Үндэсний баяр наадмын үеэр хамгийн их “од” болсон зүйл бол хуушуур. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчид хуушуурт дугаарлаж, нэлээд бухимдсан гэхэд хилсдэхгүй. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 500, Хүй долоон худагт 250 худалдаа үйлчилгээний цэг үйл ажиллагаа явуулсан. Эдгээрээс ундаа, ус, зайрмаг зэргээр наадамчдад үйлчилсэн худалдааны цэгүүд үүргээ биелүүлж чадсан хэдий ч, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид ачааллаа дийлсэнгүй. 10 хуушуур авахын тулд наадамчид бараг нэг цаг шахам дугаарласан гэж болно. Зарим нэгэн нь энэ завшааныг овжноор ашиглаж байсантай ч бид таарав. Хуушууранд дугаарлах нэгэнд найр тавин “Та миний дугаарт зогсоод хуушуураа авчих. Минийх дөхөж байгаа. Харин надад хэдэн хуушуур аваад өгчихөд л болно” гэх яриа ч чих дэлслээ. Хуушуурын дарааллыг ашиглан бяцхан наймаа хийж байгаа нь энэ бололтой. Ийнхүү наадамчин олныг дугаарлуулсан хуушуурын үнэ ч нэлээд өсөв. Долдугаар сарын 11-ний өглөө 500-600 төгрөгөөр худалдаалагдаж байсан хуушуур үдээс хойш эрэлт хэрэгцээ нэмэгдмэгц 1000 төгрөгт хүрсэн юм. Үүгээр ч зогсохгүй аж ахуйн нэгжүүд муудсан махаар хуушуур хийж байсныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлжээ. Тэд алдагдалгүй ажиллахын тулд муудсан махаар хуушуур хийж байсан гэнэ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар наадмын хоёр өдрийн турш хяналт тавин ажиллахдаа 400 кг муудсан махыг хураан авч, устгалд оруулсан байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )