Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг чуулганы хуралдаанд танилцууллаа.
Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өвчнийг эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд эхлүүлснийг дурдаад эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн 648 байгууллага, 5000 гаруй эмч, эмнэлгийн ажилчдыг түшиглэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж байна гэв.
Эрт илрүүлэгт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт хүн амын 31.1 хувь буюу 1 047 271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд, насны байдлаар авч үзвэл 60.5 хувь нь хүүхэд, 39.5 хувь нь насанд хүрэгчид байна. Өвчлөлийн 700881 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 60.5 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 11.9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн болон бодисын солилцооны, 8.1 хувь нь шээс бэлгийн тогтолцооны, 6.3 хувь нь зүрх судасны тогтолцооны, 3.6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь нийт өвчлөл, эмгэгийн сэжигтэй тохиолдлын 90.4 хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ онцоллоо.
Мөн эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлгийн цахим мэдээллийн программуудыг стандартын дагуу нэгтгэн мэдээллийг солилцож, улмаар эрт илрүүлгийн их өгөгдөл санг бий болгов. Мэдээний санд боловсруулалт, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн долоон багийг томилон ажиллуулж байна. Судалгааны үр дүнгээс дурдвал: Эрт илрүүлэгт хамрагдсан тав хүртэлх насны хүүхдийн 10.2 хувь нь илүүдэл жинтэй, 5.3 хувь нь таргалалттай, 39.3 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй, 17.5 хувь нь өсөлтийн хоцролттой буюу намхан, 6-17 насны хүүхдийн 6.5 хувь нь илүүдэл жинтэй, 25.7 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй байгаа тул хүүхдийн хоол тэжээлийн байдал, эрүүл амьдрах хэв маягт бага наснаас нь сургах, эрүүл хооллолтын талаарх зөв мэдлэг, дадал, хандлага суулгах нэн шаардлагатай болохыг харуулж байна. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгаа нь бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Судалгаагаар гурван настай гурван хүүхэд тутмын нэгд, таван настай гурван хүүхэд тутмын хоёрт, холимог шүдтэй 6-11 насны таван хүүхэд тутмын гуравт, 12-17 хүртэлх насны хоёр хүүхэд тутмын нэг нь шүд цооролттой байгааг С.Чинзориг сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн.
Мөн тэрбээр, Зүрх судасны өвчний үзлэг, шинжилгээгээр 40, түүнээс дээш насны нийт хүн амын 47.4 хувь нь бага, 41.6 хувь нь дунд, 9.7 хувь нь өндөр, 1.3 хувь нь маш өндөр эрсдэлтэй, цусны даралт ихсэлт буюу артерийн гипертензийн тархалт 65 хувь, артерийн судас хатуурах эрсдэлтэй 28.5, судас хатууралтай 3.2 хувь байна. Үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байснаас 2.8 хувийг нь шинээр илрүүлсэн. Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын 20.3 хувь нь өндөр эрсдэлтэй байна. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан зорилтот 45 болон 60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5, сэтгэл түгшилт 7.6, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна. Судалгаагаар 329 хорт хавдрын оношийг баталгаажуулснаас 255 хүн нь шинээр оношлогдсон. Шинээр оношлогдсон тохиолдлын 29 нь онош батлагдсаны дараахан нас барсан нь хожуу шатандаа илэрч байна. Энэ нь уг илрүүлгийг тогтмолжуулж, эрт шатанд нь оношлох шаардлагатайг харуулж байгааг дурдлаа.
Түүнчлэн ходоодны хорт хавдар шинээр оношлогдсон тохиолдлыг “хорт хавдар оношлогдсон дундаж хугацаа”-нд үндэслэн тооцоолж үзэхэд нэг хүн дунджаар 10.4±9.1 жилийн өмнө “хавдраа эрт илрүүлж” оношлуулжээ. Ийнхүү ходоодны хавдрыг эрт оношлогдсон 44 хүний хувьд 228 хүн жилийг амьдралын хугацаандаа уртасгасан байна. Дээрх хүмүүс эрт илрүүлэн оношилсноор цагаасаа эрт нас барахаас сэргийлж, мөн амьдралын дараагийн жилүүдэд ажил, хөдөлмөр эрхлэн 6.3 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой болсон гэж үзэхээр байна. Нэг хүний боломжит орлогын хэмжээ 143,0 сая төгрөг байна. Дээрх үр дүнгүүдээс харахад аливаа өвчнийг эрт илрүүлснээр тухайн улс оронд хүний нөөцийн хангамж, эдийн засгийн асар их ач холбогдолтой байж, хувь хүн, гэр бүлийг ядуурлаас сэргийлэх бүрэн боломжтойг харуулж байна гэж байлаа.
Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлгийг эрчимжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолд 6-17 насны багцад А бүлгийн стрептококийн хурдавчилсан сорилыг нэмэх, сумын эрүүл мэндийн төвд 18-30 насны багцын тусламж үйлчилгээг үзүүлэх, иргэн даатгуулагч эрт илрүүлэг багц үзлэгт хамрагдаж эхэлснээс дуусах хүртэлх хуанлийн 20 хоногийн хугацааг ажлын 20 хоногт багтаах, даатгуулагчийг тухайн эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд шууд илгээх зохицуулалтуудыг тус тус тусгаснаар шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй авах нөхцөлөөр хангав. Эрт илрүүлгээр илэрсэн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг авч ажиллаж байгааг мэдээлэлдээ дурдлаа.
Сэтгэгдэл ( 4 )
ТИЙМЭЭС ТА НАР ДЭЭР ТОГТООД БАЙГААМ. ГАДАГШАА ГАРСАН 200000 ЭНД БАСАН БОЛ ТА НАР АВСАНД
Эрт илрүүлгийн гол зорилт 45-60 насныхны 11.8 хувь нь сонирхолыг нь их татаад байх шиг ер нь сангуудаас мөнгө луйвардагчид эрүүл мэндээ үзүүлдэг юм болов уу...
Өндөр үр дүнтэй арга хэмжээ болсон гэж үзэх аргагүй. Сайтар тооцоолол хийгээгүй арга хэмжээ болсон гэж үздэг
Та нөхдүүдээс их өолж бгаа шүү чинзоригийн баталуулсан тэтгэврийн 7н жилүү олон ахмадуудыг стресстүүлсэн өөрөөч бас сэ мэ га тай сайд нүдрүү нь харчих яг солиорсон нүд