Монголын дуурийн “Яруу дагина” Б.Банзаржав нь алтан үеийн алдартан билээ

2023 оны 06 сарын 10

Сонгодог урлагийг элитүүдийн буюу тансаг хэрэглээний урлаг гэж үздэг. Учир нь сонгодог урлаг нь эртнээс янагш романтик бөгөөд тансаг орчинд бойжин боловсрогдож, асар их хүндэтгэл хүлээсээр ирсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтний хөгжил дэвшил, ололт амжилтын үндсэн нотолгоо, дэлхий дахины хүлээн зөвшөөрөгдсөн нөр их авьяас, хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Тийм ч учраас сонгодог урлагт зөвхөн авьяастнууд хүч сорьдог. Сонгодог урлаг нь уран зохиол, дуу хөгжим, уран барилга, уран зураг гээд урлагийн бүхий л салбарт хамааралтай.

Эд бүгдээс дуурийн урлаг бол агуу. Дуурийн урлагт хүч сорихын тулд дуулах авьяастай байхаас гадна бие бялдар, зүс царай сайтай, сэтгэлийн хаттай, жүжиглэх авьяастай, өндөр боловсролтой байх ёстой. Сонгодог хөгжим болон дуурийн урлаг нь жирийн үзэгчдийг ухаалаг, сэтгэлийн хаттай, мэдрэмжтэй болгодгийг Барууны эрдэмтэд нотолсон байдаг.

Манай урлаг соёлын нэгэн эрхэм өгүүлэхдээ “Сонгодог урлагийг нэг талаар мөрөөдлийн урлаг гэх нь бий. Учир нь энэ урлагийн төрөл болох дуурь, балетын сюжет нь дандаа үлгэр буюу гэгээлэг, тэнгэрлэг зүйл рүү тэмүүлсэн, амьдралаас нэлээд хол юм шиг романтик тал руу давамгайлсан байдаг. Ийм хөгжил дээр суурилж бий болсон учраас үнэхээр гоё орчин, гоё хүмүүсийг шаарддаг” хэмээжээ. Одоо тэгвэл тэр гоё хүмүүсийн тухай, тэр дундаа сонгодог урлагийн сор болсон нэгэн эмэгтэйн тухай өгүүлье.

Монголын дуурийн “Яруу дагина”гэж нэрлэдгдсэн Балжиннямын Банзаржав нь Монгол Улсын дуурийн урлагийн хөгжил дэвшилд хүндтэй гавьяа байгуулсан манай алтан үеийн дуурийн дуулаачдын нэг билээ. Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Б.Банзаржавын уран бүтээл яруу сайхан дуу хоолой, үлэмжийн сайхан дүр төрх нь манай дуурийн урлагт чимэг болон мөнхөрчээ. Тэртээх 1955-1991 он хүртэл 36 жил дуурийн театрт, 1992 оноос эхлэн өөрийн мэдлэг чадвараа хойч үедээ харамгүй хайрлаж Соёл Урлагийн Их Сургууль, одоогийн Монгол Улсын консерваторид багшилж ирсэн түүний амьдрал, уран бүтээлийн замнал нь баялаг агаад бахдам юм. Б.Банзаржав нь олон сайхан дүрийг тайзнаа анхлан бүтээсэн цөөн дуучдын нэг бөгөөд дуу хоолойны яруу сайхан, бүсгүй хүний гоо үзэмжийг хослуулсан Монголын дуурийн од билээ.

Тэрбээр Завхан аймгийн Алдархаан сумын байгалийн үзэсгэлэнт Тээлийн голын нутагт 1936 онд мэндэлжээ. Хангай нутгийн цэнгэг агаар уул усны дунд цэнгэж өссөн гоёхон охин хээр талдаа дуулж явсан нь саяхан мэт. Урлагийн Янжинлхам бурхан Б.Банзаржавт яруу тод хоолой, алдар нэрээ дуурсгах азтай хувь тавилан заяасан байлаа. Уянгалаг сайхан хоолойтой дуучин бүсгүй 1955 онд Хөгжимт драмын театрт найрал дууны ангид орж, 1967 онд Болгарын Софи хотын консерваторийг дүүргэж ирээд Д.Намдагийн “Шарай голын гурван хаан” дуурийн Рогма гоо хатан, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа, Д.Лувсаншаравын “Ханбүргэд” дуурийн Норовлхам, “Шивээ Хиагт” дуурийн Гэрэл, “Нүцгэн ноён” дуурийн Бундмаа, Л.Мөрдоржийн “Жаргал” дуурийн Жаргал, “Хөхөө Намжил” дуурийн Уянга болон Их хатан дүрүүдийг бүтээхийн сацуу дэлхийн дуурийн шилдэг бүтээл болох Ш.Гуногийн “Фауст” дуурийн Маргарита, Дж.Россинигийн “Севилийн үсчин” дуурийн Берта, Б.Сметаны “Худалдагдсан бэр” дуурийн Маженка, Дж.Пуччинигийн “Чио Чио сан” дуурийн Чио Чио Сан, “Тоска” дуурийн Тоска, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Мерседес, Дж.Вердигийн “Травиата” дуурийн Анина, “Русалка” дуурийн Ольга зэрэг 30 гаруй дуурийн гол дүрийг амжилттай бүтээж ирсэн юм.

