Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуучин Д.Болдод яагаад гавьяат цол өгсөнгүй вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18


Зургаан сарын турш “Монгол поп” урсгалаа Монгол даяар сурталчилсан дуучин Д.Болдыг наадмаар гавьяат болно гэцгээж байсан нь талаар болов. Болдод гавьяат өгөх хоёр том гавьяа бий гэх таамаг явж байв. Эхнийх нь мэдээж “Монгол поп” урсгал бөгөөд яах аргагүй зөв, зүйтэй санаачилга байлаа. Гэхдээ Болдын хувьд одоо ярьж эхэлж байгаа болохоос Монгол үндэсний ёс заншил, эх орон, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг уран бүтээлээрээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд Хар сарнай тэргүүлж, Харанга, Ариунаа, Сараа нар бүгдээрээ л 20 жил зүтгэж байгаа билээ. Хоёр дахь нь өнгөрөгч сонгуулиар АН-ыг дэмжсэн цорын ганц урлагийн од хэмээх хүчин зүйл байсан гэж эх сурвалжууд тайлбарлаж байлаа.

Тэрээр Монголын урлаг спорт, улс төр, бизнесийнхэн болоод нийгмийн салбар бүрт тэргүүлэгч 800 гаруй зочдыг нэг дор цуглуулан, цагаан эсгийний ёслол хийж, “Монгол поп” урсгалынхаа хүндэтгэлийн ёслолыг хийсэн. Харин Д.Болд тоглолтынхоо үеэр дуулахаасаа илүүтэй  ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид удаа “хандарсан” нь гавьяат ойртсоны дохио гэмээр ажиглагдаж байсан. Эзэн богд Чингисийн үеэс эсгийг дээдэлж ирсэн ёс заншлаа сэргээж, уламжлал болгохыг уриалан, "Миний хоёр эрдэнэ", "Хээрийн салхитай аялгуу"–гаараа хурсан олныг уяраасан Болдын хувьд ч Ерөнхийлөгчийг “бат араанд” нь хийчихлээ дээ хэмээн найдаж байсан биз. Үнэхээр ч наадмын өмнө ерөнхийлөгч маань Д.Болдод гавьяат цол олгоход болохгүй юм байхгүй гэх ам алдсан сураг дуулдсан.

Улсын Их баяр наадам болдгоороо болж, төрийн ордонд шагналын хур буудгаараа буув. Улсынхаа хөгжилд оруулсан хувь нэмрээ төр засгаараа үнэлүүлэн салбар салбарын гавьяатууд тодроод л. Гэтэл Болдын сураг ч байдаггүй. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ерөнхийлөгчийн ширээн дээр Д.Болдын тодорхойлолт очсон байна.

Хар ухаанаар бодоход ч Харангын Лхагва, Хар сарнайн Амраагийн өмнө Болд гавьяат авбал уран бүтээлийн үнэ цэнэ, уран бүтээлчийн зэрэг зиндаа гэж юм утгагүй болж хувирах байсан биз. Тэгээд ч нам дагасан зохиолын дуучид хар нялхдаа гавьяатын тэмдгийг бөөндөж, төрийн шагналын нэр хүндийг унагааж байсан уламжлалыг манай ерөнхийлөгч залруулсан нь мадаггүй зөв шийдвэр болсон юм биш үү.

Т.Алтаа.

            Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top