Он гарснаас хойш 3005 эрүүгийн хэргийг шийджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Анхан шатны шүүхүүд 2011 оны эхний хагас жилд 5873 хүнд холбогдох 3809 эрүүгийн хэрэг хүлээн авч, 574 хүнд холбогдох 316 эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 6 хүнд холбогдох 3 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, шүүгдэгч, хохирогч эвлэрснээр 269 хүнд, цагаатгах тогтоолоор 97 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 4138 хүнд холбогдох 3005  хэргийг таслан шийдвэрлэжээ.

Өнгөрсөн оны мөн үеэс шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 8,0 хувиар, ял шийтгүүлэгчид  13,7  хувиар өссөн байна.
Шүүхээр таслан шийдвэрлэгдсэн нийт хэргийн 6,1 хувийг онц хүнд,  19,2 хувийг хүнд, 61,1 хувийг хүндэвтэр,  13,6 хувийг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үеэс албан тушаалын гэмт хэрэг 10,0, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 15,9, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 25,7, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 27,6, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг  52,8 хувиар тус тус буурсан бол хүнийг санаатай алах гэмт хэрэг 1,6, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 9,2, танхайрах гэмт хэрэг 19,7  хувиар өсчээ.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 5 тэрбум 863 сая төгрөгийн  эд хөрөнгийн хохирол учирч, 281 хүний амь хохирч, 1230  хүний биед гэмтэл учирчээ.   

    Ял шийтгүүлэгчдийн 76,1 хувьд хорих, 5,6  хувьд албадан ажил хийлгэх, 13,5 хувьд баривчлах ял оногдуулж, 1.1 хувь буюу насанд хүрээгүй 46 этгээдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан байна. Мөн 3,6 хувь буюу 151 хүнийг    781,0  сая төгрөгөөр торгох ял оногдуулсан аж.
 1356 хүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь хорих ял шийтгүүлэгчдийн 43,1 хувь нь болж байна.
    Шүүх эд  хөрөнгө хураах нэмэгдэл ялыг 185 хүнд хэрэглэж 65,3 сая төгрөг гаргуулсны дээр, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг 289  хүнд нэмэгдэл ялын чанартайгаар оногдуулжээ.

А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top