Мөн дэлхийн сонгодог ари романс 70 гаруй бүтээл, Монголын зохиолчдын 600 гаруй бүтээлийг уран сандаа цуглуулж эзэмшсэн нэгэн бөгөөд Л.Лувсаншаравын “Чамдаа дуулъя”, Д.Хангалын “Эх”, Ж.Баттөмөрийн “Цэцэгт цэнхэр алчуур”, “Есөн-Эрдэнийн орон”, монгол ардын дуу “Жаахан шарга” зэрэг 20 гаруй дуу, романсыг Монголын радиогийн алтан фондод үлдээжээ.

Авьяаслаг дуучин маань Дэлхийн оюутан залуучуудын VI, VII, VIII, IX их наадамд шалгаран оролцож Орос, Унгар,Чех, Болгар, Румын, Франц, Финлянд зэрэг орнуудаар айлчлан тоглолт хийж Монголын дуурийн урлагийг олон улсын тавцанд сурталчилж ирсэн нэгэн юм.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган агсан Монголын хөрсөн дээр цуурайтсан дуурийн урлагийн талаар өгүүлэхдээ “Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин хэмээн цоллуулж тайзнаа гарч дэлхийн хэлээр дуулах нь харсан, сонссон бидний сонорыг сэргээж, бор тархиндаа нэгийг шингээн, сэтгэл зүрхийг догдлуулах нь сонгодог урлагийн гайхамшиг билээ. Дөрвөн зуу гаруй жилийн их түүхтэй дуурийн дуулаачийн урлаг Монголын тайзнаа дуу хоолойгоо цуурайтуулан 1952 онд гоцлол дууны анги мэндэлсэнээр 60 гаруй жилийн гайхам түүхийг бүтээжээ. Энэхүү цаг хугацаанд дуурийн дуучид маань хүлгийн дөрөөнд жийж ард түмэндээ зүүнээс баруун тийш Дорнодын их талаас Алтай Таван Богд, Замын-Үүдээс Алтанбулаг хүрэх асар өргөн уудам Монгол орноо сүлжин уянга яруу торыг нэхсэн түүхтэй” гэж дурссан байдаг билээ. Үүн лүгээ дуурийн дуучин Б.Банзаржав нь Монгол орныхоо 18 аймаг, сум, нэгдэл САА-д очиж 900 гаруй хоног 2800 гаруй удаагийн тоглолт хийж дуурийн театр, дуурийн урлагийг сурталчлах өдөрлөгүүдэд тогтмол оролцож ирсэн байх жишээтэй.

Дуурийн урлагт хүчин зүтгэж буй хэн боловч ямар нэгэн алдаа гаргах эрсдэл тун бага байдаг бөгөөд мэргэжлийн урлаг гэдэг утгаараа бүх юм нь нарийн төлөвлөгдсөн, нэг ёсондоо энэ үед нь дуулах ёстой, тэр үед нь жүжиглэх ёстой гээд бүх зүйл нь яг таг хуваарилагдчихсан байдаг. Харин эрэмбэлэгдэх ёстой ганц зүйл нь дуучдын хоолойны чадал чансаа юм. Дуучин Б.Банзаржавын хоолой харин ч эрэмблэгдэх ёстой цаг хугацаандаа чансаа өндөрт тооцогдож, түүний бүтээсэн дүрүүд нь ард түмний дунд өөрийн гэсэн мартагдахааргүй өнгө аястайн дээр дуучин маань өөрөө дуулах болон жүжиглэх ур чадвар сайтай, сэтгэлийн тэнхээтэй, ухааны цартай нэгэн болж гялалзаж ирсэн түүхтэй. 

Дуучин маань өгүүлэхдээ “Аав маань Хөдөө аж ахуйн сайд болох тушаал авч, Улаанбаатар руу дуудагдаж, бид Завханаас хотод нүүж ирж байлаа. Би багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөдөж, энэ тухайгаа ээждээ үргэлж ярьдаг байв. Жаахан хүүхэд байхдаа найран дээр их дуулдаг байсан болохоор гэрийнхэн маань дэмжинэ. Дуурийн театрт найрал дуучнаар тэнцэж орохдоо би арван зургаан настай байсан болохоор тухайн үед насаа нэмж хэлж байсан юм. Гурван жилийн дараа жаахан тоогдоод “Шарай голын гурван хаан” дуулалт жүжгийн Рогма гоо хатны дүрийг анх бүтээж байв. Г.Гомбосүрэн гуайтай нэг тайзан дээр гарч байснаа эргээд бодохоор жаахан хүүхэд хэрнээ их зоригтой байжээ. Тэр үеийн уран бүтээлчид бусдадаа алдаа дутагдалыг нь шударгаар хэлж, зааж зөвлөж, залуус нь ч ахмадынхаа үгийг сайхан хүлээн авч, хүндэлж чаддаг байв.

