Б.Эрдэнэдалай: Намуудын сонгуулийн бус үеийн санхүүжилт, зарцуулалт ил тод биш байна

2023 оны 06 сарын 23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ЕТГ-аас УИХ-д өргөн бариад байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байна. Хууль санаачлагчийн зүгээс тус хуулийг баталснаар улс төрийн намыг илүү төлөвшүүлэх, цаашлаад төрийн өндөр ёс зүйтэй алба хаагчийг бэлтгэх, цаашлаад улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах бодлогын институц болох үндэс бүрдэнэ гэж байгаа. Та судлаач хүний хувьд харахад тус хуулийн төсөл энэ хэмжээний өөрчлөлтийг авчирч чадах уу?

-Улс төрийн намын тухай хуулийг энэ удаа өргөн барьсан нь анхны тохиолдол биш. Өмнө нь Улс төрийн намын хуулийг шинэчлэх, шинэчлэн найруулах ажлын хэсэг хэд хэдэн удаа байгуулагдаж, хуулийн төслийг хэд хэдэн удаа бичиж байсан. Хуулийн төсөл одоо УИХ-д өргөн баригдаж байна гэдэг нь нэг талаараа их давуу талтай. Парламентын чуулган болгоны өмнө УИХ-ын дарга тухайн чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслүүдийг зарлахад Улс төрийн намын тухай хууль байнга байж ирсэн. Гэхдээ яг хэлэлцэгдсэн, өөрчлөгдсөн зүйл байхгүй явсаар ирсэн.

Бид улс төрийн нам нь улс төрийн институт гэдэг талаасаа ямар чухал вэ гэдгийг бүгд мэднэ. Саяхан хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд улс төрийн намын тухай холбогдох заалтуудыг тусгаж өгсөн. Ер нь бол улс төрийн нам гэдэг нь өөрөө иргэдийн санаа бодол, сонирхол, иргэд юу хүсэж байгаа вэ зэрэг бүх зүйлийг бодлого, мөрийн хөтөлбөр болгон боловсруулан сонгуульд оролцож, төрд хүргэх бодлогын институт байх ёстой. Тэгэхээр энэ бодлогын институт маань ямар ямар үндсэн концепцитой байх вэ, иргэдийн төлөө хэрхэн ажиллах вэ, ямар санхүүжилт, мөнгөтэй байх вэ, түүнийгээ хэрхэн ил тод болгох вэ, бүтэц, зохион байгуулалт нь ямар байвал зүгээр вэ зэргээр бүгдийг нь Улс төрийн намын тухай хуулиар шийднэ гэсэн үг.

Монгол Улсын дээд шүүхэд одоогоор 37 улс төрийн нам бүртгэлтэй байна. Энэ тоог харахаар хэдийгээр олон намын тогтолцоотой гэж харагдаж байгаа боловч парламентад олон нам сонгогдох боломж байхгүй, хоёр нам зонхилон сонгогдох, гурав дахь хүчин бол эвсэл болж байж сонгогддог. Энэ нь сонгуулийн мажоритар тогтолцоотой холбоотойгоор ийм үр дүнг үзүүлээд байгаа юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн цөөн нам парламентад сонгогддог, олонх болдог, мөн парламентад сонгогдсоныхоо хэрээр Засгийн газрыг бүрдүүлэхэд оролцож байна. Төрийн бүх шатны институтэд нэг намын гишүүдийг томилдог байдал Улс төрийн намын тухай хуульд орж байгаа олон өөрчлөлтүүдээр шийдэгдэх байх гэж хүлээж байна.

Мөн улс төрийн намын бүтэц бүрэлдэхүүн, дотоод ардчилал, хамгийн гол нь санхүүжилттэй холбоотойгоор үүсэж буй олон сөрөг бүх асуудлуудыг ил тод, нээлттэй, бодлого боловсруулах талаас нь зонхилж харж байгаа ийм хуулийн төсөл байх хэрэгтэй байна. Гэхдээ хуулийн төслийг олон нийтэд мэдээлэхгүй байгаа болохоор учир дутагдалтай байна.

Манай улсад парламентад сонгогдсон улс төрийн нам, төрийн бусад институтүүдэд нөлөөлөх, сонгогдох, орон нутагт олонх болсон улс төрийн нам тухайн орон нутгийн төрийн албанд илүү олонх болох, түүгээр улстөржилт их үүсгэдэг, нэлээд асуудалтай байгаа нь үнэн. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулиар намын гишүүнчлэлийн асуудал, ямар дэмжигчтэй байх вэ, бодлогын хувьд яаж явах вэ гэдгийг оруулсан байх болов уу гэж хараад байна. Эдгээр асуудлуудыг  тухайн хуулийн хэлэлцүүлгүүдээр нэлээд ярилцах байх.

-Ер нь улс төрийн намуудын төлөвшил улс орны хөгжилд ямар үүрэг, нөлөөтэй байдаг вэ. Сүүлийн жилүүдэд манай улсад бараг сөрөг хүчингүй болж, шуудхан хэлэхэд ганц намын хэт их оролцоо, бодлогоор аливаа асуудал шийдэгдэж байна. Энэ байдал цаашдаа сөрөг үр дагавартай байж болох уу?

- Ер нь бол улс төрийн намуудын төлөвшил улс орны хөгжилд маш том үүрэгтэй, нөлөөтэй байх ёстой.

Улс төрийн нам гэдэг тухайн улс орныхоо хөгжлийн бодлого ямар байх вэ гэдгийг гаргадаг, төлөвлөдөг, сонгууль нэр дэвшигчид, намуудын мөрийн хөтөлбөр бол тухайн тойрог, улс орны хэмжээнд хийж гүйцэтгэх ёстой яаралтай, шаардлагатай бодлогын асуудлуудыг дэвшүүлж тавьдаг байх ёстой гэдгээс улс төрийн намууд ямар чухал вэ нөлөөтэй вэ гэдэг нь эндээс харагдах болов уу.

Монгол Улс сүүлийн жилүүдэд яагаад сөрөг хүчингүй болж байгаа харагдаж байна вэ гэхээр энэ нь сонгуулийн тогтолцоотой шууд холбоотой.

Угаасаа мажоритар тогтолцоо нь ерөөсөө томоохон хоёр улс төрийн намыг л парламентад сонгогдоход нөлөөлдөг сонгуулийн тогтолцоо гэдгийг дээр дурдсан. Үүн дээр нэмээд Ардчилсан намын дотоод зөрчил, даргын асуудал гээд хоорондоо үл ойлголцол үүссэн, зөрчилдөөнтэй, асуудлаа дор нь шийдэж чадахгүй байгаа, сонгуульд төдийлөн амжилттай оролцож чадахгүй, бодлогыг нэгдсэн байдлаар зангидаж чадахгүй байгаа зэрэг асуудлуудтай холбоотойгоор сөрөг хүчний асуудал улам эмзэг болоод байна.

Дээрээс нь зөвхөн Ардчилсан нам гэхгүй бусад намуудын хувьд ч гэсэн хангалттай сөрөг хүчин болж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг бид ярих хэрэгтэй. ХҮН нам парламентад суудалтай байгаа. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэлээд олон суудалтай болсон. Бусад намуудыг бодвол харьцангуй парламентад сонгогдсон байна.

Сонгуулийн тогтолцооноос гадна сонгууль нь маш их мөнгөний уралдаан, өрсөлдөөн болсон, хэн мөнгөтэй хүн нэр дэвших, сонгогдох магадлал улам бүр нэмэгдээд байна. Уг нь  улс төрийн нам боловсон хүчний хувьд хангалттай өрсөлдөх хэмжээний байх, нэр дэвшигчид бодлого буюу мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх ёстой.

Олон шалтгааны улмаас  Монгол Ардын намтай өрсөлдөх хэмжээний томоохон бүтэцтэй, сайн бодлого дэвшүүлж буй  намууд ховор байна гэж харагдаад байна. Хэдий сайн бодлого бүхий намууд байж болох ч санхүүгийн хувьд, хүний нөөцийн хувьд илүү гарч чадахгүй байна. Нөгөө талаараа одоогийн улс төрийн нөхцөл байдал нь мөнгөтэй хүн л сонгуульд өрсөлддөг буруу тогтолцоо бүрдүүлсэнтэй бас холбоотой.

Дээрх асуудлууд нөлөөлөөд парламентад сөрөг хүчин байх, олон нам сонгогдох боломж бага байна.

Нөгөө талаараа, заавал парламентад суудалтай байснаараа сөрөг хүчин болно гэж ойлгож болохгүй. Парламентад суудалгүй улс төрийн намууд гол бодлогыг гаргаж байгаа улс төрийн намын явуулж байгаа үйл ажиллагаа, бодлого шийдвэр, хэлэлцэж буй хуулийг шүүмжлэх, санал нэмэх, хэлэлцэх зэрэг нь нээлттэй. Харин манайд ийм идэвхтэй ажиллаж буй тохиолдол бага байна. Ингэж ажиллахгүй байх нь асуудалтай, сөрөг үр дагавартай байж болох юм.

Жишээ нь сөрөг хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд иргэд, судлаач, экспертүүдийн оролцоотойгоор парламентад суудалтай буюу улс орны хөгжлийн бодлого гаргаж байгаа намуудыг оролцуулаад гаргах гэж байгаа бодлого, хуулийн тал дээр санал асуулга, хэлэлцүүлэг, яавал тэр хуулийг зөв батлах вэ гэдэг дээр бүх талын оролцоог хангасан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, бодлого боловсруулж байгаа парламентад суудалтай гол намтай хамтарч ажиллах боломж бол нээлттэй. Ийм байдлаар сөрөг хүчнийхээ үүргийг хэрэгжүүлж болно.

-Одоогийн мөрдөгдөж байгаа Улс төрийн намын тухай хуулиар УИХ-д суудалтай намд төрөөс сонгуулиар авсан санал болон суудлын тоогоор нь тооцож санхүүгийн шууд дэмжлэг үзүүлдэг. Тэгвэл шинэчилсэн найруулгын төсөлд төрөөс намд үзүүлэх санхүүгийн дэмжлэг яаж тусгагдсан бэ? Мөнгөн дүнгийн хэмжээ өсөхөөр санагдсан.

-Одоо хүчин төгөлдөр байгаа, 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар төрөөс улс төрийн намуудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт байгаа. Энэ нь хоёр хэлбэрээр байгаа.

Сонгуулийн дүн гарсны дараа парламентад суудалтай намуудын хүчинтэй саналыг тоог 1000 төгрөгөөр үржүүлж нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлэх, нөгөө нь суудлын тоог 10 сая төгрөгөөр үржүүлээд тодорхой хугацаанд дэмжлэг үзүүлэх гэсэн заалт байгаа. Энэ нь зөвхөн парламентад суудалтай намуудыг л төрөөс дэмжих бодлого болчхоод байгаа юм. Гэтэл олон улсын жишгээр бол төрөөс олгож байгаа санхүүжилт нь бодлогын өрсөлдөөн парламентад орж ирэх, олон намыг дэмжих зэрэг чиглэлд байдаг.

Уг нь бол төрийн санхүүжилтийн хамгийн гол санаа, зорилго нь парламентын сонгуульд өрсөлдөхөд тэгш боломжийг нэр дэвшигчдэд олгодог. Мөн залуучууд, эмэгтэйчүүд, жендерийн асуудал дээр нийгмийн бусад бүлгүүдийг дэмжих, олон ургалч байдлыг нэмэгдүүлэх чиглэлд төрөөс олгож байгаа санхүүжилт мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр явдаг. Энэ нь өөрөө шууд нэг намыг давамгай дэмжих гэдгийн эсрэгээр байдаг онцлогтой гэдгийг л харуулаад байгаа юм.

Одоо үйлчилж байгаа хуулийн зохицуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр бол өөрчилж орж ирж байна.

Жишээлбэл, улс төрийн намуудад жигд санхүүжилт олгоё, тэр санхүүжилтийн хэмжээг тодорхой сонгогчдын саналыг авсан бол түүнийг нь үндэслэж аль болох олон намд санхүүжилтийг олгоё гэж байна. Одоогийн хуулийн хүрээнд 1000 төгрөг, 10 сая төгрөг гээд тогтсон дүн байдаг. Энэ хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уях, инфляцаа дагаад дүн нь нэмэгддэг зэрэг хүчин зүйлүүдийг харгалзаж үзсэн байна лээ. Мөн эмэгтэйчүүдийг сонгуульд дэвшүүлсэн үү, хэчнээн хүн амжилттай сонгогдсон бэ зэргийг харгалзаж, санхүүжилтийг тодорхой томьёогоор бодож олгох зохицуулалтыг оруулж ирсэн.

-Улсаас намуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь дэлхийн улс орнуудад байдаг жишиг юм байна. Тэгвэл нэгэнт байх ёстой зүйл юм бол нөгөө талаар иргэдийн татварын мөнгө учраас үүний зарцуулалтыг хянах боломж иргэдэд нээлттэй байх хэрэгтэй байх. Гэтэл манай улсад өнөөгийн УИХ-д суудалтай намуудын жишээнээс харахад төсвөөс авч байгаа санхүүгийн дэмжлэгийн зарцуулалт нь тодорхойгүй байна.

-Төрөөс нэг талаараа улс төрийн намуудыг дэмжиж байгаа боловч эргээд санхүүжилтийн хувь хэмжээ нь хэр оновчтой байна вэ, төрөөс мөнгө авч байна гэдэг нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байна гэсэн үг. Улс төрийн нам эргээд тайлангаа хэнд тайлагнах, яаж ил тод байлгах вэ, юунд зарцуулсан бэ, яг бодлогыг дэмжих чиглэлд тухайн мөнгийг зарцуулж чадсан уу, үгүй юу гэдгийг тайлагнасан тайлан маш чухал. Томьёогоор санхүүжилтийг бодно гэж байгаа болов ч нэлээд их мөнгөн дүнгүүд орж ирэхээр харагдаж байгаа. Түүний үндэслэл юу байсан бэ гэдгийг олон нийтэд нээлттэй мэдээлмээр байгаа юм.

Төрөөс улс төрийн намуудыг санхүүжүүлж байгаа тохиолдолд эргээд хяналт тавихад аудит, олон нийтийн оролцоо маш чухал. Нэгэнт иргэдийн татварын мөнгөөр санхүүжүүлж байна гэдэг нь иргэдийн оролцоо санхүүжилтийн хяналтад чухал байх ёстой. Иргэдийн оролцоог яаж хангах вэ гэхээр намуудын хувьд санхүүжилтийн зарцуулалт ямар бодлого, үйл ажиллагаанд хэдэн төгрөгийг нь яаж зарцуулсан бэ, залуучууд, эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдлыг хангахад энэ санхүүжилт хэрхэн зарцуулагдаж байна вэ гэх зэргээр бүх зүйл бидэнд ил тод, нээлттэй мэдээлэгдэж байх ёстой.

Одоо бол манай улсад Улс төрийн намын тухай хуулиараа ил тод байна, нээлттэй мэдээлж байх ёстой, нам дотоод санхүүгийн хяналтаараа хяналт тавьж байх ёстой гэсэн зохицуулалт заалтууд уг нь байгаа. Гэхдээ тэр хуулийг хэн, яаж хянах вэ, хуулийг биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь учир дутагдалтай байгаа.

Нэг талаасаа үүнийг иргэд, судлаачид, экспертүүд, иргэний нийгмийн байгууллагууд төдийлөн сайн нэхэхгүй байна. Нэхсэн ч тэр нь нэр төдий болчхоод байгаа юм шиг. Нөгөө талдаа хамгийн том шалтгаан нь улс төрийн намууд өөрсдөө үүнийг хэрэгжүүлэх сонирхол байхгүй байна. Ялангуяа парламентад суудалтай улс төрийн намуудын хувьд гэж харж болохоор байна.

-Одоогийн мөрдөгдөж байгаа Улс төрийн намын тухай хуулиар намын санхүүгийн үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина гэж заасан нь ил тод биш байх шалтгаан болж харагддаг. Гэтэл иргэд нэгэнт төлөөллөө болгоод УИХ-д сонгосон намынхаа төсвөөс буюу иргэдийн татвараас өгч байгаа санхүүгийн зарцуулалтад хяналт тавимаар байдаг. Үүнийг ил тод байлгах тал дээр ямар гаргалгаа байж болох вэ? (Төрийн аудит байж болох)

-Улс төрийн намын дотоод хяналт намын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавина гэсэн Улс төрийн намын тухайн хуулийн заалт байгаа.

Гэтэл нөгөө талдаа намын дотоод хяналт санхүүгийн асуудалдаа хяналт тавина гээд бид өөрсдөд нь найдчихаж байгаа юм. Нам уг нь үүнийгээ хийх ёстой. Гэтэл тэр хяналтаа яаж хийж байгаа вэ гэдгээ нээлттэйгээр буцаад иргэд, сонгогчдод мэдээлдэг байх ёстой. Хамгийн наад зах нь улс төрийн намын гишүүд өөрсдөө төлсөн татвар, өгсөн хандивыг хянадаг, гишүүддээ тайлагнадаг, мэдээлдэг байх ёстой.

Уг нь  төрөөс санхүүжилт авч байгаа тохиолдолд яг хэдэн төгрөгийг улс орны хөгжлийн ямар бодлогыг боловсруулж, хөгжүүлэхэд зарцуулсан бэ, залуучууд, эмэгтэйчүүд, хүүхэд хамгаалал, боловсрол, эдийн засаг зэрэгт чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулахад энэ мөнгөний хэдэн хувийг, яаж зарцуулсан бэ гэдэг нарийн мэдээллүүдийг сонгогчдод өгч байх ёстой. Тэр утгаараа иргэдийн улс төрийн намд итгэх итгэл, улс төрийн бусад институтүүдэд итгэх итгэлүүд нь нэмэгдэх боломжтой.

Гэхдээ нэг зүйлийг ялгаж харах хэрэгтэй. Улс төрийн намууд сонгуулийн үеэр сонгуульд оролцсон зардлын тайлангаа олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байгаа. Сонгуулийн санхүүгийн зардалд нь аудит хийгдсэн дүнг л мэдээлж байгаа. Харин сонгуулийн бус үеийн улс төрийн намуудын санхүүжилт, зарцуулалт ерөөсөө ил тод биш байна. Зарим улс төрийн намын хувьд санхүүгийн мэдээллээ олон нийтэд ил тод мэдээлж байгаагаа зарласан тохиолдлууд байдаг. Бүх намууд ингэж сонгогчдод зардлын тайлангаа, санхүүгийн мэдээллээ мэдээлэх зоригтой байх хэрэгтэй.

Сонгуулийн бус үеийн тайлан, зарцуулалттай холбоотой хариуцлагын асуудал ердөө яригдахгүй байгаа. Хамгийн ноцтой нь төрөөс парламентад суудалтай намуудад олгож байгаа санхүүжилтийн зарцуулалт юу болсон бэ, ер нь хэдэн төгрөг ямар хугацаанд олгож байгаа вэ гэдгийг бид мэдэхгүй л байна.

Нэг талаараа иргэдэд ч улс төрийн санхүүжилттэй холбоотой асуудлуудын талаарх ойлголт алга. Иргэд үүнийг мэддэг, нэхдэг, энэ талын мэдээлэлтэй болох хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн улс төрийн боловсрол, оролцоо гэдэг их чухал гэдэг нь эндээс шууд харагддаг.

-Ер нь аливаа хуулийн төсөлд санал бодлоо тусгаж, эргээд хяналттай байя гэвэл хуулийн төслийн аль шатанд нь идэвхтэй оролцох хэрэгтэй вэ?

Аливаа улс төрийн бодлого нь тухайн асуудлыг хууль, бодлого болгох шаардлагатай гэдгийг харуулсан иргэдийн санаа бодлын судалгаа, эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулагдана. Тэгээд тэрхүү бодлогын хувилбар, төслөө иргэдэд хэлэлцүүлнэ. Ингэхдээ аль болох олон талын байр суурь, тооцоо судалгаа дээр үндэслэн ажиллана.

Тэгээд шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлгүүд яваад батлагдах процесс болно. Тухайн бодлого хууль болон батлагдсаны дараа ч амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна, хэр чухал асуудлуудыг зохицуулж, шийдвэрлэж байна, асуудал тулгарч байна уу зэргээр дахин шүүж, хянаж байдаг. Энэ бүх процесст иргэд энэ улсад амьдарч байгаа, улс төрийн системийн нэгэн хэсэг гэдгээрээ байнга оролцох, хяналт тавих л хэрэгтэй.

Гэхдээ нэг талаараа иргэдийн амьдрал, амьжиргаа, санхүүгийн боломж тааруу байх тусам улс төрийн оролцоо зөвхөн сонгуулийн оролцоогоор л хязгаарлагддаг тал бий. Бүүр сонгуульд ч оролцохгүй байх, зайлсхийх тохиолдол гарна. Энэ тохиолдлуудад нэр дэвшигчид, улс төрчид сонгогчдын саналыг худалдаж авах төрөл бүрийн аргууд хэрэглэж эхэлдэг хор уршигтай. Ийм байдал даамжраад, газар аваад л байвал бидэнд их үнэ цэнээр олдсон “ардчилал” маань үнэ цэнээ алдах, иргэд давуу эрхтэй байх боломж л улам хумигдах аюултай. Тиймээс иргэдийн оролцоо бүх зүйлд маш чухал гэдгийг сануулж, иргэдэд уриалмаар байна.

-Баярлалаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.70.121) 2023 оны 06 сарын 30

нам байгуулаад л мөнгө цохьдог болох юмуу бас сонгуулийн үеэр авсан саналаар гэхэд бөөн хэрүүл үүсгэх идэж болохгүй хортой алим болж хувирах юм бодож олжээ

0  |  0
Zochin(202.9.46.74) 2023 оны 06 сарын 28

Bayarlalaa

0  |  0
Top