Ж.Сумъяа: Монголын анхны механикжсан үйлдвэрт ажилласнаараа бахархдаг

2023 оны 06 сарын 09

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын ууган гал голомтын нэг, Хөвсгөл аймгийн Хатгалын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Ноос угаах үйлдвэрийн 90 жилийн ой энэ онд тохиож байна. Тус үйлдвэрийн түүхэн замналын талаар ахмад ажилтан Ж.Сумъяатай ярилцлаа. Өнөө цагт харганын толгойд өлгөгдөн хаягддаг хонины ноосыг механикжсан боловсруулах үйлдвэртэй байх үед хэрхэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон гадагш экспортод гаргадаг байсан талаар тэрбээр дурссан юм.


-Ерэн жилийн өмнө Хөвсгөл нуурын эрэгт цахилгаан гэрэл асааж яндангийн дуу цуурайтуулсан ууган үйлдвэрийн түүхээс яриагаа эхлэх үү?

-За тэгье. Манай үйлдвэр материаллаг үйлдвэр дундаас анхны механикжсан үйлдвэр юм. Тэр үеийн ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламж,100 хувийн хөрөнгө оруулалтаар 1930 онд үйлдвэрийн суурийг тавьж, анхны 57 ажилчныг зөвлөлтийн мэргэжилтнүүд дагалдуулж сургасан юм билээ. Жилдээ 1200 тонн хонины ноос угаах хүчин чадалтай, зөвлөлтийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон үйлдвэр байлаа. Зөвлөлтийн мэргэжилтэн И.Я.Десин, М.Н.Козлов, цахилгааны инженер Ф.С.Дорохин, В.А.Богомолов гээд олон хүн монголчуудыг сургаж дээ.

Төлөвлөгөө ёсоор 1935 онд ашиглалтад оруулах байсан боловч 1933 оны наймдугаар сарын 25-нд Монголын талд шилжүүлжээ. 1936 оны нэгдүгээр сарын 1-нд Монголын Засгийн газарт хүлээлгэн өгч Аж үйлдвэрийн яамны харьяа болжээ. Үйлдвэр маань Хөвсгөл, Завхан хоёр аймгийн бүх сумын хонины ноосыг хүлээн авч өнгө, ширхгийн байдлаар ангилан ялгаж, угааж, хатааж, баглаж хаяг шошго зүүгээд усан замын тээврээр экспортод гаргадаг. Үйлдвэрийн үндсэн тасгуудын ажилтан, ажилчдаас гадна технологийн туслах цехүүдэд химийн лабораторийн лаборантууд, засварчин, токарьчин, слесарь, уурын зуухны машинист, кочегар, автын жолооч олон хүн ажилладаг байсан.

-Одооны хүмүүс бодохдоо Ноос угаах үйлдвэр гэж жижиг цех маягийн юмаар төсөөлж магадгүй ч маш том байгууллага байсан. Үйлдвэрийн ажиллагааны горим ямар байсан бол?

-Асар том үйлдвэр байсан юм шүү. Гурван ээлжээр 24 цагаар тасралтгүй ажилладаг, дунджаар 150-200 гаруй ажилчин, инженер техникийн ажилтантай байсан. Өглөө найм, өдөр 12, орой 16 цагт яндангаа дуугаргаж ээлж солино. Үйлдвэр Шухов-6 уурын зуухаар технологийн уур боловсруулж, дулаан үйлдвэрлэж, Л-8 гэдэг локомобиль машинаар цахилгаан гаргаж өөрийгөө төдийгүй Хатгал хотын /хуучин нэрээр/ сургууль, эмнэлгээс эхлээд бусад албан байгууллага, айл өрхийг цахилгаанаар хангаж байлаа. Хөвсгөл нуурын эрэгт 1933 оноос 24 цагийн цахилгаан гэрэл асаасан үйлдвэр манайх байв. Уурын зуух 7-8 атмосферийн хуурай уур гаргаж халуун ус, дулаан хангамжаа бүрэн хариуцдаг. ЗХУ-ын 2БТ маркийн ноос сэгсрэх, АТ маркийн авто тэжээгч, Д-6237 ноос баглах машинтай, Польшийн АВ-8А сэгсрэгч, ВУ-5А ноос угаах онгоц, ЕВ-10А хатаах машинуудтай байлаа. Эхэн үедээ дэргэдээ эсгий, эсгий гутлын цехтэй ч байсан юм билээ. 1975 онд Польшийн тоног төхөөрөмж суурилуулан шинэчлэлт хийж жилдээ 1800-2000 хүртэл тонн ноос угаах хүчин чадалтай болж, ажилчдын тоо нэмэгдсэн. 

-Та хэзээ сургууль төгсөж тэр үйлдвэрт очсон бэ. Таныг очиход ямар газар угтав?

-Монголын анхны механикжсан том үйлдвэрт ажиллаж байснаараа би бахархдаг юм. Батлан хамгаалах яамны ойролцоо байсан Политехникумыг 1967 онд төгсөөд тухайн үеийн Аж үйлдвэрийн яамнаас хуваариа аваад очиж байлаа. Надаас нэг жилийн өмнө манай сургуулийн Хүнд, хөнгөн үйлдвэрийн анги төгссөн хэдэн залуу очоод байсан. Би бол Политехникумын диплом өвөрлөсөн анхны эмэгтэй мэргэжилтэн юм. Намайг очиход ноосны чанар шалгаж хүлээж авах тасаг, ноосыг 15-16 сортоор ялгах тасаг, химийн бодист халуунаар угаах дөрвөн онгоц бүхий угаах тасаг, 7-8 атмосферийн маш халуун хуурай уураар хатаах, сэнсдэх дамжлагаар оруулаад ноосоо 12 цагаас доошгүй хугацаанд амраадаг тийм газар угтсан. Ноос хадгалах том агуулахуудтай. Уурын зуух, засвар, механик гээд олон цехтэй.

Ноосоо угааж хатаасны дараа сорт сортоор нь баглаж хаяг шошго наана. Тэгээд борлуулалтад бэлтгэгдэнэ. Дамжлага баазаар орж, усан онгоцоор ЗХУ руу гаргана. Дашрамд хэлэхэд Дамжлага бааз 1934 онд байгуулагдсан байдаг.  Дамжлага бааз таван хошуу малын арьс шир, ангийн арьс, ямааны ноолуур, тэмээний ноос, адуу, үхрийн хөөвөр, малын өлөн ангилж, ялгаж гаргадаг байсан. Усан онгоц орой ачаагаа тээгээд Хөвсгөл далайгаар шөнөжин аялаад маргааш өглөө нь Ханх боомтод хүргэнэ. Ачаагаа буулгаад эргээд баруун аймгуудыг хангах хүнс, гурил, будаа, чихэр, ёотон, цай, тамхи, бараа, хувцас хунар, ёстой гоё чамин бараа тээгээд эргэж ирдэг байлаа даа. Чиргүүлээрээ шатахуун, барилгын материал тээвэрлэнэ. Завханы 20 дугаар автобааз, Хөвсгөлийн 19 дүгээр автобаазынхан манай үйлдвэрт ноос ачиж ирдэг. Завханы баазынхан нэг машинд  чиргүүлтэйгээ 11-12 тонн ноос ачаад тэр олон өндөр давааг давж ирнэ. Тэд ачаа ачихдаа маш сурмаг. Манай Хөвсгөлийн жолооч нар ачихдаа тааруу даа. /Инээв/

-Хатгалын 24 дүгээр бааз бас ноос ачих уу?

-24 дүгээр бааз шатахуун тээврээр дагнадаг байсан.

-Угаах дөрвөн дамжлага байсан гэлээ. Үүнийг тайлбарлаач?

-Дөрвөн дамжлагатай. Бүр товч хэлэхэд, эхний дамжлага нь самтай механизм дундуур оруулж ноосны ширэлдээг гарган самнаж эхний угаалтыг хийнэ. Хоёрт, тармуурт механизмаар оруулж химийн бодис, уусмал дундуур явуулна. Гурав, дөрөвдүгээр онгоцоор үлдсэн тос, зунгагийг цэвэрлэнэ. Сүүлийн дамжлагаар ноосонд үлдсэн шүлт зэргийг цэвэрлэж, шүүж мяндас шиг болгоно доо. Тэр их уур, ус, халуун гэж тоймгүй.

-Орчин үеийнхээс дутахгүй тохилог орчинтой байсан шүү?

-Ажилчид нь тарахдаа усанд ороод харьдаг. Бүх цех халуун устай. Орчин үеийнх шиг боловсон 00 байлаа. Ажилчин бүр хувцсаа солиод хийдэг шүүгээтэй. Цайны өрөөтэй, хоолны газартай, тийм тохилог үйлдвэр байсан.

-Өвөл түлш бэлтгэх гэж их ажилд явцгаадаг...?

-Он дуусмагц өвөл түлш бэлтгэлд явна гэж том ажилтай. Үйлдвэрийн технологийн түлш /саж/ гэж уурын зууханд зориулж нэг метрээр хөрөөдөж 20 см голчтой хагалж бэлтгэсэн модыг чарга хөллөсөн сарлаг, хайнагийн шараар цагаалж уулнаас буулгаад машинаар үйлдвэртээ хүргэнэ. Хаагаа ханзартал мод унагаж хөрөөднө шүү дээ. Найман цагт гурван машин мод түлнэ. Үгүй мөн шатааж байсан шүү. Хамгийн аюултай нь ой модонд халтай үйлдвэр байсан.

-Хивсний үйлдвэрийг нэг хэсэг ноосоор хангасан бил үү?

-Эрдэнэтийн Хивсний үйлдвэр ашиглалтад ороход сайн чанарын угаасан ноосны 75 хувийг тэнд өгдөг болсон. Орос руу ч гаргадгаараа гаргана. Сүүлдээ гуравдагч оронд гаргадаг боллоо. Доод сортын бутархай ноосыг Вьетнам зэрэг оронд өгдөг. Барилгын материалд ашигладаг байсан юм шиг байна лээ.

-Одоо хонины ноосыг барилгын дулаалгад ашигладаг боллоо гээд байгаа. Тэгвэл бүр тэр үед гадагш тийм зориулалтаар гаргадаг байжээ дээ?

-Тэгдэг байсан.

-Сүүлд нь Хөвсгөл нуурыг бохир­дууллаа гэсэн дуулиан дэгдсэн. Нуураасаа илүү ой модонд л халгаатай байж...?

-Ц.Балдоржийн “Хөвсгөл нуур цаазын тавцанд” гэсэн нийтлэл гарч бөөн шуугиан дэгдээгүй юү. Хатгалд олон үйлдвэр байсан ч гол нь манайхыг буруутгасан. Хэрэг дээрээ нуураа нэг их бохирдуулаагүй юм. Тэр үед манай үйлдвэр бохир усаа далай руу биш, тоног төхөөрөмж хийгээд, хоолойгоор дамжуулж хөрсөөр цэвэршүүлээд Овгор шороо тийш хийдэг байсан.

Тэр олон жил үйлдвэр ажиллахад Хөвсгөл далай огт үйлдвэргүй болсон одоо цагтай харьцуулахад цэвэр тунгалгаараа байсан юм шүү. Хүзүүвчийн шил, Улаан модноос цааш байгаль маань онгоноороо, бид гишгэдэг ч үгүй байсан. Өнөөдөр харин замбараагүй олон жуулчны баазууд бохироо далайд цутгаж, усыг нь шууд уудаг байсан нуур маань өт, замагт баригдаад хэцүү л болж дээ. Тэр дуулианаар ноос угаах үйлдвэрийг 1988 онд татаж буулгаж Оёдлын үйлдвэр болгоод, нэмүү өртөг шингээн гадагш гаргадаг байсан хонины ноос маань харганын толгойд өлгөгдөж хаягддаг үнэгүй эд болсон. Сүүлдээ ноос угаах химийн бодис өгөхөө болиод үйлдвэр зогссон доо.

-Социалист хөдөлмөрийн бригадынхаа талаар дурсах уу?

-Социалист хөдөлмөрийн бригад гэдэг манай үйлдвэрт 1960-1970-аад онд жинхэнэ утгаараа амилж байлаа. Ноос ялгагч Загдын Дэлгэр гэдэг эмэгтэй ахалж Ноос ялгах тасгаас энэ ажил эхэлсэн байдаг. Анхны гишүүдээс Пүрэвийн Бадамханд гэж 96 настай эмэгтэй одоо амьд сэрүүн байна.  Ноос ялгах тасгийн мастераар би арав гаруй жил ажилласан. Улсын төлөвлөгөө маш өндөр. Яамны хэмжээний үйлдвэр учраас тоног төхөөрөмж сайтай, бүтээгдэхүүний чанартаа л хамгийн гол анхаардаг байлаа.

