Үерийн далан барихаар төмөр зам сэтэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

-Төмөр бетон хийцүүдийг угсарч, далд хоолой тавих ажил эхэллээ-

Нийслэлд бороо орох сургаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны айлууд сэтгэл түгшиж эхэлдэг. Уг нь тус дүүргийн 13 дугаар хороо "Сүнжин гранд" зочид буудлын хойд талд үерийн далан бий. Гэвч тэр хавийн айлууд уг далан руу барилгын хог хаягдал хийж дүүргэснээс далан бөглөрч сүүлийн жилүүдэд айлууд усанд автах болжээ.

Дүүргийн удирдлагууд эдгээр айлд нүүх шаардлага хүргүүлдэг ч оршин суугчид А зэрэглэлийн бүсэд байршилтай газарт зөвшөөрлийн дагуу оршин сууж байгаа тул нүүх боломжгүй гэдэг байна. Тиймээс дүүргийн зүгээс 13, 14 дүгээр хорооны оршин суугчдын аюулгүй байдлыг хангахын тулд үерийн далан барих ажлыг энэ сарын 15-наас эхлүүлээд байгаа билээ.

Уг ажлыг төлөвлөгөө ёсоор маргааш  хийж дуусах бөгөөд үерийн даланг барихын тулд Нарантуул захын урд талын уулзвараас Чулуун-Овооны уулзвар хүртэлх замыг хааж хөдөлгөөнийг түр зогсоогоод байгаа.

Нийт 24 метр урт, гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий уг далан баригдсанаар "Сүнжин гранд" зочид буудлын хойд талын айлууд дахин усанд автах аюулгүй болох ажээ. Үерийн далан барих ажилтай уялдуулан Нарны зам дагуу өчигдөр хоёр газар төмөр зам сэтэлж, дөрвөлжин төмөр бетон хийцүүдийг угсарч, далд хоолой тавих ажил эхэллээ. Уг ажлын гүйцэтгэгчээр "Эм Эм Жи капитал" компани ажиллаж байна. Харин "Сүнжин гранд" зочид буудлын хойд талд авто замын гаргалгаа хийх ажлын замд хувийн эзэмшил таарсан тул одоогоор ажил нь эхлээгүй байгаа юм.

Баянзүрх дүүргийн Зүүн уулын үерийн хамгаалалтын байгууламжид нийт 12 тэрбум төгрөг зарцуулах аж. Дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар хоёр жилийн өмнөөс яригдсан уг ажил зураг төсөв нь хийгдэн энэ онд улсын төсөвт гурван сая төгрөг суужээ. Ийн дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон бүтээн байгуулалт ажил хэрэг болж байна. Дүүрэг ирэх онд 5, 22, 19, 24, 9, 17, 8 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх үерийн далан сувгийг инженерийн байгууламж болгон засварлаж, 3.8 км суваг төмөр зам дагуу хоёр, авто замын гурван гаргалгаа гаргаж, Туул гол хүртэл хоёр км шуудуу татан үерийн усыг урсгахаар төлөвлөжээ. Мөн Дандарын гудамжинд Цайз зах руу өгсөх гаргалгааг хийх юм байна.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top