өөрсдөдөө хадгалж үлдэхээ зөвхөн ард түмэн шийдэх эрхтэй. Эндээс юу гэж ойлгогдож байна вэ гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эцсийн шийдвэрийг ард түмэн гаргах бөгөөд тэрхүү эрх мэдлээ хэзээ ч улс төрийн “нүүдлийн шувуу”-нд өгч болохгүй. Үүгээр ч зогсохгүй иргэдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх олон арга зам бий тухайлбал: тодорхой тооны иргэдийн гарын үсгээр хууль санаачлах эрх мэдэл, хуульд хориг тавих эрх мэдэл, хариуцлага алдсан УИХ-ын гишүүнээ эгүүлэн татах эрх мэдлээр хангах нь зүйтэй гэж боддог. Хуулийг санаачлах болон хориг тавих эрх зөвхөн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид байдаг юм биш. Иргэд нь ийм эрх эдэлдэг улс орнууд бий. Үндсэн хуулиа ард түмэн манах нь үндэсний аюулгүй байдлын баталгаа болно.

-АИХ-ын депутат байсан хүмүүс парламент  хоёр танхимтай  байх нь зөв гэлцдэг. Гэтэл “Хоёр танхимтай бол Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой” гэж маргах хүмүүс ч бий. Манай нөхцөлд аль нь зөв хувилбар байх бол?

-Манай улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа “Парламентын засаглалд суурилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гээд заасан байдаг. Би үүнтэй 100 хувь санал нэгддэг. Ерөнхийлөгчийн засаглалд шилжих санаархал бол эрх мэдлээсээ салахыг хүсдэггүй зарим нэг Ерөнхийлөгчийн амбиц байсан байх. Товчхондоо нэг хүнийг худалдаж авах гадаад  дотоодын хэнд ч амархан байх шүү.

-Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд олон жил ярьсан  санхүүжилтийг ил болгох шаардлага биелэх бололтой. Ингэснээр намууд бохир мөнгө, элдэв нөлөөнөөс ангижирч чадах  уу, эсвэл?

-Эргэлзээтэй. Улс төрийн намын тухай ба Сонгуулийн тухай хуулийг зэрэг хэлэлцэх боломж нээгдэж буй энэ цаг үед санхүүжилтийг нь нэгтгээд Улс төрийн санхүүжилтийн тухай хууль санаачилсан бол нэг тогтолцоонд оруулж, нэгдсэн хяналт тавих боломжтой болох байлаа. Бид Улс төрийн намын  тухай хуулиар улс төрийн санхүүжилтийг, Сонгуулийн хуулиар сонгуулийн санхүүжилтийг салангид авч үздэг.

Тухайлбал,  Үндэсний Аудитын газар нь сонгуулийн зардлыг хянадаг хэрнээ төсвөөс санхүүждэг намын санхүүжилтэд шууд хяналт тавьдаггүй. Өмнөх дөрвөн  жилд тухай намын санхүүжилтийг хянаагүй Үндэсний Аудитын газарт сонгуулийн үеэр хяналт тавихад хүндрэл учрах нь гарцаагүй. Мөн АТГ сонгуулийн үеийн мөнгө угаах үйлдэл, авлигын хэрэгт хяналт тавьдаггүй. Энэ маш буруу. Сонгууль бол төрд орох үүдэн хаалга. Энэ хаалгаар авлига төрийн түшээдтэй хамт улс төрд ордог. Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиа гацаанаас нь гаргах хэрэгтэй байна. Авлига бол дотроосоо мэдээлж байж илэрдэг гэмт хэрэг. Эс бөгөөс дорвитой өөрчлөлт орохгүй. 

-Улс төрийн намуудын хариуцлагатай холбоотой хуулийн заалтууд хэр оновчтой болсон гэж үзэж байна?

-Улс төрийн намын тухай хуулиар төрийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, улмаар хариуцлага, хяналтын тогтолцоотой уялдуулсан. Хариуцлагын олон сайн заалтууд тусгагдсан байна. Бүртгэдэг байгуул­лага нь хянадаг, хянадаг бай­гууллага нь хариуцлага тооцдог зарчмыг хэрэгжүүлэх үүднээс Улсын Дээд шүүхийн хийж чаддаггүй байсан олон ажлыг СЕХ-нд хариуцуулсан. Товчхондоо СЕХ-оор дамжуулж төрийн санхүүжилт очдог, СЕХ-д намууд тайлангаа илгээдэг, зөрчил, дутагдалтай бол төрийн санхүүжилтийг хасах, сонгуульд орох эрхийг түдгэлзүүлэх, идэвхгүй төлөвт шилжүүлэх гэх мэт  хариуцлагын шинэ механизмуудыг оруулж ирсэн нь сайн хэрэг. Гэхдээ СЕХ-ны гишүүдийн томилгоо хараат хэвээр үлдэж байна. Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хорооны есөн гишүүний тав нь орон тооны болж байна.

Нийт есөн гишүүний хоёрыг Ерөнхийлөгч, тавыг УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг нь Улсын дээд шүүх санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Бүрэн эрхийн хугацааг дахин зургаан жилээр сунгадаг нь томилгооны хараат байдалд оруулах үндэслэл болдог хэвээр үлджээ. Гишүүдийн 3/2-ыг сонгуулийн үр дүнд байгуулагддаг институциуд дэвшүүлэх эрхтэй байна. Мөн хорооны гишүүд дотроос УИХ-ын даргын санал болгосон хүнийг УИХ-аас баталдаг нь ашиг сонирхлын зөрчлийг дагуулж байна.

-Ер нь намуудтай холбоотой хандив, татвар, мөнгөний асуудлыг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Гишүүний татвар бол маш үнэ цэнэтэй. Татвар нь гишүүдийн улс төрийн итгэл үнэмшил, оролцооны баталгаа болдог. Гишүүдийнхээ татварыг цуглуулна гэдэг итгэлийг цуглуулж байгаатай адил. Гишүүдийн татвараа цуглуулж чаддаггүй нам татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжих эрхгүй гэж хэлмээр санагддаг юм. Хуулийн төсөлд гишүүний татвартай төрийн санхүүжилтийг уялдуулсан бодлого байхгүй байсан. Уул нь бидний санал болгоод байгаа Герман Улсын нам гишүүдийнхээ татвар ба хандивын нэг евро тутамд 0.50 еврог төрийн санхүүжилтээр дүйцүүлэн авдаг зарчмыг оруулах нь ач холбогдолтой. Ер нь төрийн санхүүжилт бол намыг татвар, хандиваа цуглуулж сургаж улмаар санхүүжилтийн хувьд хараат бус байлгах зорилготой юм шүү дээ.

Түүнээс биш гишүүд нь татвараа төлдөггүй гээд татвар төлөгчдийн мөнгийг май гээд өгөх бус.Хуулийн төсөлд орсон төсвөөс намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ гишүүний ба сонгуульт гишүүний татвар, иргэний өгсөн хандиваас хоёр дахин их эсхүл түүнээс илүү гарч болохгүй гэсэн заалт их эргэлзээтэй харагдаад байна. Төсвийн санхүүжилтийн зорилго гишүүний татвар ба иргэдийн ялангуяа олон хүнээс бага хэмжээний хандив авахыг хөхиүлэн дэмжих ёстой байтал бид яагаад хязгаарлалт болгоод байдаг билээ. Ингэснээр төрийн санхүүжилтээ алдахгүйн тулд намууд хандив авахаа хязгаарлах байдалд орчих вий гэсэн болгоомжлол төрж байна.    

-Нөгөө талаар, эмэгтэйчүүдийн квотыг 50 хувь болгоно гэж байна. Ингэснээр гарч ирэх эерэг сөрөг талыг та юу гэж үзэж байна. Олон нийтийн зүгээс  УИХ-д гарсан зарим эмэгтэй гишүүдийн авир байдалтай холбож “энэ хэд шиг юм олширвол яах юм бэ” гэж шүүмжлээд байна шүү дээ?

-Энэ тухай би сонсоогүй юм байна. Хуулийн төсөлд 40 хувь гэж оруулж ирсэн байгаа. Хууль батлагдах явцад буурах вий гэсэн болгоомжлол байна. Хүйс заасан квот бол төлөөллийн хувь хэмжээний босго шүү дээ. Хүн амын 51 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд УИХ-д хамгийн багадаа 30-40 хувийн төлөөлөлтэй байх нь зүйн хэрэг. Ингэж байж эмэгтэйчүүд, эхчүүдийн ашиг сонирхлыг хамгаалсан хуулиуд батлагдана. УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүдтэй холбоотой асуудал бол хувь хүний асуудал. Өөрөөр хэлбэл, үүнээс шалтгаалж хүйсийн тэгш эрхийн квотыг нэмэхгүй байх шалтаг хайх нь үндэслэлгүй. Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай ёс зүй, мэдлэг чадвартай хүнээ нэр дэвшүүлэх үүргийг нам хариуцах ёстой бөгөөд ярилцлагын эхэнд дурдсан шиг итгэл үзүүлж чадахгүй бол импийчмент хийдэг эсхүл сонгогчид эгүүлэн татах эрхтэй байх нь зөв болов уу.   

-Та сонгуулийн “Цагаан технологи”  гэсэн гарын авлага бэлдэж байгаа гэсэн. Улс төрийг цэвэр, шударга болгох тухай зорьж байгаа бол яагаад заавал эмэгтэй нэр дэвшигчдэд  зориулсан гэж онцлох болов?

-Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих төслийн хүрээнд хийгдэж байгаа тул эмэгтэйчүүдэд зориулан хийх захиалга авсан юм. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд улс төрд орохдоо шинэчлэгч байгаасай гэж би хүсдэг. Өнөөгийн сонгуулийн бохир технологи, луйвар, мөнгөний өрсөлдөөнийг таслан зогсоож, бодлого ярьж өрсөлдөх залуу эмэгтэйчүүдээ бэлтгэх цаг болсон байна. Гэхдээ эрэгтэй нэр дэвшигч ч гэсэн гарын авлагыг хэрэглэж болно шүү. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bujin(94.239.109.128) 2023 оны 05 сарын 02

Ene nogoo Enkhboldiin ehner mun u

0  |  0
Зангараг(204.111.170.39) 2023 оны 05 сарын 02

Үндсэн хууль бол монгол хүн нэг бүрийг дээдэлж эрх чөлөө , энх тайван, эдийн засгийн бие даасан байдлыг хангаж өрх гэрийн өөдрөг чинээлэг байдлыг хангадаг байх ёстой.

0  |  0
Зочин(66.181.187.235) 2023 оны 05 сарын 01

СОСОРМАА ЮУ МЭДДЭГ ЮМ ЭЛБЭГДОРЖИЙН ХҮҮХЭН

0  |  0
Зочин(66.181.179.203) 2023 оны 05 сарын 01

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг бүх нийтийн санал асуулгаар л шийддэг болсон цагт бид жинхэнэ Улсын эзэн гэдгээ мэдрэх байх

0  |  0
Зочин(139.5.219.20) 2023 оны 05 сарын 01

Иш балай минь: Монгол Улсад хүний эрх гэгч юм чинь хэтэрсэн үү гэхээс багадаагүй. Харин Үндсэн Хуульд нэмэлт оруулая гэвэл: Сосормааг латин Америкт байнга Элчин сайд болгох гэсэн заалт л хэрэгтэй.

0  |  0
Зочин (192.82.70.172) 2023 оны 05 сарын 01

Хүүхдийн эрх хүний эрхээр хоололсон балиар хувалз

0  |  0
zochin(192.82.80.211) 2023 оны 05 сарын 01

khutsaad l , erkh chuluu ni khetreed baina

0  |  0
zochin(192.82.80.211) 2023 оны 05 сарын 01

khutsaad l , erkh chuluu ni khetreed baina

0  |  0
Top