Хоёр хөгшнийг хороосон этгээд өс санаж амийг нь бүрэлгэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Төв аймгийн Аргалант сумын нутаг  Хүйтний хонхор буюу Шандын задгай гэдэг газар / Эмээлтээс 13 км газарт байдаг/ өвгөнийг нь бэлчээрт, эмгэнийг нь гэрт зээ хүүгийнх нь дэргэд хороосон хэрэг энэ сарын 6-нд гарсан билээ. Тодруулбал алуурчин Б нь  гэрийн эзэн 60 настай М-ийг жалганд нүүр болон цээжинд нь хутгалж, түүний эхнэр 54 настай С-ийг гэрт нь амийг нь хөнөөсний дараагаар тухайн үед гэрт байсан бяцхан хүүгийн тархин тус газар хатуу зүйлээр цохин хүнд гэмтэл учруулсан байна. Тухайн үед хүүг нас барсан гэж бодсон алуурчин хэргийн газраас оргон зайлсан.  Хэрэг болсноос найм хоногийн дараа сэжигтнийг Дархан хотоос баривчилсан байна.  Алуурчин Б нь 1991 онд Увс аймгийн Хяргас суманд төрж өссөн.  Багаасаа сургууль соёлоос хөндийрөн, эрхэлсэн тодорхой ажилгүй  нэгэн юм. Мөн сүүлийн үед гэртээ очих нь битгий хэл гэрийнхэнтэйгээ холбоо барилгүй удсан байжээ.  Энэ хугацаанд сэжигтэн хотод барилгын туслах ажилтан хийж байхдаа малын хулгай хийсэн нь тогтоогдсон байна.  Түүний энэхүү гэмт үйлдлийг талийгаач хөгшид мэддэг байсан нь амиа алдах шалтгаан болжээ. 
Талийгаач хөгшин М нь сэжигтэнг хэрэг хийлгэхгүй гэсэндээ цагдаад мэдэгдэнэ гэж айлгадаг байсан бөгөөд үүнд нь өс санасан  алуурчин гэр бүлээр нь хүйс тэмтрэхээр шийдэн хэргийг үйлдсэн байна.  Хэрэг үйлдсэнийхээ дараагаар талийгаачийн дээл гутлыг нь өмсөн, морийг нь унаж явах замдаа Төв аймгийн Алтанбулаг сумын малчны 18 адууг хулгайлжээ. Түүнийг Дархан хотод бүгж байхад нь баривчилсан бөгөөд анхны мэдүүлгээр хэрэг хийснээ хүлээсэн байна.  Одоо хэргийг Улсын мөрдөн байцаах газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
Тархиндаа хүнд гэмтэл авсан хүүгийн бие сайжирч байгаа гэнэ.  Хүүг үзлэгт оруулахад тархиндаа цус харван, яс нь бяцарсан байжээ. Тархиндаа хүнд гэмтсэн бяцхан хүү хэзээ хөл дээрээ зогсох нь тодорхойгүй байгаа юм.
Энэ аймшигт  хэргийг үйлдсэн алуурчинд ямар ял оноох нь эргэлзээтэй  байгаа нь харамсалтай.  Хэдийгээр хүн амины хэрэг хийсэн этгээдэд шүүхээс цаазаар авах ял оноох ч  Ерөнхийлөгч цаазаар авахыг хориглоод байгаа. Хэрэв сэжигтэн амь гуйвал өршөөгөөд бүх насаар нь та бидний төлсөн татварын мөнгөөр алуурчинг тэжээх болно. Монголын хууль гэмт этгээдүүдэд зөөлдөж, гэмгүй нэгэндээ чангадаж байна даа. 

А.Аюурзана
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top