Улсын Бага хурлын гишүүн, АИХ-ын депутатаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч Д.Чилхаажавтай ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд зөвлөлдөх уулзалт хийж, УИХ-ын даргад хандсан гэсэн. Тэгэхээр ҮХНӨ-ийг дэмжиж байгаа юу, эсвэл?
-Ер нь бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Юуг нь яаж өөрчлөх вэ гэдэг л чухал. Одоогийн өөрчлөлт нь зарчмын өөрчлөлт болж чадах уу. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралыг гажуудлаас гаргаж чадах уу гэвэл чадахгүй. Энэ бол зөвхөн тоог л нэмэх асуудал.
Нөгөө талаар сонгуулийн тогтолцоог холимог болгох гэсэн ийм л хоёрхон чиглэлийг ярьж байна. Энэ бол эрх баригчид өөрсдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн болохоос ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, улс орны хөгжил цэцэглэлтэд нэмэр болох өөрчлөлт болж чадахааргүй байна гэж харж байгаа. Дээр нь Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад бараг жил ч болоогүй байгаа шүү дээ. Эрх баригчид ярихдаа “Үндсэн хуульд эцсийн шийдвэрээр өөрчлөлт оруулсан, тэр бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хуульд хамаарахгүй” гэдэг. Энэ үйл явц хууль бусаар явагдаж байна, зөвлөлдөх санал асуулгаасаа эхлээд.
-Тэр нь юу билээ?
-Зөвлөлдөх санал асуулга бол санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлд бичсэнээр бол нэг сэдвээр байх ёстой. Ердөө ганцхан сэдэв. Хоёрдугаарт, хоёрдмол утгагүй, ойлгомжтой бөгөөд тодорхой байх ёстой. Гэтэл зөвлөлдөх санал асуулгадаа 22 асуулт асуусан. Ийм олон асуулт тавиад тэрийгээ санал асуулга гэж үзэж байгаа бол тэр олон асуудлыг хүмүүс яаж мэдэх вэ. Гишүүдийн тоог 152 болгох уу, сонгуулийн тогтолцоог холимог болгох уу гэсэн нэг юм уу хоёр асуултыг тавьсан бол үр дүнтэй болох байсан. Гэтэл 22 асуулт тавихаар ямар ч хүнд төвөгтэй. Зөвлөлдөх санал асуулгын үр дүнг үндэслэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Саяын санал асуулга, зөвлөмжийг Үндсэн хуулийн төсөлд ер тусгаагүй. Дэмжээгүй асуудлаар төсөл боловсруулж өргөн барьсан нь хууль зөрчсөн.
-Үндсэн хуулийг боловсронгуй болгож өөрчиллөө гэхэд ямар заалтуудыг өөрчлөх ёстой гэж та үзэж байна?
-Үндсэн хуульд олон чухал заалт бий. Гол амин сүнс нь төрийн эрх мэдэл бүх ард түмний гарт байх тухай заалт. Өнөөдөр төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна уу. Энэ өнцгөөс авч үзвэл харин ч холдсон. Нэг жишээ нь, 2000 онд оруулсан “Дордохын долоон өөрчлөлт” юм. 2019 оны нэмэлт, өөрчлөлт мөн ялгаагүй төр, ард түмний холбоог бэхжүүлэх бус сулруулах чиглэлд хийгдсэн. Бид төр, ард түмний хоорондох холбоог бэхжүүлэхийн төлөө байх ёстой. Иймд энэ заалтыг өөрчлөх хуулийн шинэчлэл оруулахыг бол дэмжинэ.
-УИХ-ын гишүүдийн тооны тухайд?
-Гишүүдийн тоо зуу байна уу, мянга болно уу юу ч өөрчлөгдөхгүй. Асуудал тоонд биш тогтолцоондоо байгаа шүү дээ. Дээр нь өнөөдөр үнийн өсөлт гаарсан, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн үед олон нийт юу хүсэж байна вэ гэвэл төр, засаг маань ард түмний амьдралыг дээшлүүлэхэд нийлэмжтэй шийдвэр гаргаасай гэж харж, хүлээж байна шүү дээ.
Ийм байтал харин ч түүний эсрэгээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, төсөв зардал нэмэгдүүлэх асуудал яривал хүлээж авахгүй шүү дээ. Тэртэй тэргүй төрийн төсөв зардал данхайсан, хулгай худал нүүрлэсэн байхад ийм өөрчлөлт оруулах гээд байж таарахгүй. УИХ-ын гишүүн Т.Доржханд болон хууль санаачлагчид хэлэхдээ төсөв нэмэгдэхгүй, 76 гишүүнтэй байсан үеийн төсөв зардал хэвээр байна, 10 гишүүн нэг өрөөнд суусан ч чадна гэсэн зүйл яриад иргэдийн толгойг эргүүлээд байх юм. Төсөв нэмэгдэж л таарна, сандал ширээ, өрөө тасалгаа нэмэгдэж л таарна шүү дээ. Энэ асуудал хэмнэлтийн бодлогын хаагуур яваад байна аа. Нэмээд туслах, зөвлөхийн асуудал ч яригдаж таарна. Энэ байдлыг бид эсэргүүцэж байгаа. Түүнээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа юм биш.
-ҮХНӨ-ийг эсэргүүцээгүй гэлээ. Тэгэхээр...
-Үндсэн хуулийг өөрчлөхийг бол эсэргүүцээгүй. Гол нь одоо цаг нь биш, сэдэв нь биш гэдгийг сануулж байгаа.
-УИХ-ыг яавал хяналттай болгох вэ?
-Аливаа зүйлийн тоо биш, чанар чухал. Тэгэхээр гишүүдийн тоо хамаагүй чанар чухал. Хүн амын тоо нэмэгдсэн ч холбоо барих, мэдээлэл авах хэрэгслүүдэд дэвшил гарсан. Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна шүү дээ. Өргөн уудам нутгийн хаанаас ч мэдээлэл авч, холбогдож болно. Тэгэхээр гишүүдийн тоог нэмэх хэрэггүй. Ер нь бол Монгол Улс хоёр танхимтай юм уу, хоёр шатны парламенттай болсон тэр цагт л энэ гажуудал арилна. Түүнээс өөрөөр арилах найдлага үндсэндээ байхгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
ЦАГ НЬ, СЭДЭВ НЬ БИШ ГЭДЭГ МАШ ЗӨВ ХЭЛЖЭЭ. Ү.Х-ИЙГ ЭХНЭЭС НЬ МАШ САЙН ДАХИН ХЯНАЖ ШИНЭЧЛЭХ ЁСТОЙ, ТЭНД ЗӨНДӨӨ ДЭМИЙ, ОНООГҮЙ, ОРХИГДУУЛСАН, ЗАРЧМЫН АСУУДЛУУД БАЙГААГ НЭГ МӨР ЦЭГЦЭЛЖ ШИНЭЧЛЭХ НЬ ЗӨВ ШҮҮ
Эрх мэдлийн хуваарилалт гээч юмыг үндсээр өөрчилж байж хоёр танхим ярина л даа. Өөрсдөө багтаж магадгүй гэж тооцсон хөгшчүүдийн амны уншлагын сэдэв биш л дээ