6-р сарын сүүлчээр орсон усархаг бороо орсны улмаас хэд хэдэн газарт айлууд усанд автсан билээ. Үүний тод жишээ нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Сүнжин гранд”-ын хойд талын үерийн далан усаар дүүрч айлууд руу орсон явдал юм. Уг нь энэ хэсэгт үерийн ус зайлуулах далан байдаг ч үерийн замд барилга барьсан, далан бөглөртөл хог хаясан нь ийнхүү бусдад “шавар хааж” байгаа юм. Жилийн жилд үерийн усанд автдаг энэ хэсгийн оршин суугчдад дүүргийн удирдлагууд нүүх шаардлага хүргүүлдэг ч эндхийн оршин суугчид А зэрэглэлийн бүсэд байршилтай газарт зөвшөөрлийн дагуу оршин сууж байгаа учраас нүүх боломжгүй гэдэг байна. Тиймээс дүүргийн зүгээс 13, 14-р хорооны оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, Зүүн уулын үерийн хамгаалалтын байгууламжийн ажлыг эхлүүлээд байна. Хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн энэ ажил наадмын өмнө эхэлсэн юм. Далан барихын тулд Нарантуул захын урд уулзвараас Чулуун-Овооны уулзвар хүртэлх замыг хааж хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. 24 метр урт даланг энэ сарын 20 гэхэд хийгээд дуусчихна гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байна.
Нийт 12 тэрбум төгрөгөөр хийгдэх Зүүн уулын үерийн хамгаалалтын байгууламжийн ажил 7 дугаар сарын 15-нд эхэлсэн. Мөн энэ онд төмөр зам дагуу 2 , автозамын 3 гаргалгаа гаргах юм. Өнөөдөр Нарны зам дагуу төмөр замыг 2 газар сэтэллээ. 8 цагийн дотор уг ажлыг гүйцэтгэж байгаа тухай дүүргийн удирдлагагууд хэллээ.
“Эм Эм Жи капитал” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж 50 гаруй ажилчид 5 хүнд даацын кран техник хэрэгсэл ажиллаж Нарантуулын замыг 2 газар сэтэлсэн бөгөөд дөрвөлжин төмөр бетон хийцүүдийг угсарч байгаа юм. Нарны зам дагуу хоорондоо 800 метр зайд 2 гаргалгаа хийж мөн тэр дагуу харалдаа төмөр замыг 2 газраар сэтэлж байгаа. Нийт 24 метр урттай 2*2 харьцаатай төмөр бетон хийцээр угсарч далд хоолой тавигдана. Хоёр талаар хийгдэж байгаа 3,7 км гарц нийлж Туул голд цутгах юм. Далангийн ажлын 70 хувь нугармагц Нарны зам энэ сарын 20-нд нээгдэнэ. Харин Төмөр зам өнөөдрийн 8 цагийн галт тэрэгийг саатуулахгүйгээр амжиж хийгдэх юм байна.
Ирэх жил 5, 22, 19, 24, 9, 17, 8 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх үерийн далан сувгийг инженерийн байгууламж болгон засварлаж Дандарын гудамжны дээшээ цайз руу өгсөх гаргалгаа хийгдэнэ. Ингэснээр дүүргийн иргэд үер усны аюулд өртөх эрсдэл бүрэн шийдэгдэж байгаа юм.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )