Бид өөрсдийгөө хөөргөх дуртай. Юуханд ч сэтгэл хөөрнө. Дэлхийд гагц монголчууд л байгаа мэт хөөсрүүлнэ. Хуучин цагт “Монголчууд тэнгэрлэг ард түмэн, Чингисийн монгол” гээд л цээжээ дэлддэг байлаа. Одоо ч бид тэнгэрлэг, би тэнгэрийн хүн гэж сагсуурах нь бий. Монгол хүн шиг дасан зохицох чадвартай нь байхгүй гэлцэнэ.
Өрсөлдөх чадварын индекс харахаар бүр хойгуур л морилсон байна. Монгол хүний авьяас, билгийг гүйцэх нь бараг л байхгүй гэнэ. Гэтэл авьяас, ур чадварын үнэлгээгээр 64 орноос 61-т буюу араасаа айргийн гуравт л эрэмбэлэгдэж байх жишээтэй. Хүн амын 98 хувь бичиг үсэгт тайлагдсан. Боловсролын систем нь улам бүр шинэчлэгдэн хөгжингүй орнуудын түвшинд хүрч байгаа л гэдэг. Дээд боловсролтой, диплом өвөртөлсөн хүний тоогоор дэлхийд бараг тэргүүлнэ. Дээрээс нь хэрүүл, хэл амаараа хэнд ч үл гүйцэгдэх ийм л ард түмэн юм. Сүүлийн үед ой хүрч буй нялх балчраас эхлээд 80 настай буурал нь хүртэл цахим орчинд идэвхтэй улс орон гэдгээрээ толгой цохиж байгаа. Бодит байдалд ямархуу мэдлэг боловсролтой вэ, асуудалд хэрхэн ханддаг ард түмэн бэ, оюун ухаан, авьяас билиг хэр чинээнд вэ гэдэгт хэн ч дүн шинжилгээ хийдэггүй.
“Би ямар байна вэ” гэж өөрийгөө толинд харахгүй байж, бусдыг шүүх, шүүмжлэхдээ гаргууд. Хаана хэрүүл, талцал, тэмцэл гарна, тэнд л цэцэн цэлмэгээ гайхуулдаг юм даг уу даа. Сүүлийн жилүүдэд нийтээрээ маазрах, нийгэмд маазрал гэдэг үзэгдэл сүүдэр шиг бүрхжээ. Байтлаа телевизүүд нь хүртэл соён гэгээрүүлэх үүргээ умартаад маазруулж, марзагануулахад ач холбогдол өгдөг болчихож. Төрийн өндөр албан тушаал хашиж буй сайд, дарга нараас эхлээд маазарч байна.
|
Саяхны жишээ гэвэл, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, эсэх тухай улсаараа маазарлаа. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, цаашлаад 360 сумын яг хэдэд нь тодорхойгүй ч нийтээрээ нэг иймэрхүү ханджээ. Гаднаас нь харвал Үндсэн хуулиа нийтээрээ хэлэлцэж буй оюунлаг ард түмэн. Ер нь бол Үндсэн хууль нийгмийн зөвшил, төр, иргэний хоорондох гэрээ учраас хэлэлцэлгүй ч яах вэ. Гишүүдийн тоог ч гэсэн бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэгчээр хийдэл багатай шийдвэр гарах нь дамжиггүй. Харин хэр ажил хэрэгч хэлэлцүүлэг болж байна вэ гэвэл тун марзан, ерөөсөө улсаараа маазарч байгаа юм. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нь очоод сонгогчдоо цуглуулж байгаад хэдэн юм хэлдэг.
Сонгогчид:
-Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барилаа. УИХ хэлэлцээд төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. УИХ-ын гишүүдийн тоог судлаачид хүн амын тоонд харьцуулж, математик аргачлалаар бодож гаргаад 152 болгоё гэсэн хувилбарыг дэвшүүллээ. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоё гэж байна.
Та бүхэн юу гэж үзэж байна?
-Энэ хэтэрхий олон байна аа, болохгүй.
-Тэгээд хэд байх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Нэгдүгээр хүн: мэдэхгүй ээ, нэмж л лав болохгүй.
-Хоёрдугаар хүн: 152 болгож болохгүй ээ, гэхдээ нэмж бололгүй яах вэ.
-Тэгээд хэд байвал зөв бэ?
-152 л биш бол хэд ч байсан яах вэ дээ.
-Гуравдугаар хүн: надад болох уу /гараа өргөнө/?
-УИХ-ын гишүүн: Хэн гуай та хэл, хэл?
-Тээр жил “Фортуна” Н.Батбаяр 99 тэнгэр яриад байсан шүү дээ. Бодоод байсан чинь тэр их зөв юм байна аа, ерөөсөө 99 болгочих хэрэгтэй. Монголчуудыг баруун 55 тэнгэр, зүүний 44 тэнгэр ивээж, харж явдаг юм шүү дээ, хүүхээ?
Дөрөвдүгээр хүн: -99 гэв үү, арай цөөхөн байна аа, гишүүн ээ?
-Таны бодлоор хэд байх нь зүйд нийцэхээр байна вэ?
-Би бол 2019 онд Х.Баттулгын дэвшүүлсэн 108 гишүүнтэй байх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмждэг хүн байгаа юм аа. Жанжин Д.Сүхбаатарын хэлснээр манай улс 108 гишүүнтэй байвал хандах зүг аяндаа тогтно оо.
-Тавдугаар хүн: Би саналаа хэлье /босож зогсоод/ нээрэн 108 гэдэг үнэхээр гоё тоо шүү. Дэмжиж байна, дэмжиж байна.
-Зургаа дахь хүн: 108 чинь тэр Х.Баттулгын бодоод олчихсон юм биш мэдэв үү, тэрнээс өмнө байсан юм. Тэгж яривал Бурхан багш 108 гэдэг тоог маш их билэг дэмбэрэлтэй, ихээхэн жанлавтай тоо гэж айлдсан байдаг юм. Та нар сонс мэдэв үү, элэнц, хуланцын үеэс эргүүлж ирсэн маанийн эрхиний тоо 108 байдаг юм, Эрдэнэзуугийн суварга 108 байдаг юм. 54+54 гэдэг бол арга билэг хосолсон аргагүй сайхан тоо.
Хурлаас хоцорч орж ирсэн нэгэн: Эсэргүүцэж байна, эсэргүүцэж байна, би саналаа хэлэх гэж адуун дээрээсээ давхисаар байгаад ирлээ, алив тэр микрофон өгөөдөх /микрофон шүүрч авав/: Ер нь бол “Ямаанд хайртай 76” гэж хаврын хаварт бодогддог шүү. Манай малчдын сэтгэлд ч тэгээд хоногшчихсон тоо байгаа юм аа, тиймээс энэ хэвээр үлдээе. Та нарт ч гэсэн сонгуулиар хөдөө очоод “Ямаанд хайртай 76-гийн чинь нэг би байна гээд маазруулж байхад бас л үгэн дотор үг цохиж яваа, сурталчилгаа мөн үү мөн шүү дээ. Өөрчлөх бол 38 нь мажоритар, 38 нь пропорционал гээд сонгуульдана биз.
-Заалны булангаас өөр нэг хүн босож ирээд:
-Битгий солиор, 76 бол өөрсдөө ямаа мэдэв үү, 76 бол мангуу за юу..../хуралдагсад орилж, хүүе ээ энэ хэний хүү чинь уучихсан байна шүү дээ, согтуу хүний үг тооцохгүй, тооцохгүй/ .
-Удтал чимээгүй суусан бас нэг нөхөр босож ирээд:
-76 гэдэг тоо олон байна. Хас, хас. Чингис хаан есөн өрлөгтэй болоод л байсан шүү, мэдэв үү. Чингисийн монголчууд аа. Есөн хүнийг үлдээгээд бусдыг нь тараа.
-Бас нэг залуу микрофон шүүрч аваад:
-Сонсохгүй байна, сонсохгүй байна. Ерөөсөө гишүүдийн тоо хэд ч байсан нэмэхийг зөвшөөрөхгүй мэдэв үү. Би л лав бүгдийг нь л сөрнө, эсэргүүцнэ за юу.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэгдүүлэх, эсэх тухай орон нутагт болсон хэлэлцүүлэг яг ингээгүй ч, ер нь бол иймэрхүү маазрал болоод дууссан бололтой юм билээ. Зарим нь ямар ч хувилбар хэлэхгүй, хуулийн төслийн талаар мэдээлэл түй ч байхгүй ерөөсөө шууд л эсэргүүцээд унасан гэж байгаа. Уншсан судалсан юмгүй атал юуг өөрчилж, асуудал хэлэлцэж, шийдэл гаргах билээ.
Сөрөг хүчин нэртэй ч сөрж чадахгүй байгаа АН-ынхан, эсвэл хагалан бутаргах сонирхол бүхий бүлэглэлүүд ч юм уу, хэн нэгний зүгээс хүмүүсийг турхирч “Гишүүдийн тоо нэмэхийг эсэргүүц, хэрүүл хийж хэл ам дэгдээ. Улаан хэрүүл тарьсан хүмүүсийг шагнаж мөнгө өгнө шүү” гэсэн зар тарааж, жүжиг тавиулаад алга болсон гэх сураг ч дуулдсан. Эцэст нь 152 гэсэн хувилбарыг иргэд дэмжихгүй, гишүүдээ загнаж зандарсан учир парламентад суудалтай намууд зөвшилцөж, мөн хүн амын тоонд харьцуулсан судалгаа гаргаж 126 байх боломжтой гэсэн хувилбар дээр тогтсон гэдгээ олон нийтэд мэдээлсэн. Хэлэлцүүлгийн явцад юу болохыг таашгүй. Гол нь УИХ-аар хэлэлцүүлэхдээ маазарч болохгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )