Төв аймгийн Аргалант сумын нутагт энэ сарын 8-ны өдөр онц ноцтой хүн амины хэрэг гарч иргэдийг цочирдуулсан. Гэмт хэргийн улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр настай балчир хүү хүнд гэмтэл авсан юм. Энэ хэргийн мөрөөр цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж гэмт этгээдийг саатуулжээ. Сэжигтэн Дархан-Уул аймгаас баригдсан аж. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Д. Сандаг-Очироос тодрууллаа.
-Гэр бүлийн хоёрын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг Төв аймгийн нутагт гарсан. Үүний улмаас бяцхан хүү хүнд гэмтсэн байгаа. Хэргийн талаар янз бүрийн мэдээлэл цацагдах юм?
-Юуны өмнө талийгаачийн гэр бүлд Цагдаагийн байгууллага болон хувийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье. Энэ оны долдугаар сарын 6-ны 20.00 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүйтний хонхорхой гэдэг газар нутаглаж байсан малчин М-ийн эхнэрийг нь гэрт нь, өөрийг нь малын бэлчээрт хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан. Хэрэг гарсан даруйд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг шуурхай ажиллаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж саатуулаад байна.
-Хэргийн газарт цагдаагийнхан хээрийн штаб байгуулан ажиллаж байгаа гэсэн мэдээлэл чих дэлссэн. Энэ талаар тодруулна уу?
-Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах болон Эрүүгийн цагдаагийн тасаг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах I тасаг, Эрүүгийн цагдаагийн тасгийн албан хаагчид энэ хэргийг илрүүлэхэд мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, сэжигтэн этгээдийг Дархан-Уул аймгийн Дархан-Уул сумаас баривчилсан.
-Хэрэг үйлдсэн байдлаас харахад гэмт этгээд энэ хэргийг өс хонзонгийн улмаас үйлдсэн байх магадлалтай юу?
-Өс хонзонгийн болон шунахайн сэдэлттэй гэж хэлж болно.
-Гэмт этгээд талийгаачдыг таньдаг байсан юмуу?
-Талийгаач сэжигтэн этгээд Б-г өмнө нь удаа дараа мал хулгайлсан хэрэгт хардаж байсан гэсэн. Тэгээд хэргийнх нь талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж өөрт нь хэлж байсан юм билээ. Үүнд гэмт этгээд өс санаж, эл хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байна. Одоогийн байдлаар хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа.
-Гэмт этгээдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Б нь 1991 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Бага боловсролтой, тодорхой эрхэлсэн ажил, мэргэжилгүй. Багаасаа мал малласан нэгэн. Аав ээж нь жирийн малчид. Гэмт этгээд Б нь сүүлийн үед гэрээсээ дайжиж олон сараар гэртээ ирээгүй байсан юм билээ. Хэрэгт холбогдохын өмнө Улаанбаатар хотод барилгын туслах ажилтнаар түр ажиллаж байсан.
-Сэжигтнийг хулгайн хэргээр ял эдэлж байсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгах явцад Дархан-Уул аймгийн Шарын голоос иргэн Ц-гийн 30 гаруй адууг хулгайлж, бусдад зарсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Мөн тэрбээр хүн амины хэрэг үйлдсэнийхээ дараа талийгаач М-ийн дээл, малгай, гутлыг нь өмсч, гэрийн гадна аргамжаатай байсан морийг нь хулгайлж, унаж явах зуураа Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Б-гийн 18 адууг бэлчээрээс нь хулгайлж, Борнуур сумын нутагт зарсан нь тогтоогдоод байна.
-Талийгаачийн 300 гаруй толгой мал алга болсон мэдээлэл бий?
-Тийм зүйл байхгүй. Талийгаачийн бог мал бүрэн байгаа. Энэ хэргийг шалгах ажиллагаа эцэслэн дуусаагүй байна.
-Талийгаачийнх ам бүл цөөн, чадал муутай байсан нь энэ хэргийн золиос болоход нөлөөлсөн байж болох юм?
-Гэрийн эзэн 60 настай, харин эзэгтэй 54 настай байсан. Хэрэг гарах үед талийгаачийнд нэг нас есөн сартай ач хүү нь хамт байсан юм билээ. Талийгаачийнх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгдээрээ Улаанбаатар хотод ажиллаж, сурдаг. Эцэст нь хэлэхэд хүн бүл муутай, хот суурин газрын ойролцоо нутагладаг малчин эцэг эхтэй хүмүүс ойрхон хугацаанд тэднийгээ эргэж тойрдог, анхаарал тавьдаг байх нь чухал байна. Үүнийг иргэд анхаарах нь зүйтэй юм.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )