Олон түүхт ой давхцсан энэ жилийн наадмын түрүү бөх Улсын аварга С.Мөнхбат Увс аймгийн Баруун-Туруун сумын Хужирт гэдэг газар төрсөн бөгөөд эцэг нь нутаг усандаа нэртэй сумын заан хүн. Тэрээр хөвгүүдээ орой бүр хооронд нь барилдуулдаг байснаас өнөөдөр бөх болж улсын аварга гэсэн өндөр цолонд хүрээд байгаа нь С.Мөнхбат билээ. Тэгэхээр С.Мөнхбат бол бөхийн авьяастай удамт бөх ажээ. Энэ жил Увс нуур бөхийн галынхан бэлтгэл сайн хийсэн агаад Балжаа аварга түүнтэй тулж бэлтгэл хийсэн болохоор олон зүйл зааж зөвлөсөн нь мэдээж. Шинэхэн аварга маань: “ Надтай тулж бэлтгэл хийсэн болохоор нөлөөлөлгүй яах вэ гэхдээ шууд тийм ийм гээд хэлчихэж болохгүй, хэлчихвэл бөхчүүд намайг хаяад эхэлчихнэ шүү дээ. Гэхдээ миний барилдааныг үндсээр нь өөрчилнө гэж юу байхав” хэмээжээ. Түүнийг улсын начин болсны дараахнаас, начингаар тогтохгүй харцагын эрэмбэтэй залуу байна шүү гэлцсэн. Харин харцага болсны дараа, “чамд заан ч болчих боломж байна” гэж хүн бүхэн хэлж байсан нь их урам өгсөн гэдэг. Тэрээр аймгийн заан байхаасаа байнга улсын начны тааварт хэлэгдэж, барилдааны амжилтаа шат шатанд нь ахиулж барилдсандаа сэтгэл хангалуун байгаагаа нуусангүй. Одоо түүнд цолоо хамгаалж сайн барилдах л үлдлээ.
Сонирхуулахад шинэхэн аварга маань жил бүр төрсөн бууцан дээрээ очиж, эрч хүч энергиэ авдаг гэнэ шүү.
Аваргад “Увс нуур” бөхийн гал болон нутгийн зөвлөлөөс нь хүлэг хүлгийн дээд Lexus-570 машиныг гардуулж, цолны мялаалга 15 сая төгрөгийг өгсөн байна. Тэрээр Төрийн их баяр наадамдаа гурав дахь жилдээ зодоглож түрүүлсэн нь энэ билээ.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )