НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг лхагва гаригт (2023.05.03) 30 дахь жилдээ ёслов.
Ёслов гэж дээ, энэ бол баярын өдөр биш. Соёлын төв өргөөнд чуулж бие биеэ харж баясаад, тэмдэг зүүж алга ташаад, орой энд тэнд цугларч шоуддаг өдөр бүр биш. Өчигдрийн хувьд ингэх ч утгагүй байв. Угаасаа хэвлэлийн эрх чөлөөг чөдөрлөж, амыг нь хамхих гэсэн бүхэнтэй тэмцэх нь энэ өдрийн зорилго болж байна. Энэ удаа МСНЭ үүнийг жинхэнэ утгаар нь харуулж хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах акцыг Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Яагаад гэж үү?
Олон улсын Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргасан мэдээгээр Монгол Улс чөлөөт хэвлэл мэдээллийн үзүүлэлтээр 2021 онд 71.08 оноогоор 68 дугаар байрт явснаа 2022 онд 59.17 оноо авч 90 рүү урууджээ. Харин энэ жил 88-д орсон юм байна. Дэлхийн 180 орны гол дунд, дээшлэхээсээ доошлох нигуртай замдаа явна. МУИС-иас гаргасан судалгаагаар 2019-2022 оны хооронд 35 сэтгүүлч ял авчээ. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллээр 2019-2023 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13,14 дүгээр зүйл ангиар 301 сэтгүүлчтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн 199-ийг нь шалгаснаас 146-г хэрэгсэхгүй болгож есөн хэргийг нэгтгэн долоог шүүхэд шилжүүлжээ. 2020-2021 онд МСНЭ-д таван сэтгүүлчийн бие махбодод халдсан тухай гомдол ирснийг хуулийн байгууллага эрүүгийн хэрэг нээхээс татгалзан хэргийг хаажээ.
Иргэдийн мэдэх эрхийн төлөө явсан сэтгүүлчдийн талд бус, тэдний эрхэд халдагсдын талд үйлчилсэн гэсэн үг. 2021-2023 онд Хүний эрхийн үндэсний комисс хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой 14, жагсаал цуглаан хийх эрхтэй холбоотой 22, мэдээлэл хайх, хүлээн авахтай холбоотой 10 гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн байна. Өчигдөр буюу Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хүртэл байцаалт өгсөн сэтгүүлч нэг биш байв. Тэднийг яллах, торгох үндэслэл тун хөгийн. Наад зах нь “Гадаадад 13-хан удаа явсан байхад 15 гэлээ”, “Кувейттэй хуульд үл нийцэх наймаа хийснийг Арабын нэгдсэн улстай гэж эндүүрч гүтгэлээ” гэх мэт. Уг үндэс нь байсаар атал ийм юмаар л булхайг нь илрүүлсэн сэтгүүлчийг унагах гэж хэдэн сар, жилээр дамнаад хамаагүй хөөцөлдөнө.
Байдал ийм байгаа учир сэтгүүлчид өчигдөр бусдын мэдэх эрхийн төлөө, өөрсдийн бичих эрхийн төлөө дуугарцгаалаа. Нийслэлийн төдийгүй орон нутгаас олон сэтгүүлч ирж акцид нэгдсэн юм. Тэд гартаа “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, Амьсгалах эрх чөлөө”, “Хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрхийн хөшүүрэг юм”, “Сайн засаглал хэвлэлийн эрх чөлөөг боомилдоггүй”, “Хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй бол бусад эрхээ хамгаалах боломж үгүй”, “Төртэй чөлөөт хэвлэлгүй байснаас төргүй чөлөөт хэвлэлтэй байсан нь дээр /Томас Жефферсон/”, “Чөлөөт хэвлэл, чөлөөт нийгэм, Хэвлэн нийтлэх эрх чөлөө байгаа ч чөлөөт хэвлэл алга”, “Үг хэлэхгүй бол үзэл бодол үгүй, Үзэл бодол үгүй бол эрх чөлөө үгүй” гэсэн үг бүхий уриа барьж цугласан юм.
Мөн олон хүн сошиалаар байр сууриа илэрхийллээ. Батсайхан Жигмэд “Хэвлэл мэдээлэл өөрөө эрх чөлөө юм...Хэн нэгэнд мэдүүлдэггүй сэтгүүлчдийн эмнэг унаа юм!” хэмээн ардаг мориноос нь буулгаж хонины хээрт мордуулах гэсэн эрхмүүдэд сануулга өгөв.
“Өдрийн сонин”-ы сэтгүүлч П.Хашчулуун “Удахгүй хэлэлцэх Эрүүгийн хуульд “Гүтгэх, доромжлох” гэсэн заалт орно. Исламын 51 улсад 250 мянган ам. доллар байгаа шонхрыг яагаад холбогдох яам нь 15 мянган ногооноор зарж ирэв. Зөрүү 235 мянган ам.доллар хэний халаас руу орж байна гээд наад зах нь бичихэд л “Гүтгэсэн” заалтаар цагдаа, шорон… Ийм л юм руу эрх чөлөө чинь явж байгаа” гэжээ.
Сэтгүүлч А.Баатархуяг “Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагынханд хамаатай зүйл биш юм. Энэ бол бүх хүний мэдэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Үүнийхээ төлөө хуулийн болон бусад төрлийн, төрийн болон бусад субьектын аливаа ил далд хаалт, хориг, дарамт, шахалтад өртөхгүй байх эрхийн тухай асуудал юм. Энэ бол хүний эрхийн маш чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд оюун ухаант хүн бүрийн эдлэх ёстой эрх мөн. Ардчилсан Монгол Улсын иргэн бүрт хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлж, эрх чөлөөгөө хадгалж, хамгаалахыг хүсье!” хэмээжээ.
Сэтгүүлчид дуртайдаа эрх мэдэлтнүүд, тэдний хамсаатнуудын буруутай үйлдлийг илрүүлж, шүүмжилж, түүнийхээ төлөө шүүх, цагдаад дуудагдаад явдаггүй юм. Тэд танхай балмаддаа нийгмийн хэв журмыг зөрчиж ял авдаггүй юм. Бусдын мэдэх эрхийн төлөө, буруу булхайг уудалж ил гаргасныхаа төлөө, буруу тогтолцоог залруулах гэснийхээ төлөө эрхтэн дархтаны сүрдүүлэгт өртөж, торгууль тохоогдож, амь нас нь эрсдэлд орж, дарамт нухчаанд дарамтлагдаг юм. Ер нь жинхэнэ сэтгүүлч мөн л бол тэр дор хаяж таван удаа шүүхэд дуудагдаж үзсэн байгаа. Энэ бол наад захын тоо. Тийм учраас хэвлэлийн эрх чөлөөг эрээ цээргүй чөдөрлөж, сэтгүүлчдийн амыг хаахыг оролдож, иргэдийн мэдэх эрхэд халдаж, дуртай эрхтэн дархтан нь сэтгүүлчдийг шүүх, цагдаад өгч, торгуулж, хар гэрт хорихоор чичирдэг болсныг, мэдээ, мэдээллийг хааж, зөвхөн дээрээс заасан дууг дуулуулахаар дохиж зангадаг болсныг эсэргүүцэхээс өөр гарцгүй байдалд тулж ирээд байна.
Сэтгүүлчдийн амыг хамхиснаар нийгэмд юу ирэх вэ? Иргэд эрх мэдэлтнүүдийн хийж буй хууль бус бүхнийг мэдэх суваггүй болно. Дээр юу болж буйг зөвхөн цензуртай, гоёж гоодсон, амьдрал сайхан байгаа гэсэн мэдээгээр авч чихээ таглуулна. Энэ нь даамжирч зүгээр л манкурт боол мэт дээдсийн дохисон зангаагаар нэгэн ижил дуу дуулдаг хүүхэлдэй болж хувирна. Харанхуй тогоонд хөмрүүлсэн мэт хуучин хүүгийн амьдралдаа эргэж орно гэсэн үг. Ихэнхдээ хандалтын төлөө явдаг сошиал тийм үүрэг үйцэтгэж чадахгүй. Мэргэжлийн сэтгүүлчид нь сошиалчдаас ялгарч үнэн бодит мэдээллийг олонд түгээн нийгмийг түүчээлж явах цаг хэзээ хэзээнээс илүү болсныг эрх чөлөөний өдрөөр хийсэн хэвлэл мэдээлийн байгууллагын ажилтнуудын акц харууллаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )