-Үндсээр нь өөрчлөх үү, өнөөдрөөр нь үлдээх үү?-
ОРДООР НЬ АВДАГ ОРДНЫ ХУЙВАЛДААН
МАНАН-гийн мөнгөний эзэд, 30 гэр бүл, олигархи бүлэглэлүүд төрд захиалга өгч, Монголын өрмийг 33 жил хамаад, монголчуудад хумсыг нь үлдээж ирсэн. Жишээ нь, МАК компани аль социализмын үе 1965 оноос эхлэн хайгуул хийж олсон Цагаан суваргын ордыг авахад 20 кноп хангалттай байсан. Гоёлын дээл, бөх, морь, төхөөрөх хониндоо анхаарсан наадмын өмнөх үеийн 2014 оны долоодугаарр сарын 1-нд УИХ 40 орчим гишүүний ирцтэй хуралдаж, 20 гаруй кнопоор 54-р тогтоол баталж, Цагаан суваргын ордыг Б.Нямтайширын гэр бүлд “бэлэглэсэн” юм.
Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай УИХ-ын тогтоолыг энд дарж Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай (legalinfo.mn) үзнэ үү!
Бүхэл бүтэн орд бэлэглэх тэр 20 гаруй товчлуурыг дарсан гишүүдийн нэг нь Нямтайширын Номтойбаяр өөрөө. Оюутолгой, Эрдэнэтийн дараа орох зэс, алтны ордоос төр багадаа 34, цаашилбал 51 хувь нь эзэмших эрхтэй байсан. Учир нь 1965-1967 онд эрэл үнэлгээ, 1977-1978 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд улсын хөрөнгөөр нарийвчилсан хайгуул хийсэн учир төр дор хаяж, 34 хувь эзэмших хууль ёсны эрх ингэж алдагдсан. МАК нэмэлт хайгуул хийсэн нь үнэн боловч таваглахад бэлэн загсаачихсан өрөм хамсан. 240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэс, 11 тонн алтны нөөцтэй “өрөм”-ийн тухай ярьж байна. Өрөм нь 30 гэр бүлд, хусам нь 3,4 сая хүнд оногдож ирсний ганцхан жишээ.
Энэ мэт Монголын алдагдсан боломжууд УИХ-ын Байнгын хороогоор эхэлж ороход 3-4 кноптой байхад л захиалгатай хууль батлагдах зам нээгддэг. 11 гишүүнтэй Байнгын хорооны 6-гаар ирц нь бүрдээд, 3-4 кноп хураачихсан байхад л захиалгын хуудас бөглөгдөнө. Нэмээд 16-17 гишүүнтэй тохирсон бол сарвайсан болгоноо бүх монголчуудын өөдрөг ирээдүй, тэгш боломжтой нь хамт булааж авч чаддаг юм. Чуулганы танхимд бие нь эзгүй ч нэгэндээ картаа өгөөд явуулдгаар тооцвол бүр цөөхөн кноп хэрэгтэй. УИХ 152 гишүүнтэй болохыг жадлан эсэргүүцэж байгаа Ц.Оюунгэрэл чуулгандаа суугаагүй 6 хүний картыг өмнөөс нь уншуулж, захиалга авсан зоогийн газрын үйлчлэгч шиг ширээ хооронд гүйж яваа бичлэгийг Та эндээс үзэж болно.
https://fb.watch/kdH8Wz4eCD/?mibextid=kdkkhi
Цагаан суварга бол алдагдсан орд газрууд, өнгөтэй өөдтэй өмч хөрөнгүүдийн жагсаалтын зөвхөн нэг нь юм. Худалдагдсан төрийн хуйвалдаанаар алдагдсан орд газрууд, өнгөтэй өөдтэй өмч хөрөнгийг жагсаавал олон боть ном болно. Энд жишээ болгож 60 шахам жилийн өмнөөс улсын төсвөөр хайгуул хийгдсэн Цагаансуваргын орд газар хэрхэн хуульчлагдсан хулгай болж алдагдсаныг жишээ болгон хөндлөө.
ТӨРИЙН ОРДОН ДАХЬ CHINA TOWN
“Шин-жиан шин фа” ХХК-ийн 51 хувийг эзэмшигч, Вү Ж гэх хятадыг 2021.09.07-нд 4 этгээд хутга тулган зодож, зам барих концессын гэрээнээс татгалзах хуурамч бичигт хүчээр гарын үсэг зуруулж, шадар сайдад хаяглан явуулсан хэрэг гарсан. Хохирогч Вү Жи энэ 4 этгээдийг Сун Гуанчен явуулсан гэж шууд заадаг. Харин Сун Гуанчений ард Дашинчилэнгийн замын концессыг нь авахаар албатуудаа барилгын талбай дээр нь 6 сар байлгаж дарамталсан УИХ-ын нэг гишүүн бий, нэрийг нь хэлэхээс айж байна гэж мэдээлсэн.
Сун Гуанчен гэгч хятад Төрийн банкнаас 20 тэрбумыг зээлдсэн хэргээр ял эдлээд суллагдсан өдрөө албадан гаргагдах ёстой ч Монголын хуулийг дэвсэлж, тусгаар улсын шадар сайдад хаягласан хуурамч бичигт хүчээр гарын үсэг зуруултлаа оодорч байна.
УИХ БОЛ БАГА АРД ТҮМЭН ГЭДЭГ ОНИГОО
Энэ гоё үг өнөөдөр бол онигоо. Баталж ядах юмгүй. Зүгээр л сонгосон гишүүдээ зурагтаа асаагаад харчих! Ард түмэнтэйгээ адилхан байна уу? Одоогийн УИХ бүү хэл сүүлийн 20 жилийн бүрэлдэхүүн дотор түмний нэг, цалингаараа амьдардаг девтаат, ажилчин, малчин, багш, эрдэмтэн судлаач, жинхэнэ ЖДҮчин бүү хэл боломжийн бизнес эрхлэгч, дундаж давхаргын төлөөлөл байхгүй. Угаасаа сонгогдож гарч ирдэг тогтолцоо нь мөнгөнийх учраас тэр юм. Ямар тогтолцоо байна, яг тийм хүмүүс гарч ирнэ. УИХ-ын 8 удаагийн сонгууль, 31 жилд 1992-1996 онд Ц.Намхайнямбуу гэдэг ганцхан малчинтай байж үзсэн юм. Ц.Намхайнямбуу гуай “Халтар царайт”-д хошуурч байх үеийн ганц малчин-гишүүн байж үзсэн нь 30 жилийн өмнөх түүх болж үлджээ. УИХ бага ард түмэн юм бол “улныхан” биш гэхэд дундаж давхаргынхан, эмч, багш инженерүүд, эрдэмтдийн дуу хоолой дугуй танхим дотор гарч, хууль тогтоолцож, ард түмнийг төлөөлж байх ёстой.
Улаанбаатарын хүн амын 60 хувь болсон гэр хорооллын иргэн энэ тоглоомын дүрмээр бол хэзээ ч гишүүн болохгүй. Багадаа 3-5 тэрбумын зардалтай сонгуульд гэр хорооллын иргэн, жинхэнэ эрдэмтэн, шударга сэхээтэн мөнгө байсан ч өвчин туссан юм шиг муу нэртэй, муухай имижтэй гишүүн болохын төлөө хэдэн цаасаа үрэхгүй. Тавилттай зургаа сошлоор бүүстлэхгүйгээр автобусаар ажилдаа ирдэг, хүнс, барааны үнэ ханш мэддэг, “Приус” унадаг, Нарантуул захаас зангиа авахаас ичдэггүй гишүүн хайгаад үзээрэй.
Сүүлийн 20 жилийн УИХ бол хурдан морины эздийн төлөөлөл. Хулгайн мөнгөө угааж морины жүчээ болгодог хүмүүс. Хэрэглээгээр нь хэн болохыг нь таних хамгийн амархан. 9911…, Lexus, G-class, Burberry, LV, Hugo boss… Ард түмний төлөөлөл мөн үү?!
Үндсэн хуулиар иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Хэрэгжихгүй худал заалт уншиж байснаас мөнгөтэй нь сонгогдох эрхтэй, мөнгөгүй нь сонгох эрхтэй гэж биччихмээр байдалд хүрсэн. Мөнгөөр гардаг учраас мөнгө хөөх нь аргагүй. Намын тамга атгах яагаад үнэтэй вэ? Нэр дэвшүүлэх эрх ашигт малтмалын “А” лиценз шиг зарагддаг учраас үнэтэй. 1992 онд Үндсэн хууль баталж байснаас хойш 55 дахин 30 төсөв мөнгө шийдэж кноп дарж байна. 76 гишүүнтэй байхад тоо толгойн хувьд яг таарна гэж тогтоосон тэр үеийн улсын төсөв өнөөдрийн нүүрсний нэг хулгайчийн гэрээс гарч ирж байна. “Эрэл”-ийн Д.Эрдэнэбатын Хөгжлийн банкны өрөөс бага. Хүн ам бараг 2 дахин өссөнөөс гадна шийддэг төсөв мөнгөнийх нь хэмжээ 55 дахин өсчихөөд байна.
10 СОНГОГЧИЙН 3-ЫНХ НЬ САНАЛААР ДАРГА БОЛДОГ ГАЖИГ
Яагаад 76 “мал” болдог вэ? МАН 2020 оны сонгуулиар нийт сонгогчдын 45 хувийн саналаар УИХ-ын суудлын 80 хувийг авсан. Мажоритар сонгуулийн гол гажиг санал гээдэг, салхинд хийсгэдэг, хогийн саванд ордогт байдаг. 10 сонгогчийн 6-7 нь ирж саналаа өгдөг. Саналаа өгсөн 6-7 хүний 2-3 нь дугуйлахад гишүүн нэртэй дарга болдог. Талаас илүүг нь салхинд хийсгэчихдэг учраас санал хураалт уу, санал хаялт уу? Санал хаялтаар гишүүн болсон хүн эхний өдрөөсөө итгэл хүлээдэггүй. Саналаа өгөөгүй, өөр хүн сонгосон нөгөө 6-7 хардаж сэрдэнэ.
Эргэн тойрноосоо асуухаар саналаа өгөөгүй нь олон байдаг. 40 сурагчийн олонхынх нь биш цөөнхийнх нь саналаар ангийн дарга болсон хүүхэд удирдаж манлайлж чадах уу? Санал тооллогын хар машинаа хардана. Хар машинаа цагаанаар будаад ч нэмэргүй. Сонгууль бүрийн дараа л гараар тоолдог боловч нэг ширхгээр зөрсөн тохиолдол гарч үзээгүй. 2020 оны УИХ-ын сонгуулиар Дарханд бие даагчийн гомдлоор гараар тоолоод, одоо л хар машины но илэрнэ гэсэн нэгээр ч зөрөөгүй. Гомдол гаргасан бие даагч өөрөө хүлээн зөвшөөрсөн боловч олон нийтийн хардлага хэвээрээ үлддэг. Иргэн нь итгэхгүй төр хүчгүй. Итгэлийн тулгуургүй төр хүчгүй байх нь 30 гэр бүл, бүлэглэлүүдэд, дарга нартай нь наймаа панз үсэргэх хүсэлтэй данжаад нарт ашигтай. Дэлхий цаг төрийн үймээнтэй энэ үед үндэсний аюулгүй байдлын хувьд ч дархлаагүй
152…
УИХ-ын 152 болох нь зөвхөн тооны биш чанарын өөрчлөлт юм. Тойрогт 3-5 тэрбум төгрөг зарлагадаж гардаг дүрмээр 152 болохгүй. 76 “мал”-ын тоо толгойг 152 болгохгүй гэсэн үг. Учир нь зөвхөн одоогийн мажоритар сонгуулиар 152 бүрдэхгүй. 76 нь тойргоос, 76 нь жагсаалтаар сонгогдохоор төсөлд тусгасан. Нийгмийн янз бүрийн төлөөллийнхөн намуудын жагсаалтад бичигдэж, төлөөлөх чадвар, нэр хүнд, мэдлэг боловсролоороо УИХ-ын гишүүн болцгоох боломж нээгдэнэ. Намууд ялагдахыг хүсвэл нэр нүүргүй хүмүүс жагсаана. Ялахыг хүсвэл нэр нүүртэй, нийгмийн төлөөлөл болсон нэрсийн жагсаалтаар гоёно. Товчхондоо нэр дэвшигчид нь намын ард биш, нам нь нэр дэвшигчдийнхээ ард бичигдэнэ гэсэн үг. Намууд хүн нуухаар нэр хүндтэй биш байгаа нь ч хэн бүхэнд ил байна.
Хамгийн гол нь 4 кноптой байхад Байнгын хороог, 20 карттай байхад УИХ-ын шийдвэрийг захиалдаг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр төрийн ордон тойрсон өндөр барилга дотор хэдхэн банкны эзэн Монголын хувь заяаг шийддэг олигархуудын хаанчлал зогсоно.
Монголын сонгуульд аль нэг нам биш 30 гэр бүл тасралтгүй ялж эрх барьдгаас үүдэлтэй авлигын ноёрхолд цэг тавих боломж юм. Танай аймгийг 2 биш 4 хүн төлөөлнө гэсэн үг. Аль ч тоглоомын дүрэмд давуу ба сул тал бий. Хүн ам сийрэг, газар нутаг томтой Монголд зөвхөн пропорциональ байвал ард түмний шууд сонгох эрх алдарна. Нэг төсөвтэй, нэгдмэл улсад 76 ноён байхаар тал тал тийш чангааж, улсын бодлого мартагддаг. Хүн ам нь бүгдээрээ цуглаад ч томдох соёлын ордон мэтэд нүүрснээс олсон хэдэн төгрөгийг аваачиж наадаг гишүүд хоёр дахин олон болохгүй.
Тойргоо ч төлөөлдөг нь байна, улсаа бүхлээр нь харж бодлого өрсөлдүүлдэг нь ч байна гэсэн үг. Сонгуульд зарах 5 тэрбумгүй ч Монголоо засах мэдлэг чадвартай олон мянган охид залуус, идэр дунд насныхан жагсаалтыг чимнэ үү гэхээс гутаахгүй. Дэлхийн улс орнууд дунджаар парламентдаа 150 гишүүнтэй байгаа Монголых 2 дахин цөөн байна. Цөөн хүнийг худалдаж авах, хууль захиалах, айлган сүрдүүлэх хялбар. Тэртусмаа өнгө мөнгөний хүчээр гарсан хүмүүс хууль тогтоох эрхээ худалдан борлуулах ашиг сонирхолтой байдаг. УИХ ард түмнээ төлөөлөх биш хурдан морины эздийн клубийн баталж буй хууль нь амьдралд хэрэгжих чанаргүй. Мах, талхны үнэ мэддэггүй, эмнэлэгт хүн эргэдэггүй навчин тамхины клубийнхний баталсан хууль амьдралд хэрэгждэггүй. Хоёр нам ээлжилдэггүй, олон өнгөтэй, 3-5 намын төлөөлөлтэй, салбар, салбарын манлайлагчид, нийгмийн бүлгүүдийн дуу хоолой бүхий олон өнгөтэй парламентын хэлэлцэн баталсан хууль амьдрал хэрэгжих баталгаа нь илүү.
ҮНДСЭН ХУУЛЬ ТОРГОНД ОРООЛТТОЙ, ТОЛГОЙ ДЭЭР ЗАЛААТАЙ СУДАР МӨН ҮҮ?
Эрдэмтэн судлаачид зурагтаар ярьж байна:
-“Үндсэн хууль бол нийгмийн гэрээ юм…
-Гэрээ юм бол яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ? Энгийн асуулт. Гэрээ байгуулагч иргэдийн хувьд 30 гаруй жил хэрэгжээгүй бичиг баримтад гараа ч хүргэж болохгүй юм уу? Үндсэн хууль бол үндэс, үндсэн эрх. Өнөөдөр бүх зүйл үндсээрээ ОК байна уу? Өнөөдөр шувуу хүртэл буруу дэвээд байх шиг санагдаж байгаа бол өөрчлөх ёстой биш үү? Хогийн ургамлыг үндсээр тасалж, хөрсийг нь эргүүлэх үү, ишийг зулгаачхаад явж байх уу амрах уу? Үндсээр нь өөрчлөх үү, үр дагавартай нь тэмцэх үү?
Үндсэн хууль торгонд баринтаглаж, толгой дээрээ залаад, сунаж мөргөдөг судар тарни биш. Будда миний сургаалд эргэлзэн шинжлээд итгэл үнэмшил төрвөл даган баримтлаарай гэж захисан байдаг. Англи хэлний сурах бичгийг уншиж судлахгүйгээр торгонд ороож мөргөөд, TOEFL-ийн шалгалтад 120 оноо авахгүйтэй адил. Үндсэн хууль хэдэн ч удаа өөрчилж болдог баримт бичиг. Герман дэлхийн 2 дугаар дайны үнс нурман дундаас өндийн босохдоо Үндсэн хуулиндаа 59 удаа гар хүрсэн. Герман чанар ингэж бүрджээ.
Япон улс төрийн тогтолцоондоо гарсан гажгийг дор нь мэс засал хийж эмчилдэг. 1988 онд Recruit гэх дуулиант хэрэг дэгдсэн нь манайхаар бол Хөгжлийн банк, нүүрсний хулгай. Хөгжлийн банк, нүүрсний хулгайчийг барихаас гадна хулгай хийх боломжийг нь тасалдаг. Япончууд яг хийсэн яс шиг айхтар улс. Бидэн шиг 7 хоног цаазал, дүүжил гэж коммент бичиж гомдлоо тайлаад мартчихдаггүй. Улс төр дэх мөнгөний нөлөөг засах багц хууль баталчихсан юм байна. Японы улс төрд бохир мөнгөний үнэ ханш ингэж унажээ. Өнөөдрийн биднийх шиг тойргоос шууд сонгогддог мажоритар тогтолцоотой байснаа холимог болгож өөрчилжээ. Японы Төлөөлөгчийн танхимын 475 гишүүний 295 нь мажоритар, 180 нь намын жагсаалт бүхий пропорциональ системээр сонгогддог болсон байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн нам, УИХ-ын сонгуулийн тухай хууль бол улс төрийн тогтолцооны тулгын гурван чулуу юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө 6-р сарын 20-ны дотор хэлэлцэн батлахгүй юм бол ахиад багадаа 4, 8, 12 жил өнөөдрийн бахь байдгаараа үргэлжилнэ. Алдагдсан боломжийн өртөг гэдэг бол хүн бүхний илүү сайхан ирээдүйг булааж авсан үр дагавар шүү дээ.
Өнөөдөр үндсээрээ зөв байна уу, буруу байна уу? Өнөөдөр улс төрд сэтгэл хангалуун байгаа бол өөрчлөх хэрэггүй. Үндсээрээ болохгүй байгаа бол үндсээр нь өөрчлөх л хэрэгтэй.
Н.ЭГШИГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
үнэн мэдээлэл бичээчээ өөрийнхөө үзлээр худлаа юм бичих юм мэддэг ч юм шиг\n
Гишүүдийн тоог нэмнэ гэж Доржханд,МАН, АН ёстой балайтаж байна. Тоог нэмбэл хулгай арилна, гишүүд гадаа дотоодын хүчнүүдэд худалдагдахгүй үндэсний аюулгүй байдал хамгаалагдана ч гэх шиг үлгэр ярьж маниусын толгойг угаана гэнээ. Бүх ард түмний санал асуулгаар олон түмэн ҮХНӨ оруулах шаардлгагүй гэсэн дүгнэлт санал өгсөн биз дээ