Фарида Чукубаева: Хүн өвдөх, үгүй нь зөв, тэнцвэртэй хооллож байгаа эсэхээс шууд хамаардаг

2023 оны 06 сарын 29

“Herbalife” компанийн Шим тэжээлийн зөвлөх Фарида Чукубаеватай тэнцвэртэй, эрүүл хооллолтын тараар ярилцлаа.


-Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Миний нэрийг Фарида Чукубаева гэдэг. Киргиз улсын Бишкек хотод ажиллаж амьдардаг. Би 40 жил эмчээр ажиллаж байгаагаас 25 жилд нь дотрын эмчээр ажилласан. 2016 оноос хойш хоол зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

-Бид шим тэжээл гэдэг үгийг өдөр тутам олон сонсдог. Тэгвэл шим тэжээл гэж яг юу вэ гэдэг талаар хоол судлаач мэргэжилтний хувьд хэлж өгнө үү?

- Хооллолт гэдэг нь өлсөх мэдрэмжийг дарж байгаа үйл явцыг хэлнэ. Хүнд шим тэжээл дутагдсан үед өлсөх мэдрэмж төрдөг. Шим тэжээлийг хоол хүнсээр биедээ авахад тэр нь эргээд энерги болно. Бид хоол идсэнээр биед шаардлагатай зүйлсээ хангадаг. Өдөрт идсэн хоол нь тэр өдөртөө эд эсдээ зарцуулагдан энергид хувирч дуусдаг. Тийм учраас бидэнд өдөр бүр шим тэжээлээ нөхөх шаардлага гардаг. Ингэж эрч хүч авч байж, бид бүрэн дүүрэн ажиллаж, амьдарч чадна.

-Сүүлийн үед шим тэжээл улам бүр чухал болж байна. Үүний учир юунд байна вэ?

- МЭӨ 4, 5 дугаар зуунд амьдарч байсан Гипократыг анагаах ухааны эцэг гэж нэрлэдэг. Тухайн үед хоол зүй, шим тэжээл судлал гэсэн ойлголт байгаагүй ч хоолны ач холбогдлыг эмч нар мэддэг байсан. Үүний тод жишээ нь Гипократ “Бидний идэж буй зүйлс биднийг бүтээдэг” гэсэн байдаг. Тэрээр 88 насалсан бөгөөд энэ нь тухай үеийн дундаж наслалттай харьцуулахад маш өндөр тоо. Гиппократ эрүүл тэнцвэржүүлсэн хоол тэжээл, зөв амьдралын хэв маяг удаан жаргалтай амьдралын үндэс гэж үздэг байсан.

-Эрүүл амьдралын дадлыг хэрхэн хэвшүүлэх вэ?

-Эрүүл хооллолт гэдэг маш том ойлголт учраас би гол зарчмуудыг нь дурдъя. Нэгдүгээрт, хооллолт тэнцвэртэй байх ёстой. Хүн юу идэж байна вэ тэр нь эргээд амьдралынх нь хэв маягт нөлөөлдөг. Хоёрдугаарт, дасгал, хөдөлгөөн маш чухал. Идэвхтэй амьдралын хэв маягтай хүн тэсвэр тэвчээртэй байдаг. Стрессийг давах ч гэдэг юм уу, биеийн булчин илүү хүчтэй болох зэрэг нөлөөтэй. “Хөдөлгөөн бол амьдрал” гэсэн үг бий. Яагаад гэвэл хүн хөдлөх үед булчин нь ажиллана, булчин ажиллах үед цусны урсгал нэмэгдэн тархинд илүү их цус очиж идэвхжүүлдэг. Ийм учраас спорт нь паркинсоны өвчин, альцхаймер зэрэг мэдрэлийн өвчнүүдээс ч сэргийлэхэд тустай. Гуравдугаарт, хүн эрт унтаж, эрт сэрдэг, өдөр бүр нойроо хангалттай авдаг өдөр тутмын горимтой байх ёстой. Дөрөвдүгээрт, бид эрүүл хүрээлэн буй орчинд амьдрах хэрэгтэй. Хүрээлэн буй орчин маань эрүүл биш байвал эрүүл амьдралын талаар ярих боломжгүй. Багцлаад хэлбэл, зөв хооллох, спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх, ус уух, эслэг идэх, амрах хэрэгтэй. Энэ нь эрүүл амьдралын хэв маяг болно гэсэн үг.

-Эрүүл бус хооллолтын нийтлэг жишээ юу вэ?

-Буруу хооллолтын олон жишээ бий. Хамгийн энгийн нь түргэн хоол байдаг. Өнөөдөр бид алхам тутамдаа түргэн хоолны газартай таарч байна. Орчин цагт хүмүүс завгүй амьдралын хэв маягтай болсноор эрүүл хоол хийж идэх боломжгүй болсон. Мөнгө, цаг гаргаад эрүүл хоол хийхийн оронд ажил, гэрээсээ холгүй газарт бэлэн боловсруулсан хоол авч идэх нь харьцангуй хялбар.

Хоёрдугаарт хийжүүлсэн ундаа, шоколад, хэт цэвэршүүлж боловсруулсан хоол, гурилан бүтээгдэхүүн улам олширч байна. Харамсалтай нь эдгээр хоол хүнсний хэрэглээ залуусын дунд түгээмэл болсон байна. Хүний хооллолтын зуршил хүүхэд наснаас нь төлөвшдөг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө тэдэнд зөв хооллолтын зуршлыг багаас нь суулгах ёстой. Чи намайг сонсохгүй бол зайрмаг, шоколад авч өгөхгүй, үгэнд орвол авч өгнө гэх мэтээр эцэг, эхчүүд муу зуршил бий болгодог. Тэгэхээр эцэг эхчүүд үүн дээрээ анхаарах ёстой.

-Бидний наснаас хамааран авах ёстой шим тэжээл өөрчлөгддөг үү?

-Мэдээж нас маш чухал. Жишээлбэл хоол боловсруулах систем нь бүрэн хөгжиж амжаагүй хөхүүл хүүхдийн бие мах бодь бусад насны хүмүүсээс шал өөр шүү дээ. Цаашлаад сургуулийн насны хүүхэд, насанд хүрсэн хүмүүс, ахмад настнууд гээд амьдралын үе шат бүрд хоол боловсруулалт ялгаатай байдаг. Тэгэхээр амьдралын үе шат бүрд хооллолт ялгаатай байх ёстой.

-Тэгвэл тэнцвэртэй хооллолт гэж юуг хэлж байна вэ?

-Хоол хүнсэнд макро шим тэжээл, микро шим тэжээл гэж байдаг. Энэ хоёр нь хоорондоо тэнцвэртэй байхыг хэлж байгаа юм. Макро шим тэжээл гэдэг нь уураг, өөх тос, нүүрс ус. Микро шим тэжээл гэдэг нь эрдэс бодис, амин дэм юм. Макро, микро гэсэн нэрээс нь харахад ойлгомжтой. Макро шим тэжээлийг хүний бие их хэмжээгээр шаардаж байдаг бол микро шим тэжээлийг бага хэмжээгээр шаардаж байдаг. Энэ хоёр тэнцвэр оршиж байж шимээ өгнө гэсэн үг. Тэнцвэр алдагдаж аль нэг шим тэжээл дутагдах үед хүний биед бодисын солилцооны асуудал үүсдэг.

-Монгол, Киргиз хоёр улс нь нүүдлийн соёлоороо ижил төстэй. Нүүдэлчдийн хоолны онцлог нь ихэнхдээ мах, сүүн бүтээгдэхүүн байдаг. Энэ хэрэглээний давуу болон сул тал нь юу вэ?

-Монгол, Киргизийн хооронд олон адил тал байгаа. Үүний нэг нь таны хэлсэн нүүдлийн соёл. Нүүдлийн соёлд мал аж ахуй зонхилох учраас түүнээс гарах мах болон сүүн бүтээгдэхүүн уламжлалт хүнсэнд нь зонхилдог. Мах бол хүний уургийн нэг гол эх үүсвэр. Гэхдээ мах нь амархан шингэж боловсордоггүй. Уураг биед боловсролгүй хуримтлагдах үед аммиак, шивтэр гэх мэт азот агуулсан элемент болон хувирдаг. Энэ нь эргээд биед хортой нөлөө үзүүлдэг. Ходоод гэдсэнд ороод бүрэн боловсроогүй маханд  ялзрах процесс явагдаж, хортой химийн элементүүд үүсэж, биед сөргөөр нөлөөлдөг. Үүнээс үүдээд ядрах, нойр хүрэх, тархины үйл ажиллагаа удаашрах зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Хүн өдөрт биеийн жингийнхээ 1 кг тутамд 1.5-2 гр уураг авч байх нь зохистой. Тэгэхээр махны хэрэглээгээ ингэж зохицуулах нь тустай.

Сүүний тухайд нүүдэлчид сүүгээ урт хугацаанд хадгалах боломжгүй байснаас сүүгээ боловсруулж, тараг айраг зэрэг бүтээгдэхүүн болгон хэрэглэдэг байсан. Иймээс нүүдэлчдийн дунд сүүний лактозыг задлах чадваргүй хүн ам өндөр хувь эзэлдэг. Ийм болохоор сүүний хэрэглээгээ хязгаарлаж, тараг зэрэг боловсруулсан сүүн бүтээгдэхүүнээс сүүн дэх хэрэгцээтэй эрдэс, амин дэмээ авч байх нь зохистой.

-Herbalife компанийн эрхэм зорилго юу вэ?

-Herbalife компанийн эрхэм зорилгыг хамгийн товчоор тэнцвэржүүлсэн, зөв хооллолтыг олон нийтэд таниулах гэж тодорхойлж болно. Бид хүмүүс зөвхөн чанартай бүтээгдэхүүн хэрэглээд зогсохгүй, өөрсдөдөө зөв дадал, зуршил хэвшүүлэх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг. Энэ эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тэнцвэржүүлсэн хооллолтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эрүүл амьдралын хэв маягийн салбартаа тэргүүлэгч компани юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х.ГАНХУЯГ (66.181.182.162) 2023 оны 07 сарын 07

Баярлалаа Амьдралд хэрэгтэй сайхан зөвлөгөө байна. АМЖИЛТ ХҮСЬЕ.

0  |  0
Shinebayar(66.181.161.124) 2023 оны 06 сарын 30

Bayarlalaa. Hun bur ter dundaa eejuud ene asuudliig oilgoosoi.

1  |  0
Эрдэнэцэцэг (202.55.188.88) 2023 оны 06 сарын 30

Хүн бүр гэр бүлээрээ эрүүл азжаргалтай амьдрах боломж хүсвэл байна. Маш их баярлалаа

2  |  0
БАЯРЛАЛАА (202.9.47.29) 2023 оны 08 сарын 25

Баярлалаа шинэ мэдээллийг түгээсэнд талахраж байна.\nХүн бүрт хүрээсэй эрүүл саруул аз жаргалтай амьдарцгаая

3  |  0
Зулаа(66.181.161.69) 2023 оны 06 сарын 30

3  |  0
Top