Тэгээд сураад, эзэмшээд ирэхээр аливаа зүйл хүндээсээ хөнгөрдөг юм байна. Ю.Цэдэнбал гуай “Сонгодог урлагийг хөгжүүлэх” 43 дугаар тогтоол гэж гаргаж байсан. Тиймээс бид хөдөөгүүр их аялан тоглоно. Дуурь дуулахад хөдөөний хүмүүс шоолдог байсан үе шүү дээ. Гэсэн ч тэр л он жилүүдэд үндэсний хэмжээний төдийгүй дэлхийн хэмжээний олон сайхан дуурийг бид Монголын тайзнаа тавьсан түүхтэй. А.Загдсүрэн, Д.Банди, Г.Хайдав гээд аваргуудтай хамт ажиллаж байлаа. Сайд, дарга нарын шинэ жилийн баяраар аав ээжийнхээ өмнө дуулахдаа их л сандардаг байж билээ. Мөн Дэлхийн залуучууд оюутны VI, VII, VIII фестивальд оролцож байлаа. 1957 онд VI фестиваль Москвад болоход миний бие Л.Цогзолмаа гуай, Д.Жаргалсайхан нартай хамт явж байсан түүхтэй. Үүний дараа 1962 онд уг фестиваль Финляндын нийслэлд болоход уртын дуучин Н.Норовбанзад, А.Нэргүй бид хэд явж байв. Тэнд хэдэн хүнтэй баг үлдэж Унгар, Румын, Чех, Болгарт аялан тоглоход би тэр багт багтдаг юм байна. Болгарт очиход намайг “Хөгжмийн сургуульд нь шалгуулаад тэнцвэл тэндээ үлдэж суралц” гэсэн бичиг Монголоос ирсэн байсан. Миний амьдралын хамгийн сайхан үе, хувь хүнийхээ хувьд ч их хөгжиж, их юм үзэж нүд тайлсан нь Болгарт оюутан байсан үе билээ. Болгар дуурийн урлагаараа Италийн дараа ордог шүү дээ. Үнэхээр сайхан орон, сайхан хүмүүстэй, сайхан цаг агаартай орон шүү. Сургуулиа төгсөж ирээд би Дуурийн театрт гоцлол дуучнаар орж билээ гэж дурсаж сууна.

Дуурийн дуучин Б.Банзаржавын хөдөлмөр бүтээлийг Монголын төр засаг өндрөөр үнэлж, Ардын Хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиуд, 1990 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр, 2010 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ. Тэрбээр 1992 оноос Соёлын коллеж, СУИС, ХБК-д дуулах үр зүйн багшаар ажиллахдаа өндөр ур чадвартай авьяаслаг дуурийн дуучдыг бултгэхэд өөрийн эзэмшсэн мэдлэг, туршлагыг харамгүй зориулж мэргэжлийн дуурийн дуучид бэлтгэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн нэгэн бөгөөд манай алтан үеийн дуучин Монголын дуурийн "Яруу Дагина" маань эдүгээ энх тунх наян долоон насыг зооглон байна.

  М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(139.5.217.207) 2024 оны 03 сарын 05

Гавьяагүй чадваргүй салбагнасан хүмүүс мөнгө төлөөд л олноороо гавьяат болсон байхад ийм хүн авах ёстой шагналаа аваагүй өдий хүрч байгаа нь үнэхээр харамсмаар манай энэ нийгмийн өнөөгийн ичмээр төрх

3  |  0
Мандах(192.82.67.200) 2024 оны 03 сарын 05

Гавьяат өгөх ёстой хүн дээ. Хэдэн жилийн өмнө тв нэвтрүүлгийг үзэж бсан юм бна. Дуурийн мундаг дуучин.

3  |  0
Алтанцэцэг (66.181.182.151) 2024 оны 03 сарын 05

Гавьяат хүртэх ёстой хүний нэг яах аргагүй хүн шүү дээ.

1  |  1
Зосин(150.129.143.115) 2023 оны 06 сарын 11

Энэ дуучинд алдар цолыг нь өгөх ёстой. МУГЖ болохыг ерөөе

0  |  0
Khishgee(103.229.122.130) 2023 оны 06 сарын 10

Ene saihan duu chinihaa hudulmur buteel ter saihan duu hooloi uran tansag ayalguugin uneleed sonsood gabyatin temdegiig engert n gylalzuulaad uguuchee yagaad yamar uchiraas olgohgui baigaag n gaihaad barashgui nee odoohon uguud bayarlyulaasai gej huseed l bna daa odoo ulsin bayar naad\naar gabyatin temdeg engert gylalzana gedegtt mash ih itgej bna shuu

2  |  0
Top