Цагдаагийн байгууллагын түүхт 90 жилийн ойн хүндэтгэлийн концерт өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой баяр наадмын өдрүүдтэй давхцан тохиов. Жил бүрийн долдугаар сарын хоёр дахь бямба гарагт Монголын цагдаагийн байгууллагынхан баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд цагдаагийнхан түүхэн ойн баяраа амжилт бүтээл дүүрэн угтаж байгаа болохоор энэ сарын 2-19-ний өдрүүдэд тэмдэглэж байна. Наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир тушаал гаргаад Ардын хувьсгалын 90, Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн офицерүүдийн цол, тэмдгийг гардуулав. Энэхүү тушаалаар цагдаагийн хурандаа ес, цагдаагийн дэд хурандаа 42, цагдаагийн хошууч 58, цагдаагийн ахмад 122, цагдаагийн ахлах дэслэгч цолыг 122 хүнд олгож, офицерийн бие бүрэлдэхүүнд шинээр 28 хүн оруулан цагдаагийн дэслэгч цол олгож, цол тэмдгийг нь гардуулсан байна. Тэгвэл долдугаар сарын 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд баярын арга хэмжээ зохион байгуулж, цэргийн парад, баярын жагсаал, хүндэтгэлийн тоглолт, спортын өдөрлөг болсон юм. Энэхүү ёслолын жагсаалд Улаанбаатар хот дахь Цагдаагийн хүрээний анги байгууллагууд оролцож, албаныхаа чадварлаг уран бүтээлч алба хаагчид, шилдэг техник хэрэгслээ олон нийтэд танилцууллаа. Морин цагт эхэлсэн ёслолын жагсаал урлагийн тоглолт, 500 хүний бие хамгаалах урлагийн үзүүлбэр, тусгай бүлгийн болон эрэлч нохойн үзүүлэх тоглолт, морьтой үзүүлбэр, шүхрийн буулт, мотоцикльчид, бөмбөрчдийн тоглолт болсон юм. Тоглолтыг үзэж суусан алба хаагчид цагдаагийн байгууллагаараа бахархаж байлаа. Харин Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүндэтгэлийн концерт маргааш Соёлын төв өргөөнд болох аж. Өнөөгийн цагдаагийн байгууллага 1921 онд Их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Ардын цагдан сэргийлэх байгууллагыг цэргийн яамны бүрэлдэхүүнд эмхлэн байгуулснаар үүсэн бий болжээ. Ингэснээр “Нийслэл хүрээний Цагдан сэргийлэх хороо”, “Маймаа хотын Цагдан сэргийлэх хэлтэс” хоёрыг татан буулгаж, энд хэрэглэгдэж байсан албаны байр байшин, унаа мал, зэвсэг хэрэгслүүд болон туршлагатай цагдаа нарыг түшиглэн Ардын Цагдан сэргийлэх байгууллага нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 1924 онд Улсын Цагдан сэргийлэх Ерөнхий газар, 1926 онд Нийслэлийн цагдаагийн газрын үндэс суурь тавигджээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top