Энэ жилийн наадам нар хур тэгш, наадамчид нь баяр хөөртэй сайхан болж өнгөрлөө. Гэвч харамсмаар юм их байна. Бөхчүүдийн найраа одоогоор ил гараагүй ч битүүхэндээ сэжиглэлийн бор шувуухайнууд нисээд эхэлчихжээ. Тэгвэл морьдын айраг, аман хүзүүнд давхисан хурдан хүлгүүд рүү хулгайчууд гэтсэн муу мэдээ чих дэлсэж байна. Наадмын өмнөхөн Гачууртын нэг айлын гурван сайхан хурдан буяныг бүлэг хулгайчууд авч яваад алж орхисон байлаа. Морьдын эзэн тэдгээр хүлгүүдийнхээ толгойг олж аваад цагдаад хандсан боловч гэмт этгээдүүдийг олоогүй. Моринд хайртай унаач хүү нь нулимс хурсан нүдээрээ цагдаагийн ажилтан руу ширтэн “Даанч дээ” хэмээн мэлмэрүүлж байгааг харахад элэг эмтэрмээр байсан. Гэтэл уяачдын наадмын дараахан улсын их баяр цэнгэлийн манлай болсон хурдан хар азарга хулгайд алдагдсан гэнэ. Азарганы уралдааныг хүмүүс сайн санаж байгаа байх. Сүхбаатар аймгийн уяач Ч.Хүсэлтзэлийн хээр түрүүлсэн шүү дээ. Хоёр, гуравт нь “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүүгийн хээр, УИХ-ын гишүүн Ч.Улааны зээрт азарга орж ирсэн. Тэрхүү хулгайч нарын гараар ороод одоогоор олдохгүй байгаа хилэн хар азарга дөрөвт давхисан юм. Төв аймгийн Өндөр ширээт сумын харъяат А.Отгонбаярын адууны унаган хүлэг юм байна. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар бол ер нь сүүлийн жилүүдэд хурдан удмын адууны хулгай нэлээд өсч байгаа гэнэ. Хилэн хар азаргыг сайн мэддэг хүн л хулгайлж авсан болов уу. Хүй долоон худгаас холгүйхэн адуундаа тавиад хоносон шөнө нь хулгайчууд тууж яваад барьж авсан бололтой. Хаа нэгтээ бөглүүдүүхэн газарт хилэн хар азаргыг аваачин маллаж ирэх жилээс үр төлийг нь авах гэсэн шунахай санаатан ч байж магадгүй юм байна.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )