Улсын аварга С.Мөнхбатыг дөрвөн өрөө байраар мялаалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Дөрвөн тэгш ой давхцсан үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд урамтай сайхан барилдаж, улсын цолонд хүрсэн, цолоо ахиулсан бөхчүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээн авч уулзлаа. Учир нь, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын дэргэдэх спорт хороодын бөхчүүд 1024 бөх зодоглосон Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд урамтай барилдаж, аварга, арслан цолтнууд хууль, зүйн системээс төрсөн билээ. Тодруулбал, Хил, хамгаалах ерөнхий газрын дэргэдэх "Хилчин" спорт хорооноос тав, ШШГЕГ-ын дэргэдэх "Сүлд" спорт хорооноос тав, ЦЕГ-ын дэргэдэх "Хүч" спорт хорооноос мөн тав, нийтдээ 15 бөх улсын цолонд хүрч, цолоо ахиулсан юм. Эдгээр бөхчүүдийг Ц.Нямдорж сайд хүлээн авч уулзан, амжилт хүсэхийн сацуу шагнал гардуулан өглөө. Тухайлбал, Үндэснийхээ их баяр наадамд арав даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн "Хилчин" спорт хорооны бөх С.Мөнхбатад дөрвөн өрөө, урамтай сайхан барилдаж үзүүрлэн, улсын арслан цол хүртсэн "Сүлд" спорт хорооны тамирчин Г.Эрхэмбаярт гурван өрөө байрны батламж гардуулан өглөө. Түүнчлэн улсын гарьд цол хүртсэн "Хилчин" спорт хорооны бөх Ж.Бат-Эрдэнэ, начин цол хүртсэн "Хүч" спорт хорооны тамирчин Ш.Жаргалсайхан нарт тус бүр хоёр өрөө байрны батламжийг салбарын сайд Ц.Нямдорж гардуулан өгсөн юм. Энэ үеэр үндэснийхээ их баяр наадамд амжилттай барилдсан үлдсэн 11 бөхөд нэг сарын цалинтай нь тэнцэх мөнгөн урамшуулал олгох болсноо дуулгаж байлаа.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top