Монгол Улсын гадаад бодлого том хүрээнд жинтэй хөдөлж, шинэ алхмууд хийж эхэллээ. Зүгээр ч нэг харилцан айлчилж дипломат яриа хөөрөө өрнүүлж, хожмоо бүтэх бүтэхгүй гэрээ хэлэлцээнд гарын үсэг зураад ирдгээс тэс өөрөөр ажиллаж байна. Байгалийн баялгаа зохистой ашиглахад дэлхийд тэргүүлэх компаниудтай хамтрахаас гадна мэдээж хэрэг, эх орондоо ашиг тусыг нь тэр хэрээр бодитой хүртэхийг эрмэлзэж буйгаараа өмнөх Оюутолгой тэргүүт ордуудаа “чонын хүзүү”-нд зүүгээд орхидгоос өөр гэдгийг хэлэх ёстой.
Хамгийн сүүлийн жишээнээс эхэлье. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзахын ялдамд энэ оны долоодугаар сард Улаанбаатарт болох Монголын Эдийн засгийн форумд хүрэлцэн ирэхийг урьжээ.
Үүний зэрэгцээ “Tesla” компанийн салбарыг Монголд байгуулбал татвар, эрх зүйн орчноор дэмжих, “Тesla”-гийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох зэс, газрын ховор элементийг хамтарч ашиглах талын судалгааны ажлыг эхлүүлэх, уул уурхайн том оврын авто машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Илон Маскаас хүссэн байна. Ийнхүү зэс, газрын ховор элементийн олборлолтоо гаднын том компанитай уях сэжүүрийг тавиад авлаа.
Гадаад бодлогод мөнхийн хоёр хөрштэй харилцах асуудал ямагт тэргүүн зэрэгт оршдог. Энэ ёсоор Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ зургаадугаар сарын дундуур ОХУ-ыг зорих бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний дараахан БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцах төлөвтэй байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны сүүлээр хийсэн айлчлал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн саяхны айлчлалын үеэр энэ асуудал хөндөгджээ. Үүнээс гадна “Бүс ба зам” хөтөлбөрт хоёр тал хэрхэн оролцох зэрэг эдийн засгийн асуудлууд хөндөгдөх төлөвтэй.
Их хурлын даргын ОХУ-д хийх айлчлал ч эдийн засгийн шинж чанарыг түлхүү агуулж буй.
Өнгөрсөн оны сүүлээс сонсогдож эхэлсэн шашинтай холбоо бүхий нэгэн сонирхолтой үйл явдал бий. Тэр нь энэ оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Гэгээн Ширээт Улс /Ватикан/-ын Төрийн тэргүүн Пап Францисын хийх төрийн айлчлал юм. Ердөө хоёрхон хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагертай уулзаж Гэгээн Ширээт Улсын архив, номын санд хадгалагдаж буй Монголын түүхэн баримт, соёлын өвийг хамтран судлах, эрдэм шинжилгээний бүтээл гаргах, тэдгээрийг хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх талаар санал солилцсон нь анхаарал татаж байна. Пол Ричард Галлагер нь 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Монголд анх удаа өндөр түвшинд айлчилсан эрхэм юм.
Бараг нэг жилийн өмнө буюу 2022 оны наймдугаар сард Пап Франциск Монгол дахь анхны хамба ламаар архиепископ Жоржо Маренгог томилсон байдаг. Монгол Улс хэдийгээр 1000 гаруйхан католик шашинтантай боловч БНХАУ-тай хиллэдэг, Хятадад католикууд цөөнгүй тул тэдэнтэй Монголоос харилцаж байх нь дөт хэмээн үздэг талаар Reuters мэдээлж байсан удаатай. Ромын Пап айлчилж ирээд орой дээрээ бүрээ үлээсэн сахиусан тэнгэр бүхий Хархорумын алдарт Мөнгөн модны зураг сэлттэй танилцаж машид сонирхох нь дамжиггүй.
Монголчууд Хархорум нийслэлтэй байх эрт цагт Мөнх хааны зарлигаар Францын Парис хотын алдарт уран дархан Вильгельм Бушьед хааны сангаас хишиг хайрлаж, 50 туслах дархан өгч таван цоргоор таван тансаг идээ ундран байдаг Мөнгөн модыг бүтээлгэснийг 1254 онд дуусган Түмэн Амгалант их ордны дотор, хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулсан тухай түүхэнд дурддаг.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сарын 21-нд Монгол Улсад айлчилсан билээ. Хоёр талын түүхэнд, бас дипломат харилцаа тогтоосноос хойших 58 жилийн дотор Францын Ерөнхийлөгч мөн л анх удаа Монголд айлчилсан нь энэ бөгөөд тус улс манай гуравдагч хөршүүдийн нэг гэдгээрээ онцлог. Тэгвэл 2023 оны сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад хариу айлчлал хийх сураг сонсогдов. Францын “Арева” групп Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт ураны хайгуул хийгээд 10 гаруй жил болж буй. Орчин үеийн техникийн хүчээр, байгаль экологид хор хохирол учруулахгүй технологийн дагуу уран олборлох болон бүс нутгийн шинжтэй олон асуудлыг түүгээр хэлэлцэх болов уу гэсэн тоймыг судлаачдын хүрээнд хэлэлцэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )