Финляндын нийслэл Хельсинк хотноо болсон Бизнес эрхлэгч болон ажил хэрэгч эмэгтэйчүүдийн олон улсын хобооны XXVII их хуралд оролцоод ирсэн хатагтай Ц.Эрдэнэчулуунтай ярилцлаа. Тэрээр IFBPW буюу НҮБ-д санал өгөх эрхтэй, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон олон нийтийн байгууллагын салбарыг "Мянганы дэвшил" клуб нэртэйгээр эрхлэн тэргүүнээр нь ажиллаж буй юм. Түүнийг "Гандирс" компанийн ерөнхий захирлаар нь олон нийт сайн мэдэх билээ.
-Таныг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чиглэлээр дэлхийн томоохон арга хэмжээнд оролцсон гэж дуулсан. Ямар сонинтой ирэв?
-Бид энэ оны эхээр IFBPW буюу НҮБ-д санал өгөх эрхтэй, эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг дэлхийн томоохон олон нийтийн байгууллагын салбарыг "Мянганы дэвшил" клуб нэртэйгээр Монголд албан ёсоор байгуулсан. Энэ ажлын хүрээнд манай клубын төлөөлөгчид өнгөрсөн сарын сүүлээр Финлянд улсын нийслэл Хельсинк хотноо болсон Бизнес эрхлэгч болон Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн олон улсын холбооны XXVII их хуралд оролцоод ирлээ.
-Таныг тавдугаар сард Туркд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад амжилттай оролцсон гэдгийг сонссон. Энэ удаагийн хурал ямар ялгаатай юм бэ?
-Нэгдүгээрт, энэ нь манай байгууллагын дөрвөн жил тутам нэг удаа хуралддаг Бизнес эрхлэгч болон Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн 27 дахь конгресс буюу бид өөрсдийнхөө байгуулагын хуралд гишүүний хувьд монгол бүсгүйчүүд олон улсын хэмжээний хурлын салшгүй хэсэг болж эрхээ эдэлж, үүргээ биелүүлж оролцлоо гэсэн үг. Хоёрдугаарт, тавдугаар сард болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс төрөл бүрийн ажил мэргэжлийн, нийгмийн бүх давхаргын олон өнгө төрхтэй эмэгтэйчүуд оролцсон бол өнгөрсөн хуралд цэвэр ажил хэрэгч ба бизнес эрхлэгч хүүхнүүд оролцож дандаа өндөр мэргэжлийн болон бизнесийн асуудлыг олон улсын төвшинд ярьсан.
-Энэ байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогийн талаар товч танилцуулаач?
-Эмэгтэйчүүдийн байгууллагууд нь голдуу нэг чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг, эсвэл гишүүнчлэлийн тодорхой хүрээ заалгүй нийгэмд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг, хүссэн болгон нэгдэн орж болдог дүрэмтэй байдаг. Харин манай байгууллагын хувьд нэгэнт тодорхой амжилтад хүрсэн бизнес эрхлэгч болон ажил хэрэгч эмэгтэйчүүдийг нэгтгэн тэдний амжилтыг улам бататгах, хүчтэй эмэгтэйчүүдийн дэлхий нийтийн сүлжээнд хамруулах, нэр хүндтэй олон улсын байгууллагууд, түүний дотор НҮБ-ын үйл ажиллагаатай холбож өгснөөр гишүүд эмэгтэйчүүд болон клубуудын нэр хүнд, боломж, хэлхээ холбоог дээшлүүлэх ажлыг зохион байгуулдаг юм.
-Монголын эмэгтэйчүүд дэлхийн хуралд эрхээ эдэлж оролцлоо гэхэд содон сонсогдож байна?
-80 гаруй жилийн өмнө байгуулагдсан, дэлхийн 130 гаруй оронд салбартай, 40 мянга орчим орон орны гишүүн эмэгтэйчүүдийг нэгтгэсэн, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын байгууллагаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чиглэлээр явуулах бодлого үйл ажиллагааны гол түшиц болдог тийм байгууллагын удирдлагад сонгогдох, сонгох эрхтэй байж, аливаа тусгай арга хэмжээнд Монголоо төлөөлөн оролцож, хуралдаа бүрэн оролцох үүрэгтэйгээр, санал өгөх эрхтэйгээр оролцоно гэдэг сайхан юмаа. Манай эмэгтэйчүүд бас л өнгөтэй жавхаатай юм. Тийм том хуралд анх удаа оролцож байгаа шинэ салбар клубын гишүүд мөртлөө хурлын үеэр ярьж байгаа гол гол төсөл, арга хэмжээний ихэнхэд Монголын эмэгтэйчүүдийг хамруулсан, онцгойлон анхаарч үзсэн байдлаар асуудлыг шийдвэрлүүлж чадсан.
-Тухайлбал?
-Тоочвол том, жижиг нэлээд олзтой ирсэн. Жишээ нь, НҮБ болон Дэлхийн худалааны байгууллага хамтран байгуулсан Дэлхийн худалдааны төв гэж байдаг. Энэ байгууллага дэлхийн хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих 10 жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Монголын ноос, ноолуурын чиглэлээр ажилладаг эмэгтэй эзэнтэй, таван компанийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах, барууны томоохон худалдан авагчидтай холбож өгөх төсөл хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ ажлын хүрээнд эмэгтэйчүүд маань аж ахуйгаа хэрхэн хөтлөх, түүхий эдээ боловсруулах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, дизайнаа гаргах, бараагаа борлуулах гээд бүх зүйлийг заах юм. Тэгээд нөгөө томоохон худалдан авагчидтай гэрээг нь хийж өгөх юм билээ. Хамгийн гоё нь 2012 оны эхний улиралд Нью Йорк хотноо монгол эмэгтэйчүүдийн урласан ноос ноолууран бүтээгдэхүүн хувцсаар Fashion week зохион байгуулах боломж олгогдлоо. Бас цаашлаад энэхүү Fashoin week-ийн арга хэмжээнд торгоор монгол хувцас урладаг хүүхнүүдээ оролцуулах тухай ярьж байгаа. Тэгээд л манай хүүхнүүд хувцас үйлдвэрлэлээр дэлхийн тавцанд
гарах хаалга нь нээгдэж байгаа гэсэн үг.
Дараагийнх нь, барилгын салбарын эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор Европын холбооны орнуудаас чанартай барилгын материалын нэгдсэн худалдааг Монголд оруулж ирэх төслийг ярьж эхэлсэн. Дээр дурдсан ноолуурын төсөл нь оны эхнээс яригдсан тул нэлээд ахицтай, тодорхой болж байна. Харин барилгын салбарын тухай Хельсинкийн хурлын үеэр ярилаа. Оролцогч орнуудын эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувь нийлүүлсэн компани байгуулах замаар төслийг хэрэгжүүлж, санхүүгийн болон ажиллах арга барил, механизмыг НҮБ-ийн дэмжлэгээр зохион байгуулах хувилбар бий. Одоо гэхэд түрүүчээсээ бараа материал нийлүүлэх, санал авах, судалгаа хийх ажлын санал ирсэн.
Хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, Улс төрд оролцох эмэгтэйчүүдийг дэмжих талаар ажиллахаар ярилцсан.
-Улс төрд оролцох эмэгтэйчүүдийг дэмжих гэдэг нь манайд моодонд орж байгаа асуудал шүү дээ?
-Нөгөө моод Монголоор дуусдаг гэдгийн нэг жишээ энэ юм. Түүнээс биш эмэгтэйчүүдийг дэлхий нийтээрээ дэмжээд, хүлээн зөвшөөрөөд, ер нь бодлогоор хүйсийн харьцааг тэнцвэржүүлээд, түүнийгээ бариад явж байна. Одоо цагт дэлхийн олонх хөгжилтэй улс орнуудадс энэ асуудал моод биш, асуудал ч биш, зүгээр л байх ёстой зүйл болж хэвшсэн юм билээ. Яагаад гэвэл хамгийн гол нь эмэгтэйчүүд нийгэмд тодорхой байр суурь эзлээд, шийдвэр гаргах төвшинд ахиухан ороод ирэхээр тэр улсын эдийн засгийн хөгжил, хүн амын ахуй амьдрал, шударга ёс гээд бүх зүйлд онцгой сайн нөлөөтэй байдаг. Тиймээс ч энэ бол тухайн төр засаг цэвэр байх, улс орон хүчтэй байх, нөгөө төр "xийгүй” байхын гол эх сурвалж нь гэдгийг улс нь ч, ард түмэн нь ч хэлбэрэлтгүй ойлгодог, түүнийгээ шаарддаг юм билээ. Харин сүүлийн үед дэлхийн болон тухайн улс орон, бүр тодруулбал, өрх бүриин эдийн засагт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар голлон ярьж байна. Тиймээс ч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжээд байгаагийн учир нь тэр юм.
-Манай хүүхнүүд санаа авахаар зүйл юу байна?
-Бид бодохдоо манай монгол бүсгүйчүүд их идэвхтэй гэж боддог юм. Гэтэл бас тийм байна. Жижиг төвшинд дэндүү их ажиллаж байгаа ч том төвшинд, өөрсдийнх нь амьдрал, хувь заяаг шийдээд байгаа томоохон глобал асуудалд анхаарал хандуулахгүй юм. Жишээ нь, Хельсинкийн хуралд хамгийн ахмад нь 83-тай змэгтэй төлөөлөгчөөр оролцож байна. Бүх арга хэмжээнд оролцоод нэлээд идэвхтэй байсан. Бас лобби хийгээд Палестины төлөөлөгчийг удирдах зөвлөлд сонгуулахаар дэмжээд үг хэлж байхдаа "Энэ магадгүй миний хамгийн сүүлийн хуралдаан байх. Гэхдээ та нар намайг уучлаарай, би 26-р их хурал дээр бас л миний сүүлчийнх байх гээд яриад зогсож байсан" гээд заал дүүрэн инээлгэж байлаа.
Мөн манай зарим эмэгтэйчүүд яагаа ч үгүй сэтгэлээрээ, үйл ажлаараа, залуугаараа өөрөө өөрийгөө тэтгэвэрт гаргачихаад байна. Түүнээс биш бид тийм их хавчигдаад, эрх чөлөө дутаад байдаг орны эмэгтэйчүүд биш шүү дээ. Саяхан гэхэд л хуралд явах гээд зардал мөнгөний асуудал хүндрээд, МИАТ-аас гурван эмэгтэйн онгоцны зардалд тусламж үзүүлэх хүсэлт тавихад манай журам ийм гээд 50 хувиар нь шийдэж өгсөн. Сайхан байсан. Хамгийн гол нь мөнгөндөө гэхээс илүү төрийн ч гэх юмуу, эрчүүдийн ч гэх юмуу нөмөр нөөлөг мэдрэгдээд дотор их л дүүрэн болдог юм байна. Бид нар бусад хүүхнүүдээс дутахгүй байгаа ч юм шиг, манай эрчүүд бусад орны эрчүүдээс дутахгүй байгаа ч юм шиг. Сонин байгаа биз, хүмүүс бид нэг нэгэндээ, эмэгтэйчүүд бидэнд өчүүхэн тус байхад нийгэмд олон эерэг нөлөөтэй байх жишээтэй.
-Тэгвэл манай төрийнхөн санаа авахаар зүйл юу байх юм?
-Төр нь хүчтэй байж эмэгтэйчүүдийнхээ асуудлыг шийдсэн газарт эмэгтэйчүүд нь эмэгтэйлэг, эрчүүд нь эрэгтэйлэг байдаг юм байна. Төрийн дэмжлэгийн тухай ганцхан жишээ хэлэхэд, саяын хурлын үеэр Германы ерөнхий сайдын зөвлөх биечлэн утсаар ярьж Германы холбооныхны явуулж байгаа цалингийн зөрүүг арилгахын төлөө үйл ажиллагаанд нь зориулж 1.0 евро олгох шийдвэр дөнгөж сая гаргаснаа мэдэгдэж амжилт хүсч байсан. Тэгэхэд ч бас "атаархсан" шүү. Тийм учраас эмэгтэйчүүдийн байгууллага нь хүчтэй, үр дүнтэй ажиллаж байна.
Манай энэ байгууллага Америк, Европын орнуудад бол гишүүд нь хэдэн арван мянгаараа тоологддог хүчтэй байгууллага юм. Олон том эмэгтэй лидерүүд энэ байгууллагаас төрсөн. Жишээ нь, Германы Ерөнхий сайд Ангела Маркель, Тайваны дэд ерөнхийлөгч Xiao Wan Lian манай байгууллагын гишүүн байх жишээтэй.
-Одоо монгол бүсгүйчүүдийг магтчихаар зүйл ярих уу?
-Би яриа эхлэхдээ л магтчихсан шүү дээ. Тэнд яригдаж байгаа гол гол төслүүдийн ихэнхийг манайх хэрэгжүүлэх, оролцох болж байгаа гэдэг л шууд манай эмэгтэйчүүдийн чадвар, холбоотой хэрэг. Манай нэг төлөөлөгч цаашаа бас Швед рүү урилгаар яваад эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр тусламж авах, хатан хааны ивээл дор төсөл хэрэгжүүлэхээр ярьчихаад ирсэн байна лээ. Солонгосын клубтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Эхний ээлжинд Чежү аралд ноолуурын дэлгүүр нээх, гишүүн эмэгтэйчүүдээ Солонгост үнэ төлбөргүй, эсвэл хөнгөлөлттэй үнээр эмчилгээ, шинжилгээнд хамруулахаар ярилцсан.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )