ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

Өнөөдөр 2023.05.26. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 05 цаг 02 минутад мандлаа. 20 цаг 36 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дани улсад Угсаа залгамжлах хунтайжийн өдөр бол Гүржид Тусгаар тогтнолын, Польшид Ээжүүдийн өдөр.

Энэ өдөр Дани, Америкийн кино найруулагч Уле Борнедаль, Америкийн дуучин Ленни Кравиц, Лорин Хилл, Английн жүжигчин Хелена Бонэм Картер, Америкийн жүжигчин Мэтт Стоун, Италийн хөлбөмбөгч Лука Тони зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1981 оны энэ өдөр МАХН-ын 18 дугаар Их хурал хуралджээ. Хурлаар БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1981-1985 онд хөгжүүлэх долоодугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлав.

1998 оны энэ өдөр Орхон аймгаас Завханы чиглэлд нислэг үйлдэхээр хөдөлсөн “МИАТ” компанийн “Ю-12” онгоц Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт оршдог Байшинт ууланд осолдож, 28 хүний амь нас үрэгджээ. Эдгээрийн долоо нь 0-4 насны хүүхдүүд байсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1947 оны энэ өдөр ЗСБНХУ-д цаазаар авах ялыг цуцалжээ. Гэхдээ 1950 онд эргүүлэн сэргээсэн билээ.

1966 оны энэ өдөр Гайана Их Британиас тусгаар тогтносон байна.        

1980 оны энэ өдөр Унгарын анхны сансрын нисэгч Берталан Фаркаш “Союз-36” хөлгөөр хөөрчээ.

1999 оны энэ өдөр Энэтхэгийн арми Жамму болон Кашмир мужид “Вижай” ажиллагааг эхлүүлжээ. Ийнхүү Каргилийн дайн эхэлсэн байна.

Энэ өдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Тэрсүүд өдөр.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top