Хүмүүнлэгийн өдөр: Бүхнийг зүрхнээсээ...

2023 оны 05 сарын 08

Дэлхий даяар 1948 оноос  эхлэн тавдугаар сарын 8-ны өдрийг  Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархал илэрхийлэх өдөр болгон  зохион байгуулдаг.

Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг "Монголын Хүмүүнлэгийн өдөр" болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн юм. Ингэхдээ  жил бүр тодорхой уриа дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Зүрхнээсээ” уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрд тавдугаар сарын 6-наас эхлүүллээ.

Тус аяны гол зорилго нь олон нийтийн дунд хүнлэг, энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, уриалахад оршиж байгаагаараа онцлог юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт  эхэлсэн “Зүрхнээсээ” өдөрлөгт нийслэлчүүд өргөнөөр оролцов. Сайн дурын идэвхтнийг элсүүлэх “Бүртгэлийн мэдээлэл”, Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих “Хүмүүнлэгийн дэлгүүр”, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх “Анхны тусламж”, Гамшгийн бэлэн байдал, ач холбогдлыг харуулсан “Virtual reality тоглоомын асар”, залуучуудыг чөлөөт цагаа өнгөрүүлэх, мэдлэгээ дээшлүүлэх боломж олгосон өртөөчилсөн үзүүлэн, тоглоомуудад идэвхтэй оролцогч нь хүүхэд, залуус байлаа.


                 

“АНХНЫ ТУСЛАМЖ”-ИЙН АСАР ХҮН ИХТЭЙ  БАЙВ

“Анхны тусламж” хэрхэн үзүүлэхийг үзүүлэн дээр тайлбарлан таниулж байгааг иргэд, хүүхэд залуус ихээхэн сонирхож байсан юм. Тиймээс тус асар хөл гишгэх зайгүй байлаа.

МУЗН-ын Эрүүл мэнд, нийгмийн хамагааллын газрын ажилтан, анхны тусламжийн сургагч багш Э.Лхагвасүрэн “МУЗН хүмүүнлэгийн чиглэлээр ямар тусламж, үйлчилгээг хүмүүст үзүүлдэг вэ гэдгийг өдөрлөгөөр таниулан сурталчилдаг. Бид анхны тусламжийн ач холбогдлыг үзүүлэн хэрэгсэл дээр  танилцуулж байгаа. Анхны тусламжийн ач холбогдлыг иргэд сайн мэдэхгүй байх, эмнэлгийн тусламжтай андуурах, төдийлөн чухалчилж үздэггүй тал байдаг. Манай орон осол гэмтлийн тоо өндөр. Тэгвэл ослын талбайд осолд өртсөн хүний дэргэд хамгийн ойр байгаа хүн анхны тусламж үзүүлэгч юм. Тухайн хүн тусламж үзүүлэх мэдлэггүйгээс эсвэл тусламжийг буруу үзүүлснээс хамааран шарх гэмтэл нь хүндрэх, цаашлаад амь насаа алдах үр дагаварт хүргэдэг. Иймд бид анхны тусламжийн үндсэн суурь болсон цээжний шахалт, хиймэл амьсгалын тусламжийг хэрхэн хийх вэ гэдгийг хүүхэд залуус,  иргэдэд  сурталчиллаа” гэв.

 

ЦУСНЫ ДОНОРЫН ТОО 36 МЯНГА БОЛЖ ӨСЖЭЭ

Донороос цус цуглуулж, түүгээрээ бүтээгдэхүүн бэлтгэн эмнэлгүүдийг хэрэгцээг хангадаг ЭМЯ-ны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн байгууллага Цус сэлбэлт-судлалын үндэсний төвийн маркетинг, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Дулмаа “Хүмүүнлэгийн өдөр” иргэдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Манай байгууллага хэдийгээр ЭМЯ-нд харьяалагддаг ч эрүүл аюулгүй орчин буюу дандаа эрүүл хүмүүс ирж цусаа бэлэглэдэг онцлогтой.

Манай байгууллага 60 жилийн түүхтэй, энэ хугацаанд Монголын Улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/-тэй салшгүй холбоотой хамтран ажиллаж ирсэн. Донорын тухай хуульд МУЗН нь донорыг элсүүлэх, сурталчлах, үйлсийг нь түгээн дэлгэрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулдаг. Цусны төв бол цуглуулсан цусыг бүтээгдэхүүн болгож, эмнэлгүүдийн хэрэгцээг хангадаг. Донор байхгүй бол бидний ажил явагдахгүй. Тэгэхээр зорилтот доноруудыг бий болгоход МУЗН, сайн дурын идэвхтнүүд, Донорын холбоо хувь нэмрээ оруулж ирсэн юм. 2012 онд улсын хэмжээнд 17 мянган донор цусаа бэлэглэж байсан бол 2022 оны байдлаар донорын эгнээ 36 мянга гаруй болж өссөн. Энэ дотроос шинэ донорын тоо өссөнд МУЗН-ийн хувь нэмэр асар их юм” гэв.

 

МУЗН: ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУНД ХОРТ ЗУРШЛЫГ БУУРУУЛАХАД АНХААРЧ БАЙНА

Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааг сурталчилсан гишүүд, сайн дурын идэвхтнийг элсүүлэх “Бүртгэлийн мэдээлэл”-ийн асраар орж сайн дурын ажилтан Ө.Анужингаас МУЗН энэ өдөрлөгөөр ямар асуудалд анхаарч байгааг тодруулав. Тэрбээр “МУЗН “Зүрхнээсээ” аяны хүрээнд хүүхэд залуучууд, өсвөр үеийнхний дундах хорт зуршлыг бууруулах, багасгахад анхаарч байна. Мөн гамшгаас хамгаалах, нийгмийн халамж, хүүхэд, залуусын оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн танин мэдүүлэх, сурталчлах ажлыг сайн дурынхны оролцоотой хэрэгжүүлж байна” гэлээ. Тус асарт “Сонирхож болохгүй сонголт гэж байдаг. Үр дүн нь үхэл, сүйрэл”, “Хорт зуршил өсвөр үеийн гангараа биш”, Ойр тойрон, үе тэнгийнхнээ энэ гүн ангалаас хамгаалцгаая”, “Дэлгэцний ард хэн байгааг чи мэдэхгүй” гэсэн  танин мэдэхүй мэдээллийн хуудсуудыг тарааж байсан юм.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top