Өсвөр насныхны дээрэлхэлт гэж юу вэ, хэрхэн сэргийлэх вэ?

2023 оны 05 сарын 18

Бусдын ялгаатай, сул дорой байдлаар нь ялгаварлан гадуурхах, дээрэлхэх, хүчирхийлэл үйлдэх түрэмгий зан үйл нь голдуу дунд анги, ахлах ангийн сурагчдын дунд их байгаа нь хүүхдүүд, эцэг эхийн санааг зовоож байна. Энэ үзэгдэл нь түрэмгий зан авиртай хүн болон өсөх, хохирогч хүүхдийн сэтгэл санааг зовоох хүчтэй хамааралтай үйлдэл бөгөөд олон удаа давтагдах, удаан үргэлжлэх шинж чанартай байдгаараа муу талтай.

Сүүлийн жилүүдэд үе тэнгийнхэн, өсвөр үеийхний дунд ийм байдал ил болж, ихэнхдээ хөвгүүд бие махбод, сэтгэл зүйн дээрэлхэлтэд өртөж байна. Цахим орчны дээрэлхэлт ч охид хөвгүүдийн дунд нэмэгдлээ. Сургуулийн орчинд үйлдэгдэж буй энэ асуудлын улмаас сурагчдын сурлагын амжилт буурах, зан үйл өөрчлөгдөх, сургуульд сурах сонирхолгүй болох, сэтгэл гутрал, ганцаардалд өртөж, цаашилбал амиа хорлох эрсдэл дагуулдаг.

Өсвөр насныхны хөгжлийн асуудал улс орны хөгжилд хамгийн чухлаар тооцогддог тул бодлогын түвшинд анхаарах зайлшгүй шаардлагатай.

Үе тэнгийнхний дээрэлхэлтийг үүсгэж буй шалтгааныг хувь хүний, гэр бүлийн, орон нутгийн болон нийгмийн байдал зэрэг эрсдэлт хүчин зүйлтэй холбон тайлбарлахын зэрэгцээ өсвөр үеэ хамгаалах бодлогыг хэрэгжүүлж эерэг, үр дүн бүхий хөтөлбөрүүд хэрэгжсээр байгаа билээ.

Олон улсад өсвөр насныхан, үе тэнгийнхний дунд гарч буй дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой үр дүн нь нотлогдсон хөтөлбөрүүдийг хувь хүн, гэр бүл, сургууль, орон нутаг, бодлогын түвшинд хэрэгжүүлдэг.

Манай орны хувьд өсвөр насны 15-24 насны хүүхэд залуус хүн амын 13.4 хувийг эзэлдэг бөгөөд тухайн бүлэг рүү чиглэсэн нийгмийн хамгааллын бодлого, нийгмийн ажлын болон сэтгэл зүйн үйлчилгээ хамгаас чухал юм.

Дээрэлхэлт нь нийгэмд хамгийн түгээмэл оршин байгаа хүчирхийллийн нэг төрөл бөгөөд “нэг сурагч нөгөө сурагчаа эсвэл хэд хэдэн сурагч шударга бус үйлдлээр дахин дахин, үргэлжилсэн байдлаар хохирол учруулдаг” болохыг олон судалгааны үр дүнгээс харж болно.

1970-аад оноос Швед, БНСУ, Япон зэрэг оронд сургуулийн орчны дээрэлхэлтийн асуудал нь нийгмийн асуудал болохыг судлан тодорхойж, түүнийг шийдвэрлэх, таслан зогсооход Засгийн газрын чадавх, оролцоо шаардлагатай болжээ. 1990 оны дунд үеэс хувийн хэвшлийн байгууллагын зүгээс дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд хүчин чармайлт гаргаж, 2000 оны дунд үеэс дээрх орнуудын Засгийн газар хүчирхийлэлтэй хамааралтай хууль баталж, холбогдох бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. 2004 онд сургуулийн орчны дээрэлхэлтийн асуудлыг бууруулахын тулд тогтолцооны үндсийг тавьж арга хэмжээ авахаар “Сургуулийн орчны дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, бодлого хууль эрх зүй”-н ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Дунд сургуулиудад сургуулийн орчны хүчирхийлэлтэй тэмцэх орон нутгийн зөвлөлийг байгуулж, энэхүү байгууллага нь сургуулийн орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийг зогсоох зорилготой байв.

Мэргэжлийн зөвлөгч, багш нарын ажлын үүрэг хариуцлагыг “Нийгмийн ноцтой асуудал болоод байгаа сургуулийн орчны хүчирхийллийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авах, бүрэн хариуцах байгууллагыг бий болгох, урт хугацааны урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, түрэмгийлэгч хүүхдүүдэд боловсролын арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоог бий болгох” хэмээн хуульчилж, дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Гэвч дээрэлхэлтийн асуудал нь зөвхөн сургууль хариуцлага хүлээх биш орон нутаг, олон нийтийн байгууллага, нийгмийн бүхий л түвшинд хүчин чармайлт гарах асуудал юм. Сургуулийн орчны хүчирхийллийн эсрэг бодлогыг хэрэгжүүлэх орон нутгийн зөвлөл нь орон нутгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх бодлогыг бий болгох, зөвлөгөө, эмчилгээ, боловсролын хөтөлбөрийг хариуцах төдийгүй урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг нэгтгэж, хамтын ажиллагааг удирдах юм.

Түүнчлэн хүчирхийллийн эсрэг орон нутагт байгаа төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, боловсролын төвүүд, цагдаагийн хэсгийн байгууллага, бие даан амьдрах ухааны сургалтын төв, сайн дурын байгууллага зэрэг нийгмийн байгууллагуудын оролцоог нэгтгэн орон нутгийн хамтын ажиллагааны загварыг бий болгожээ. Дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Кактус цэцэглэлээ” дүрийн тоглолт, хохирогч хүүхдэд туслах Кемпийн үйл ажиллагаа, “Хувь хүний боловсролын хөтөлбөр, шоглон доромжлохоос урьдчилан сэргийлэх “Дотно найзуудын анги” зэрэг олон хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байгаа сайн туршлага олон улсад их байна.

ШУТИС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн багш С.ТУЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зул(103.10.21.101) 2024 оны 11 сарын 04

Үнэхээр гайхалтай

0  |  0
Top