Б.Түвшинтөгс: Эдийн засгийн өсөлт 2023 оны төгсгөлд 5-6 хувьд хүрэх боломжтой

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

"Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн"-гийн захирал, Доктор Б.Түвшинтөгсөөс эдийн засгийн өсөлт, нөлөөллийн талаар байр суурийг нь сонирхлоо.


-Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 оны эхний улиралд 4.5 хувийн өсөлттэй гарсан. Энэхүү эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд нөлөөлж байгаа нь мэдэгдэж байна уу. Эдийн засагч хүний хувьд хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн идэвхжилт өндөр байх тусам ажил эрхлэлт өндөр түвшинд байдаг. Ажилгүйдэл бага түвшинд байдаг. Ажилгүйдлээс гадна хэрэв эдийн засаг хүндрэх юм бол хүмүүсийн ажиллах цаг нь буурдаг. Эдийн засгийн идэвхжил сайжрах тусам хүмүүсийн ажиллах цаг нь нэмэгдэж, бүтэн болдог.

Зөвхөн ажилгүйдлээр хэмжихгүй, ажиллах цагаар бас хэмждэг. Зөвхөн энэ утгаараа авч үзэх юм бол хүмүүсийн орлогод ажил эрхлэлтээрээ дамжиж эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх учиртай. Сүүлийн үед ажилгүйдлийн түвшин нам дор байгаа. Эдийн засаг хүндрэлтэй үед ажилгүйдэл өсдөг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Аж ахуйн нэгжүүд ажиллах цагаа багасгачихдаг. Харин эдийн засаг идэвхжихийн хэрээр ажилгүйдэл буурч, ажиллах цаг нэмэгддэг. 

-Цар тахлын үед ганц Монгол Улс гэлтгүй дэлхий нийтээрээ эдийн засаг хүндхэн байсан. Одоо эдийн засаг эргээд сэргэж байгаагийн гол шалтгаан, нөхцөлийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Монгол Улсын эдийн засгийн 20 орчим хувь нь уул уурхайгаас хамаардаг. Энэ бол шууд тооцоход юм. Харин шууд бусаараа бол бидний тооцоолсноор 10 орчим хувь нь уул уурхайгаас шууд хамаарч байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн 30 орчим хувь нь уул уурхайн салбараас хамаарч байна гэсэн үг. Энэ ч утгаараа уул уурхайн салбар нь өсөлттэй байх юм бол эдийн засаг өсөлттэй байна. Уул уурхайн салбар зогсонги байдалд байх юм бол эдийн засаг нь түүнийгээ дагаад зогсонги байдалд шилждэг. Үндсэндээ ийм шинж чанартай явж байгаа гэж ойлгож болно.

Хэрэв та нар анзаарч байгаа бол өнөөдрийн байдлаар уул уурхайн салбар өсөлттэй явж байна. Ялангуяа өмнөх онтой харьцуулах аваас нэлээн хурдацтай өсч байна.

Үүнийг нүүрс дээр бид харсан. Нүүрс өөрөө тээвэрлэлт ихтэй, овортой бараа учраас эдийн засаг хүндрэхэд зогсдог. Эдийн засаг сайжрахад идэвхжил нь улам ихэсдэг. Дагаад тээвэрлэлийн салбар нь идэвхждэг шүү дээ. Зөвхөн энэ оныг авч үзэхэд анх төлөвлөж байснаасаа гуравны нэгийг нь эхний гурав, дөрвөн сардаа төлөвлөсөн хэмжээнээсээ их хийчихсэн байна.

Тэгэхээр нүүрсний салбар нэлээн өсөлттэй явж байгаа. Тийм ч учраас эдийн засаг энэ оны хувьд бол олон улсын байгууллага болон манайхны таамаглаж байгаа шиг өсөлт 5.6 хувийн өсөлттэй байх боломжтой гэж харж байна.

-Засгийн газраас эдийн засгаа сэргээх олон арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэхдээ уул уурхайн салбараасаа хэт хамааралтай улс, орон баялгийн хараалд өртөх нь элбэг байдаг шүү дээ?

-Бид борлуулсан нүүрсээ өрсөлдөхүйц үнээр зарж чадаж байвал тэрийг нь дагаад орлого л өснө гэсэн үг шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа, уул уурхайд суурилсан эдийн засгийн нэг сул тал нь баялгын хараалд өртөмтгий байдаг. Баялгийн хараал гэдэг нь хууль, дүрэм, журам болон гэрээний хэрэгжилт муутай, авлигалд өртөмтгий байдаг. Ийм байх тусам улс орон уул уурхайн салбараасаа өгөөжийг нь хүртэж чаддаггүй. Хэрэв эсрэгээрээ байх юм бол уул уурхайн салбараасаа өгөөжөө авч, бусад салбараа хөгжүүлэх боломжтой.

-Монгол Улсын Засгийн газраас “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайтай тэмцэж байна. Хэрэв дээрх зүйлс  үр дүнгээ өгөх юм бол эдийн засагт яг ямар нөлөө үзүүлэх вэ?

-Зөвхөн энэ ажиллагаанууд үр дүнгээ өгсөн ч яг өргөс авчихсан юм шиг болж чадахгүй. Бид маш олон орны судалгааг харж байгаа. Институци чинь суурь асуудал байдаг. Институци сайн байна гэдэг нь ганц, хоёр үйл ажиллагаагаар сайжрахгүй. Гэхдээ сайжрах үндэс суурийг нь тавьж магадгүй.

Өөрөөр хэлбэл, авлигад өртөмтгий, хууль дүрэм хэрэгждэггүй байвал ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь тодорхой болж ирнэ. Энэ хариуцлага тооцдог механизмийг суурилуулах юм бол инстетуци сайн бүрдэх тэр тогтолцоо руугаа орно гэсэн үг. Тэр утгаараа энэ арга хэмжээнүүд ач холбогдол маш өндөр. Манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд өндөр байлаа.

ВИДЕО ҮЗЭХ!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.186.106) 2024 оны 01 сарын 22

ХҮНИЙ ҮГИЙГ ДАВТАЖ ХУДЛАА ЧАЛЧАГЧ, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ИНГЭЖ Л ХЭЛЖ БУЙГ ТОТЬ ЛУГАА ....

0  |  1
Top