Монгол Улсад 1980 он гэхэд ноос, ноосон нэхмэлийн үйлдвэр дээд цэгтээ хүрч хөгжсөн. Түүхэнд ч тэгж үнэлсэн байдаг. Чанарын бригад байгуулж, ноосыг 15 төрлөөр ялгаж байсан бол тэр дотроосоо шүүж нэг, хоёр төрлийн бүтээгдэхүүн нэмдэг болсон. Жишээлбэл, бүдүүн цагаан нэгдүгээр ноосноос бүдүүвтэр цагааныг, өнгийн ноосноос цайвар ноос авах гэх мэт. Энэ бүхнийг гардан хийсэн. Ноос ялгагчид өдөрт 900 кг ноос ялгадаг байсныг 950 кг болгож, нормоо нэмэгдүүлсэн. Тэр үеийн ЗХУ-ын Казахстаны Аксай хотын туршлага гэж явдаг.

-Ажлын хажуугаар өөр ажил хийдэг байв уу?

-Шаардлагатай бол амралтын өдрүүдээр ажиллана. Зарим үед “Сүхбаатар” усан онгоцноос ачаа буулгалцана. Туслах аж ахуйн үнээний сүүний гарц тогтооход ч явж л байлаа. Чандмань-Өндөр сумын шеф нэгдлийн төл бойжуулах, үхэр хөөвөрлөх, савгалах, гал түймэр унтраах гээд манайхны оролцохгүй ажил гэж байгаагүй дээ. Миний хувьд Ноос угаах үйлдвэрт 26 жил ажиллахдаа машин барихаас бусдыг хийсэн дээ. Сүүлд Оёдлын үйлдвэрт шугам хариуцсан мастер байлаа.

-Украинд очиж туршлага судалсан гэдэг байх аа?

-Украины Чернигов хотод 1979 онд очиж н.Төвд механик бид хоёр дадлага хийсэн. Манайхтай ижил тоног төхөөрөмжтэй, угаах есөн агрегаттай их том үйлдвэр байсан. Тэднийх Чили, Аргентинаас нарийн ноос экспортоор авч угааж байсан шүү. Тэнд ноос ялгаж үзлээ, яг манайх шиг. Гол нь нарийн ноос голдуу. Нарийн ноос гэдэг нь 60-64, 80-84 гэсэн чанарын үзүүлэлттэй байдаг юм.

-Микроноороо тэр үү?

-Тийм. Ноосны чанараасаа шалтгаалаад гарч байгаа бүтээгдэхүүн нь манайхаас арай өөр юм билээ. Бусдаар технологи нь яг ижил. Ноос угаасан усаа ёмкостьд хийж хонуулж бохирыг нь тунгаагаад саарал усаа эргүүлээд хэрэглэдэг юм. Тунгаагаад үлдсэн зунгагтай усаа бас хаяхгүй ээ. Нарийн ноос тэр чигээрээ тос нялцганаж байдаг. Сүү машинддаг машин шиг технологиор усаа шүүж, дээдэх цэвэр усыг нь соруулаад буцааж хэрэглэнэ. Нөгөө талаар нь ухаа өнгийн тослог зүйл ялгарна. Сард 21-22 тонн тийм тослог эд гаргаж, гоо сайхны үйлдвэрт өгдөг юм билээ. Гоо сайхны бүтэгдэхүүний гол орц болдог гэсэн.

-Ноос угаах үйлдвэр жилдээ хэчнээн хэмжээний орлого олдог байсан бол?

-Ашиглалтад орсон анхны жилдээ 640 мянган төгрөгийн бүтээгдэхүүн гаргаж байсан бол 1970-аад оны дунд гэхэд жилдээ 11,9 сая төгрөг буюу маш өндөр орлого улсад оруулж байсан байдаг. Тэр цагтаа их мөнгө. Бүдүүвтэр ноос л гэхэд орон нутгаас авахдаа кг-ыг нь есөн төгрөгөөр авдаг. Есөн төгрөг гэдэг чамгүй мөнгө байж. Хөдөө аймаг, суманд бэлтгэж байгаа уртын ноосыг стандартын дагуу бэлтгүүлэх гэж манай залуучууд очиж мэргэжлийн зөвлөгөө өгч чанартай ноос авах ажил хийж байлаа. Ноосоо тушаах гэж машинууд олон км цуваа болж дугаарладаг. Сүүлдээ авто пүүтэй болж тэгэхээ больсон.

-Ажиллахаас гадна урлаг, спортын арга хэмжээ их болдог байлаа...?

-Ажилдаа амжилт гаргахаас гадна урлаг уран сайхан, спортыг хөгжүүлнэ. Өөрсдийн хүчээр концерт, жүжиг тоглоно. Нэхмэл, хатгамал хийцгээнэ. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлнэ. Дэргэдээ хүүхдийн ясли, цэцэрлэгтэй. Нийтийн бүжиг, спортын арга хэмжээнд бүгд маш идэвхтэй оролцдог байлаа. Том талбайтай цэнгэлдэх хүрээ­лэнтэй, тэндээ мод тарьцгаана. Спортын тоног төхөөрөмж, сагс, гар бөмбөгийн талбай бүгд тэнд байсан. Давхар ложтой сайхан клубтэй. Цэнгэлдэх дотроо Бөмбөгөр ногоон гэж задгай театртай, тэнд гадаад, дотоодын урлагийн тоглолт болно. Нийслэл хүрээнд байсан Бөмбөгөр ногооны загвартай тийм задгай театр манай үйлдвэрт байлаа.

-Мэргэжлийн найруулагч авч ирээд олон жүжиг тавьж байж. Зургууд ч бий...?

-Олон жүжиг тавьж байсан юм билээ шүү. “Шарай голын гурван хаан”, “Цэнд комиссар”, “Учиртай гурван толгой”, “Мандухай цэцэн хатан” гээд жүжгүүдийг мэргэжлийн хүмүүсээс дутахгүй тоглодог байсан байгаа юм.

-Залуучууд дундаа ямар арга хэмжээ зохиодог байв?

-Тэр үедээ ид дэлгэрч байсан “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” танин мэдэхүйн тэмцээн байнга зохионо. Мэргэжлийн аваргууд тодруулна. Ноос ялгагчдын улсын уралдаанд манайхан зөндөө оролцож байлаа. Намар жимсэнд явцгаана. Өвөл бол далайн урд Модот буланд очиж цана, тэшүүрийн тэмцээн зохион байгуулна. Би Үйлдвэрчний ажил 20-иод жил хийсэн, Үйлдвэрийн төв шинэ жил гэж янзтай хийнэ шүү дээ. Сүүлд үйлдвэрийн чиглэл өөрчлөгдөж 1988 оны сүүлээр Оёдлын үйлдвэр болоход ажилчдын тоо 400 хүрсэн. Би 1989-90 онд тэнд Үйлдвэрчний эвлэлийн орон тооны ажил ч хийлээ.

-Засгийн газраас Ноос угаах үйлдвэрүүд байгуулна гэсэн. Одоо тиймэрхүү үйлдвэрүүд байна уу?

-Хөвсгөлийн төв Мөрөнд лав бий. Аймгийн Засаг дарга байсан Л.Ганболд дүүтэйгээ тийм үйлдвэр байгуулсан. Жижгэвтэр, гэхдээ боломжийн үйлдвэр байна лээ, би орж үзсэн. Манайх шиг арван хэдэн сортоор биш, хар, шар, цагаанаар нь ялгаад хоёр сэгсрэх машинаар оруулаад угаах машинд хийж байна лээ. Хатаагаад манайх бол пресслэж багладаг байсан. Тэднийх шуудайнд чихчихэж байна. Гэхдээ бас манай лабораторийнх шиг чийг тодорхойлдог конденсатор аппараттай. Хатгалын үйлдвэрийн зориулалтын байрыг ашиглаж болдоггүй юм уу гэж асууж л байлаа. Тийм маягийн үйлдвэрүүд аймгуудад байгуулах гэж байгаа бол ёстой дэмжиж байна. Үйлдвэртэй бол дэмий хаягддаг хонины ноос маань эргээд алт л болно доо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.126) 2023 оны 06 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.126) 2023 оны 06 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
зочин(203.98.76.9) 2023 оны 06 сарын 09

хүний сэтгэгдэлийг оруулахгүй юм бол энэ булан чинь ямар хэрэгтэй юм бэ?\n

0  |  0
зочин(203.98.76.9) 2023 оны 06 сарын 09

Энэ хүнийг хүндэтгэн биширч байна. Ямар ой сайтай, даруухан түүхийг бодитоор нь үнэлж байна. Мэргэжилтний хувьд ажлаа мэддэг байсан нь шууд харагдаж байна даа. Ийм л залуус хүмүүс эх орноо хөгжүүлж байсан юм шүү. Энд ямар үзэл суртал алга. Бодит үнэн ийм л байсан. Баярлалаа.

1  |  0
Top