Е.С.Сидоренко: ОХУ-д хуулийн төслийг хэн ч  бичиж болдог, харин...

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

ОХУ-ын Холбооны зөвлөлийн, мэдээллийн ахлах зөвлөх Екатерина Сергеевна Сидоренкотой  тус улсад хуулийг хэрхэн боловсруулж баталдаг  болон парламентын үйл ажиллагаа хэвлэлд нээлтэй эсэх асуудлаар ярилцлаа. 


-ОХУ-д хууль хэрхэн гарч, хэрэгждэг вэ?

-ОХУ-д ямар ч хүн хуулийн төсөл бичиж болно. Бичсэнийхээ дараа хуулийг хэрэгжүүлэхийн тулд парламентад оруулж хэлэлцүүлэх ёстой. Энэ үйл явцыг хуулийн дагуу эрх авсан гишүүд хийх эрхтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг парламентад оруулах эрх нь хуулийн дагуу сонгогдсон гишүүдэд л бий. Гэхдээ тийм ч олон хүн байдаггүй. Ерөнхийлөгч, Засгийн газрын бүх сайд, парламентын 451 гишүүн, 176 сенатор байна. ОХУ 89 мужтай, тэд хамтарч хууль гаргаад, түүнийгээ парламентад танилцуулж бас болно. Холбооны зөвлөлийн мэдээллийг сонин, сэтгүүл, телевизээр дамжуулдаг.

-"Тусгай эрхтэй сайд, гишүүд  хуулийн төслийг парламентад өргөн барих эрхтэй. Энэ бол батлах үйл явц биш зөвхөн өргөн барьж буй үйл явц" гэж ойлголоо. Хууль батлах шат дамжлага яаж явагддаг юм бэ?

-Хуулийн төслийг парламент гурван шат дамжлагаар хэлэлцдэг. Эхнийх нь зөвхөн депутатууд  өргөн барьсан хуулийн төсөлтэй танилцдаг. Хоёр дахь нь депутатууд төсөлтэй танилцсаныхаа дараа тухайн хуульд өөрчлөлт оруулах болон ямар хэсгийг хасах  талаар  өөрчлөлтүүд хийх асуудлыг шийдвэрлэдэг. Түүний дараа эцсийн шат руу орно. Гурав дахь нь зөвхөн дугаарыг нь тавиад гарын үсэг зурахад бэлэн болгох эцсийн шат юм. Тэгэхээр хамгийн чухал үе бол хоёрдугаар шат юм. Энэ гурван үе шатыг дамжихад хугацаа хязгаарладаггүй. Өөрөөр хэлбэл, хугацаагүй гэж ойлгож болно.

-Хамгийн удаан хэлэлцэж байсан ямар хууль байдаг вэ?

-Хамгийн удаан хэлэлцсэн хууль гэвэл мэдээж нууц. Өнгөрсөн хугацаанд байсан хуулиуд одоо хүртэл батлагдаагүй байгаа нь ч бий.

-Монгол Улсын Их Хуралд сонгогдох эмэгтэй гишүүдийн квот гэж баталдаг. Орос улс жендерийн асуудлыг хэрхэн авч үздвэг вэ?

-Сонирхолтой асуулт байна.Эхний үед 165 эрэгтэй, ганцхан эмэгтэй гишүүнтэй байсан. Тухайн үед мужаас сонгогддог байсан учраас эрэгтэй хүнд илүү хариуцлага хүлээлгэн  явуулж  байсан. Амьдрал баян болохоор өнөөдөр 30 хувь нь эмэгтэй гишүүн байна.

-Хуульчилсан уу, эсвэл?

-Үгүй, хуульчлаагүй.Мужаас нь итгэл хүлээлгэж  явуулсан  нь л тэр.

-ОХУ-ын Ерөнхийлөгч Дээд парламентдаа 30 хүнийг томилдог. Энэ хүмүүсийн хэд нь эмэгтэй вэ?

-Жендерийн харьцаа энд огт  хамааралгүй. Ухаантай, чадалтай ямар ч хүн тэнд багтаж болно.

-Дээд танхим нь доод танхимынхаа оруулж ирсэн хуулийг батлахгүй гэх юм уу, хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол  байдаг уу. Бодлогын түвшинд хоорондоо мэтгэлцэх, санал зөрөлдөх үе гардаг уу?

-Эрхийн хувьд тэнцвэртэй байдаг. Тэгэхдээ яг хуульчилсан зүйл байхгүй.

-Монголын Улсын Их хурлын гишүүд бол тойргоос болон жагсаалтаар орж ирдэг. ОХУ-д тойргоос  болон бодлогоор орж ирж  байгаа сенатуудын  хувьд ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх байдал, нэр хүндийн хувьд ямар байдаг бол?

-Хоёр талын хооронд ямар нэгэн маргаан байгаагүй. Нэг түвшинд байдаг. Сонгуулийн хуулиараа тэд сонгогдсон л бол түвшин нь нэгэн ижил, түүнчлэн нам, нам бус байх нь хамаагүй. 89 муж дотроо сонгуулиа хийгээд, тэндээсээ хоёр хүнийг оруулдаг. Хоёр төлөөллийн нэг бол тухайн мужийн захирагч  нь иргэдээ төлөөлж орж ирдэг.Тухайн муждаа сонгогдсон хоёр дахь хүн нь Засгийн газрын чиглэлээр сонгогдсон хүн байдаг. Гол нь муж дээрээ сонгогдож орж ирдэг. Дараа нь сонгогдсон депутатууд нь дотроо хэлэлцэж байгаад боломжтой гэсэн хүмүүсээ Дээд зөвлөлд оруулдаг. Ерөнхийлөгчийн зүгээс энэ 30 хүнийг нэг ч удаа нэр зааж оруулж байгаагүй. Одоогоор энэ бүхэн нээлттэй байгаа.

-Гэхдээ томилгооны бүх эрх мэдэл Ерөнхийлөгч дээр  төвлөрсөн хэвээр байгаа юу?

-Мужийн захирагчдыг Ерөнхийлөгч томилдог, гэхдээ бүгдийг биш. Яагаад гэвэл, муж дотроос сонгогчдоор сонгуулах нь 100 хувь чухал.

-Монгол бол ардчилсан орон, бүх хэвлэл, мэдээллийн  байгууллагууд  хүсэлтээ өгөөд парламентын үйл ажиллагааг нээлттэй сурвалжилдаг. ОХУ-ын сэтгүүлчид парламентын үйл ажиллагааг хэрхэн сурвалжилж, мэдээ, мэдээлэл бэлтгэдэг вэ?

-Энэ бүхэн чөлөөтэй. Гэхдээ  өмнө нь хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн  нэрсийг авч жагсаалт гаргадаг. Ингэхдээ ямар нэгэн байдлаар зөвшөөрөл олгохгүй, оруулахгүй байсан түүх байхгүй.

-Хуулийн хэлэлцүүлгүүдийг олон нийтэд шууд нэвтрүүлгээр хүргэдэг үү. Нээлттэй, хаалттай горимоор хэлэлцэх үед ямар журамтай  байдаг бол?

-Энэ үйл явц бүгд  нээлттэй.

-Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох хууль, журам ямар байдаг вэ. Ямар тохиолдолд хариуцлага тооцдог вэ?

-Хэрэв нэг депутат эрүүгийн хэрэгт холбогдлоо гэхэд  эрүүгийн тэр хэргийнх нь дагуу Москва хотын прокурор ирээд эрхийг нь түдгэлзүүлэх саналыг шууд  оруулах эрхтэй. Хуралдаан дээр нь тухайн депутат ямар зөрчил гаргасан тухай  нийтэд нь нээлттэй танилцуулаад, түдгэлзүүлэх  саналаа оруулна. Ингээд олонхийн саналаар шийдвэр гардаг. Холбооны зөвлөлийн түүхэнд нэг л удаа ийм тохиолдол гарч байсан.

-Сенат, парламентын түвшинд авлигын хэрэгт холбогдсон тохиолдол гарч байсан уу?

-Нэр хүндтэй хүмүүс ийшээ  сонгогдож ирдэг болохоор хахууль аваад байх шаардлага байхгүй. Тэд өөрсдөө муж, мужаас сонгогдож ирдэг. Энэ дотор баян хүмүүс олон, тэр нь давуу тал байдаг байж болох юм.

-Хэвлэл, мэдээллийн тухай хуульд парламентын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн нас, ажилласан жил, ажлын туршлагыг заасан зүйл, заалт байдаг уу?

-Нас, хүйс, ажилласан жил, туршлага заасан зүйл байхгүй. Харин сэтгүүлчээр ажиллаж байгаад сенатор болох бол нас заадаг шүү.

-ОХУ хэвлэл, мэдээллийн байгууллагын тоо хэр олон бол?

-Мянга гэсэн тоо байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд яг таг гаргасан тоо алга. Мэдээж өсөж байгаа байх.

-Монголынхоос цөөхөн юм байна шүү дээ?

-Тийм үү. Гэхдээ сэтгүүлчийн хувьд бол олон шүү, 2021 оны статистикаар Орос улс  152 мянган сэтгүүлчтэй гэсэн судалгаа гарсан байдаг.

-Парламентын үйл ажиллагааг сурвалжилж байгаа сэтгүүлчдэд ямар шаардлага тавьдаг бол?

-Ороод сенатор, гишүүдтэй ойроос  ажиллаж болно, гэхдээ та бүхэн телевизээр битгий гараарай гэж хэлдэг.

-Сонгуулиар санал хураахдаа намуудын жагсаалтыг хэрхэн гаргадаг вэ. Монголд бол Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь жагсаалтад бичдэг. Тэр нь сонгогчдод нөлөөлдөг гэсэн шүүмжлэл их байдаг л даа?

-Сонгуулиар цаасан дээр бичдэг тэр дарааллыг гаргахдаа жижиг цаасан дээр намуудын нэрийг бичээд сугалуулдаг. Тэр сугалсан дарааллаар дээр, дор орж бичигддэг. Аль нэг том нам давуу эрхтэйгээр жагсаалтын дээр бичигдэх гэсэн ойлголт  байхгүй.  Бүх нам хамт сууж байгаад сугалаа сугалаад шийдчихдэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахл(66.181.161.209) 2023 оны 07 сарын 01

Бүх хүн бичиж болох байх харин нэг хүн баталдаг шүү

1  |  0
Иргэн(37.170.81.105) 2023 оны 07 сарын 03

Адгийн хөрш үнэн юм бхгүй бүгд худал

1  |  2
Зочиг(103.116.247.16) 2023 оны 07 сарын 03

Орос орон оросын улс төрчид бүх төвшиндөө авилгад идэгдснийг дэлхий мэднэ дэ...хүн мэдэхгүй юм шиг хжд шаагаал...ккк

2  |  2
Top