ТВ8 телевизийн “Уулзах цэг” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт уригдан ярилцжээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.
-“Ховд эко цемент” үйлдвэр нээлтээ хийж, ашиглалтад орлоо. Нээлтэд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна гэсэн мэдээ өнгөрсөн сард улс даяар гарсан. Энэ төслийг “Нью прогресс” групп санаачилсан гэсэн. Тэгэхээр энэ бол та санаачилсан гэсэн үг. Энэ үйлдвэрийн тухай ярилцлагаа эхэлье. Ярилцлагын эхэнд нэг зүйлийг анхааруулахад та асуултад ний нуугүй хариулаарай?
-“Ховд эко цемент” үйлдвэр баригдах санаа үндсэндээ 2010-2011 оноос гарсан. 2008 онд би УИХ-ын гишүүн болсон. Миний хамаарал бүхий компаниуд зам гүүр, үйлдвэрлэлийн барилга угсралт зэрэг дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан. Монгол Улсын “ТОП-100” аж ахуй нэгжүүдийн эхний 20-д ордог компани байсан.
Би өөрөө Ховд аймагт төрж өссөн, тэнд ажиллаж амьдарч, бизнесийн гараагаа эхлүүлсэн. Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай бол баруун бүсийн төвөөс алслагдсан аймгууд. Улаанбаатараас алслагдах тусмаа тэр нутагт ажиллаж, амьдарч байгаа ард иргэдийн эдэлж хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг. Тэр үүднээс цемент, бензин шатахуун, гурил будаа гээд бүгд үнэ нь өндөр. Яагаад гэвэл 1500-2000 км тээвэрлэхэд тээврийн зардал нэмэгдчихдэг. Тиймээс алслагдсан бүс нутагт бараа бүтээгдэхүүний үнийг яаж буулгах вэ, тэнд амьдарч буй иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал 2008 онд УИХ-ын гишүүн болсон цагаас миний толгойны өвчин болсон. Ядаж гол нэрийн барааны үнийг бууруулчих юм сан гэдэг үүднээс 2010, 2011 онд цементийн үнийг бууруулахын тулд яагаад үйлдвэр барьж болохгүй гэж гэдэг асуудлыг хөндөж байсан, тэр үед Ховдын ард түмэн бүгдээрээ хамтраад баръя гэсэн саналыг ярьдаг байсан. Гэвч дэмжлэг аваагүй.
Монгол Улс ч гэсэн цемент үйлдвэрлэдэггүй, бүгдийг нь Хятадаас авдаг байсан шүү дээ, тэр үед. 2013-2014 оноос МАК-ийн цементийн үйлдвэр, Монполиметийн үйлдвэрүүд баригдаад эхэлсэн, удалгүй ашиглалтад орсон. Араас нь Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад орсон. Үүнтэй адил бүс нутагтаа үүссэн цементийн хэрэглээг хангадаг болчихлоо. Монгол Улсын цементийн жилийн хэрэглээ 1.5 сая тонн бол үндсэндээ гурван сая тоннын хүчин чадалтай боллоо. Тэр хэрээр гаднаас цемент авахаа больсон. Гэхдээ дахиад Ховд, Увс, Баян-Өлгийд цемент хоёр дахин илүү үнэтэй хэвээрээ байсан. Төрийн гарыг хараад үүнийг хийхгүй юм байна, Ховдын ард түмэн хамтраад хийе гэхээр нэгдсэн ойлголтод хүрээгүй. Гадны компаниуд мөн санал тавьдаг байсан. Хятадууд болохоор 70-аас доошгүй хувийг нь бид эзэмшинэ, монголчууд та нар 30 хүртэл хувийг эзэмшиж болно гэдэг.
Тэгэхээр Монголдоо бизнес хийж байж бид 50, 50 хувь эзэмшихгүй бол болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Эцэст нь Хөтөлийн цементийн үйлдвэрийн төслийг эхлүүлэх зориг шулуудаж, Засгийн газраас зөвшөөрөл авах, мөн өөрсдөө хөрөнгө гаргахаас гадна зээл хөөцөлдсөн. Тодорхой хөрөнгийг өөрсдөөсөө гаргасан, 30 орчим хувийг нь 2017 онд Хөгжлийн банкнаас зээлсэн. 2017 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар ороод шийд гарчихсан бол 2020 онд үйлдвэр ашиглалтад орчих байсан. Харамсалтай нь тухайн үед шийдвэр гаргасан ч зээл нь олдоогүй. Хоёр жилийн дараа буюу 2019 онд зээл олгосон.
-“Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орсон тухай сая ярилаа. Төсөл хэрэгжүүлэгч “Вестерн Холд” бол таны хамаарал бүхий компани. Тантай яаж холбогддог юм бэ?
-Энэ компанийн дийлэнх хувьцааг Нью прогресс групп эзэмшиж байгаа байх. Нью прогресс группийн хувьцааг би анх эзэмшдэг байсан. Одоо миний хүү эзэмшиж байгаа. Мөн миний дүү нар эзэмшиж байгаа. Тэр утгаараа Нью прогресс групп болон түүний хамаарал бүхий компани цементийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлсэн.
-Гэтэл таныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас өөрийн хамаарал бүхий компанид зээл авч өгөхөд нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллүүд гараад эхэлж. Мөн зарим хүн таныг АТГ-т шалгуулна гэж мэдэгдэл хүртэл хийсэн. Та өөрөө түрүүн хэлснээр бол 2017 оноос хөөцөлдсөн юм байна, тийм үү?
-2017 оноос зээл хөөцөлдөөд 2019 онд зээл нь бүтэж авсан юм байна лээ. “Байна лээ” гэж хэлж байгаа биз. Тухайн үед би олддоггүй зээлийг олж авч үйлдвэр барьсан юм байна гэж ойлгосон. Гэтэл 2022 онд Хөгжлийн банкны асуудал мандлаа шүү дээ. Баахан хүн зээл авсан байна, түүн дотор улстөрчид орсон, С.Бямбацогт бас зээл авчихсан юм байна гээд зарлаад бөөн юм боллоо. Хэвлэл, мэдээллээр Хөгжлийн банкнаас зээл авсан бүх компанийн нэр ил боллоо. Авсан зээлийнх нь хэмжээ, хүү, төгрөгөөр авсан уу, ам.доллараар авсан уу, хэзээ авсан бэ, төлсөн үү, төлөөгүй юу. Мөн зориулалтын дагуу зарцуулсан эсэх гээд бүх асуудлыг хууль хяналтын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон нийт ухаж төнхөөд бүгдийг нь ил гаргаж тавьсан. Тэр үед л би харсан. Хэрэв би нөлөөлсөн бол ам.долларын зээл авахгүй байсан.
Монполимет компани Мон-цемент үйлдвэртээ тухайн үед зээл авч байхад ам.доллар 1300 төгрөгийн ханштай байсан. “Вестерн Холд” компани зээл авах шийдвэр 2017 онд гарч байхад ам.долларын ханш 1800 төгрөг орчим байсан байх, 2019 онд зээл авах үед 2500 төгрөг байсан. Одоо ам.доллар 3500 төгрөг болсон байгаа. Хөгжлийн банкны нүүр царай болсон хэдхэн компани бол энэ хэдэн цементийн үйлдвэр л байгаа. Хамгийн сайн хэрэгжсэн, хамгийн үр дүнтэй төсөл юм байна гэдэг нь Мон-цементийн үйлдвэр, МАК-ийн цементийн үйлдвэр, Ховдын цементийн үйлдвэр гэдгийг Монголын ард түмэн бүгд мэддэг болсон. Гэтэл энэ хамгийн сайн төслүүддээ хамгийн муу нөхцөлтэй зээл өгсөн байдаг нь харамсалтай. Үүнд би их харамсдаг. Хамгийн өндөр хүүтэй, ам.доллараар 9.5 хувийн хүүтэй гэхээр бараг 10 хувийн хүүтэй байгаа биз. Дээрээс нь ам.долларын зээл. Үүнийг төгрөгт шилжүүлээд үзэх юм бол 20 гаруй хувийн хүүтэй зээл байгаа юм.
Гэтэл тэр үед, тухайлбал “Эрэл”-ийн зээл гэдэг юм уу, өөр компаниудад өгсөн зээлүүд нь төгрөгөөр таван хувьтай олгогдож байсан байдаг. Тэгсэн атал тэдгээр зээл нь зориулалтын дагуу зарцуулагдаагүй. Тэр зээлүүдээр хийсэн ажил гэж хүний нүдэнд харагдаж, гарт баригдах, ард түмэнд өгөөжөө өгч байгаа төслүүд алга. Тийм атал улс оронд өгөөжтэй, ард түмэнд хэрэгжтэй төслүүдэд болохоор 20 хувийн хүүтэй хатуу нөхцөлтэй зээл өгч байсан байгаа юм. Одоо ч тэр хатуу нөхцөлтэй зээлээ төлөөд явж байгаа. Тэгэхээр хэрэв би нөлөөлсөн байвал ийм зээл авах уу. Магадгүй таван хувийн зээл авчихсан байсан бол гарцаа байхгүй намайг албан тушаалаа ашиглаад давуу эрх олгосон байна гэхэд өнөөдөр үгүй гэж хэлэх эрх надад байхгүй байсан. Тийм биш учраас өнөөдөр “Би үүнд нөлөөлөөгүй ээ” гэж нүүр бардам хэлж чадаж байгаа юм.
-Тэгэхээр та нөлөөлсөн байсан бол таван хувийн хүүтэй зээлийг төгрөгөөр тооцож авах байсан гэж хэлж байна уу?
-Тийм. Ялгаа нь эндээс тодорхой харагдана. “Ний нуугүй ярь” гэсэн болохоор чинь би бүгдийг ил шуудхан хэлж байгаа шүү. 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялж 65 суудалтай байсан. Тэр нь 32, 33-аар хоёр хуваагдсан. Тухайн үед би 32-ын талд нь байсан. 33 маань эрх барьдаг байсан. Тиймээс 32-ын талдаа ямар ханддаг байсан нь одоо тэр 2017 онд шийдвэр нь гарчихаад байхад 2019 онд маш хатуу хүнд нөхцөлтэй зээл олгож байгаагаас нь харагддаг юм.
-Та намынхандаа гомддог уу?
-Үгүй одоо яах вэ дээ, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн зорилт, 2016 оны МАН, АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр бүх юманд орчихсон төслийг хэрэгжүүлээд өнөөдөр бүс нутгийн ард түмнийг хямд үнэтэй, чанартай цементтэй болгосны төлөө баярлах ёстой байтал юу болж байна вэ. Тэр төслийг хамгийн хурдан, хамгийн бага хүүтэй, сайн нөхцөлтэй зээлээр дэмжих ёстой байтал харамсалтай нь удаашруулаад, хамгийн хүнд нөхцөлтэй зээл өгөөд, том бэрхшээл дундуур яваад ирсэн. Энэ бүхнийг өнөөдөр монголчууд хараад, мэдрээд байж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед Ерөнхий сайд байхдаа шавыг нь тавьж байсан, эзгүй хээр талд. Энэ их зөв төсөл юм байна шүү, дэмжих ёстой юм байна шүү гээд. Зовлон бэрхшээлийг нь тэр цагаас хүмүүс ойлгож ирсэн. Миний хувьд ч гэсэн Хөгжлийн банкны зээлийг хулгайлж, хуйвалдаад авчихсан юм шиг, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулчихсан юм шиг , би албан тушаалаа ашиглаад зээл аваад өгчихсөн юм шиг баахан хардагдаж, сэрдэгдэж явлаа. Эцэст нь Монголын ард түмэн ойлгодог болж байгаад баярлаж байгаа. Өнгөрсөн юманд бухимдаад яах вэ.
-“Ховд эко цемент” үйлдвэр жилд 300 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай байна уу. Одоо үйлдвэрлээд эхэлчихсэн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэл эхэлчихсэн, өнгөрсөн жил арванхоёрдугаар сард эхний бүтээгдэхүүн гарсан. Тоног төхөөрөмжөө жигдрүүлэх гээд ажлууд байсан. Түүнийгээ хийгээд өнгөрсөн хавар нээлтээ хийсэн.
-Одоо нэг тонн цемент ямар үнэтэй байна, баруун аймагт?
-Өмнө нь цемент хямд байсан. Улаанбаатарт 200-400 мянга байсан. Сүүлийн жилүүдэд цементийн үнэ өслөө, Хөтөлийн цементийн үйлдвэр доголдсонтой холбоотойгоор Улаанбаатарт цемент 400 мянга болсон, Ховдод 700 мянга болсон. Цагаан сарын үеэр айлууд шавар, шохойн ажил гарлаа гээд эрэлт ихсэхэд үнэ нь 750 болсон байна гэсэн мэдээ дуулдаж байсан. Тэгвэл одоо Ховдод цемент 395 мянгаар үйлдвэрээсээ гарч байгаа юм байна лээ. Өөрөөр хэлбэл, үнэ бараг хоёр дахин буусан байна. Улаанбаатарт одоо цементийн үнэ 500 мянга орчим байгаа юм билээ. Ийм л байдалтай баруун бүс нутгийнхан, баруун таван аймгийнхан “Ховд эко цемент” үйлдвэрээс цементээ авах боломжтой болсон.
-Ер нь баруун таван аймгийн жилийн цементийн хэрэгцээ хэд байдаг юм бол?
-Баруун таван аймгийн цементийн хэрэгцээ 200 мянган тонн байдаг юм байна лээ. Өөрөөр хэлбэл, жилийн хэрэгцээ, цааш өсөн нэмэгдэх хэрэгцээг бодож үйлдвэр байгуулахдаа зах зээлийн судалгаа хийж ойрын үедээ 300 мянган тонн байхад боломжтой гэж тооцсон.
-Дараагийн нэг асуудал бол тантай нэр холбогдож яригдаж, бичигддэг концессын гэрээ. Таныг төрөөс концесс аваад баяжаад байна гэсэн хардлага байдаг. Жишээ нь Засгийн газар болон, Алтай трест компанийн хооронд байгуулсан Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн гэрээ байна. Алтай трест компанийг та мэдэх үү?
-Мэдэлгүй яах вэ. Бас л миний хамаарал бүхий компани. 2002-2003 оны үед бид ТӨХ-ны дуудлага худалдаан дээрээс хувьцааг нь худалдаж авч байсан. 1992 онд байгуулагдсан компани. Бруун бүс нутгийн эрчим хүчний шугам сүлжээ барих зорилгоор Эрчим хүчний барилга трест гэж Улаанбаатарт нэг трест байдаг, баруун бүсэд Алтай трест гэж байсан. Трест гэдэг үгийг залуучууд ойлгохгүй байх. Орос үг л дээ, энэ бол том нэгтгэл гэсэн утгатай. Баруун бүсийн эрчим хүчний сүлжээг барьж байгуулах Алтай трест гэдэг компани анх тэгж байгуулагдаж байсан. Тэр компани Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн төвийг 1997 онд гэрэл цахилгаантай болгож байсан юм. Ойролцоо сумдыг мөн тогтой болгож эхэлж байлаа. 1996 онд АН ялж, төрийн өмчийг хувьчилж эхэлж байсан. 2002-2003 оны үед ТӨХ-ноос дуудлага худалдаа зарлаж, хувьцааг нь арилжсаныг худалдаж авсан юм, үүх түүх нь ийм.
-Энэ компани Засгийн газартай гэрээ байгуулж, 31.7 саяын өртөг бүхий Чойр дэд станцыг өргөтгөх концесс авчээ. Энд та ямар тайлбар өгөх вэ?
-2012 онд АН олонх болсон. Энэ үедээ аймгийн төвүүдийг эрчим хүчээр хангахад тодорхой бодлого дэвшүүлнэ гэж ялангуяа төвийн бүсийн эрчим хүчний дутагдлыг хангахад Улаанбаатар хот орчим, зүүн өмнөд бүсэд асуудал байна гэж үзээд Чойр, Замын-Үүд, Сайншанд, Хэнтий, Бор-Өндөр, Багануурт дэд станц барьж байгуулна, өргөтгөж шинэчилнэ гэсэн. Ирээдүйд эрчим хүчний дутагдалд орох юм байна, Чойрт эрчим хүчний үүсвэрийг нэмж байж зүүн болон зүүн өмнөд бүсэд хэрэгжих том төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох нь гэсэн зорилгоор Чойрын дэд станцыг барих шийдвэр гарч байсан. Монгол Улсын төсөвт мөнгө байхгүй учраас хувийн хэвшлээр хийлгэе гэсэн. Өөрсдөө бариад шилжүүлж өгөх, дараа нь улсын төсвөөс үе шаттайгаар хөрөнгийг гаргаж өгөх нөхцлөөр тендер зарласан. Шийдвэр нь 2013 онд гарсан байдаг юм. Тендер зарласан нь 2014 онд зарласан. Хятадын хоёр компани, Монголын нэг компани орсон. Тэр нь Алтай трест компани юм.
-АН-ыг засаглаж байхад тендерт ялсан юм байна, зөв үү? Гэтэл
-Тийм, гэхдээ сайндаа ч ялчихсан юм бас биш. Эхлээд Хятадын нэг компанийг шалгаруулах гэж оролдсон М.Сономпил сайдын үед. Тэр компани нь Монголын Засгийн газарт хэт хатуу болзол тавиад, тэрнээс нь татгалзаад, дараа нь Д.Зоригт сайдын үед мөн Хятадын хоёр дахь компанид “Танайхыг шалгаруулъя, та нар хийгээч” гэсэн санал тавьсан байдаг. Гэтэл өөдөөс нь “Та нар Засгийн газрын баталгаа гаргаж өг” гэж шаардсан байдаг. Ингээд арга буюу 2016 оны сонгуулийн өмнө, бас нэг ажил хийсэн нэр зүүхийн тулд Хятадын компани хэтэрхий өндөр шаардлага тавиад байсан учир үлдсэн ганц монгол компаниа арга буюу авсан. Түүнээс надад бол дургүй.
Намайг сөрөг хүчний бүлгийн дарга байх үед Алтай трестийг тийм байдлаар шалгаруулж байсан. Шалгаруулаад гэрээ хийх гэж байх үед нь би АН-ын үед гэрээ хийвэл С.Бямбацогт гэрээ авчихлаа гэж ярина. Тиймээс та нар жаахан хүлээж байхгүй юу. Сонгуулийн дараа тэртэй тэргүй МАН олонх болчих байх, тэр үед гэрээгээ хийчихвэл дээр юм биш үү. Хэл ам болно. Хэдхэн сар барьж байхгүй юу даа гэж хэлж, хүлээлгэж байгаад сонгууль болсон. Тэр үеийн асуудал явсаар 2017 онд хэрэгжсэн, ийм л түүхтэй. Гэтэл би чинь 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан хүн шүү дээ. Гарын үсэг зуруулж, тэгэхээр тэр хүмүүс надад концесс өглөө юу. Тэр бол арга буюу тэр ажлыг хийх гэж Алтай трестийг сонгосон тийм л ажил. Тэр нь надад гай болж би огцорч хүртэл байлаа. Иймд тухайн үед АТГ-т хандаж, би энэ концессын гэрээнд нөлөөлж үү, үгүй юу шалгаад өг гээд шалгуулж ч байсан. Ер нь бол хэлмэгдсэн. Тийм болохоор шаралхаад өөрийгөө шалгуулахаар өгч байлаа.
-Шалгаад ямар хариу өгсөн бэ?
-Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн прокурор, АТГ-аас шалгаад намайг тэр концесст нөлөөлөөгүй гэдгийг тогтоосон. Тэгж нэр төрөө цэвэрлэж авсан. Гэхдээ нэгэнт огцорсон хойноо би нэрээ цэвэрлээд яах вэ дээ. Тийм л харамсалтай зүйл болж өнгөрсөн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
БЯМБАДОРЖ ГЭГЧ ЭНЭ ХҮН МАШ ХЭЦҮҮ ХҮН,
Зээл авахад нөлөөлөөгүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй байх аа, ер нь энэний шунал диийлдэхгүй ээ, энэ байтугайг хийнэ ш дээ, ийм хүн худлаа үнэн ч болтугай нэг үйлдвэр барьчихсан нь харин ч их юм байх шүү
Мөн тийм байх даа. Хамгийн өөдгүй, Хорчин бол энэ нөхөр. Намынхаа нэр хүндийг энэ мэтийн хэдхэн нөхөр л үгүй хийж байна. Чойжоо, Бямбацогт, Мөнхбат, Баатарбилэг, Дамдинням, Ганхуяг, Ундрам, Оюунчимэг, Чинбүрэн нар арилчихвал сайхан л байна шүү.
Баруун бүсэд цементийн үйлдвэр үнэхээр хэрэгтэй байсан
ХБ ны шүүхэд зээл аваад зориулалтын дагуу хэрэглээд ,зээлээ төлцөн хүн шүүгдээд сууж байхад,энэ мэт Оюунэрдэниин хамгаалалтанд байгаа хүн зүгээр явж байх чинь шудрага ёсуу Оюунэрдэнээ,авлига гэж худлаа орихоо болио,хаана бна тэр шудрага ёс ,хамгаалалтгүй жараахайнуудыг шүүж бна даа
Харах царайны гүлдийчихээд хулгайч шинжтэй новш шүү
нүүрэн дээр чинь бичээстэй байна даа
tsaitsan baagii bnalee