Нэгэн суманд дарга тогтохгүй, тогтсон нэг нь дандаа муйхар мулгуу, муруй хазгай, чадвар чансаа мөхөс, шунал гэж тулам, шулуун шударгыг тас хяргадаг, ажил хийх нь бантан, арга барил хангалтгүй, зан харьцаа адасга, хажуудахдаа ханамжгүй, зангидах захиргаадах нь хэтэрсэн зангараг далайц тааруу, архинд дурламтгай, авлига авахдаа гаршмал, адтай муухан, алдар хүндэд дурламтгай, мэдлэг чадвар тааруу ийм нэгэн даргаар ирээд л аандаа ард түмэндээ гологдож, гоочлогдоод нэг л мэдсэн даргагүй болчихдог нь гэм биш зан болсон юм байж.
Олигтой өөдтэй, чадвар туршлагатай, дүн нуруутай, хүнлэг ажлын арга чадвартай нэгэн даргаар ирээд ч тэр суманд бас тогтох нь удаан биш, нэг л мэдэхэд нөгөө сайн гэх хүн ч бас л яваад өгдөг байж. Сүүлийн 20 жилд 35 дарга ийн солигджээ.
Тэгээд арга ядахдаа зэргэлдээ сумаас тэр суманд ирж суурьшаад бараг л сумын уугуул шахам болсон тракторын жолооч асан хүнээр даргаа тавьж дээ. Ер нь өөр газраас ч эсвэл чадвар мэдлэгтэй нь ч тэр суманд очиж дарга хийхээс цааргалдаг байж. Ингэж даргаар цангасан сум тракторчин даргатай болж.
Хөгжил султай сум төсөв хөрөнгийн бүрдэл, боловсон хүчин хүний нөөцийн бүтцээр улам дорджээ. Аймгийн удирдлага ч тэр суманд анхаарал тавих нь хомсдож, зоргоор нь хаясан гэж байгаа. Энэ ер нь юунаас болоод ийм байдалд орсныг хэсэг судлаач очиж зориуд судалгаа хийхэд, “улс төржилт” гэдэг өвчнөөр тэр сумын насанд хүрсэн хүний 3/2 нь бүрэн өвчилсөн гэх онош тавигдаж, эцэстээ эрүүл ухаантай сайн хүмүүс нь хот хүрээ бараадаж, шилжилт хөдөлгөөн гэх өвчинд давхар нэрвүүлсэн гэнэ лээ. Одоо тэр сум дарга хайж байна. Одоо ч гэсэн энэ суманд мэргэшсэн даргагүй хэвээр.
Ц.ЯДАМСҮРЭН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )