Сонгуулийн тухай хуулиас болж сар шахам зөрөлдсөн УИХ дахь хоёр намын бүлэг хоёр тийшээ харж суусаар хаврын чуулганаа хаалаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганыг хааж хэлсэн үгэндээ хариулагаа дээшлүүлэхийг хүн бүрт хатуу сануулав. Тэрээр мөн “Маргаантай асуудлын саналын зөрүүг эцсийн эцэст ямарч парламент санал хурааж шийддэг зарчимтай” гэлээ. Ер нь зарчим ярих шиг амархан юм алга. Хүн толгойтой болгон өнөөдөр зарчим л ярьж байна. Өглөө босоод аяга цай уудаг шигээ “Албан ёсны ажил” маань зарчим ярих явдал болоод байна. Зарчим яриагүй хүн бараг хүн биш. Д.Дэмбэрэл дарга ч хүн дүрсээ хадгалж энэ удаа зарчим яриагүй бол гишүүд нь бараг огцруулах санал тавих байсан биз. Сонгуулийн тухай хуулиас үүсэлтэй хэрүүл маргаан зарчим дээр л очоод тээглэж орхисон. Тээглэхдээ бүр Үндсэн хуулиа улаан цагаан зөрчин байж шүү. УИХ-ыг гацаасан гол хүмүүс нь хурлаа хаясан Ардчилсан намын гишүүд хараахан биш ажээ. Харин МАН-ын Удирдах зөвлөл гэгч лут байгууллагаас том шийдвэр гарч “Сонгуулийн хуулийг заавал можаритори тогтолцоо зонхилсон 52:24 гэсэн холимог хувилбараар хийнэ” гэжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүддээ хандсан энэхүү хатуу даалгавар эцсийн дүнд Ардчилсан намын 38:38 гэсэн буулт бүхий саналыг хүлээж авахгүй байдалд хүргэсэн байна. МАН уг нь УИХ-д олонхи суудлыг авсан. Гэхдээ намаар хүч түрж УИХ-ын үйл ажиллагаанд ийнхүү хөндлөнгөөс оролцох ёсгүй юм байна. Үндсэн хуулинд үүнийг хатуу хориглон, нам болоод төрийн ажлын хэм хэмжээг нарийвчлан ялгаж, салгаж өгчээ. Харамсалтай нь МАН Үндсэн хуулийнхаа зарчимтай үл нийцэх үйлдэл хийж, УИХ-ыг удирддаг болсон нь тун таагүй. Аливаа нам сонгуульд гишүүдээсээ нэр дэвшүүлэн сонгогч иргэдийнхээ итгэл тээсэн саналыг авах замаар төрөө эмхлэн байгуулахад оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл иргэд маань тэрхүү нэр дэвшигчдээр дамжуулан төлөөллийн ардчилалыг хангадаг. Нэгэнт байгуулагдсан хууль тогтоох дээд байгууллага буюу төр маань ингээд аль нэг намаас хамааралгүй, зөвхөн иргэдийнхээ эрх ашгийн төлөө үйлчилж эхэлдэг. Нам бол зөвхөн төрийг эмхлэн байгуулахад ийнхүү сонгуулиар дамжуулан оролцохоос өөр эрх мэдэлгүй болдог гэж ердийн хар ухаанаар ойлгож болно. Сүүлийн үед нам төвтэй төр бий болчихжээ гэсэн шүүмжлэл, бухимдлууд гарч ирээд байгаа нь энэ бүхэнтэй холбоотой. Үндсэн хуулиар бол манай улс чинь иргэний ардчиллыг тунхагласан. Намын ардчилал биш шүү. Иргэн төвтэй төр буюу иргэний ардчилсан нийгмийг төвөлшүүлж байна. Ийм нөхцөлд төрөө намын бойкотоос ангижруулах шаардлага тулгарч байна. Тиймээс зарчим яригчидтай цаг үргэлж хэрүүл хийж явдаг Э.Бат-Үүл саяхан МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболдыг огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барьжээ. МАН-ын Удирдах зөвлөл сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн төгсгөл үед гэнэтхэн дээрх бичгээ илгээсэн нь Үндсэн хуулийн үзэл санаанд илэрхий харшилсан гэж тэр үзэж байна. УИХ нь өөрийн дэг журамтай. Хууль боловсруулах, хэлэлцэх, батлах бүх шатны үйл ажиллгааг нь хуульчилсан байгаа. Төрийн хэргийг нэг намын Удирдах зөвлөл шийдэх бус УИХ-ын гишүүд, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргадаг учиртай. Үндсэн хуулийнхаа ийм наад захыг санааг ойлгодоггүй намын Удирдах зөвлөл байна гэвэл үнэндээ хэнд ч харамсалтай санагдах нь гарцаагүй. Яах аргагүй байж л байна даа, цаад зарчим яригчдын чинь дунд. Харин үүнд бухимдсан Э.Бат-Үүл УИХ-ын ээлжит бус чуулганаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболдын асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр УИХ-ын гишүүдээсээ гарын үсэг цуглуулж байгаа гэнэ. Түүний энэ саналыг дэмжсэн 19 хүн бүрдвэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм байна. Одоогоор Э.Бат-Үүл 10 гаруй хүний гарын үсгийг аваад, намыхаа бусад гишүүдийг хуулиар сэнхрүүлж яваа ажээ. Д.Дэмбэрэл дарга бодвол удахгүй зарчим ярьсаар түүний саналын дагуу ээлжит бус чуулганаа зарлан бусад хэлэлцэгдээгүй асуудлуудтайгаа хамтатган Сү.Батболдын талаар УИХ-аар хэлэлцүүлж таарах нь ээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )