Боловсролын зээлийн сангаас эрх мэдэлтнүүд үр хүүхдээ гадаадын өндөр төлбөртэй их сургуулиудад сургачихаад зээлээ төлдөггүй. Тэр ч бүү хэл, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан зээлээ чөлөөлүүлдэг, зарим нь одоо болтол төлөөгүй байсан зэрэг асуудал өнөөдөр нийгмийг бухимдуулж байна. Гэтэл энэ тухай одоогоос жилийн өмнө анх шүгэл үлээж, түүнээс үүдэн Үндсэн хуулиар олгогдсон үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээс эхлээд өнөөг хүртэл хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж, эрхээ хамгаалуулахаар тэмцэж яваа хүн бол яруу найрагч, математикч Шагдаржавын Урьхан юм. Дөнгөж 30 настай тэрбээр Монголын жирийн нэгэн багшийн охин. Түүний ээж ЕБС-т насаараа ажилласан бол охин нь дээд боловсролын салбарт ажиллаж ирсэн. Тэдний гэр бүл бүгд МУИС-ийг төгсөж, боловсролын салбарт хоёр үеэрээ ажиллаж байгаа сэхээтнүүд юм. Тэрбээр их сургуулиа төгсөөд МУБИС-д оюутны хөгжлийн арга зүйчээс тухайн албаны дарга хүртэл дэвшин найман жил ажиллаад Боловсролын зээлийн сангийн асуудлаар шүлгэл үлээсний улмаас эрх нь зөрчигдөж, улмаар ажилгүй болжээ. Түүнтэй ярилцлаа.
-Боловсролын зээлийн сангийн хууль бус зээлүүдийг шүүмжилж, олон нийтийн сүлжээнд шүгэл үлээсний учир эрх нь зөрчигдөж, гадуурхагдаж, ажилгүй болсон гэсэн. Тухайн үед юу болсон бэ?
-Би БШУЯ юм уу, Боловсролын сайдтай холбоотой ямар нэгэн нууцын зэрэглэлтэй мэдээлэл гаргаж тавиагүй. Мөн тэр нь би албан үүргээ биелүүлж явахдаа олж авсан мэдээллээ задруулсан асуудал биш юм. Хамгийн анх 2022 оны тавдугаар сард миний суралцаж төгссөн МУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимыг татан буулгах гэж байгаа асуудлаар Боловсролын сайд руу хандан твиттерт жиргэсэн.Түүний дараа энэ шийдвэр буруу байна гээд цуцалсан. Тэрнээс хойш ерөнхийдөө боловсролын салбарт хүний эрх зөрчигдөж байна.Тэгш бус байдал үүсээд байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт, ялангуяа Боловсролын зээлийн сан дээр тэгш хамруулдаггүй, боломж нь хүссэн хүн бүрд нээлттэй биш, мэдээлэл нь хаалттай байдаг. Мэдээлэлд хамгийн ойр байдаг хүмүүс энэ сангийн тэтгэлэг, зээлийг аваад байна гэдэг асуудлыг цахим хуудастаа шүүмжилж бичсэн. 2022 оны есдүгээр сард Боловсролын зээлийн сантай холбоотой нэлээн олон баримтыг гаргаж тавиад байтал БСШУЯ-ны Боловсролын зээлийн сангийн дарга Гарди гэж хүн өөрийнхөө тэргүүлэх бус ОХУ-д мэргэжлээр сурсан 32.000 ам.долларын зээлийн барьцаанд байсан БЗД дэх орон сууцаа өөрийнхөө гарын үсгээр албаны бланкаа ашиглан чөлөөлөх хүсэлтийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газар руу явуулж чөлөөлүүлсэн баримт олдсон.Тэр баримтыг нь Боловсролын сайд руу твиттерт жиргэсэн. Ийм байж болохгүй биз дээ. Энэ чинь ашиг сонирхлын зөрчил шүү дээ, хууль зөрчиж байна гэсэн. Гэтэл Боловсролын сайд “Ийм байх боломжгүй. Боловсролын салбарт ийм зүйл байхгүй” гэж хариу жиргэсэн байсан. Сайд тэгж жиргэхээр нь “Худал мэдээлэл юм байж дээ” гэж бодож байтал тэр нь үнэн байсан.
-БСШУЯ-наас дарамт, шахалт ирэх болсон нь хэзээнээс вэ?
-Яг энэ үеэс яамнаас ирэх дарамт, шахалт илүүтэй эрчимжиж эхэлсэн. Тухайлбал, 2022 оны тав, зургаадугаар сард над руу утсаар залгаад “Чи больчих л доо, яах гээд байгаа юм. Чамд ямар хэрэгтэй юм бэ, хаяач” гэдэг байсан бол есдүгээр сараас нь шууд “Ажлын байрны чинь асуудлыг бид хөндөж тавьж бас болно шүү дээ. Чи заавал санаа бодол нийлэхгүй байгаа салбартаа ажиллах албатай биш” гэсэн шахалтууд ирж эхэлсэн. Үүний үр дүнд миний ажиллаж байсан МУБИС-ийн удирдлагуудаас ч албан болон албан бусаар надад шахалтууд ирж эхэлсэн.
Дарамт, шахалт нь эхлээд утсаар ирдэг, хүнээр дамжуулж хэлүүлдэг, найз нөхөд, ах дүү нар, нутгийн маань хүмүүсээр, тэр дотор маш олон яруу найрагчдаар хэлүүлдэг байсан. Сүүлдээ шууд нүүр тулж уулздаг, шууд албаны утаснаасаа залгадаг, БШУЯ-ны утсаар ярьдаг болж, сүүлдээ ажиллаж байгаа байгууллага маань багш, ажилчдынхаа хурал дээр зарладаг, хэлдэг, нэр цохдог байдал руу орсон. 2022 оны есдүгээр сарын 27-ны шөнө над руу хүн залгаад “Сайдын шуурхай хуралдаан дээр эвгүй асуудал яригдлаа. Нэр ус чинь цохогдсон. Жиргэсэн жиргээ чинь цаасан дээр хэвлэгдчихсэн орж ирсэн харагдсан шүү. Болгоомжтой байгаарай. Ер нь Боловсролын зээлийн сангийн асуудлыг чи яриад шийдэгдчихгүй. Энэ ганц Д.Гардийн асуудал ч биш байх аа даа” гэсэн. Маргааш өглөө нь БШУЯ-наас сайдад хаягласан, намайг ёс зүйгүй авирладаг тухай өргөдөл гарч ирж байгааг би мэдсэн. Тэр өргөдөлд 18 хүн гарын үсэг зурсаны 16 нь миний харьяалалд ажилладаггүй хүмүүс. Мөн энэ 16 хүнээс гуравтай нь би нүүр тулж уулзаж үзээгүй. Ингэж намайг ажилгүй болгох үйл ажиллагаа эхэлсэн юм.
-Шүгэл үлээгчдийг ажил, амьдралгүй болгодог танил технологи байх чинь. Таны өмнө прокурорын байгууллагад шүгэл үлээгээд бүлэглэлд чадуулсан Б.Оюунцэцэг гэдэг эмэгтэй бас ийм хар технологиор ажлаас халагдаж, хэрэгтний эгнээ рүү шилжих шахаж, ажил, амьдралгүй болсон тухайгаа ярьсан юм л даа?
-МУБИС 70 жилийн түүхэндээ асуудлыг хурдан шуурхай шийдэж байгаагүй атал надад хариуцлага тооцох шийдвэрийг маш богино хугацаанд, гэрлийн хурдаар буюу БШУЯ-ны Дээд боловсролын газраас ирсэн бичгийн дагуу /тэр бичигт арваннэгдүгээр сарын 4-ний дотор асуудлыг шийд/ албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ хууль бус шийдвэртэй нь би санал нийлэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгээ удирдлагууддаа хэлээд гарсан. Тэр үед надад маш их дарамт, шахалт ирж, хүний эрх зөрчсөн үйлдлүүд тулгарсан учир сэтгэлзүйн хувьд хүнд байсан.
Үүнээс шалтгаалан эрүүл мэндийн асуудлууд үүсэж эхэлсэн. Ингээд арваннэгдүгээр сарын 4-ний өдөр шийдвэрээ хүлээж аваад МУБИС-ийн захиралд хариу өргөдөл бичсэн. Эрүүл мэндийн асуудал байгаа учир ээлжийн амралтын дутуу хоногоо нөхөж амрах хэрэгтэй байна. Дээр нь дотоод журамд заасан эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийлгэх 15 хоногийн чөлөөг олгоно уу гэсэн. Чөлөөгөө аваад арванхоёрдугаар сарын 5-нд буцаж очих ёстой байсан юм. Гэтэл арванхоёрдугаар сарын 2-нд МУБИС бүтцийн өөрчлөлт хийж, намайг албан тушаал бууруулсан ахлах мэргэжилтний орон тоогоо байхгүй болгосон байсан.
Ингээд би ажилдаа буцаад очих газаргүй болсон. Тэр бүтцийн өөрчлөлтийн дараа хүмүүсийг ажилласан хугацаанаас нь хамааран зургаагаас дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгч ажлаас нь чөлөөлөх, эсвэл өөр ажлын байр санал болгож байсан бол надад алийг нь ч санал болгоогүй. Тэгсэн хэрнээ бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон, миний ороо ч үгүй ажлын байран дээрээс намайг “Ажилдаа ирэхгүй бол хална шүү” гэдэг мэдэгдлийг манай гэр рүү гурван удаа шуудангаар илгээсэн байгаа юм.
-Хуулийн байгууллагад хандав уу. Шүүх ямар хариу өгөх юм бэ?
-Сүхбаатар дүүргийн цагдаад гурван удаа өргөдөл гаргахад хоёрт нь хэргийг хэрэгсэхгүй болгосон. “Баримт байгаа ч та бодитоор хохироогүй байна. Таныг ална гэж сүрдүүлсэн болохоос яг алчихаагүй байна. Таны биед ямар нэгэн гэмтэл хохирол учруулаагүй байна” гээд хэргийг хаасан. Гурав дахь удаад нь өмгөөлөгч аваад өргөдлөө бариад Нийслэлийн прокурорт гомдол гаргасан.
Тэндээс “Хэргийг дахин хянан шалга, энэ дотор хүний эрх зөрчигдсөн, заналхийлэлд өртсөн, эрүүгийн хууль зөрчигдсөн, илтэд худал мэдээлэл тараагдаж, энэ хүний нэр төрд халдсан асуудал гарсан байх тул дахин шалга” гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар руу буцаасан. Одоо тэр нь ид шалгагдаж байна. ХЭҮК-т хоёр төрлийн гомдол гаргасан. Нэгдүгээрт, МУБИС-аас миний асуудлыг шийдвэрлэхдээ үзэл бодлоор ялгаварлан гадуурхсан. Үндсэн хуульд заагдсан уран бүтээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх эрхэд халдаж, Ёс зүйн хорооны хурал дээр миний шүлгийг уншиж, ийм шүлэг бичиж байгаа нь ёс зүйгүй гэх асуудал хүртэл ярьсан гэдгийг дурдаж гомдол гаргасан.
-Ямар шүлэг билээ?
-“Дүүрэн гунигтай хотын гудамжинд
Дүүжлүүрийн олс шиг амьдралаа эргэцүүлэн алхнам” гэсэн шүлгийн мөр байсныг хурал дээр нэг хүн уншина лээ. Тэгээд намайг ийм шүлэг бичиж байгаа нь ёс зүйгүй гэж буруутгасан.
-ХЭҮК таны гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-ХЭҮК-оос БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Х.Тамир нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад дарамт, шахалт үзүүлж, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, үзэл бодлоо илэрхийлэхгүй байхыг анхааруулж, сүрдүүлж байсныг баримтаар нотолж, 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад “Энэ хүний эрхэд халдсан байна гэдгийг тогтоолоо” гэсэн албан бичгийг хүргүүлсэн.
Түүнчлэн БШУЯ-ны ажилтнуудын үзэл бодлоо илэрхийлэх хэм хэмжээг хязгаарласан, тогтоож өгсөн, тодруулбал ямрыг нь албаны нууц гэж үзэх, ямрыг нь нийтэд дэлгэж үзэл бодлоо илэрхийлж болно гэж үзэх вэ гэсэн дүрэм журмыг салбарынхаа хэмжээнд боловсруулан мөрдөж ажиллаач гэсэн зөвлөмжийг мөн хүргүүлсэн байгаа. МУБИС-ийн үйл ажиллагаа, Ёс зүйн хорооны хурал дээр хүний эрх зөрчсөн асуудал нь ХЭҮК дээр дахиад ч шалгагдаж байна. Энэ тухай миний өргөдөл гомдол бараг хагас жил шахам шалгагдаж байгаа. 2023 оны нэгдүгээр сард гаргасан өргөдөл одоо хүртэл шалгагдаад явж байна.
-Одоогоос бүтэн жилийн өмнө Боловсролын зээлийн сангийн “но”-той, ноцтой асуудлыг твиттерт жиргэж, шүгэл үлээсэн байна шүү дээ. Гэтэл одоо л нийгэм нийтээрээ хөдөлж, шүүмжилж байна. АТГ, ЭЦА-наас ажлын хэсэг ч гарлаа?
-Бүтэн жил 2022 оны тавдугаар сараас эхлэн би твиттерийн хуудаст нэг ч өдөр энэ асуудлаар дуугүй суугаагүй. Боловсролын зээлийн сангийн асуудал одоо бол эцэстээ тулж, галт уулаар бол идээ бээр нь дээш дэлбэрч байх шиг байна. Гэхдээ энэ асуудал анх удаа сошиалд хүчтэй өрнөж байгаа юм биш. Байсхийгээд давлагаа үүсдэг, тэр нь өөр сенсацад дарагдан намждаг, дахиад яригддаг мөн л намждаг ийм байдалтай явж ирсэн. “Нүүрсний хулгай”-г эсэргүүцсэн жагсаалын өмнө Боловсролын сангийн зээлийн асуудал маш эрчимтэй яригдсан.
Тэр үед би дөнгөж ажилгүй болоод байсан, боловсролын салбарт хүний эрх зөрчигдөж байгаа талаар твиттерт байнга жиргэж байсан учир давлагаа үүссэн. 2023 оны гуравдугаар сард бас нэг давлагаа үүссэн. Тухайн үед Tsahiur.mn сайт надаас ярилцлага авахад нь би уйлаад ярьж байсан. Одоо бол танд инээгээд яриад сууж байна. Мөн NTV телевизийн сэтгүүлч Батцэцэг 2022 оны арваннэгдүгээр сарын үед Боловсролын зээлийн сангийн тухай гурван цуврал нэвтрүүлгээр асуудал хөндөж байсан. Гэтэл тэр үед Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн устчихсан гэж хэлээд байгаа 2100 гэрээ байж байсан шүү дээ. Гэрээ нь, хүмүүсийн нэрсийн жагсаалт нь бүгд байсан. Боловсролын сайд “Үүнийг нээлттэй болгох гэж хичээж байна, тийм хууль эрхзүйн орчин нь бүрдээгүй байна” гэж ярьж байсан. Боловсролын зээлийн сангийн дарга нь “Цаг нь болоогүй байна” гээд яриад сууж байсан гэрээнүүд шүү дээ.
-Тэгэхээр “2022 оны арваннэгдүгээр сард байсан гэрээнүүд 2023 оны тавдугаар сард гэнэт хаашаа алга болчихдог байна аа” гэсэн асуулт гарч байна, тийм ээ?
-Тийм. Энэ хооронд Боловсролын зээлийн сангийн удирдлага, ажилтнууд огт солигдоогүй. Д.Гарди нь устгадаггүй л юм бол байж л таарна шүү дээ. Одоо би энэ тухай дуугарахгүй байлаа ч асуудал нэгэнт олон нийтийн анхааралд өртсөн учир эцсийн шийдвэр гарах хүртэл нийгмээрээ шахаж шаардах байх. Үүний цаана жирийн иргэдийн хүүхдүүд, хөдөлмөрөөрөө амьдарч яваа олон хүний эрх ашиг бий шүү дээ.
-Энэ сэдвээр дуугараад өөр шиг чинь хохирч яваа бол Сийлэг гэдэг эмэгтэй бас байна лээ. Шүгэл үлээгээд хохирсон ийм хүн хэр олон байгаа бол?
-Өөрт тохиолдсон энэ байдлыг цахимд бичсэний дараа надтай хоёр хүн холбогдсон. Түүний нэг нь Сийлэгмаа гэдэг эмэгтэй. Боловсролын зээлийн сан шударга байгаасай гэдгийг хэлээд ажлаасаа халагдсан. Бид хоёр яг нэг асуудлыг хэлснээрээ, ярьснаараа, бичсэнээрээ, хүмүүсийг уриалснаараа, түгээснээрээ ижил шийтгэл хүлээсэн байгаа юм.
Нөгөө хүн нь Шинжлэх ухаан, технологийн сангийн асуудлыг ярьсан байдаг. Бид гурвыг гурвууланг нь удирдлагад нь болон харьяанд нь ажиллаж байсан хүмүүсээр өргөдөл бичүүлээд ёс зүйгүй гэх баримт нотолгоогүй асуудлаар хурлаар оруулж ажилгүй болгосон байдаг. Намайг бүтцийн өөрчлөлтөд оруулж ажилгүй болгосон, нөгөө хоёр хүнийг шууд ажлаас нь халсан юм билээ. Ер нь бол ижил зохиол, нэг технологи хэрэгжсэн байгаа юм. Одоо МУБИС намайг ажлаас халдаггүй, ажлын байраар хангадаггүй.
-“Ажлын байраар хангаж өгнө үү” гэсэн өргөдөл бичихээр ямар хариу өгөх юм?
-“Шүүхийн асуудлаа шийдүүл, Боловсролын сангийн зээлийн тухай твиттерт жиргэсэн асуудлынхаа учрыг ол, Боловролын сайдтай учраа ололцчих” гэдэг. “Тэгвэл би амьдралаа бодмоор байна, өөр газар ажилд ормоор байна. Хөдөө очоод сумынхаа ЕБС-д багшилмаар байна. халагдах тушаалаа аваад явья” гэхээр “Халчихвал, чи халагдсан тушаалаа твиттерт жиргэчихнэ” гээд намайг долоон сар ажилгүй байлгаж байна. Энэ хугацаанд долоон удаа сургуулийн удирдлага өргөдөл бичсэн. Яагаад нэг удаад нь “Ирээд уулз, ярилцаж үзье” гэж болоогүй юм. Яагаад өмгөөлөгчөө дагуулаад ир, асуудлыг сонсъё. Чи ер нь яагаад, юу болоод байгаа юм” гээгүй юм.
Тэгээд өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл болон, эрүүл мэндийн даатгал төлдөггүй, цалин хөлс олгодоггүй. Сайд нь тэр ажлаасаа халагдаагүй гэж мэдэгдэл хийгээд байж байдаг. Тэр бүү хэл ажлаасаа ёс зүйн асуудал гаргаж халагдангуутаа хорссондоо Боловсролын зээлийн сангийн мэдээллийг сэвчихсэн гээд чичлээд байж байдаг. Асуудлыг ил гаргасан хоёр хүн нь Сийлэгмаа бид хоёр юм байна лээ. Нөгөө хүн бол БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн сангийн мөнгийг инновац үйлдвэрлэдэггүй, шинэ судалгаа хийдэггүй хүмүүс хэрхэн хувааж авдаг вэ. Тэр сангийн мөнгөөр хэрхэн хуурамч диплом, хуурамч эрдмийн зэрэг цол авсан тухай бичээд өөрөө хохирсон. Ийм л байна.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Энхамгалан сайд өөрөө гардийн гар хөл юм бишүү яагаад жилиын өмнө ил болчих асуудлыг нуун дарагдуулсан юм бэ өөрийнхөө авгайгийн зээлийг тэгэлчих санаатай байж энэ сулбагар сайд нэртэй хулгайчтйг огцруулая огцруулая
Нийгэмд ил болсон нь энэ Ил болоогүй өчнөөн асуудал бна Ийм сайдууд оолон боолсон доо яанаа
hn mash zorigtoi sain bysgyi bna baharhaj bna bas ichij bna amjilt ajildaa orj daramt yzehgyi baigaarai
Хэрэг хуучрахгүй шүү.сайд гуай ажлаа өг.хүнийг яасан их хэлмэгдүүлдэг юм.хохирогч нэхэмжлэг гарга.
Хулгайч сайд нь ажлаа өгөх цаг болсон юм биш үү
ЯАНАА ЭНЭ МОНГОЛ УЛС ЧИНЬ МААФИЙН МААФ БОЛЧИХСОН ЮМ БИШҮҮ ЯМАР АЙМААР ЮМ БЭ ЭЭ БУРХАН МИНЬ \n
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
АН-н Алтанхуягийг эрөнхий сайд болонгуут ийм төрлийн хэлмэгдүүлэлт эрчээ авч хувийн таарамжгүй харьцаатай л бол ажилгүй болгодог,шоронд оруулдаг ,гутаадаг явдал газар авсан.Одоо бол бүр төгөлдөршсөн биз.
Боловсролын сайдаа огцруулмаар юм биш үү
аймаар хохироосон байна даа шүүхээряваад ажилдаа орооч дээ