Наадмаар ажилласан албатуудаа хотын удирдлагууд сайшаалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн боллоо. Уг хуралдаанаар   нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын баяр наадмын үеэр ажилласан мэдээллийг сонсоод “сайн ажиллажээ” гэж хотын удирдлагууд дүгнэв.
    Баяр наадмын өдрүүдэд нийт 492 хүүхэд шинээр мэндэлснээс 4 ээж ихэр хүүхэд төрүүлжээ. Энэ өдрүүдэд эх нялхсын эндэгдэл гараагүй байна. Баярын  өдрүүдэд 54  үндсэн, 22 туслах, хот орчмын 13, зуслангийн 7 нийт 96 чиглэлд том оврын 2358, бага оврын  975 тээврийн хэрэгсэл баяр наадмын үйлчилгээнд гаргажээ.
   Мөн өдрүүдэд Зам тээврийн аюулгүй байдлыг хангах ажилд  524 цэгийг хяналтанд авч, давхардсан тоогоор  637 офицер, 830 цагдаа ажиллаж 222 авто машин, 1300 гаран  авто, суурин  болон гар станц  зэрэг техник хэрэгслэлийг дайчлан ажилласан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газарт галын 29, үер усны 27, мал амьтны өвчний 3, үйдвэрлэлийн ослын 1, нийт 60 дуудлага ирсэнийг хүлээн авч газар дээр нь шуурхай албадыг ажиллуулж холбогдох арга хэмжээ авсан гэнэ.  Баянзүрх дүүргийн 13,14-р хорооны нутаг дэвсгэрт сэтэрсэн үерийн даланг сэргээн засварлах ажилд СХД, ХУД, СБД-үүдийн Аврах, гал унтраах анги, Усны байрилга байгууламжийн нийт 110 гаран  ажилтнууд нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжлийн удирдах ажилтнуудын удирдлага шийдвэрээр ажиллаж бохирын бөглөсөн хоолойг нээж, 30 тн элс, 1200 гаран шуудай элс ашиглаж сэтэрсэн даланг  засварлаж иргэдийг болзошгүй аюулаас хамгаалах ажил хийсэн байна.  
Нийслэлийн ЗАА, НМХГ, Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтийн хүнсний аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж, Нийслэл, дүүргийн   Мэргэжлийн хяналтын газраас  220 улсын байцаагч худалдаа үйлчилгээ, ус хангамж, нийтийн бие засах газар зэрэг 800 гаран цэгт  эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангахад хяналт тавьж илэрсэн зөрчлийг тухай бүр шийдэж, арга хэмжээ авсан гэнэ. Хяналтын явцад  эрүүл ахуйн шаардлага хангаагүй муудаж үнэр орсон 400 кг мах, 200 гаруй хуушуур, чанасан өндөг, шорлог, чанасан толгой салат зэрэг нийт 2 сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулж, 12 аж ахуйн нэгжид 420 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөвшөөрөлгүй үйл ажиллгаа эрхэлсэн 28 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад баяр наадмын талбайд бараа бүтээгдэхүүний худалдаа хийхийг хориглох, өмнө нь зөрчил гаргаж байсан аж ахуйн нэгжид үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан нь хүнсний аюулгүй байдлыг хангахад төдийгүй иргэдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэхэд  чухал ач холбогдолтой ажил болжээ.
Баяр наадмын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд өдөр бүрийн 10.00-18.00 цагт ажиллаж  7970 иргэнд үйлчилж, шуурхай мэдээллийн дуудлагаар  4689 иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол шуурхай мэдээллийн төв болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүрт ирээгүй байна.
Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, НМХГ, Онцгой байдлын газар, Авто замын газар зэрэг байгууллагуудын удирдлага, хамт олон гарсан элдэв хэрэг зөрчлийг  таслан зогсоох урьдчилан сэргийлэх чиглэлээр ихээхэн идэвхи санаачлага  гарган ажиллаж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч  болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллажээ.

А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top