Аливаа зүйл сайн муу талтай ч сайн нь давамгайлах ёстой

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, эцсийн байдлаар шийдэлд хүрээгүй боловч айсуй сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохоор талууд тохиролцов бололтой. Гэхдээ удаа дараагийн хэлэлцүүлэг, хурлаас хурлын босго даваа хүлээж байгаа. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тал дээр иргэд олон нийт ихээхэн бухимдалтай байгаа. Тэгэхээр 2020 оны томсгосон мажоритар тогтолцооны 76 тойргийн мандат хэвээрээ байж, 50 хүнийг пропорциональ буюу намын жагсаалтаар нэр дэвшүүлэх нь ч тодорхой болов.

Монгол Улс 1992 оноос хойш найман удаа сонгууль явуулахдаа янз бүрийн арга хэрэглэсэн ч хөрсөн дээр яв цав нийцээгүй учраас аль болох эерэг орон зай хайж явсаар өнөөдрийн шийдэлд хүрч байгаа болов уу. Энэ удаа ч 2012 оны тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулна гэхээр чанарын ялгаа байна уу гэх асуулт зүй ёсоор урган гарч ирнэ. Хуулийг харахаар шинэ тутам заалт байгаа ч төдийлөн өөрчлөлт үгүй.

Ганц том ялгаа нь гэвэл гишүүдийн тоо 126 болох юм байна, улс төрийн намуудын босго тав биш гурван хувь болох юм байна.

Мэдээж хэрэг, сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэх сургаар улс төрийн жижиг намууд хөөрч догдолж байгаагаас үүнд ул суурьтай хандаж байгаа нь маш цөөн харагдана. УИХ-ын гишүүн болчихсон мэт догдлолтой нөхөд л дүүрэн болж. Нөгөө талаар дэлхий нийтийн хандлага, дотоодын хүчин зүйлс гээд олон зүйл нөлөөлсөн. Тэгвэл эрдэмтэн мэргэд энэ тал дээр байр сууриа илэрхийлж, шинжлэх ухааных нь үүднээс тайлбарлаж өгсөн нь цөөнгүй байгаа. Тэдний хувьд цар тахлын дараах эдийн засгийн уналт, нийгмийн сэтгэл зүйн үүднээс томоохон шинэчлэл хийх нь эрсдэлтэй байж болохыг юуны өмнө анхааруулсан. Гэхдээ энэ бол шинжлэх ухаан талаас нь аваад үзэхэд айх зүйл биш, гагцхүү маш болгоомжтой хийхийг сануулжээ. Эрдэмтэд “болгоомжтой байхыг сануулсан” нь санаандгүй хэрэг биш гэдгийг хаа хаанаа тунгаах хэрэгтэй. 

Тэгэхээр эрдэмтдийн байр суурийг дурдах нь зүйн хэрэг байх. Өнөөдөр эрх баригчид болон улс төрийн бусад намууд сонгуулийн тогтолцоог холимог болгож, гишүүдийн тоог 126 болгох тал дээр санал нийлж байна гэдэг нь зүгээр ч нэг хийсвэр тоо биш. Эрдэмтдийн ярьж байгаагаар бол энэ нь куб язгуурын аргаар гаргаж ирсэн тоо. Куб язгуур нь далаад оноос дэлхий нийтэд түгээмэл дэлгэрсэн аргачлал юм байна. Тус язгуураар гаргаад үзэхээр манай улсад 150.5 хувь гарч байсан ч ард олны эсэргүүцэлтэй тулгарч 126-руу гулсав бололтой. Ер нь бол 2020 оноос дэлхий нийт квадрат язгуурын аргачлал ашигладаг болсон гэдгийг эрдэмтэд хэлсэн. Үүнийг маш зөв аргачлал гэдгийг шинжлэх ухаан хэлж байгаа хэрэг.

Квадрат язгуурын аргачлалыг ашиглая гэвэл манайх шиг 3.4 сая хүн амтай улс 2000 гишүүнтэй байх ёстой гэнэ. Ёстой ойн тоонд багтахгүй их тоо байх. Энэ нь манайх шиг цөөн хүн амтай улсад нүсэр сонсогдох тоо ч олон улсын стандартад бол том тоо биш гэнэ. Гэхдээ энэ аргыг хоёр сая хүн амтай улсад хэрэглэх нэг өөр, 20 сая хүн амтай улсад хэрэглэх нэг өөр учраас манайд хол сонсогдож таарна. Тиймээс куб язгуурын аргаар тооцож, 152 гэсэн тоо гаргаад байсан ч 126 дээр тохирч байх шиг. Ардчилал хөгжсөн гэх Дани, Норвеги, Швед, Финланд, Исланд гэх мэт улсууд нь 5-10 сая хүн амтай, дундажаар таван сая хүн амтай улсууд юм. Өөрөөр хэлбэл манай улстай хүн амаар ойролцоо гэсэн үг. Энэ өнцгөөс авч үзээд хоёр моделио зэрэгцүүлээд харахаар квадрат язгуурын арга нь маш хол зөрж байгаа юм. Харин куб язгуурын арга нь 95 хувьтай тохирч байгааг судлаад гаргажээ. Тиймээс бидэнд далаад онд хэрэглэж эхэлсэн куб язгуурын аргачлал нь зохино гэдгийг эрдэмтэд батлан хэлээд байгаа юм.  

 

САЙН ТАЛ

 

Олон улсад манай улсын парламентыг 76 гишүүнтэй, нэг танхимтай жижиг парламент гэдэг. Цөөн хүн хууль батлахын хэрээр янз бүрийн явцуу эрх ашигт тохирсон хууль батлах явдал нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Энэ нь Монгол Улсын парламентаас гарч буй шийдвэрийг савлагаатай болгоод байгаа гэх мэт шүүмжлэл ч байдаг. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоог сонгуулийн насны хүн амыг төлөөлж чадахуйц хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэдэг нь зөв.

Тухайлбал, Байнгын хорооны хуралдаанд 11 гишүүн оролцох ёстойгоос зургаа нь ирээд л асуудал шийдэж байна. УИХ-ын чуулганы хуралдаан ч адилхан, цөөн хэдэн гишүүд улс эх орны хувь заяаг шийдээд явж байгаа нь өрөөсгөл зүйл. Нөгөө талаар гишүүдийн тоог нэмж, холимог тогтолцоонд шилжүүлээд сонгуульд оролцсон намууд тав биш гурван хувийн босго давах болж байгаа нь парламентад олон намын системийг бүрдүүлж байна гэх. Олон намын систем бүрдэнэ гэдэг парламент ардчилсан сонгодог жишиг рүүгээ нэг алхаж байгааг дурдсан.

Ингэхээр улс эх орны эрх ашгийг цөөн гишүүн бус олон ургальч үзэл дор, олон нам хамтран үзэл бодлоо уралдуулан байж шийднэ гэдгийг ярьдаг. Энэ бол яах аргагүй өдгөө мөрдөж үзэхээс өөр аргагүй зарчим шахуу болчихоод байгаа учраас эрх баригчид тэргүүтэй улс төрийн намууд ийн шийдэлд хүрсэн байх. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэснээр Байнгын хорооны хуралдааны шийдвэрийг зургаахан хүн гаргахгүй, УИХ-ын чуулганы шийдвэрийг 20-30 хүн гаргахгүй гэсэн үг. Нөгөө талаар мажоратори буюу жижиг тойрогт намуудын санал ихээр гээгддэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудад бус нэр дэвшигчдэд санал өгдөг. Томсгосон зарчмаар сонгуулиа явуулахаар улс төрийн намуудад өгсөн сонгогчдын санал гээгдэхгүй. Нөгөө талаар худалдагдахгүй. Түүнээс бус 60 гаруй суудал авч парламентад олонхи болсон нам байгаа ч нийт сонгогчдын саналыг хувиар авч үзэхээр нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан байх жишээтэй. Мөн жижиг тойрог дээр нэр дэвшигчид сонгогчдын саналыг мөнгө, бэлэг сэлтээр худалдан авах хандлага үүсээд удсан. Өдгөө 10 хүрэхгүй мянган хүний саналаар парламентад бүхэл бүтэн аймгийг төлөөлж байгаа гишүүн бий. Энэ нь сонгогчдын саналыг худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг. Харин томсгосон тойрог дээр сонгогчдын саналыг худалдан авах боломжийг хаах юм. Шинэ цагийн баячууд олширсон цагт 10 байна уу, 20 мянга байна уу хамаагүй бэлэг сэлт, мөнгө төгрөг тараахаа хүрвэл тараах байх. Энэ хуулийг дурдаад байвал сайн тал бий. Бас сөрөг гэмээр зүйл ч бий. Сөрөг зүйлээ сөрж байж л сая сайн хууль бий болно.

 

МУУ ТАЛ

 

Өнөөдөр Засгийн газраас авлига албан тушаалын хэрэгтэй тэмцэж, ямар нэг гэмт хэргийн шинжтэй зүйл өдүүлсэн, түүнд холбогдсон нөхдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж байгаа. Мөн “Таван Ш” ажиллагаа өрнүүлээд байгаа нь сайн хэрэг ч өдгөө батлахаар зэхэж байгаа хуулиа сайтар нягтлах хэрэгтэй гэдгийг эрдэмтэд сануулж байгаа. Хамгийн гол нь эрх баригчид авлига албан тушаалын гэмт хэрэгтэй амжилттай тэмцэж байгаа ч намын жагсаалтад амиа хоохойлж үлдэх хүн цөөнгүй байгаа гэдэгт иргэд олон нийт санаа чилээж байна.

УИХ-ын гишүүдийн тоо 126 боллоо гэхэд 50 гишүүн нь ард түмний жинхэнэ хүсэн хүлээсэн төлөөлөл байж чадах уу. Энэ талаар ямар зохион байгуулалт хийх юм гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөх л улс төрийн тэтгэвэрт аль эрт гарсан Б.Жаргалсайхан, Б.Найдалаа тэргүүтэй байнга сонгуульд өрсөлдөн унаж, аль ч цагт эрх баригчдын халаасаар орж гардаг жимтэй болчихсон нөхөд ороод ирвэл чанарын ялгаа гарахгүй. Тэгэхээр улс төрийн намуудын босгыг хуучнаар буюу таван хувьд баривал яасан юм гэх санааг иргэд гаргана лээ. Гурван хувь бол хэтэрхий намсаж байгаа хэрэг шүү гэдгийг ч сануулсан.

Өдгөө Ерөнхийлөгчөөс өргөн бариад байгаа “Улс төрийн намуудын тухай хууль”-ийг сайтар цэнэж батлах ёстой. БНН-ын дарга Б.Жаргалсайхан гэхэд л ганц удаа УИХ-ын гишүүн болж, ганцхан удаа сайдын суудалд залрахдаа Монгол Улсын Засгийн газрыг барьцаалж, Японы “Маребуни” корпорациас 20 сая ам.долларын зээл авчихсан, төлөөгүй гэдэг дуулиан шуугиан өчигдрийг хүртэл байсан. Засгийн газрыг барьцаалсан болохоор татвар төлөгчдийн мөнгөөр төлж барагдуулсан байж таарна. Тиймээс 50 суудалд энэ мэт хүмүүс орж ирээд эрх баригчдын халаасаар орж гараад, энд тэнд будилаан хутгаад яваад байвал яах юм.

Орж ирэхгүй гэх баталгаа алга. Улс төрийн намуудын босгыг гурван хувь болгочихсон учраас Б.Жаргалсайхан мэт нь тэртээ тэргүй өрсөлдөөд унахаа мэдээд тойрогт өрсөлдөхгүй. Олон нийтэд нэр хүндтэй хоёр гурван хүнийг олж сонгоод дэвшүүлчихнэ, өөрөө намын жагсаалтад үлдэнэ гэхээр УИХ-д ороод ирэх боломж бүрдэж байна. Нэгэн насаараа сонгуульд өрсөлдөж унасан нөхдөөс гадна шинэ тутам “хулхи эх орончид” гараад ирэх магадлалтай. Тухайлбал, “Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатараас эхлээд баруун зүүнээ ч мэдэхгүй, өөрсдийгөө эх оронч баатрууд гээд буруу ойлгочихсон нөхөд ороод ирвэл энэ парламент юу болох вэ. Ард түмний төлөөлөл гэхээр л цээжээ дэлддэг хоосон харанхуй нөхөд байж болохгүй. Энэ зүгээс нь харвал хуульд илүү чанга хандаж, босго өндөр заалтууд оруулж өгөх хэрэгтэй гэдгийг олон нийт сануулсаар байна. Тиймээс аливаа зүйл сайн муу талтай байдаг шиг энэ хуульд ч гэрэл сүүдэр бий. Гэхдээ сайн тал нь давамгайлж байх ёстой гэдгийг сануулахад илүүдэх юун. Яагаад гэхээр энэ чинь тогтолцоо шүү дээ.

лж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бүгд(150.129.142.189) 2023 оны 05 сарын 23

төрийн эрхийг нам барихгүй шүү. намын тохиролцоо гэж хуцахаа болиорой. сонгуульд намын санал 8 хувь байж суудалд жагсаалтаар орох квотын эрхтэй болох ёстой. 3 хувь бол ерөөс биш, бөөн будлиан, парламенитйн тогтворгүй, шийдвэр гаргах чадваргүй болоно

0  |  0
ард(150.129.142.166) 2023 оны 05 сарын 23

НАМУУДЫН ТОХИРОЛЦОО ХАМААГҮЙ ЭЭ АРД ИРГЭДИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР Л ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЁСТОЙ БОЛХООС ТЭР НАМУУД БОЛ ЦААШАА Л БАЙНА...

0  |  0
Top